| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0007/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/318 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Т.Жаргалсайхан, хохирогч Б.Ш-, шүүгдэгч /хохирогч/ Я.Г-, шүүгдэгч Ш.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ш-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Дарьт овогт Я-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710005820251 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, Да хүрээ зах дээр хувиараа машин зардаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ш-ын Т,
хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, багш-орчуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Дарьт овогт Я-гийн Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Я.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Я.Г-г дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод хадам ээж Б.Ш-ыг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.Ш-: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т-, Г- нар муудалцсан. Г-г гэрээс гарах гэхэд хүүхдийнх нь малгайг нь доошоо болгоё гэхэд надтай маргалдаж гараад эргэж орж ирээд намайг түлхсэн. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Я.Г-: “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний орой гэртээ харих замдаа Т- бид хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөх асуудлаас болж маргалдсан. Гэрийн гадаа ирээд Т- миний толгой хавьцаа цохьсон. Би гэртээ түрүүлж ороод хаалгаа цоожилсон. Т-д хаалга онгойлгож өгөөгүй. Шөнө хаалга аяархан цохихоор нь уур нь гарсан байх гээд хаалгаа онгойлгоход Т- над руу дайраад миний хоолойг боосон, толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Мөн ор луу шидээд нуруу, бөөр, хөл, гар луу цохьсон. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг хэвтэж байхад миний дээр Т- хөндлөн гишгээд намайг босож хүүхдээ хувцасла гэснээс болж бид хоёр маргалдсан. Мөн намайг өшиглөсөн. Тэгээд Т- надтай маргалдаж байгаад гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад ээж Ш- миний хүүхдийн малгайг янзлах гэхээр нь би цаашаа бай гээд уурлахад ээж Ш- намайг гэрээс түлхэж гаргасан. Тэгэхээр нь буцаж гэртээ ороод ээж Ш-ыг түлхсэн. Би ээж Ш- болон Т- нараас уучлалт гуйсан. Мөн Т- надаас уучлалт гуйсан..” гэв.
Шүүгдэгч Ш.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Я.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Я.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Ш.Т- бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн асуудлаас болж маргалдаж байгаад миний баруун чамархай орчим гараараа нэг удаа цохисон. ...Ш.Т- миний үснээс зулгааж буйдан дээр унагаад, зүүн гараараар чамархай орчимд 4-5 удаа, бөөр, нуруу, хөл, гар орчимд хоёр удаа өшиглөж, дахин гараараа хоёр удаа цохисон. ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагийн үед гэртээ унтаж байхад Ш.Тунгалсайхан “бос, муу гичий минь, хүүхдээ хувцаслаад, хоол ундыг нь өгөөч” гэж хэлэхээр нь би “чи боссоноороо хүүхдээ өөрөө хувцаслачих” гэж хэлтэл миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад зүүн, гуя, шилбэ рүү гараа атгаж байгаад цохисноо, нулимаад “одоо хувцас, хунараа аваад зайл, гичий минь би эгч рүү чинь ярьж дүүгээ ирж ав гэж хэлнэ” гээд миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад лифт хүлээгээд зогсож байхад Ш.Т- гарч ирснээ намайг заамдаж, хоолой боогоод гэр рүү чирж оруулсан. ...Тэгээд намайг заамдаж аваад, миний толгой орчимд гараараа олон удаа цохихоор нь би мөн адил заамдах гэсэн боловч гар хүрэхгүй байсан. Энэ үед хаалганы дэргэд зогсож байсан хадам ээж Б.Ш- “одоо та хоёр больцгоо” гээд Ш.Т-ы зүүн гарнаас барихад “та битгий оролцоод бай” гээд ээжийгээ түлхтэл хадам ээж буйдан дээр гэдэргээ саваад унасан. ...Намайг явах гэхээр миний баруун бугалга руу цохиод, цээж рүү түлхээд, ор руу 2-3 удаа унагаасан. ...Хадам ээж хаалгаа хүчтэй хаахдаа миний баруун гарын дунд хурууг хаалганд хавчуулсан...” /хх-ийн 9-12, 37-38, 104-106, 158, 162-165/ гэсэн,
Хохирогч Б.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед Ш.Т-, Я.Г- хоёр маргалдсан. ...Тэр хоёр маргалдаж байгаад Ш.Т- гараад явчихсан. Тэгтэл Я.Г- нь хүүхдээ хувцаслаад гарах гэж байхаар нь би хүүхдийнх нь малгайг засч өгөх гэтэл “та хүүхэд зодлоо, танд ямар хамаатай юм бэ, битгий солиороод, хуцаад бай” гэж хэлээд миний цээж рүү түлхэж шалан дээр унагачихаад гараад явсан...” /хх-ийн 109-112, 159, 167-169/ гэсэн,
Гэрч Я.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сард Т-, Г- нар хүүхдээсээ болж маргалдаад Т- нь Г-г зодсон байсан. Энэ хэрэг шүүх рүү шилжээд шүүх хурал болох өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т- нь Г-г “чи намайг цагдаа, шүүхэд өглөө” гэж хэрүүл маргаан хийж хоолойг нь боож зодсон байсан...” /хх-ийн 116-118/ гэсэн,
Гэрч Ш.Жандос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сард хажуу айлын хүүхэн гэрээсээ эд зүйлээ авч байгаа харагдсан хаалгаа онгойлгож байгаад орилоод хэрэлдээд байсан. Цаад талд нь ээж нь байгаа бололтой тэр хүн рүү дайраад орилоод байсан. Тухайн эмэгтэйн биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй, том чемодантай эд зүйл үүдэндээ бөөгнүүлж тавьчихсан, настэй эмэгтэй рүү орилоод дайраад байсан...” /хх-ийн 123-124/ гэсэн,
Гэрч Ш.Пүрэвханд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед ээж рүү залгахад Г- намайг элдвээр хэлж түлхэж унагаад гараад явсан, миний бие өвдөөд зүрх салгалаад, дотор муухайраад байна чи ирэх үү гэж хэлсэн...” /хх-ийн 160/ гэсэн,
Шинжээч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Я.Г-гийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээр гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 128-129/ гэсэн,
Шүүгдэгч Ш.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт өгөх асуудлаас болж маргалдсан. ...Бид хоёр муудалцаад над руу хүүхдийн тоглоом шидэхээр нь гарыг нь бариад авсан чинь босч ирэхдээ миний тохойг нүүрээрээ мөргөсөн. Мөн над руу цонхны тавцан дээр байдаг толийг авч шидэх гэхээр нь баруун гарыг нь бариад цааш түлхсэн. Тэгээд тагтан дээр гарч үсрэнэ гэхээр нь хөлнөөс нь татаж буулгаад ор руу шидсэн, босч ирээд гал тогооны шургуулганд байсан хутгыг авч над руу дайрахаар нь биеэ хамгаалж зүүн гуя руу нэг удаа өшиглөөд, хутгыг нь авах гэж гарыг нь мушгиж ор руу түлхсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралд явах гээд Я.Г-г босооч, хүүхдээ хувцаслаач гэж хэлэхэд наад авгайгаараа хувцаслуулахгүй юу гэж хэлснээс болж маргалдсан. Я.Г- гэрээс гараад явахаар нь би тэврээд гэр рүү оруулах үед миний гарнаас мултраад уначихсан. Унахдаа миний баруун гарын тохойг зүүн чих орчмоороо мөргөөд шалан дээр бөгсөөрөө суучихсан. Тэгэхээр нь би дахин тэврээд гэр рүү оруулахад Я.Г- орилж хашгираад, миний нүүр амыг самардах гээд байхаар нь түүний цээж, гар руу түлхэж ор руу унагаачихаад гараад явчихсан. ...Өдөр 16 цагийн үед Г- гэрт ирээд бид хоёр дахин маргалдсан. Г- миний нүүрийг маажих гэхээр нь хоёр гарын бугуй хэсгийг мушгисан...” /хх-ийн 42-43, 220-221, 238-239/ гэсэн,
Шүүгдэгч Я.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагийн үед гэртээ унтаж байхад Т- “бос, муу гичий минь, хүүхдээ хувцаслаад, хоол ундыг нь өгөөч” гэж хэлэхээр нь би “боссоноороо чи хүүхдээ өөрөө хувцаслачих” гэж хэлсэн. Гэтэл миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад зүүн гуя, шилбэ рүү гараа атгаж байгаад цохисноо, нулимаад “одоо хувцас, хунараа аваад зайл, гичий минь би эгч рүү чинь ярьж дүүгээ ирж ав гэж хэлнэ” гээд миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад лифт хүлээгээд зогсож байхад Ш.Т- гарч ирснээ намайг заамдаж, хоолой боогоод гэр рүү чирж оруулсан. ...Тэгээд намайг заамдаж аваад, миний толгой орчимд гараараа олон удаа цохихоор нь би мөн адил заамдах гэсэн боловч гар хүрэхгүй байсан. Энэ үед хаалганы дэргэд зогсож байсан хадам ээж Б.Ш- “одоо та хоёр больцгоо” гээд Ш.Т-ы зүүн гарнаас барихад “та битгий оролцоод бай” гээд ээжийгээ түлхтэл хадам ээж буйдан дээр гэдэргээ саваад унасан. ...Намайг явах гэхээр миний баруун бугалга руу цохиод, цээж рүү түлхээд, ор руу 2-3 удаа унагаасан. ...Хадам ээж хаалгаа хүчтэй хаахдаа миний баруун гарын дунд хурууг хаалганд хавчуулсан. ...Би хадам ээжийгээ цохиж, хэл амаар доромжилсон зүйл байхгүй..” /хх-ийн 226-227/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №11394 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Я.Г-гийн биед тархи доргилт, хүзүү, цээж, нүүр, чих, дээд, доод мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 19/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1378 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Я.Г-гийн биед тархи доргилт, цээж, баруун бугалга, баруун гарын 3-р хурууны 1 дүгээр үенд цус хуралт, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, цээж, баруун бугалга, баруун гарын 3-р хурууны 1-р үенд цус хуралт гэмтлүүд нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн хуучин мурийлтийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 126/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №1248 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ш-ын биед сээрний 12 дугаар нугаламын арын нумын төв хэсгийн цууралт, бүсэлхий нурууны булчингийн чангарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 127/ гэсэн,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20-21, 197-200/,
- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 201-208/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 141/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэх хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 152-153/,
- Шүүгдэгч Ш.Т-ы ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-26, 47/,
- Шүүгдэгч Я.Г-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 189-195, 214/,
- Хохирлын баримт /хх-ийн 196/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Я.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод байрлах гэртээ Я.Г-г дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хурд хорооллын 24 дүгээр байрны 88 тоотод хадам ээж Б.Ш-ыг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Г-гийн: “...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Ш.Т- бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн асуудлаас болж маргалдаж байгаад миний баруун чамархай орчим гараараа нэг удаа цохисон. ...Ш.Т- миний үснээс зулгааж буйдан дээр унагаад, зүүн гараараар чамархай орчимд 4-5 удаа, бөөр, нуруу, хөл, гар орчимд хоёр удаа өшиглөж, дахин гараараа хоёр удаа цохисон. ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагийн үед гэртээ унтаж байхад Ш.Тунгалсайхан “бос, муу гичий минь, хүүхдээ хувцаслаад, хоол ундыг нь өгөөч” гэж хэлэхээр нь би “чи боссоноороо хүүхдээ өөрөө хувцаслачих” гэж хэлэхэд миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад зүүн, гуя, шилбэ рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь гэрээсээ гараад лифт хүлээгээд зогсож байхад Ш.Т- гарч ирснээ намайг заамдаж, хоолой боогоод гэр рүү чирж оруулсан. ...Намайг явах гэхээр миний баруун бугалга руу цохиод, цээж рүү түлхээд, ор руу 2-3 удаа унагаасан. ...Хадам ээж хаалгаа хүчтэй хаахдаа миний баруун гарын дунд хурууг хаалганд хавчуулсан...” /хх-ийн 9-12, 37-38, 104-106, 158, 162-165/ гэсэн,
Хохирогч Б.Ш-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед Ш.Т-, Я.Г- хоёр маргалдсан. ...Тэр хоёр маргалдаж байгаад Ш.Т- гараад явчихсан. Тэгтэл Я.Г- нь хүүхдээ хувцаслаад гарах гэж байхаар нь би хүүхдийнх нь малгайг засч өгөх гэтэл “та хүүхэд зодлоо, танд ямар хамаатай юм бэ, битгий солиороод, хуцаад бай” гэж хэлээд миний цээж рүү түлхэж шалан дээр унагачихаад гараад явсан...” /хх-ийн 109-112, 159, 167-169/ гэсэн,
Гэрч Ш.Жандосын: “...2018 оны 01 дүгээр сард хажуу айлын хүүхэн гэрээсээ эд зүйлээ авч байгаа харагдсан хаалгаа онгойлгож байгаад орилоод хэрэлдээд байсан. Цаад талд нь ээж нь байгаа бололтой тэр хүн рүү дайраад орилоод байсан. Тухайн эмэгтэйн биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй, том чемодантай эд зүйл үүдэндээ бөөгнүүлж тавьчихсан, настэй эмэгтэй рүү орилоод дайраад байсан...” /хх-ийн 123-124/ гэсэн,
Гэрч Ш.Пүрэвхандын: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед ээж рүү залгахад Я.Г- намайг элдвээр хэлж түлхэж унагаад гараад явсан, миний бие өвдөөд зүрх салгалаад, дотор муухайраад байна чи ирэх үү гэж хэлсэн...” /хх-ийн 160/ гэсэн,
Шинжээч Ө.Сарангэрэлийн: “...Я.Г-гийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээр гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 128-129/ гэсэн,
Шүүгдэгч Ш.Т-ы“...2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт өгөх асуудлаас болж маргалдсан. ...Бид хоёр муудалцаад над руу хүүхдийн тоглоом шидэхээр нь гарыг нь бариад авсан чинь босч ирэхдээ миний тохойг нүүрээрээ мөргөсөн. Мөн над руу цонхны тавцан дээр байдаг толийг авч шидэх гэхээр нь баруун гарыг нь бариад цааш түлхсэн. Тэгээд тагтан дээр гарч үсрэнэ гэхээр нь хөлнөөс нь татаж буулгаад ор руу шидсэн, босч ирээд гал тогооны шургуулганд байсан хутгыг авч над руу дайрахаар нь биеэ хамгаалж зүүн гуя руу нэг удаа өшиглөөд, хутгыг нь авах гэж гарыг нь мушгиж ор руу түлхсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралд явах гээд Г-г босооч, хүүхдээ хувцаслаач гэж хэлэхэд наад авгайгаараа хувцаслуулахгүй юу гэж хэлснээс болж маргалдсан. Г- гэрээс гараад явахаар нь би тэврээд гэр рүү оруулах үед миний гарнаас мултраад уначихсан. Унахдаа миний баруун гарын тохойг зүүн чих орчмоороо мөргөөд шалан дээр бөгсөөрөө суучихсан...Өдөр 16 цагийн үед Г- гэрт ирээд бид хоёр дахин маргалдсан. Г- миний нүүрийг маажих гэхээр нь хоёр гарын бугуй хэсгийг мушгисан...” /хх-ийн 42-43, 220-221, 238-239/ гэсэн,
Шүүгдэгч Я.Г-гийн“...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагийн үед гэртээ унтаж байхад Т- “бос, муу гичий минь, хүүхдээ хувцаслаад, хоол ундыг нь өгөөч” гэж хэлэхээр нь би “чи боссоноороо хүүхдээ өөрөө хувцаслачих” гэж хэлсэн. Гэтэл миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад зүүн гуя, шилбэ рүү гараа атгаж байгаад цохисноо, нулимаад “одоо хувцас, хунараа аваад зайл, гичий минь би эгч рүү чинь ярьж дүүгээ ирж ав гэж хэлнэ” гээд миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад лифт хүлээгээд зогсож байхад Ш.Т- гарч ирснээ намайг заамдаж, хоолой боогоод гэр рүү чирж оруулсан. ...Тэгээд намайг заамдаж аваад, миний толгой орчимд гараараа олон удаа цохихоор нь би мөн адил заамдах гэсэн боловч гар хүрэхгүй байсан. Энэ үед хаалганы дэргэд зогсож байсан хадам ээж Б.Ш- “одоо та хоёр больцгоо” гээд Ш.Т-ы зүүн гарнаас барихад “та битгий оролцоод бай” гээд ээжийгээ түлхтэл хадам ээж буйдан дээр гэдэргээ саваад унасан. ...Намайг явах гэхээр миний баруун бугалга руу цохиод, цээж рүү түлхээд, ор руу 2-3 удаа унагаасан. ...Хадам ээж хаалгаа хүчтэй хаахдаа миний баруун гарын дунд хурууг хаалганд хавчуулсан. ...Би хадам ээжийгээ цохиж, хэл амаар доромжилсон зүйл байхгүй..” /хх-ийн 226-227/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №11394 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Я.Г-гийн биед тархи доргилт, хүзүү, цээж, нүүр, чих, дээд, доод мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хх-ийн 19/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1378 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Я.Г-гийн биед тархи доргилт, цээж, баруун бугалга, баруун гарын 3-р хурууны 1 дүгээр үенд цус хуралт, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, цээж, баруун бугалга, баруун гарын 3-р хурууны 1-р үенд цус хуралт гэмтлүүд нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн хуучин мурийлтийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” /хх-ийн 126/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1248 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ш-ын биед сээрний 12 дугаар нугаламын арын нумын төв хэсгийн цууралт, бүсэлхий нурууны булчингийн чангарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” /хх-ийн 127/ гэсэн дүгнэлтүүд, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20-21, 197-200/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 201-208/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 141/, хяналтын камерын бичлэгт үзлэх хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 152-153/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Т-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Я.Г-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ш.Т-, хохирогч Я.Г- нар нь 2012 оноос хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Ш.Т-ыг хамтран амьдрагч Я.Г-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Г-гийн биед тархи доргилт, хүзүү, цээж, нүүр, чих, дээд, доод мөчдөд цус хуралт гэмтэл /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн №11394 тоот дүгнэлтэд дурдсанаар хх-ийн 19/, мөн хохирогч Я.Г-гийн биед тархи доргилт, цээж, баруун бугалга, баруун гарын 3-р хурууны 1 дүгээр үенд цус хуралт, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн №1378 тоот дүгнэлт хх-ийн 126/ учирсан, хохирогч Б.Ш-ын биед сээрний 12 дугаар нугаламын арын нумын төв хэсгийн цууралт, бүсэлхий нурууны булчингийн чангарал, баруун гуянд цус хуралт гэмтэл /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өдрийн №1248 тоот дүгнэлт хх-ийн 127/ учирсан, хохирогч нар нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Я.Г-, Б.Ш- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш-ын Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Дарьт овогт Я-гийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-гийн Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн 1710005820251 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ш-, Я.Г- нар гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-, Я.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР