Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 40

 

     Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: *****************

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                       С.Оюунцэцэг

                                                                    Г.Давааренчин

 Оролцогчид

Хариуцагчийн өмгөөлөгч             Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа  нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан,  2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 479 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй А.Соёл-Эрдэнэд холбогдох “12.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь: 

Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...А.Соёл-Эрдэнэ нь 2013 онд 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 06 сараас хүү мөнгө нь орж ирэхгүй болсноор мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаад хүү нь 6.600.000 төгрөг болсон. Иймээс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр очиж А.Соёл-Эрдэнэ түүний нөхөр болох А.Галбадрах нартай үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг түүний хүү болох 6.600.000 төгрөгний гэрээ хийсэн. Гэрээнд хүү мөнгөний төлбөр болох 6.600.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар 2015 оны 01 дүгээр сараас үндсэн мөнгө 5.000.000 төгрөгний хүү мөнгө дахин тооцох гэрээ дахин хийсэн. Энэ хугацаанд ямар ч мөнгө төгрөг төлөгдөөгүй гэрээнд заасны дагуу хүү мөнгөн дээр нь 900.000 төгрөг нэмэгдэж хүүний төлбөр мөнгө нь 7.500.000 төгрөг болсон. 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд удаа дараа утсаар ярьж 2 удаа очиж уулзаж мөнгөө шаардаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин гэрээ хийсэн.  Гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг хүү болох 7.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээгээ зөрчсөн.

Иймд А.Соёл-Эрдэнээс үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Соёл-Эрдэнэ нь 2013 онд 5.000.000 төгрөгийг барьцаагүй 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 06 сараас хүү мөнгө нь орж ирэхгүй болсоноор мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч ... өвчтэй, дикриттэй байна... гэх шалтаг хэлэх болгонд нь түүнийг ойлгож, өвчтэй зовлонтой байгаа юм байна гээд зөндөө хүлээж харж үзэж А.Соёл-Эрдэнийн аясаар байсан. Ер нь байнга утсаар мөнгөө нэхдэг байсан. А.Соёл-Эрдэнэ надаас авсан өөрөө хүлээн зөвшөөрдөг байсан учраас би 2014 оны 11 сарын 06-нд А.Соёл-Эрдэнэтэй гэрт нь очиж уулзаад ... хүү мөнгө чинь өсчихлөө хоёулаа нотариатаар орж баталгаажуулъя” гэхэд тэр надад нотариат орох мөнгө алгаа өөрийнхөө гараар бичээд баталгаажуулъя гээд гэрээ бичиж өгсөн. Гэрээгээ байгуулахдаа 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байгуулаад А.Соёл-Эрдэнэ 1 дүгээр сарын 20-ноос эхлээд би таны урьд нь хураагдсан 6.600.000 төгрөгний хүүг төлж дуусгаад үлдсэн 5.000.000 төгрөгийг таниас цувуулж авсан. Тэр хэмжээгээрээ төлөөд дуусгая гэж тохироод цаасан дээр тэр тухайгаа бичиж өгөхөд нөхөр нь хүртэл цуг байсан ба тэр 2 хоёулаа зөвшөөрч гарын үсэг зурсан. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болж утсаар ярихад “эгчээ та миний мөнгөн дээр 900.000 төгрөг нэмж өгөөд 12.500.000 болгочих тэгээд би зээлсэн мөнгөө төлөөд дуусгачихна, ямар ч байсан таныг хохиролгүй болгоно төлж өгнө” гээд зээлээ 12.500.000 төгрөг болгосон. Тэрнээс хойш байнга утсаар миний дүү мөнгө төгрөгөө юу болж байна гээд байнга л ярихаар “та намайг шүүхэд битгий өгөөч шүүхэд өгчихвөл би залилангийн хэрэгт орчих гээд байна, та намайг хүлээж байгаач” гэж элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байсан. Ингээд 2017 оны 04  дүгээр сар болоход А.Соёл-Эрдэнэ та шүүхдээ өг гэсэн.

Иймд А.Соёл-Эрдэнээс үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч А.Соёл-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбараас: “...Миний бие нь Д.Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нарантуяа бид хоёрын хооронд нэхэмжлэлд дурьдсан шиг 5.000.000 төгрөг өгч авалцсан гэрээ хийгдээгүй. Анх би Нарантуяагаас мөнгө зээлсэн ба тэр нь хэсэг хэсгээр өгч байгаад 5 сая төгрөг хүрэх үү үгүйтэй л өгсөн. Би зээлсэн мөнгөө буцааж хэсэг хэсгээр нь өгч л байсан. Сүүлд хийсэн гэрээ бол хүчээр шахуу дарамталж байж 5 сая төгрөг авсан мэтээр хийлгэж нотариатаар батлуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өгсөн мөнгөнийхөө баримтыг гаргаж өгөх болно...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 479 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Соёл-Эрдэнээс 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, үлдэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Соёл-Эрдэнээс 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч А.Соёл-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...

      Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад шүүх надаас 7.500.000 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад олгохоор болсонд гомдолтой байна. Миний бие нь 2013 онд анх Д.Нарантуяагаас 100.000 төгрөг зээлсэн ба энэ мөнгөө ч буцааж өгч авснаар нийт цувуулж 4.000.000 орчим төгрөг авсан. Гэхдээ тухайн авсан мөнгийг миний бие нь буцааж өгсөн ба шүүхэд өгсөн баримтаар байгаа нь 3.040.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Гэтэл энэ мөнгийг яагаад хасаагүй шийдвэрлэсэнг ойлгохгүй байна. Миний өгсөн 3.040.000 төгрөг нь цаг хугацааны хувьд яагаад тохирохгүй байгаа юм. Хэрвээ тэгж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч Д.Нарантуяагийн надад 5.000.000 төгрөг өгсөн гэсэн баримт хаана байгаа юм, цаг хугацааны хувьд харин эсрэгээр тохирч байгаа юм уу гэдгийг шалгаагүй илт нөгөө талд орж шийдвэрлэсэн байна. Бид хоёрын хооронд анх ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлж өгч авалцдаг байсан. Гэтэл   нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ шууд 5.000.000 төгрөг өгсөн мэтээр бичиж дараа нь надаар сүрдүүлж гэрээ бичүүлж хийлгэснийг шүүх авч үзээгүй байна. Иймд зээлсэн гэх 5.000.000 төгрөгнөөс миний өгсөн 3.040.000 төгрөгийг хасч өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.Соёл-Эрдэнэ бид хоёрын дунд байгуулсан зээлийн гэрээг хуулийн шаардлага хангасан гэж үзсэн ба миний нэхэмжилсэн 12.500.000 төгрөгнөөс үндсэн зээлийн 5.000.000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлснээс гэрээнд заасан хүүнд 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулж, надад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй байна.

Учир нь Иргэний хуульд зааснаар үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр барагдуулж байгаа нь зөв байлаа. Хариуцагчийн ярьж байгаа 3.040.000 төгрөг нь урьд нь авч байсан зээлийн хүүд төлж байсан мөнгө юм. Бид хоёрын дунд урьд нь ч гэсэн  мөнгө зээлж өгч авалцдаг байсан. Харин сүүлийн үед зээлсэн мөнгө төгрөг орж ирэхээ больсон. Тийм учир би 2 удаа гэрээ байгуулсан.

 Иймээс миний нэхэмжлэл гэрээ байгуулсан хугацаанаас тооцогдох ёстой. Иймд миний бие шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй гарсан. …Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн банкаар шилжүүлсэн мөнгө нь 3.040.000 төгрөг болсон. Энэ мөнгийг шүүх яагаад хасаж шидвэрлээгүй юм бэ? нэг л гэрээтэй байхад энэ мөнгийг өгсөн гэж хасаж шийдвэрлээгүй, хэзээ өгсөн нь тодорхойгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. …Шүүх аль гэрээг үндэслэж мөнгө гаргасан талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй. Хариуцагчийн 3.040.000 төгрөгийг өгсөн нь цаг хугацааны хувьд тохирохгүй гэж үзчихээд нэхэмжлэгчийн өгсөн гэх мөнгийг ямар ч баримт байхгүй байхад цаг хугацааны хувьд тохирсон гэж байгаа нь ойлгомжгүй байна гэв.

                                                    Үндэслэх нь:

   Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч А.Соёл-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

          Зохигчдын хооронд байгуулсан тус гэрээнд  үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр төлөхөөр тусгасан байх ба нэхэмжлэгч Д.Нарантуяа нь гэрээний дагуу хариуцагчаас зээл, зээлийн хүүд 12.500.000 төгрөг төлөх үүрэгтэй гэдэг бол хариуцагч А.Соёл-Эрдэнэ нь 5.000.000 төгрөгийг цувуулаад авсан энэ гэрээг хүч хэрэглэж байгуулсан тул хүү төлөхгүй  гэж  маргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаарлдагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: хариуцагч А.Соёл-Эрдэнэ нь 2013 оны 09 сараас  нэхэмжлэгч Д.Нарантуяагаас тодорхой хэмжээний мөнгө зээлдэг байсан бөгөөд зохигчид нь 5.000.000 төгрөгийг зээлсэн болон авсан эсэх талаар маргаагүй, харин зээлийн хүү төлөх эсэх  талаар маргажээ.

         Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь А.Соёл-Эрдэнэтэй амаар тохиролцон зээлийг  сарын 10 хувийн хүүтэй өгдөг байсан, үүнийг хариуцагч зөвшөөрч 2014 оны 10 сард энэ тухай бичиж өгснийг 2016 оны 12 сарын 08-ны өдрийн гэрээгээр баталгаажуулж нотариатаар батлуулсан гэж тайлбарлан /хэргийн 3, 4 дэх талд авагдсан/  баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

          Нэхэмжлэгчээс ирүүлсэн энэхүү баримтуудаас хариуцагч нь тодорхой хэмжээний мөнгийг хүүтэй зээлсэн гэдгийг харж болох боловч харин зээлийн гэрээний хугацаа болон  зээлийн хүүгийн хувь хэмжээг хэрхэн тохирсон нь тодорхой  бус, хүүг  ямар хугацаагаар хэрхэн тооцох талаар тусгаагүй тул  зохигчдын хооронд  хүү тогтоосон гэрээ хийгдээгүй байна гэж үзлээ.

         Иргэнийн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар  хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр  хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол  хүү авах эрхээ алдахаар зохицуулсан тул хариуцагч А.Соёл-Эрдэнэ хүү төлөх үүрэг хүлээгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх ба  нэхэмжлэгчийн хариуцагч А.Соёл-Эрдэнээс зээлийн хүү 7.500.000 төгрөг гаргуулахаар гаргасан  нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

         Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд  тооцдог бөгөөд зохигчид нь 5.000.000 төгрөг зээлсэн талаар маргаагүй  тул тэдгээрийн  хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан  зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

         Энэхүү гэрээгээр хариуцагч А.Соёл-Эрдэнэ нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.Нарантуяагийн  зээл 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн  зээлийн төлбөрт нэхэмжлэгч Д.Нарантуяад шилжүүлсэн  /хэргийн 44-67 талд авагдсан баримтуудыг үндэслэн/ 3.040.200 төгрөгийг үндсэн зээл 5.000.000 төгрөгөөс  хасаж  тооцох нь зүйтэй байна.

          Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгон шийдвэрлэсэн боловч  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

          Мөн зохигчид нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан анзын болон хүү тогтоосон  гэрээг  тус тус бичгээр байгуулаагүй,   нэхэмжлэгч  анз гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас хүү, анз тооцсон нь  алдаатай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн гэрээний үүргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт өгч анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 479 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

              1 дэх заалтыг:  

          “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Соёл-Эрдэнээс 1.959.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.540.200 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

              2 дахь  заалтыг: 

         “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.940  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Соёл-Эрдэнээс 46.306   төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагч А.Соёл-Эрдэнээс  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 63.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН