Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 38

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                     С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа оролцож,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор З.Хишигжаргалын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох “Үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч З.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан  нэхэмжлэлдээ: “...Иргэн З.Хишигжаргал би өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 754 мкв талбай бүхий сургуулийн барилга, 2480.3 мкв бүхий сургуулийн зориулалттай газрыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл төлөлтийн маргаанаас үүдэн 88.293.000 төгрөгөнд дуудлага худалдаанд оруулахыг шаардсан. Иргэн би 550.000.000 саяас буулган үнэлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Д.Төмөрхуяг нь Дархан-Уул аймгийн “Капитал зууч” ХХК-д хүсэлт гарган тухайн байгууллагын үнэлгээчин Я.Батбаяр нь манай сургуулийн үл хөдлөх хөрөнгийг 286.532.400 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Тухайн объект нь 756 м.кв талбай бүхий байр дотроо 54 өрөөтэй, нэг заалтай, гаднах талбай 3000 гаруй м.кв талбай бүхий газартай, эргэн тойрон хашаа хийгдсэн. Би 2000 оноос хойш энэ байрыг эзэмшиж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. 2007 онд наад талын 306 мкв талбай бүхий барилгыг барьсан. 2000 оноос хойш 2016 оныг хүртэл тухайн байрыг засварласан мөнгө гэхэд 280.000.000-д төгрөг болж байгаа. Энэ байрыг мэргэжлийн хүмүүсээс зах зээлийн үнэлгээг нь асуусан. Уул модонд биш төв газар барьсан байр байгаа. Ашигтай байрлалтай ямар ч зориулалтаар ашиглах боломжтой барилга байдаг. Би тэр 286.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дор хаяж 450.000.000 төгрөгөөр үнэлүүлж байж дуудлага худалдаанд оруулна.

Хоёрдугаарт нь би хүний өмнөөс байраа тавьсан. Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд намайг таны хүүхэд чинь энэтэй холбоотой байна. Та үүнийг дараад зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би Солонгост очоод эмчлүүлээд ирсэн хүн байсан. Мөнгө төгрөгний боломж муу байсан. Ийм үндэслэлтэй хэцүү байна гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 19 хүний цалингийн зээлэнд энэ байраа тавьсан. Тэгж тавихад Б.Болдбаатар юу гэж хэлсэн гэхээр бусад хүмүүсээс авалцах мөнгийг нь би бас дуудалцаж авалцана гэж амлалт өгсөн. Хэрвээ энэ асуудал өөрөөр шийдэгдвэл бид нар авилгатай тэмцэх газарт хандана. Эхний ээлжинд өөрийнхөө саналыг хэлье. Би 286.000.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүний өмнөөс тавьсан. Би өөрөө Хас банкинд зээлтэй байсан. Миний Хас банкны зээлийг нааш нь татаж оруулаад 19 хүн байна уу? хэд байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн цалингийн өмнөөс би байраа тавьсан. Тийм учраас ямар ч үндэслэлгүй болж байгаа.

Гуравдугаарт 2015 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өдөр болгон ийм байна, тийм байна одоо болохоо байлаа яах уу, та энийг дараадхаач гээд байхаар нь би аргагүй эрхэнд өвчин зовлон үзсэн. Хүүхдээ эцгийгээ алдчихсан болохоор сэтгэл санааны хямралд оруулаад яахав гэж бодоод байраа тавиад өгсөн. Яг үндэслэл би өөрөө зээл аваагүй...” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136 тоот шийдвэрээр Зундуй овогтой Хишигжаргал, Дагвадорж овогтой Оюунцэцэг нар нь Худалдаа хөгжлийн банкинд 88.292.789 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Төлбөр авагч тал Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар нь манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр 82 тоот зардал, урамшууллын гэрээ байгуулж манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөх талаар сануулга өгөхөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тухайн үед нь 09 сараас 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар нь Худалдаа хөгжлийн банкинд байгаа барьцаа хөрөнгийг үнэлгээ хийлгэж, дуудлага худалдаанд оруулж, өр төлбөрийг барагдуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Энэ хүсэлтийн дагуу барьцаанд байсан 2 үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнийн санал өгөхийг Зундуй овогтой Хишигжаргал болон Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатарт хүсэлт тавьсан. Хүсэлтэнд З.Хишигжаргал эгч 550.000.000 төгрөгөөр объектоо үнэлнэ гэж хэлсэн. Худалдаа хөгжлийн банк анх 125.000.000 төгрөгөөр үнэлж авсан объектоо тэр 125.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн. Үнэлгээн дээр тохироогүй учраас “Капитал зууч” ХХК хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Хөндлөнгийн шинжээч “Капитал зууч” ХХК нь 286.532.400 төгрөгөөр үнэлсэн. Ингэж үнэлэхдээ Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьсан 2 объектыг үнэлсэн. З.Хишигжаргалын яриад байгаа 3000 хэдэн мкв хойд талын газар гэж хэлээд байгаа зүйл ороогүй. Зөвхөн 2 объект нь Худалдаа хөгжлийн банкинд тавьсан газартайгаа үнэлэгдсэн. Хажууд нь амбаар шиг юм хойно нь сул талбай нь өөр гэрчилгээтэй өөр зүйл байгаа. Манайх яг барьцаанд тавьсан объектыг нь “Капитал зууч” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн...” гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 147 дугаартай шийдвэрээр:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэн З.Хишигжаргалын “Капитал зууч” ХХК-ний албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгосон 286.532.400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар З.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.Хишигжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байрыг Хөтөл дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлүүлсэн асуудлаар буюу “Капитал зууч” ХХК-ийн 286.532.400 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учир маргаан үүсгэж нэхэмжлэгч би өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасны дагуу үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах ёстой байтал гомдлыг 2017 оны 1 сарын 31-ний өдрийн 10 цаг 50 минутанд гаргасан байгаа тул гомдол гаргах хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би гомдлоо хуулийн хугацаанд нь гаргасан боловч тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан миний нэхэмжлэлийг утга найруулгын болон хариуцагчийн асуудлаар зөвлөж, засаж ир гэж 3 удаа буцааснаас шалтгаалж хугацаа алдсан. Намайг гомдол гаргах хугацаа 7 хоног юм байна гэхэд мэдээлэл лавлагааны ажилтан Наранцэцэг нь та нэхэмжлэлээ засаад авчрахдаа 30-ны өдрөөр өдрийг нь тавиарай гэж хэлж байсан. Би нэгэнт шүүхийн ажилтан хэлж байгаа учир болох л юм байна хугацааны асуудлыг миний нэхэмжлэл гаргасан хугацаагаар тоолж бүртгэж авах юм байна  гэж ойлгож байсан. Гэтэл бүртгэлээ 31-ний өдөр гэж бичиж, дардасаа ч мөн өдрөөр тавьсаны улмаас би хохирч байгаа тул гомдолтой байна. Би Шийдвэр гүйцэтгэлийн албанд өөрийн өмчлөлийн сургуулийн зориулалттай 754 мкв барилга, 2480мкв газрыг 550.000.000 доош үнээр үнэлүүлэхгүй гэдгээ мэдэгдсээр атал 286.532.000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг барилгыг би өөрөө өмнө нь үнэлүүлж байсан болохоор энэ үнээ буюу 550.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд ч би  Худалдаа хөгжлийн банкнаас өөрөө энэ үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл аваагүй. Худалдаа хөгжлийн банкны Хөтөлийн салбарын захирал Болдбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуудаад нэр бүхий 19 хүний цалингийн зээлийн асуудалд танай охин холбоотой юм байна, та энэ зээлийг дараад зохицуулаад өгөөч гэж гуйсан. Үүний дагуу би 2015 оны 5 сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан 19 хүний зээлийн барьцаанд сургуулийн барилгаа тавьсан болохоор маш их хохирч байна.

Миний зүгээс “Капитал Зууч” ХХК-ийн үнэлгээ тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг дахин хийлгэх саналтай байна. Шүүхээс үнэлгээний талаар мэдэгдэл хүээн авснаас хойш хуулийн хугацаанд  гомдлоо гаргаагүй гэж үзэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Би хуулийн хугацаандаа гомдлоо гаргасан, харин шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан миний нэхэмжлэлийг 3 удаа буцаасантай холбоотой хугацаа хэтэрсэн байгаа тул үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэх боломжоор хангаж, сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн, өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй...” гэжээ.

                                              

                                                 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч З.Хишигжаргал нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Худалдаа хөгжлийн банк нь бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээдээр оролцжээ.

 

 Хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд  анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Хишигжаргалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч З.Хишигжаргал нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2016 оны 04 сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд 88.292.78922 төгрөгийн төлбөртэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу түүнд  шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа үүсгэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгөд үнэлгээ хийсэн талаарх мэдэгдлийг З.Хишигжаргал 2017 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч  4 хоногийн дараа буюу 2017 оны 01 сарын 27-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага  хангаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг  шүүх хүлээн аваагүй буцаасан бөгөөд улмаар 2017 оны 01 сарын 30-ны өдөр  нэхэмжлэлийн  бүрдүүлбэр буюу тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж шүүх гомдлыг нь хүлээн авахгүйгээр дахин буцааснаар   нэхэмжлэгч нь 2017 оны 01 сарын 31-ний өдөр тэмдэгтийн хураамжаа төлснөөр шүүх гомдлыг хүлээн авсан байх ба З.Хишигжаргалын  гомдлыг шүүх  хуулийн  шаардлагад нийцээгүй, тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх шалтгаанаар  удаа дараа хүлээн аваагүй буцааснаас гарагийн амралтын өдрүүд таарч хуулийн хугацааг нэг хоногоор хэтрүүлсэн  байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч З.Хишигжаргалыг  гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч З.Хишигжаргалын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлын талаар давж заалдах шатны шүүх зохих дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Хишигжаргал нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа төлбөр төлөгч З.Хишигжаргал нь хөрөнгийн үнийг тохиролцоогүй  тул  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээ тогтоолгосон гэж тайлбарласан  байна.

 

Хэргийг судлан үзвэл шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч З.Хишигжаргалд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна.

 

Энэхүү ажиллагааны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь З.Хишигжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө  болох 448м,кв талбай бүхий Сургуулийн өргөтгөлийн барилга, 2100 м.кв талбай бүхий Сургуулийн барилгын талбай бүхий газар, 380м.кв талбай бүхий Биеийн тамирын заалны зориулалт бүхий  газруудыг  хураан авч улмаар дуудлага худалдаанд оруулахаар “Капитал Зууч” ХХК-иар дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-т зааснаар ипотекийн шаардлагыг хангах   хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байхаар заасан бөгөөд  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.2-т  дээрх шаардлагыг гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг тогтоож болохоор  заасан.

 

 Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хураан авсан  үл хөдлөх хөрөнгүүд нь   ипотекийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавигдсан бөгөөд  ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр  гарсан болон төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк, төлбөр төлөгч З.Хишигжаргал нар нь ипотекийн зүйлийг өөр хэлбэрээр эсхүл албадан дуудлага худалдаагаар худалдах хэлбэрийг шүүхээр тогтоолгосон эсэх, З.Хишигжаргал нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үл хөлдөх эд хөрөнгийн санал болгох  үнийн талаар тохиролцсон зэрэг нь тодорхойгүй, энэ талаар  холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан  ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах тухай шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгч  ямар баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах болсон болон дуудлага худалдаагаар худалдах үл хөлдөх эд хөрөнгийн санал болгох  үнийн талаар үүрэг гүйцэтгүүлэгч болон өмчлөгч харилцан  тохиролцоогүй гэдгээ шүүхэд нотлоогүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь  хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч З.Хишигжаргалын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын    02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:  

1 дэх заалтыг:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэн З.Хишигжаргалын Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан гаргасан  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар З.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч З.Хишигжаргалын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН