Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0331

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 15 өдөр                         Дугаар                          Улаанбаатар хот

                128/ШШ2020/0331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ХХ” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “ХХ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ХХ” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг “Б” нэртэй газар М\/-016752 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн 52.88 гектар талбайг эзэмшдэг. “ХХ” ХХК-ийн захирал, миний нөхөр Т-ийн Днь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барж үр хүүхэд бидэнд хүнд гарз тохиосон билээ. Миний бие талийгаач нөхөр болох Т.Д-ийн компанийнх нь үйл ажиллагаанд огтоос оролцож байгаагүй бөгөөд “ХХ” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, нэг хүний /Т.Д/ компани байсан тул нөхрийнхөө компанийг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэггүй байсан юм.

Гэтэл 2019 оны 02 дугаар сарын дундуур Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/819 дугаар албан бичиг манай гэрийн хаягаар ирсэн. Тухайн мэдэгдлээр талийгаач нөхрийн маань ажиллуулж байсан “ХХ” ХХК-ийн эзэмшдэг байсан гэгдэх МВ-016752  дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг .... төлөөгүй ... тул ... тусгай зөвшөөрлийг цуцалсан...” гэсэн байсан тул тэр үед талийгаач нөхөр маань өөрийн компани дээрээ MB-016752 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан болохыг мэдсэн. Миний бие үүнийг мэдсэн даруй буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргад “ХХ” ХХК-ийн эзэмшдэг МВ-016752 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгохыг хүсч өргөдөл гаргасан боловч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/1355 дугаар албан бичгээр “...гомдлыг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариу өгсөн.

“ХХ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах гэж байсан. Иймд ард нь үлдсэн бидэнд энэ талаар урьдчилан Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдэх боломжтой байсан гэж бодож байна. Хэрэв би талийгаач нөхрийнхөө эрхэлж байсан ажлыг мэдэж байсан бол хүүхдүүдийнхээ амьдралыг бодсон ч, тухайн төлбөрийг нь яаж ийгээд хугацаанд төлөх л байсан.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг ноцтой зөрчсөн, мөн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн нь бидний эрх ашгийг хохироож байна.

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний бие Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д зааснаар талийгаач нөхрийнхөө үүсгэн байгуулсан “ХХ” ХХК-ийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд тухай өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан компаний 80%-ийн хувьцаа эзэмшигч болж гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болсон билээ. Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан бөгөөд миний бие тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг өв хүлээн авсан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлөх боломжтой байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж, бидэнд тайлбар, тодруулга гаргах боломж олгох ёстой байсан боловч бидэнд энэ боломжийг хааснаар үр хүүхэд биднийг амьдралынхаа эх үүсвэрийг алдахад хүрээд байна. Эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримталсан эсэх буюу нөхцөл байдлыг тодруулах журмыг баримтлаагүй шийдвэр гаргаснаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд миний өнчин үлдсэн хүүхдүүдийн маань цаашдын амьдралын эх үүсвэр болсон уг тусгай зөвшөөрлийн сэргээж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл өгсөн, түүнийг Г.Ж гэдэг хүн авсан гэдэг асуудал яригддаг. Аль нь ч байсан мэдэгдэл өгөх хугацааг зөрчсөн. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасан. Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан ба 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа хэтрээгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд цуцалсан үндэслэлийг хуулинд тусгайлан заасан байна. Үүнийг 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн хуулийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөх байсан, мөн хуульд заасан хугацааг бариагүй. Мэдэгдэл нь хуулийн хугацаанд гараагүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Г.Ж гэдэг хүн байгаагүй. “ХХ” ХХК байсан. Гэтэл шуудан хүргэгчийн гэрчээр оролцсон мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан баримтуудаас харахад н.Жаргал гэдэг хүний гарын үсэг байна. н.Жаргал гэдэг хүн гардаж авсан гэдэг дээр маргаантай асуудал байгаа. Тухайн үед энэ бичгийг авсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. Тэр үед учрыг нь олоогүй байхад манай хүн өмнөх онд нь нас барсан байсан.

Г.Жаргалжав нь компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэж хэлдэг. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хариу тайлбар дээр Г.Ж гардуулсан, энэ нь хуулийн дагуу явагдсан. Гэтэл Улсын Дээд шүүхийн тайлбар дээр 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хариуцагч тайлбарын үндэслэл болгосон. Мэдэгдэнэ гэдэгт, төрийн захиргааны байгууллагын шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно. Г.Ж гэдэг иргэнд хүргүүлсэн бол мэдэгдэх ёстой зохих этгээдэд нь хүргүүлээгүй гэж үзэж байна. Г.Ж-ын хувьд тухайн үед “ХХ” ХХК-тай ямар ч хамааралгүй этгээд байсан. Нөхөр нь нас барснаас хойш тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх 70 дугаар шийдвэр ирсний дараа энэ асуудлын талаар хөөцөлдсөний үндсэн дээр мэдсэн ба урьд нь энэ асуудлын талаар мэдээгүй.

Нөхөр нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Энэ талаар мэдсэнээс хойш 3 сардаа хөөцөлдөж өв нээлгэн тухайн компанийг өөрийн охин болон Г.Ж нар өвлөж авсан. Энэ компанийн эрх бүхий албан тушаалтан нь Г.Ж болсон гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно” гэж заасан. Өмнө нь 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан гэж байгаа мэдэгдэл, 2 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр зэргийг гарахад Г.Ж нь иргэн байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан. Энэ зохицуулалтад эхнэр гэдэг хүн байхгүй.

Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т үүрэг хариуцлагыг нь зааж өгсөн. Захиргааны ерөнхий хуульд 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчим заагаад өгсөн ба энэ нь захиргааны байгууллагын үүрэг байсан. Мөн захиргааны актыг мэдэгдэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зааснаас харахад Г.Ж-д биш тухайн “ХХ” ХХК-д гардуулах байсан. Хэрэв тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан тодорхой шалтгааны улмаас байгаагүй, нас барсан тохиолдолд үүнийг хэрхэх гэдэг асуудал нь захиргааны байгууллагын өөрийнх нь хүлээх үүрэг байсан. Түүнээс эхнэрт нь шуудангийн хаягаар явуулсан гээд мэдэгдсэн гэж үзэхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол дээр тодорхой заасан байгаа “Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан. Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн. Эдгээр зөрчил, мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр захиргааны байгууллагаас өгсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн бичгээр гаргах акт байсан. Үүнд дээр бичгээр гаргах актын шаардлагыг мөн хуулийн 42 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хаана болон хэнд ямар этгээдэд, хэзээ гаргах гэсэн хугацааг зааж өгнө гэсэн байдаг бичгийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны байгууллага хаягаар нь явуулсан гэж байна. Компани хариуцаж байсан хүн нь 4 сарын өмнө нас барсан. Одоо захиргааны байгууллагаас боломжгүй зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн. Шүүх тухайн үед хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан, захиргааны байгууллага үүргээ зохих ёсоор биелүүлсэн, сонсох ажиллагаагаа хийсэн бол нөхөр нь нас барсан утас нь холбоотой байсан гэдэг талаар тодруулсан бол хугацаа алдахгүйгээр төлбөрийг хүндэтгэн үзэх байдлаа бичээд төлбөрөө төлчих байсан гэж үзэж байгаа.

Энэ асуудлын цаана насанд хүрээгүй хүүхдүүд, гэрийн эзэгтэй байгаа. Нөхрийнхөө хийж байсан ажлыг үргэлжлүүлэх, иргэний хуулинд заасан өвлөх эрхүүдээ хэрэгжүүлэх, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч энэ ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлттэй байгаа талаарх байдлыг нь харгалзан үзэж захиргааны актыг шүүхийн журмаар 70 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Хавтгайн хангайн хүрд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/59 дүгээр шийдвэрээр мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийг хүлээж аваагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Ашигт малтмал газрын тосны газраас шууданг хүлээж авсан гарын үсэгтэй шуудангийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан боловч тухайн гарын үсэг болон гар утасны дугаар нь Г.Жаргалжавынх мөн үү. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу зарлах, нэрлэх ёстой байсан. “Хавтгайн хангайн хүрд” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, үүсгэн байгуулагч нь нэг буюу ганцхан гишүүнтэй компани юм. Тухайн компанийн эзэмшигч буюу үүсгэн байгуулагч 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах зүйлийг Г.Ж-д гардуулчихаад мэдэгдсэн гэж байгаа нь өрөөсгөл юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Г.Ж мөн эсэхийг тодруулах байсан. Эзэмшигч этгээд нас барснаар өв нээгдэж өвийн гэрчилгээ гаргуулах талаар Иргэний хуулийн 530 дугаар зүйлд заасан байгаа. Нас барснаас хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Өв хөрөнгийг өвлөж авах эрх жилийн дараа олгогдох ёстой байсан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар захиргааны актыг хүлээн авснаар захиргааны байгууллагын дээд шатны байгууллагад гомдол гаргасан.

Г.Ж гэх нэрээр нь хариу хүргүүлсэн. “ХХ” ХХК гэдэг компанид мэдэгдэж, компани нь дээд шатанд нь гомдол гаргаж, гомдлын хариуг хүргүүлэх ёстой. Иргэний хуулийн 534 дүгээр зүйлд зааснаар Г.Ж нь өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө авах шаардлага гарсан. Энэ нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж, энэ өдрөөс хойш нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болж байгаа. Ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг тухайн жилийн төлбөрийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэдгийг захиргааны байгууллага нотлох ёстой. Нотлох ажиллагаа явагдсан бол Тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн эзэмшигч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тухайн цаг хугацаанд нас барсан гэдгийг тогтоох ёстой байсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа төлж чадаагүй ба хугацаандаа төлж чадаагүй ч өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэж нэхэмжлэл гаргасны дагуу тухай жилийн төлбөрийн төлбөрөө төлсөн.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучнаар/ даргын 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг “Баясгалантын дэнж” нэртэй 53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын 9675Х тоот тусгай зөвшөөрлийг “ГБНБ” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын хайгуулын 9675Х тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 158 дугаар шийдвэрээр “ХОТУ” ХХК-нд, 2015 оны 634 дугаар шийдвэрээр “Х” ХХК-нд, 2017 оны 409 дүгээр шийдвэрээр "ХХ” ХХК-д тус тус шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Хавтгайн хангайн хүрд” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын М\/- 016752 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрөө 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/59 тоотоор хүргүүлсэн байна. Хуулийн хугацаанд төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“ХХ” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын М\/-016752 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрхи шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба “ХХ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон тус газрын 2019 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

“ХХ” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтэд “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/1355 тоот албан бичгээр өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлж авч байгаа учир нэхэмжлэгч компани нь өмнө эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг өвлөж авч байна гэсэн үг юм. Үүнд нь хугацаа сунгуулах, жил болгоны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор системд өөрчлөлт оруулах гэх мэт өмнө компаниудын тусгай зөвшөөрөлтэй холбоотой байсан бүх харилцааг хуулийн дагуу шилжүүлсэн учир “ХХ” ХХК нь залгамжилж бүгдийг мэдэх үүрэгтэй гэсэн үг юм.

 Тусгай зөвшөөрлийн нэгдүгээр хавсралт дээр байгаа тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлөөд 9 дэх жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-ноос өмнө төлөх ёстой байсан. Энэ нь хуулинд байгаа ба тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацаа дуусахаас өмнө 2018 оны 12 дугаар сарын 27-ноос өмнө бүрэн төлөх ёстой. Хэзээ төлөх нь хамаагүй ба тухайн хугацаанаас өмнө төлсөн байх ёстой. Гэтэл энэ хугацаанд төлөөгүй, систем дээр төлбөрөө төлөөгүй компаниудын мэдээлэл гарч ирдэг. Тухайн хугацаанд төлөөгүй хэдий ч 30 хоногийн дотор багтаан алдангитай төлчихвөл дахин цаашаа эрх нь сунгагдаад явах талаар бичсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ тухай мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Үүнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн тухай баримтаа ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ мэдэгдэлд нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягийг бичиж хүргүүлнэ. Компанийн хаяг дээр хэн байна гэдгийг бид мэдэх боломжгүй. Манай систем дээр Ашигт малтмал газын тосны газрын Кадастрын хэлтэстэй холбогдох хаяг утас гэж байдаг. Тухайн хаягийн дагуу л шууданд хийдэг, шуудан нь бичиг хэрэг дээр бүртгэлд ороод албан ёсны шуудан авч хаягийн дагуу хүргүүлнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар “ХХ” ХХК-д хүргүүлэх юмыг яагаад Г.Ж гэдэг хүнд хүргүүлсэн бэ гэж тайлбарлаж байна.

Бид мэдэгдлийг ганцхан нэхэмжлэгч компанид хүргүүлээгүй олон компанид хүргүүлсэн. Систем дээр байгаа албан ёсны хаяг дээр хэн гэдэг хүн байгааг бид мэдэх боломж байхгүй. Нэхэмжлэгч компанийн хаяг дээр байсан хүнд 2019 оны 01 дүгээр сарын 08-нд “ХХ” ХХК гэсэн хаягт хүргэж өгөхөд буцаалтаар ирээгүй гэдэг нь тэр хаяг дээр хүн байгаад авсан байна. Тэгэхээр Захиргааны байгууллагыг мэдэгдээгүй гэсэн. Захиргааны байгууллага мэдэгдсэн мэдэгдээгүй тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа учир өөрсдийнхөө үүргийг биелүүлээд чадвал 12 дугаар сарын 27-ны өдөр багтаан төлж, чадахгүй бол 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор хүү, алдангитай нь төлөх ёстой байсан. Тэр үүргээ хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг хүргүүлэхэд буцаалтаар ирээгүй учир захиргааны байгууллага мэдэгдлээ хүргүүлсэн гэж ойлгосон. Хуулийн хугацаанд төлбөр төлсөн баримт нь ирээгүй учир хуулийн дагуу цааш үргэлжлээд явна. Үүргээ биелүүлээгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийн эрхийг цуцална гэсэн байгаа. Үүний дагуу Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 70 дугаар шийдвэр гарсан. “ХХ” ХХК-д биш Г.Ж гэдэг хүн хүлээж авсан тэр хүнд өгсөн учир захиргааны байгууллагыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж байна. Нэхэмжлэгч компанийн албан ёсны хаяг өөрчлөгдсөн бол Кадастрын системд өөрчлөлт оруулах үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаа. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь гарын үсгээ зурж, дугтуйнд хийгээд тамга тэмдэгээ дараад бичиг баримт хүргэлтийн бүртгэлд байдаг. Архив албан хэрэг хөтлөлтийн өрөөнөөс тараагддаг. Иймд шуудан хүргэгч хаягийн дагуу мэдэгдлийг хүргэж өгнө. Буцаалт хийгдэж ирээгүй учир энэ хаяг дээр байсан хүн авсан гэсэн үг. Тэр мэдэгдлийг хүлээж авах дээр нь хэн байхыг захиргааны байгууллагаас мэдэх боломж байхгүй. Ашигт малтмалын тухай хууль дээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрөл дуусахаас өмнө бүрэн төлөөгүй бол цуцалдаг хуультай учир энэ заалт дээр хүндэтгэн үзэх шалтгаантай учир төлбөрийг хойшлуулах, хэсэгчлэх гэсэн зүйл байхгүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 409 дүгээр шийдвэрээр[1] Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар талбай бүхий MV-016752 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргийг холбогдох захиргааны байгууллагын өмнө хүлээх болжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар тодруулга гаргах боломжоор хангаагүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөх хугацааг зөрчсөн, ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байдлыг харгалзан үзээгүй” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “мэдэгдэл хүргүүлэх үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт[2]-аар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийг тодорхойлсон ба шүүх хуралдаан дээр “дээрх 70 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг тэмдэглэж байна. Уг шийдвэрээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Хавтгайн хангайн хүрд” ХХК-ийн эзэмшлийн МV-016752 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар МV-016752 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “ХХ” ХХК жил бүр, дээр дурдсан 409 дүгээр шийдвэрийн дагуу анх олгогдсон ёсоор тухайн жилийнхээ 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Ийнхүү хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д: “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө”, мөн хуулийн 34.7-д: “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэж зааснаар тухайн төлбөр төлөх хугацаанаас хойш 30 хүртэл хоногийн хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байна, нэхэмжлэгчид энэ боломж мөн байжээ.

Хариуцагч захиргааны байгууллага 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2/59[3] дугаартай албан тоотыг “ХХ” ХХК-д хүргүүлсэн гэх ба хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн гэж үзсэн бол, нэхэмжлэгч талын зүгээс Г.Жаргалжав гэдэг иргэн нь мэдэгдэх ёстой зохих этгээд биш байхад мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-оос өмнө бүрэн төлөх ёстой байсан. Энэ хугацаа өнгөрснөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т: “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж хуульчилснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 1 дүгээр сарын 8-нд хуульд заасан агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн болох нь, энэ мэдэгдэл нь ажлын 10 өдөрт багтсан болох нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаягт хүргэгдсэн болох нь хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм[4], баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбар[5], “Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05/650 албан тоот[6], 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/986 албан тоот[7], гэрчүүдийн мэдүүлэг[8] зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “ХХ” ХХК-д тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл бүрдсэн байгааг захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй, үүнийг хүлээж аваагүй, мэдээгүй гэж мэтгэлцсэнийг, “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нас барснаар түүний эхнэр Г.Ж нь мэдэгдлийг хүлээн авах ёсгүй, яагаад гэвэл, Г.Ж нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, тийм учраас түүнд гардуулсныг мэдэгдсэн гэж үзэхгүй зэргээр тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь “...Улаанбаатар хот, Сонгинохайрхан, 29-р хороо Москва хороолол, 131/6 90 тоот...” гэх хаяг нь нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн шуудангийн албан ёсны хаяг байсан нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн захиргааны байгууллагын мэдэгдэл бүхий RD1365874489MN бүртгэлийн дугаартай шуудан дээрх хаягаар илгээгдсэн, мөн хүргэгдсэнийг гэрчийн этгээд мэдүүлсэн, энэ нь “МШ” ХК-ийн албан тоотоор нотлогдож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Г.Ж мэдэгдлийг хүлээж аваагүй, мэдсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан” гэх тайлбар няцаагдаж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө төлөөгүй, төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй байгааг тогтоож, хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2: “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ. Маргаан бүхий харилцаа нь нарийвчилсан хуулийн зохицуулалттай, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн эзэмшигч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөр тухайн цаг хугацаанд нас барсан байсан гэдгийг тогтоох үүргийг захиргаа хүлээхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “ХХ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 44-р хуудас

[2] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 100-р хуудас Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот

[4] Хавтаст хэргийн 27-29-р хуудас

[5] Хавтаст хэргийн 42-43-р хуудас

[6] Хавтаст хэргийн 78-79-р хуудас

[7] Хавтаст хэргийн 121-р хуудас

[8] Хавтаст хэргийн 122-129-р болон 136-138-р хуудас