Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 01

 

 

С.Шинэбаяр, З.Гантулга нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар шүүгчийн захирамжтай З.Гантулга, С.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн 1836001640169 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй Журмаг овгийн Замбагын Гантулга,

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Егөс овогт Самбуугийн Шинэбаяр,

            Шүүгдэгч З.Гантулга нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой тус төвөөр үйлчлүүлж байсан Б.Баярмандалын Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан.

            Шүүгдэгч С.Шинэбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой тус төвөөр үйлчлүүлж байсан Б.Баярмандалын Самсунг Жи-7 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг тогтоосны дараа Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хянан хэлэлцэж байх явцдаа хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн З.Гантулга, С.Шинэбаяр нар нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 18360000000128 дугаартай хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсний дараа нь дээрх гэмт хэрэг буюу шүүгдэгч З.Гантулга 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын айфон-5 маркийн гар утас хулгайлсан, шүүгдэгч С.Шинэбаярын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэрэг нь илэрч прокурор 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5/166 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Гантулга, С.Шинэбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь харилцан адилгүй цаг хугацаанд илэрснээс мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хэргийг нэгтгэн шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх хуулийн боломж байхгүй байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            З.Гантулга нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой тус төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Баярмандалын “Самсунг жи-7“ маркийн гар утсыг хулгайлж 330000 төгрөгийн хохирол учруулсан,

            С.Шинэбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвөөс  2018 оны 08 дугаар сарын 09-ний орой тус төвөөс З.Гантулгын хулгайлж авсан, иргэн Б.Баярмандалын Самсунг жи-7 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар З.Гантулгад  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Шинэбаяр нарт  тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь  шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: З.Гантулга нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын гар утас хулгайлсан, С.Шинэбаяр нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэрэг нь 153 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа тул З.Гантулга, С.Шинэбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.

            Мөн З.Гантулгад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан 153 дугаар шийтгэх тогтоол гарсан ба 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах боломжгүй учир нь дээрх хуулийн заалт нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж шүүгдэгч З.Гантулга, С.Шинэбаяр нарт холбогдох 1836001640169 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “ Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно “ гэж зхохицуулсан боловч энэ нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

            Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/ШЗ/266 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА