Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/325

 

                  

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Д.Ж, шүүгдэгч Б.Ц-, В.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М- овогт В-ийн Э-, Банди бошиг овогт Ч-гийн Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710010750191 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Гантоонот” ХХК-д гагнуурчин, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн М- овогт В-ийн Э,

 Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь: Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/166 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2001 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Банди бошиг овогт Ч-гийн Ц,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.Э- нь Ч.Ц-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ковер гарден” хотхоны баригдаж байгаа барилга руу хууль бусаар нэвтэрч 1,106,200 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг халаалтын паар хулгайлсан,

ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй Отгонтэнгэр ХХК-ийн орон сууцны 1 давхарын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж 706,600 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг халаалтын паар хулгайлсан,

Шүүгдэгч Ч.Ц- нь В.Э-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ковер гарден” хотхоны баригдаж байгаа барилга руу хууль бусаар нэвтэрч 1,106,200 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг халаалтын паар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч В.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Ц-: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн болно...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай барилгын манаач Түмэннамсрай над руу манай барилга дотор хулгай орж 15 ширхэг паар алга болсон, хулгайч нарыг цагдаа нар барьсан байгаа гэж хэлсэн. Манаач надад хэлэхдээ 15 ширхэг паар алга болсноос 9 ширхэгийг буцааж өглөө гэж хэлсэн. Алга болсон паарнууд 1,2 метрийн урттай 260,000 төгрөг, 1 метрийн урттай нь 220,000 төгрөг, 0,8 метрийн урттай нь 180,000 төгрөгийн үнэтэй байдаг...” /хх-ийн 14-15, 17, 169-170/ гэсэн,

 

Хохирогч Б.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр жолооч Чимэддагва над руу яриад барилга дээрээс 11 ширхэг паар алга болсон байна гэж хэлсэн. Сүүлд 11 ширхэг паар биш 6 ширхэг паар алдагдсан байсан...” /хх-ийн 110-111, 112-113/ гэсэн,

 

Гэрч Б.Оргилбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз Мөнхжаргалын хамтаар халтуур хийгээд Нисэхийн 118 дугаар сургуулийн хажууд ...хоёр эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод хаа хүрэх талаар асуухад Нисэхийн эцэс рүү явья гэхээр нь суучих гэхэд машиныхаа тээшийг онгойлгочих гэж нэг нь хэлээд нөгөөх нь баригдаж буй барилгын хашааны тэндээс цагаан өнгийн паар барьж ирсэн. Тэгээд тэр паарыг аччихаад байж байсан чинь ардаас энгийн машин тулж ирээд зогссон чинь тухайн машин дотроос цагдаагийн алба хаагч нар ирсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч Д.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Оргилбаатарын хамт таксинд явж байгаад 118 дугаар сургуулийн зам дагуу хоёр ах гар өргөхөөр нь зогсож авахад барилгын материал ачаад Нисэх ороодхьё үнэ хөлсийг нь гомдоохгүй өгнө гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд нөгөө хоёр ах нэг ширхэг паар зөөж ирээд миний машинд ачиж байхад цагдаа ирж шалгасан...” /хх-ийн 20/ гэсэн,

 

Гэрч Н.Түмэннамсрай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 8 цаг өнгөрч байхад ажил дээрээ байж байхад цагдаа нар ирээд танай барилгаас паар хулгайд алдагдсан уу гэж асуусан. Тэгэхээр нь обьектоо шалгаж үзэхэд 1 дүгээр блокны 4 дүгээр орцны 1 давхарын вакум цонх онгорхой, 6 айлын 15 ширхэг панелан паарыг сууринаас нь тайлж хулгайлсан байсан. Цагдаа нар 9 ширхэг паарыг манай захирлын дүү Чимэддагвад хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Гэрч В.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ах өмнө нь Яармагт баригдаж байсан барилга дээрээс 6 ширхэг паар авч бусдад зарсан, дараа нь дахин тэр барилгаас 9 ширхэг паар авч байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. ...Ах хэлэхдээ 3 ширхэг паарыг явуулын хүнд зарсан, 1 ширхэг паарыг нь амбаарт нуусан, хоёр ширхэг паарыг нь найз Чулуунхүүд зарсан гэж хэлсэн. Тэгээд найз Чулуунхүүгээс очиж зарсан хоёр ширхэг паарыг нь аваад гурван ширхэг паарыг нь Чимэддагва гэх хүнд өгч явуулсан...” /хх-ийн 29-31, 173/ гэсэн,

 

Гэрч Б.Чимэддагва мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...В.Э- нь манай ажил дээ согтууу явж байсан бөгөөд хулгай хийх гэж байна гээд саатуулахад 2017 оны 09 дүгээр сард хулгайлсан паарнууд гэрт нь байгаа гэхээр нь 3 ширхэг паарыг би өөрөө очиж авсан...” /хх-ийн 72/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой В.Э- манайд ирээд бид хоёр 0,5 литрийн архи хувааж уусан. Гэтэл В.Э- 118 дугаар сургуулийн барилга дээр халаалтын паар байдаг би өмнө нь авч байсан, хоёулаа тэр паарнаас аваад 100 айл орж мөнгө ольё гэж хэлэхээр нь хамт явсан. Тэгээд Ковер гарден хотхоны блокон хашааг давж орсон, манаач харагдахгүй, баригдаж байсан барилгын вакум хаалга нь 4 хуруу зайтай онгорхой байхаар нь бид хоёр ороод 1 болон 2 давхараар паар хайхад зарим паарнуудыг суурилуулсан, заримыг нь сул тавьсан байсан. Суурилуулсан паарнуудыг гүйцэт суулгаагүй тогтоогоод орхион гараар боолтыг тайлж үзэхэд шууд тайлагдаж байсан. Тэгээд би паарнуудыг В.Э-т авч өгөөд В.Э- хашааны завсраар гаргаж тавьж байсан. Тэгээд зөөж дуусаад хоёулаа хашаа давж, завсараар гаргаж тавьсан паарнуудыг зам руу дөхүүлээд такси барьсан. ...Таксинд Нисэх орно, ачаатай яваа гэж хэлээд багажинд нь паарнуудаа ачиж байхад цагдаагийн машин ирсэн...” /хх-ийн 56-57/ гэсэн,

 

Шүүгдэгч В.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Ц- ахын гэрт очоод 0,5 литрийн архи хувааж уусан. Би тухайн үед Ц- ахад 118 дугаар сургуулийн баруун талд баригдаж байгаа паар байдаг би өмнө нь авч байсан хоёулаа очиж аваад зарж мөнгө болгоё гээд хамт явсан. ...Ч.Ц- ах бид хоёр блокон хашааг давж ороод онгорхой хаалга байгаа эсэхийг харахад вакум хаалга онгорхой байсан. Тэгээд цонхны доор байрлуулсан паарнуудыг Ц- ах гараараа тайлж надад өгөөд, би блокон хашааны ойролцоо газар тавьсан. Дараа нь бид хоёр паарнуудаа хашааны завсраар гаргаж, ногоон өнгийн төмөр хашааг дагуулан тавиад, такси зогсоогоод ард нь ачиж байхад цагдаа нар ирсэн. ...Би тухайн газраас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6 ширхэг паар хулгайлж байсан. ...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй Отгонтэнгэр ХХК-ийн орон сууцны замын хажуугаар явж байгаад замаа товчлох санаатай баригдаж буй барилгын хашаа руу яваад ороход сул 2 паар байхаар нь авах сэдэл төрөөд шөнийн 01 цагийн үе ирж хананд тогтоосон 4 паар, сул байсан хоёр паар нийт 6 ширхэг паар аваад задгай хашаа руу гаргаж хоёр ширхэгээр нь сугандаа хавчуулаад гэр рүүгээ зөөсөн. Манай гэр тухайн барилгаас 2 км зайтай учир 3 удаа яваад бүх паараа гэртээ хураасан. ...Чулуунхүүд паарыг зарахдаа хулгайн паар гэдгийг хэлээгүй, ажил хийж байгаад илүү гарсан юм гэж хэлээд зарсан..” /хх-ийн 63-64, 136-137, 174-175/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6, 105-107/,

- Илтгэх хуудас /хх-ийн 7/,

- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-ийн 8-10/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35, 125-126/,

- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65-69,83-85, 177-178/,

- Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 96/ зэрэг болно.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Ц-, В.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Ц-, В.Э- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Э-, Ч.Ц- нар нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ковер гарден” хотхоны баригдаж байгаа барилга руу хууль бусаар нэвтэрч, 9 ширхэг халаалтын паарыг авч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас 1,106,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,  

Шүүгдэгч В.Э- нь ганцаараа 2017 оны 09 дүгэээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй Отгонтэнгэр ХХК-ийн орон сууцны 1 давхарын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг халаалтын паарыг нууцаар, хууль бусаар авч бусдад 706,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Жаргалын “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай барилгын манаач Түмэннамсрай над руу манай барилга дотор хулгай орж 15 ширхэг паар алга болсон, хулгайч нарыг цагдаа нар барьсан байгаа гэж хэлсэн. Манаач надад хэлэхдээ 15 ширхэг паар алга болсноос 9 ширхэгийг буцааж өглөө гэж хэлсэн...” /хх-ийн 14-15, 17, 169-170/ гэсэн,

Хохирогч Б.Нарангэрэлийн“...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр жолооч Чимэддагва над руу яриад барилга дээрээс 11 ширхэг паар алга болсон байна гэж хэлсэн. Сүүлд 11 ширхэг паар биш 6 ширхэг паар алдагдсан байсан...” /хх-ийн 110-111, 112-113/ гэсэн,

Гэрч Б.Оргилбаатарын “...2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз Мөнхжаргалын хамтаар халтуур хийгээд Нисэхийн 118 дугаар сургуулийн хажууд ...хоёр эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод хаа хүрэх талаар асуухад Нисэхийн эцэс рүү явья гэхээр нь суучих гэхэд машиныхаа тээшийг онгойлгочих гэж нэг нь хэлээд нөгөөх нь баригдаж буй барилгын хашааны тэндээс цагаан өнгийн паар барьж ирсэн. Тэгээд тэр паарыг аччихаад байж байсан чинь ардаас энгийн машин тулж ирээд зогссон чинь тухайн машин дотроос цагдаагийн алба хаагч нар ирсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн,

Гэрч Н.Түмэннамсрайгийн “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 8 цаг өнгөрөөд ажил дээрээ байж байхад цагдаа нар ирээд танай барилгаас паар хулгайд алдагдсан уу гэж асуусан. Тэгэхээр нь обьектоо шалгаж үзэхэд 1 дүгээр блокны 4 дүгээр орцны 1 давхарын вакум цонх онгорхой, 6 айлын 15 ширхэг панелан паарыг сууринаас нь тайлж хулгайлсан байсан. Цагдаа нар 9 ширхэг паарыг манай захирлын дүү Чимэддагвад хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 23-25/ гэсэн,

Гэрч Б.Чимэддагвын “...В.Э- нь манай ажил дээ согтууу явж байсан бөгөөд хулгай хийх гэж байна гээд саатуулахад 2017 оны 09 дүгээр сард хулгайлсан паарнууд гэрт нь байгаа гэхээр нь 3 ширхэг паарыг би өөрөө очиж авсан...” /хх-ийн 72/ гэсэн,

Шүүгдэгч Ч.Ц-ийн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой В.Э- манай ирээд бид хоёр 0,5 литрийн архи хувааж уусан. ...Ковер гарден хотхоны блокон хашааг давж орсон, манаач харагдахгүй, баригдаж байсан барилгын вакум хаалга нь 4 хуруу зайтай онгорхой байхаар нь бид хоёр ороод 1 болон 2 давхараар паар хайхад зарим паарнуудыг суурилуулсан, заримыг нь сул тавьсан байсан. ...Тэгээд би паарнуудыг В.Э-т авч өгөөд В.Э- хашааны завсраар гарагж тавьж байсан. Тэгээд зөөж дуусаад хоёулаа хашаа давж, завсараар гаргаж тавьсан паарнуудыг зам руу дөхүүлээд такси барьсан. ...Таксинд Нисэх орно, ачаатай яваа гэж хэлээд багажинд нь паарнуудаа ажичж байхад цагдаагийн машин ирсэн...” /хх-ийн 56-57/ гэсэн,

Шүүгдэгч В.Э-ийн “...Ч.Ц- ахын гэрт очоод 0,5 литрийн архи хувааж уусан. ...Ч.Ц- ах бид хоёр блокон хашааг давж ороод онгорхой хаалга байгаа эсэхийг харахад вакум хаалга онгорхой байсан. Тэгээд цонхны доор байрлуулсан паарнуудыг Ц- ах гараараа тайлж надад өгөөд, би блокон хашааны ойролцоо газар тавьсан. Дараа нь бид хоёр паарнуудаа хашааны завсраар гаргаж, ногоон өнгийн төмөр хашааг дагуулан тавиад, такси зогсоогоод ард нь ачиж байхад цагдаа нар ирсэн. ...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй Отгонтэнгэр ХХК-ийн орон сууцны замын хажуугаар явж байгаад замаа товчлох санаатай баригдаж буй барилгын хашаа руу яваад ороход 2 паар сул байхаар нь авах сэдэл төрөөд шөнийн 01 цагийн үе ирж хананд тогтоосон 4 паар, сул байсан хоёр паар нийт 6 ширхэг паар аваад задгай хашаа руу гаргаж хоёр ширхэгээр нь сугандаа хавчуулаад гэр рүүгээ зөөсөн...” /хх-ийн 63-64, 136-137, 174-175/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6, 105-107/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35, 125-126/, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 96/ зэрэг  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ц-, В.Э- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ц-, В.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нарангэрэлд 706,600 төгрөгийн, хохирогч Д.Жаргалд 1,106,200 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 34-35, 125-126/ ба шүүгдэгч Ч.Ц-, В.Э- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг ялгамжтай оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд тэдний үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдээ эрүүл өгсөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Шүүгдэгч Ч.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт 6-аас 20 хүртэлх насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, эхнэр салаад явсан гэж мэдүүлэх бөгөөд хүүхдүүд шүүгдэгч Ч.Ц-ийн асрамжинд байдаг талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр хүүхдүүдийн эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учир хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох талаар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн 1710010750191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М- овогт В-ийн Э-, Банди бошиг овогт Ч-гийн Ц- нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч В-ийн Э-ыг 03 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч-гийн Ц-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-т оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Ч.Ц-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1710010750191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Э-, Ч.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-, Ч.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР