Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0294

 

2015 оны 7 сарын 01 өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн захирал Ч.Н, өмгөөлөгч Ц.Ц нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани анх Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар тогтоолоор /1 дүгээр хавсралт/ санхүүжилтийг нь баталсан "Хөрс боловсруулах машины сэлбэгийн үйлдвэр" төслийг хэрэгжүүлэх зорилгоор 1994 онд байгуулагдсан ба өнгөрсөн хугацаанд 1952 онд анх дутуу баригдсан, биднийг түрээслэхээс өмнө 17 жил ашиглалтгүй байсан байрыг нийт 29 сая төгрөгөөр их засвар хийж, 51.7 сая төгрөгөөр суурийн байгууламж байгуулан дээр нь 153.7 сая төгрөгийн үнэ бүхий 20 гаруй тоноглолыг суурилуулж, эдгээр тоноглолоо ашиглан нийтдээ 50000 орчим Хөдөө аж ахуйн бага оврын техник, багаж хэрэгсэл үйлдвэрлэж /2 дугаар хавсралт/, импортын үнээс дунджаар 30 орчим хувийн хямдралтай үнээр 170 гаруй сумын хэрэглэгчид, малчин, тариаланч фермерүүдэд нийлүүлсэн.

Манай компанийн үйлдвэрлэл явуулж, ашиглаж байгаа объект нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Зайсанд байрлах 144x48 м хэмжээтэй хашаагаар хязгаарлагдсан объект юм.

Манай компанийн анх түрээсээр эзэмшиж байсан объектыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 434 тоот тогтоолоор /3 дугаар хавсралт/ Хөдөө аж ахуйн техникийн нормчлол, шинжилгээний станцад олгож, Хөдөө аж ахуйн техникийн норм, шинэ техник, технологи боловсруулах чиглэлээр ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг станц (одоогийн Хөдөө аж ахуйн техникийн корпорац) 1977 онд шинэ байранд нүүн орж түүнээс хойш 17 жил ашиглалтгүй байсан байрыг Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 198 тоот тогтоолын дагуу ХХААЯ-ны сайд Ц.Ө-н 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6/124 тоот /4 дүгээр хавсралт/, ХААИС-ийн захирлын 1994 оны 52 тоот тушаал /5 дугаар хавсралт/, Хөдөө аж ахуйн техникийн корпорацын захирлын 1994 оны 47 тоот тушаалаар /6 дугаар хавсралт/ 1994 онд манай компанид төсөл хэрэгжүүлэхээр түрээсээр эзэмшүүлж эхэлсэн юм.

Түүнээс хойш манай компани одоо хүртэл дээр дурдсан үйл ажиллагааг явуулж ирсэн ба манай үйлдвэрийн байр, объектын хувьчлалын талаар гарсан Засгийн газрын 1998 оны 199 дүгээр тогтоолын 16 дугаар заалтыг /7 дугаар хавсралт/ зориудаар будлиантуулж, хууль бус танилцуулга бичих замаар гаргасан нь /8 дугаар хавсралт/ архивын материалаар нотлогдсон тул уг тогтоолыг Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар тогтоолоор /9 дүгээр хавсралт/ хүчингүй болгож, манай компанид давуу эрхээр хувьчлах болсон.

Үүний дагуу Төрийн өмчийн хороо 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 462, 2010 оны 8 дугаар тогтоолууд /10, 11 дүгээр хавсралт/, мөн Төрийн өмчийн хорооны 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 тоот тогтоолуудаар /12 дугаар хавсралт/ манай байгууллагад уг үйлдвэрийн байр, объектыг давуу эрхээр хувьчилж бид уг үйлдвэрийн байр, объектын үнэ болох 60.0 сая төгрөгийг Төрийн өмчийн хороонд шилжүүлэн Төрийн өмчийн хороо манайд өмчлөгчийн 00505 тоот гэрчилгээ олгон, үйлдвэрийн байр, объектыг хашааны хамт 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагад актаар /13 дугаар хавсралт/ хүлээлгэн өгсөн билээ.

Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээ авах гэтэл манай объектыг урьд нь хуурамч танилцуулга хийх замаар гарсан Засгийн газрын 1998 оны 199 дүгээр тогтоолын 16 дугаар заалтын дагуу хувьчилж авсан Р.Б Төрийн өмчийн хорооны архиваас хөдөлшгүй нотлох баримт 2006 онд олдсоны дараа бидэнд мэдэгдэлгүйгээр бидний эзэмшиж байсан объектыг Л компанид бэлэглэлийн гэрээ гэгчээр шилжүүлж амжсан байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам манай албан тоотыг бүтэн жил "дарсны" дараа өгсөн хариу албан тоотоос (14 дүгээр хавсралт) мэдсэн ба үүний дараа бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд "Л" компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандсан юм. Энэ шүүхийн процесс бараг 4 жил үргэлжилж 3 шатны шүүхийн 9 удаагийн шийдвэр бүгд манай компанийн талд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн билээ (15 дугаар хавсралт).

Бид үйлдвэрлэлээ явуулах, шүүхийн маргаанаа дуусгахаар хөөцөлдөж байх хугацаанд манай объектын хашааг урьд нь манаач хийж байсан М.С, Ш.Г нар өөрийн болгох оролдлого гаргаж байсан ч бид яриа хэлэлцээ хийх замаар учраа олж болох байх гэж бодсоор ирсэн нь эцсийн бүлэгт бидний 60.0 сая төгрөгөөр авсан объектын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй байдалд хүргэх боллоо.

Тухайлбал: Төр засгийн газрын шийдвэрээр Хөдөө аж ахуйн бага оврын техник, сэлбэг, багаж хэрэгслийг олон мянган тоогоор үйлдвэрлэж 21 аймаг, хотод нийлүүлж байгаа манай үйлдвэрийн объектын төмөр ачиж, буулгах механикжсан хэрэгсэл болон төмөр материал, бэлэн бүтээгдэхүүн, багаж хэрэгслийн склад байрлах талбайг 2005 онд Хөдөө аж ахуйн техникийн корпорацад манаачаар ажиллаж байсан өөрөөр хэлбэл өмнө нь энэ объектыг харж байсан манаач, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн Туулын 2-13 тоотод оршин суугч М.С, Ш.Г нар биднийг хөдөө томилолтоор явсан хойгуур дур мэдэн таслан авч Туулын 3-5 гэсэн номер авч байгууллагын хашааны зүүн хойд хэсгийг буулган авч, баруун талдаа босгож Засгийн газрын тогтоолоор хувьчилж авсан хашааг хуваасан ба энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Төрийн өмчийн хороонд хандахад тэд 2006 оны 4/105 тоотоор хариу өгсөн юм /16 дугаар хавсралт/. Тэр үед Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр тэмдэглэл, Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 129 дүгээр тогтоол гарч энэ объектыг Хөдөө аж ахуйн техникийн корпорацын үндсэн хөрөнгөөс хасаж, Төрийн өмчийн хорооны мэдэлд албан ёсоор шилжүүлж, бид Төрийн өмчийн хороотой түрээсийн гэрээ байгуулан /17 дугаар хавсралт/ энэ объектыг түрээсээр эзэмшиж байсан ба Төрийн өмчийн хорооноос ирсэн албан тоотыг (16 дугаар хавсралт) болон манай компаниас удаа дараа мэдэгдэл, анхааруулгыг /18 дугаар хавсралт/ М.С-д танилцуулж төрийн өмчийн хашааг таслан авч болохгүйг анхааруулсаар ирсэн юм.

Гэтэл 2005 оноос хойш бидний Төрийн өмчийн хороотой албан ёсоор түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан газрыг чөлөөлж өгөхгүйгээр үл барам манай компанийн эзэмшилд байгаа хашаанд айл түрээсээр буулган дураараа загнаж, 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.З-н сонгуулийн үеэр будилаантай гарсан 224 тоот захирамжаар М.С өөрийн нөхөр Ш.Г-н нэр дээр газар эзэмшигчийн гэрчилгээ авч амжсан байна /19 дүгээр хавсралт/.

Мөн түүнчлэн хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 2010 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн орой 21.30 цагаас хойш шөнийн 01.30 цаг хүртэл гэрэл тавин манай байгууллага худалдаж авсан объектын хашаанд байгаа үнээний хашаагаа буулгахын хамт хуучин хашааг нь суулгахын оронд өөрийн буулгаж байгаа үхрийн хашааны төмрөөр манай байгууллагын хашааны газар дээр хашаа барьсан юм. /20 дугаар хавсралт, фото зураг/. Энэ нь манай үйлдвэрийн үйл ажиллагаанд 16 жилийн турш саад учруулсан Хөдөө аж ахуйн техникийн корпорацын захирал Ж.Т, иргэн Р.Б нарын бохир ажиллагааг үргэлжлүүлж манай үйлдвэрийн үйл ажиллагаанд ихээхэн саад учруулж байна.

М.С манаачийн таслан авсан хашаа нь Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1965 оны 434 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн техникийн нормчлол, шинжилгээний станцад /одоо Хөдөө аж ахуйн техникийн корпорац/ олгосон хашааны хэсэг болохыг тухайн үед уг байгууллагад ажиллагсад, хөрш хашаанд нь оршин суугчид гэрчилсэн тодорхойлолтыг 21 дүгээр хавсралтад хавсаргав.

Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г-д танилцуулж хандахад Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг санал болгосон /22 дугаар хавсралт/.

Гэвч уг объект бидний мэдэлд эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, нөгөө талаар шүүхийн маргаан 4 жил үргэлжилсний эцэст Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн хорооны тогтоолуудыг 9 удаа шүүх хурлаар хэлэлцэж бүх шийдвэрүүд бидний талд гарч улмаар 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 12 тоот тушаал гарсан. Үүний үндсэн дээр Тусгай хамгаалалттай газрын 2014/1 тоот газар ашиглах гэрчилгээг (23 дугаар хавсралт) авч одоо гурван талт гэрээний явц саатсан нь Зайсанд газраа өөрийн болгож авах гэсэн иргэдийн бухимдал, мөн манаач М.С-н манай хашаанд дураараа айлууд буулган түрээсэлж, газар чөлөөлж өгөөгүйгээс болж (24 дүгээр хавсралтад байгаа хурлын протоколыг харна уу) бид аргагүйн эрхэнд Захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хандахад манай нэхэмжлэхийг хүлээн авахгүй, эхлээд Нийслэлийн Засаг даргад хандсаны дараа ир гэсэн учир Нийслэлийн Засаг дарга Э.Б-д мөн өдөр хандахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 07/2274 тоотоор (25 дугаар хавсралт) хариу ирүүлсэн ба энд манай байгууллага үйлдвэрийнхээ объектын талаар 16 жил (1998-2014 он) тасралтгүй хөөцөлдөж ирсэн бодит байдлыг үл ойшоон шийдэж өгөөгүй болохоор шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ.

Түүнээс гадна манаач М.С, Ш.Г нарын энэ хууль бус үйл ажиллагааг бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд саяхан мэдэгдэхэд тус яамны 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 8/2294 тоотоор манай компанид тус яамнаас зөвшөөрөл олгосон газар кадастрын давхцалгүй зөвхөн манай компанид олгосон болохыг тогтоож өгсөн (26 дугаар хавсралт).

Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот захирамжийн 235 дугаарт байгаа УБ 0083999 тоот иргэний үнэмлэхтэй, Ш тоот регистрийн дугаартай Ш овогтой Г-н нэр дээр байгаа /С-н нөхөр/ Туулын 3-5 гэсэн хашаанд олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлүүлэх талаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын хариу тайлбар болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

...1. Дархан цаазтай, тусгай хамгаалалттай газарт тухайн орон нутгийн Засаг захиргаа газар эзэмшүүлэх эрхгүй болохыг заасан тул энэ шийдвэр хууль зөрчсөн болохыг анхаарна уу.

2.      Хөдөө аж ахуйн техникийн корпорацад 1983 онд манаачаар орж ажилласан
М.С, Ш.Г нар 2008 онд буюу уг объект Төрийн өмчийн хорооны балансад байх үед хорооны дарга Ц.Л-д бид энэ объектыг манахаар энэ газарт буусан гэдгээ хэлэхгүйгээр олон жил эзэмшиж байгаа, өөрийн суурьшсан газар мэтээр ярьж, бичиж, мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.З-н сонгуулийн компанит ажлыг далимдуулан тодорхойлолт гаргуулж авсан болох нь тухайн үед 11 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ц.Л гэрчилж байна.

3.             Хан-Уул дүүргийн одоогийн Засаг дарга Ж.Г-д манай компаниас 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн 41 тоот албан тоотын хариу болгон 2010
оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн 1/183 тоот албан бичигтээ "...Шинжлэх
ухаан үйлдвэрлэлийн "А" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаад
Засгийн газрын 2009 оны 232 дугаар тогтоолоор хувьчлагдсан объектын

газрын маргааны асуудлыг хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй.." гэсэн атлаа 2014 онд эсрэг утгатай тайлбар ирүүлсэн байгааг ойлгохгүй байна.

Манай компанид олгосон 2014/01 тоот газар ашиглах гэрчилгээ нь Засгийн газрын 2009 оны 232 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан Төрийн өмчийн хорооны 2009 оны 468, 182, 2010 оны 3 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд эдгээр бүх шийдвэрүүд нь 3 шатны шүүхэд давхар хянагдсаны дараа сайдын 2014 оны 1-р сарын 10-ны өдрийн А-12 тоот тушаалыг (манай нэхэмжлэлийн 23-р хавсралт) үндэслэн гарсан хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт юм. Гэтэл уг объектыг хувьчлахаас өмнө хэдэн жил манаж байсан хүн урьд нь огт хүн амьтан суурьшиж эзэмшиж байгаагүй газар дээр бууж хашаа хатгаж амьдарч эхэлсэн хүн шиг дураараа аашилж байгааг ойлгохгүй байна.

Ш.Г өнөөдөр манай компанийн хашаанаас 50 м хүрэхгүй газарт ХУД-ийн засаг дарга Д.Загджавын сонгуулийн өмнө буюу 2008 оны 6-р сарын 13-ны өдөр гаргасан 224 тоот захирамжийн (манай нэхэмжлэлийн 19-р хавсралт) хавсралтын 217-рт байгаа ХУД-ийн 11-р хороо, Туулын 2-13 тоотод дотроо 3 байшинтай хашаанд амьдардаг бөгөөд манай компанийн хувьчилж авсан хашаанаас дур мэдэн таслан авч (хуучин хашааны хойд талын хэсгийг буулгаж баруун талдаа босгож хашаа барьсан) одоо 3 айл түрээсээр суулгачхаад манай эзэмших газар 300 м2 биш, 1200 м2 гэж шүүхэд хандаж байгаа нь төр хууль цаазгүй улсад амьдарч байгаа мэт дураараа загнаж, үүнийг нь шүүх дэмжиж; Төр засгийн шийдвэрээр хувьчилж авсан объектыг дур мэдэн таслан авах эрхийг тэдэнд олгохоор зэхэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад гэвэл манай байгууллагын объектын нэг хэсэг болохыг 1967 оноос ХАА-н механикжуулалд, цахилгаанжуулалтын станцад ажилласан хүмүүс бүгд нотлохын хамт (манай нэхэмжлэлийн 21-р Хавсралт) бидний шүүхэд өгсөн материалд төр засгийн болон шүүхийн шийдвэрүүд бүгд байгаа бөгөөд объектын тоо хэмжээ, кадастр, зураг зэрэг бүх материал бүрэн байхад, мөн шүүгч өөрийн биеэр очиж газар дээр нь үзсэн мөртөө бидний нэхэмжлэлийг бүтэн 5 сар хүлээлгэж, хурдан шийдвэрлээгүй мөртөө ямар ч нотлох баримтгүй зүгээр дээрэм хийх гэж оролдож байгаа хүмүүсийн бичсэн "бие даасан шаардлага" гэгч худал хуурмаг, гүтгэлгийн зүйлийг хүлээн авч байгаад харамсаж байна.

Манаач байсан М.С, түүний нөхөр Ш.Г нар байгууллагын хашаа манаж байгаад түүнийгээ таслаад өөрийн болгоод авчих бодолтой байгаа бөгөөд үүний тулд юу ч гэж худлаа хэлсэн яах вэ гэсэн бодолтой цагаандаа гарсан дээрэмчид юм байна гэж ойлгогдож байна.

Б. Нөгөө талаар Ш.Г, М.С нар нь Дархан цаазтай газарт газрын зөвшөөрлийг зөвхөн аялал жуулчлал, эрдэм шинжилгээ сургалтын зориулалтаар олгодгийг маш сайн мэдэж байгаа хүмүүс билээ. Учир нь сүүлийн 20-иод жил Зайсанд оршин суудаг иргэд хуучин амьдарч байгаа газраа хувьдаа өмчилж авах гэж хөөцөлдөхөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандахад хуулийн заалт байхгүй гээд нэг ч хувь иргэнд газар өмчлөх эрх олгогдоогүй бөгөөд янз бүрийн хувилбар яригдсаар байгаа ч өдий хүртэл шийдэгдээгүй ирснийг сайн мэдэж байгаа. Ийм байхад "...өөрийн гэр бүлийн хэрэгцээний газар дээр тайван амьдрах боломжгүй боллоо..." гэж ярьж бичих нь ямар ч утгагүй хууран мэхлэлт юм.

Харин Ш.Г, М.С нар байгууллагын хашаанд амьдраагүй, анхнаасаа өөр хүний хашаа байгаагүй шинэ газар хашаа хатган амьдарч байсан бол гэрчилгээ байхгүй ч гэсэн ийм зүйл ярьж болох байлаа. Гэтэл Ш.Г, М.С нар тухайн үед хувьчлагдаагүй байсан төрийн байгууллагын хашаанд манаач хэдхэн жил хийснээ мартсан бололтой.

Бидний хашаа гэж ярьж бичээд байгаа тэр төрийн өмчийн хашаа нь одоо ч яг тэр чигээрээ, зөвхөн хаалга гаргасан төдий зүйл хийснээс өөрөөр нэг ч хадаас нэмж хадагдаагүй, байгууллагын хуучин хашааны банз дээр нэг ч банз нэмж хадаагүй, төрийн өмчид байхдаа ямар байсан яг тэр чигээрээ байгаа хашааг яаж бидний, миний хашаа гэж бичиж чадаж байна вэ?

Богд хан уулын захиргаатай гэрээ хийсний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргаар баталгаажуулах гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/17 тоот тогтоолоор гурван талт гэрээг дүүргийн Засаг дарга зурж баталгаажуулахаас өмнө хорооны оршин суугчдын хурлаар хэлэлцүүлнэ гэсэн байсан тул 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлаар 3 дугаар сард хэлэлцүүлэхэд танай хашаанд өөр айл байгаа газрын маргаантай юм байна гэсэн тул манай компанийн хууль журмын дагуу худалдаж авсан газраа Ш.Г, М.С нараас чөлөөлүүлэхийн тулд шүүхэд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хандсан юм.

Ш.Г, М.С нар манай компанийн хувьчилж авсан хашааны 300 м.кв газрыг бус бүр томсгон 1202 м.кв газрыг авахаар улайрч байгаа бололтой. Ийм учраас Ш.Г, М.С нар хэний, ямар байгууллагын хашаанаас дээрэмдэхээр тооцоолж байгааг илрүүлж таслан зогсоох шаардлагатай.

Дүүргийн Засаг дарга, газрын албаныхантай, мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүмүүстэй,бусад хүмүүстэй хуйвалдсан байхыг үгүйсгэх аргагүй.

Учир нь: Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г-д манай компани 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 41 тоот албан бичгээр хандаж ... манай компанийн хувьчилж авсан объектын хашааг өмнө нь манаж байсан Ш.Г, М.С нар (тэр үед ач хүү Б.М-н нэр дээр авсан байна гэж ойлгож байсан) таслан авсан байна. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү... гэхэд Ж.Г дарга ... урьд нь Засаг дарга байсан Д.З-н 224 дүгээр захирамжаар хууль бусаар дархан цаазтай газарт олгосон газар эзэмших эрхийг шүүхээр хүчингүй болгож байгаа тул шүүхэд хандахыг... 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/133 тоотоор бидэнд хариу ирүүлж байсан билээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/435 тоотоор манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г дарга 4 жилийн өмнө бичиж байснаасаа өөрөөр
бичихэд нь юу нөлөөлөв гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Төрийн алба хашиж байгаа хүн нэг асуудалд хоёр өөр хариу өгсөн байна шүү дээ.

Мөн манай компани 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А.Г-д хандахад манай албан бичгийн хариуг бүтэн нэг жилийн дараа буюу 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/635 тоотоор өгч байсан зэргийг харгалзан үзвэл энэ бүхэнд Ш.Г, М.С нарын нөлөөлөл байх магадлал өндөр гэж үзэж байна.

            Мөн энд Туулын 3-5 тоотын газар нь 1202 м.кв газар байгаагийн зэрэгцээ уг Туулын 3-5 тоотод байршилтай газрыг бүхэлд нь манай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон байгаа болно..." гэсэн нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас эрх олгосон гэж ойлгогдохоор байна. Энэхүү 1202 м.кв газрын кадастр, зураг зөвшөөрлийг манай газартай давхцуулан олгож, бидэнд буруу мэдээлэл өгсөн, эсвэл Ш.Г, М.С нар манай ашиглах газрыг нэмж дээрэмдэхээр зэхэж байгаа хоёрын аль нэг гэж ойлгож энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг шударга шүүхээс хүсэж байна

Манай компанийн хувьчилж авсан объектын зураг нь 1939 онд ЗХУ-д /хуучнаар/ анх боловсрогдон дууссан, Сүхбаатарын нэрэмжит цэргийн дунд сургуулийн зураг төсөл бөгөөд 1940-1941 онд барьж эхлэхээр төлөвлөж байтал Дэлхийн II дайн гарч, дайны дараа буюу зураг төслийг нь 1948-1952 оны орчимд дахин шинэчилж, 1958 он хүртэл үндсэн корпус (одоогийн ХААИС-ийн 1 дүгээр корпус)-ыг хажууд нь уурын зуух, орон сууц, дотуур байр зэргийн хамт барьж дуусган 1959 оноос ХААИС-ийг байгуулсан байдаг бөгөөд түүний цэвэрлэх байгууламж (одоо манай үйлдвэрийн цех) дутуу баригдсан учир 1965 он хүртэл мал сүүдэрлэдэг байшин байсан гэдэг. Үүний дараа Нормчлол шинжилгээний станц байгуулах тухай Сайд нарын зөвлөлийн 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 434 дүгээр тогтоол гарч, уг тогтоолд "...Хөдөө аж ахуйн техникийн ашиглалт, эдэлгээний хугацаа, засварын технологи, сэлбэг хэрэгсэл, шатахуун зарцуулалтын норм, шинээр гарсан машин техникийг өөрийн орны нөхцөлд туршин хэрэглэж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг асуудлыг судлан шийдвэрлэж байх үүрэгтэй Хөдөө аж ахуйн машин техникийн нормчлол, шинжилгээний станцыг 1967 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулсугай..." гэсэн байдаг.

Миний бие 1965 онд ХААИС-д орж суралцаж 1970 онд төгсөхдөө энэ станцыг байгуулсан Г.Н гуайгаар дипломын ажлаа хянуулж, шүүмж авч байсан

 

билээ. Миний бие 1970-1974 онуудад Увс аймагт ажиллаад түүнээс хойш энэ байшинд ажил хөдөлмөрөө эрхэлж 41 жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд би энэ байгууллагад 20 гаруй эрдэм шинжилгээний төслийн гүйцэтгэгч, удирдагчаар ажиллан шинэ техник, технологи шинээр зохион бүтээж, боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна ОХУ-аас орж ирсэн трактор, комбайн зэрэг Хөдөө аж ахуйн нийт 200 гаруй нэр төрлийн машины 70000 гол эд ангиудын эдэлгээний хугацааны нормыг шинэчлэн тогтоож, 1994 оноос хойш Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "А" ХХК-ийг байгуулж, захирал, төслийн удирдагчаар ажиллаж 25 гаруй Хөдөө аж ахуйн бага оврын техник, сэлбэг, багаж хэрэгсэл шинээр зохион бүтээж, нийт 51000 орчим ширхгийг үйлдвэрлэж хөдөө, орон нутгийн олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, фермерүүдэд нийлүүлж ирлээ. Уг нь Хөдөө аж ахуйн техникийн корпорацын захирал Ж.Т, манаач Ш.Г, М.С нар бидэнд элдэв дарамт шахалт үзүүлээгүй бол бид өнгөрсөн хугацаанд 51000 ширхэг бус 150000 ширхэг Хөдөө аж ахуйн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой байлаа. Үүнийг 1998 онд Засгийн газрын 199 дүгээр тогтоолын 16 дугаар хавсралтаас хойших шүүхийн шийдвэрүүд болон Төрийн өмчийн хорооны шийдвэрүүд харуулах бөгөөд энэ бүхний цаана Хөдөө аж ахуйн техникийн корпорацын захирал Ж.Т-ийн далд явуулга байсан бөгөөд 1983 онд манай корпорацад манаачаар орж, арваад жил ажиллаад гарсан Ш.Г, М.С нарын энэ үйлдэл мөн л Ж.Т-тэй холбоотой байх магадлал өндөр.

Түүнээс гадна Ш.Г, М.С нар 1994 оноос хойш энэ объектыг манай компани түрээсээр эзэмшиж байх үед хэд хэдэн удаа байшин барихаар барилгын материал буулгасныг манай компани төмрийн склад, өргөж буулгах механизм байгуулахаар төлөвлөж байгаа газар болохыг сануулж (одоо хашааг таслан авч Туулын 3-5 тоот гэсэн дугаар авч түрээсээр 3 айл буулгасан газар), бидний үгийг авахгүй болохоор нь Богд хан уулын захиргааны байцаагч, Төрийн өмчийн хороонд хандаж зогсоож байсан удаатай.

Хамгийн гол нь манай станц Мал аж ахуйн хүрээлэнтэй нийлсэн үед буюу 1993 оны орчимд Ш.Г-ийн өргөмөл хүү талийгаач Б манай корпорацын 1965-1967 онд барьсан ажилчдын 10 айлын орон сууцны нэг өрөөг хувьчилж авсан бөгөөд түүнийгээ тойруулан хашаа барьж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туулын 2-13 гэсэн хаяг авч, дотор нь 2 давхар 2 байшин шинээр нэмж барьж одоо түүндээ Ш.Г, М.С нар амьдарч байгаа юм. Гэтэл манай компанийн хашаанаас өөрсдийн түрээсээр буулгасан 3 гэрийг нүүлгэснээс болж их хохирол гарах мэтээр бичсэн нь хэнийг ч, юу ч гэж хуурч болно гэж андуурсан бололтой. Хууль хяналтын байгууллагыг, тэр тусмаа шүүхийн байгууллагад ийм худал хуурмаг зүйл бичиж ажлыг нь алдагдуулахад хүлээлгэх хариуцлага гэж байна уу.

Монгол орон хууль цаазгүй болчхоогүй байлтай. Ш.Г, М.С нарын энэ үйлдэл нь "хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх" гэгчийн үлгэртэй адил болж байна.

Энэ хүмүүсийн далд утга нь ихээхэн хохирол гарлаа манай байгууллагаас мөнгө нэхэж авах гэсэн бохир арга бололтой. Бидний үйл ажиллагааг олон жил саатуулсан, газар чөлөөлж өгөөгүйгээс болж манай компани төмөр өргөж буулгах механизмаа одоо хүртэл барьж чадаагүйгээс бүтээмжээ нэмэгдүүлж чадаагүй, түүгээр ч зогсохгүй Монголын ард түмэнд өнгөрсөн хугацаанд 100000 багаж тоноглол үйлдвэрлэж нийлүүлэх боломжийг алдагдуулж, өөрсдийн атгаг санаандаа хөтлөгдөн манай байгууллагын болон хөдөөгийн олон мянган фермерүүдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн ажилгүйдлийг бууруулах боломжийг хаагдуулсан ийм хүмүүсийг дэмжих бус зэм хүртээх ёстой байх.

Өөрөөр хэлбэл тэдний манай компанийн хашааг таслан аваад хийсэн ажил нь хэдэн тор, хаалга төдий зүйл бөгөөд эдгээрээ авч хашааг чөлөөлж өгөхийг шаардах болно. Энэ хашааны бүх материал 1965 оны Сайд нарын зөвлөлийн 434 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн нормчлолын станц байгуулахад анх барьсан банзан хашаа болохыг тэнд бүх насаараа ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт батлан харуулна.

Хэрэв үнэхээр Ш.Г-д манай компанийн хашаанаас таслан өгч газар эзэмших гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас давхцуулан олгосон юм бол тэр гэрчилгээ, кадастр, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалын хуулбар зэрэг бүх материалыг хавсаргахгүй байгааг юу гэж үзэх вэ? Хэрэв үнэн юм бол нотлох баримтаа манай компани шиг хавсаргахгүй яасан юм бэ гэж асуумаар байна. Хуульд худал хуурмаг зүйл бичиж, хэлж яривал хариуцлага хүлээлгэх заалт байдаг байх. Яагаад гэвэл энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас лавлахад манайд Ш.Г-д газрын гэрчилгээ, кадастр, зөвшөөрөл олгоогүй гэдгийг Тусгай хамгаалалттай газрын захиргаанаас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 8/2294 тоотоор манайд албан ёсоор хариу ирүүлсэн юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд аялал жуулчлал, эрдэм
шинжилгээ, сургалт судалгааны зориулалтаар олгохоор заасан бий. Харин энэ
заалт Дархан цаазат Богд хан ууланд ялангуяа Зайсанд мөрдөгдөж байгаа юу гэвэл
үгүй.

Харин манай компани эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ техник технологи, нормыг боловсруулах гэсэн анх байгуулагдах үед заасан зориулалтаар нь ашиглаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Монголд ажиллаж буй цорын ганц компани юм. Үүнийг бидний зөвхөн сүүлийн 20-иод жилд (1994-2014 он) боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон ажил, технологи, тайлан батлан харуулах бөгөөд мөн 1974-1994 онуудад боловсруулсан Хөдөө аж ахуйн техникийн эд анги, засварын шинэчилсэн нормыг 9 дүгээр хавсралтаар үзүүлэв.

Манай компанийн эрдэм шинжилгээний ажил явуулдаггүй гэсэн байна.

а/ манай компанийн гэрчилгээ дээр 741400 гэсэн кодтой "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн төсөл боловсруулах" гэж бичсэн байгааг хараагүй юм уу, эсхүл харахыг хүссэнгүй юу,

б/ Мөн Монгол Улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 2010.74, регистр 9136487 гэсэн дугаартай Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас эрдэм шинжилгээний байгууллагын гэрчилгээг 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авсан болно.

в/ Манай компанийн хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын тайлан, мөн төслийн удирдагчийн бүтээлийн жагсаалтыг хавсаргав. Энэ бүхнийг судалгаа шинжилгээний ажлыг хийхгүйгээр авахгүй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Ийм учраас Ш.Г-ийн "бие даасан шаардлага" гэгчийг хэрэгсэхгүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөдөөгийн олон мянган ногоочид хүлээж байгаа нарийн ногооны үрлүүрийн иж бүрдэл төслийг хэрэгжүүлэх бололцоог олгоно уу гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус дүүргийн Засаг дарга 2008 оны 224 дүгээр захирамжаар иргэн Ш-н Г-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул 3-5 тоот хаягт 0,03 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 3.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэж заасан

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор дүүргийн газар зохион байгуулалтыг төлөвлөгөөнд тодотгол оруулсан. Уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар Хан-Уул дүүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар нэмж тусгах газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталсан.

Энэхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон жил суурьшсан айл өрхүүдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул дүүргийн Засаг дарга иргэн Ш-н Г-д 11 дүгээр хороо Туул 3-5 тоот хаягт 0,03 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэв.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..."А" ХХК нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байтал Тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилт, 12 дугаар зүйлийн 6, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин судалгааны зориулалтаар газар олгосон тухайд:

"Ас" ХХК нь 1993 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн аманд байрлах объектыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад Төрийн өмчийн хороотой 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж 60 сая төгрөгөөр худалдан авч газар ашиглах хүсэлтээ гаргасан байдаг.

Дээрх хүсэлт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг харгалзан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэж заасныг үндэслэн газар ашиглах зөвшөөрлийг олгосон байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргана гэж заасан байдаг.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ыг зөрчиж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байх ба энэ нь хууль бус захиргааны акт юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулиар Тусгай хамгаалалттай газар нутагт ахуйн зориулалтаар газар ашиглах, эзэмшихийг хориглосон боловч хууль батлагдахаас өмнө амьдарч байсан иргэдийн эрх ашгийг хөндөлгүйгээр өдийг хүрсэн билээ.

Мөн иргэдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрх нээлттэй байгаа болно.

Богд хан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд амьдарч байгаа иргэдийн мэдээлэл манай яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул аж ахуй нэгжийн газартай давхцах тохиолдол байдаг.

Иймд иргэн Ш.Г болон "А" ХХК хоорондын маргаантай асуудал болох "иргэн Ш.Г нь он удаан жил тухайн газарт амьдарч байсан эсэх эсвэл компанийн хашаанд манаачийн ажил үүргээ гүйцэтгэх үедээ амьдарч байсан эсэх" нь шийдвэрлэгдсэн тохиолдолд бие даасан шаардлагыг хангах боломжтой гэв.

Гуравдагч этгээд Ш.Г нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

...Манай газар эзэмших гэрчилгээ дээр хэдийгээр 300 м.кв гэж бичсэн байгаа боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Туулын 3-5 тоотын газар нь 1202 м.кв газар байгаагийн зэрэгцээ уг Туулын 3-5 тоотод байршилтай байгаа газрыг бүхэлд нь манай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр эрх олгосон байгаа болно.

"А" ХХК-д манай эзэмшил газартай давхцуулан газар олгосон захиргааны хууль бус актын улмаас болж манайх эзэмшил газраасаа хөөгдөхөд хүрвэл өөр газар олж авч, гэр орноо нүүлгэх, юмаа хураах байшин сав, саравч зэргийг барих орон сууц худалдан авах гээд шинээр амьдралаа төвхнүүлэхэд маш их материаллаг зардал хохирол гарахын зэрэгцээ олон жил амьдарч идээшиж дассан орчин, хөрш найз нөхөд болсон хөгшчүүлээсээ ч холдож , 80 гарсан хөгшин бид сэтгэл санааны хохиролд ч гэсэн орох болоод байгаа юм.

“А" ХХК-д манай эзэмшил газартай давхцуулан газар олгосон захиргааны хууль бус гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байгаа болно. Үүнд:

1. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан, газар түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байхад "А" ХХК нь судалгаа хийх зориулалтаар газар ашиглах гэрчилгээ авсан гэх боловч компанийн гэрчилгээндээ Хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг гэж бүртгүүлсэн байхад тус компанид судалгааны зориулалтаар гэж газар ашиглах эрх /2014 онд 2014/1 тоот гэрчилгээтэй/ олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчин зөвшөөрөл олгогдсон байна.

“А" компанийн захирал Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч бага оврын техник багаж хэрэгслийн үйлдвэрлэл явуулж, 170 гаруй сумын хэрэглэгчдэд нийлүүлсэн тухайгаа бичсэн байна.

2. Би уг газар дээр 1983 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байгаад зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргаж, дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар хууль ёсоор эзэмших эрхтэй болж, гэрээгээ байгуулан гэрчилгээгээ одоог хүртэл уг газрыг эзэмшиж, амьдарч байгаа бөгөөд 224 тоот захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

3. Монгол Улсын иргэн бүр ялгаварлан гадуурхагдахгүй, хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд би хууль ёсоор эзэмшин авсан газраасаа хөөгдөх ёсгүй гэж үзэж байна. 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон жил, насаараа амьдарсан айл өрхүүд ч манай нэгэн адил замаар газраа эзэмшин амьдарсаар байна.

4. "А" ХХК нь үйлдвэрлэл явуулдаг байж судалгааны ажил эрхэлнэ гэж хуурамч үндэслэл гарган, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газар ашиглах гэрчилгээ гаргуулан авсан, тус компанид газар ашиглах эрх олгосон эрх бүхий газар нь судалгааны байгууллагад биш харин үйлдвэрлэл явуулдаг компанид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосноор оршин суугч иргэд бид хохирох ёсгүй гэж үзэж байна.

Иймд, үндсэн нэхэмжлэлтэй зайлшгүй хамт шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын /Хуучин нэрээр/ 2013 оны А-77 тоот тушаалын “А” ХХК-д газар ашиглах эрх олгосон заалтын Ш.Г миний газар эзэмших эрхийг зөрчин давхцуулсан хэсгийг нь хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж, бие даасан шаардлага гаргаж байна гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн Ш.Г-д холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 4-т заасныг баримтлан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал “А” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаалыг иргэн Ш.Г-ийн хашаалсан 1327 м.кв газартай давхацсан хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан холбогдох этгээдүүдээр маргаан бүхий газарт үзлэг хийлгэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газрын давхцалыг арилган, Ш.Г-д гэр бүлийн зориулалтаар ашиглаж, эзэмшихэд хүрэлцэхүйц хэмжээний газрыг үлдээн хасаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн “А” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК давж заалдах гомдолдоо: ШУҮ-ийн “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХУД-ийн Засаг даргад холбогдох хэргийн талаар гарсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

... Тусгай хамгаалалттай газарт газар эзэмших, ашиглах эрхийг зөвхөн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна гэж заасан байхад хариуцагч энэ талаар мэдэхгүй байна гэж баймгүй юм. ХУД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолд газрын хэмжээ гэсэн хүснэгт хоосон байгааг юу гэж үзэх вэ? Энд манай байгууллагын газраас хэдэн м.кв газрыг дээрэмдэж авахаа мэдэх боломжгүй байжээ гэж дүгнэхээр байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч олон жил суурьшсан гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, анхнаасаа юу ч үгүй газарт буусан бол ингэж ярьж болно. Гэтэл Ш.Г-х байгууллагын хашаанд манаачаар буусан айл шүү дээ. Үүнийг ялгах чадваргүй байгаа нь харамсалтай байна.

0,03 га гэж байхад түүнээс 4 дахин их буюу 1327 м.кв газрыг хашаатай нь хамт таслан авсан байгаа шүү дээ. Дархан цаазтай газарт газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага хариуцдаг билээ. Харин Ш.Г, М.С нар манай байгууллагын хашаанаас 20 м хүрэхгүй газарт Д.З-н 224 дүгээр захирамжийн 217 дугаарт байгаа Туулын 2-13 тоотод 3 байшинтай амьдардаг хүмүүс юм.

Харин хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль гарахаас өмнө албан газрын хашаанд манаачаар буусан айлыг урьд нь хэн ч эзэмшээгүй хоосон газарт хашаа барьж буун суурьшсан айлуудаас ялгах чадваргүй мэргэжилтэн байна гэж үзэхэд хүргэж байна. Мөн иргэдэд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрх нээлттэй байгаа болно... гэжээ. Хэрэв тийм бол Зайсанд анхнаасаа сул газар хашаа хатгаж барьсан олон жил болж байгаа иргэдэд яагаад газрыг нь олгочихгүй 20 гаруй жил болж, Төрийн бус байгууллага байгуулах хүртлээ тэмцэж хөөцөлдөөд байгаа хэрэг вэ.

Мэргэжилтэн Г-ээр бол Ш.Г-д Туулын 3-5-д БОНХАЖЯ-ны кадастр хийлгэх зөвшөөрөл өгөх боломжтой гэсэн ойлголт өгөөд байна. Гэтэл хуулиараа Дархан цаазат газарт иргэн газар эзэмших, ашиглах боломжгүй гэж заасан байдаг. БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн захиргааны газрын дарга Н-н Д.З-д өгсөн 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6/1703 тоот хариу бичигт Тусгай хамгаалалттай нутгийн хуулиараа Зайсанд газар эзэмших эрх иргэдэд олгох боломжгүйг анхааруулсан байхад түүнийг зөрчин Д.З 224 дүгээр захирамж гаргасан байдаг. Байдал ийм байхад Г мэргэжилтэн манай байгууллагын хувьчилж авсан газрын хашааг тастан хүнд олгоё гэж зүтгээд байгаа нь авилгаас өөр зүйл хүнийг ингэж хууль зөрчүүлэхгүй гэж үзэж байна. Ц.С шүүгч ч мөн адил манай компанийн хууль ёсны бүх нотлох баримтыг үгүйсгэхийн тул Г мэргэжилтний хууль зөрчиж байж хэлснийг нь ашиглаж байна.

Яагаад 20 гаруй жил болж байхад Дархан цаазтай газарт байгаа иргэдийг Мэдээлэл тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байгаа гэвэл хууль зөрчих учраас л бүртгэх боломжгүй байгаа гэдгээ хэлэхгүй, давхцах тохиолдол байдаг гэсэн нь уг нь эрх нь байдаг бол хууль бусаар Зайсанд байгаа газрыг хэнд ч өгч болохоор Г мэргэжилтэн шүүх хурал дээр ичих ч үгүй ярьж байгаа нь сайдын гарын үсэгтэй тайлбарынхаа эсрэг ярьж байгаагаа ч мэдрэхгүй хүн юм байна гэж ойлгогдохоор байна.

Зохих хууль журмын дагуу авч ... гэж бичсэн шүүхэд дураараа худлаа ярьж болдог юм байна гэсэн ойлголтыг өгч байна. Яагаад гэвэл Г, С нар Д.З-н гэрчилгээ авахдаа үнэн зүйл хэлж хорооны даргаас тодорхойлолт хийлгэж авсан бол бас яах вэ. Гэтэл байгууллагын хашаанд байгаагаа нуун далдалж олон жил би энд амьдарч байгаа гэж худлаа ярьж, Д.З даргын даалгаврыг биелүүлэхээр хорооны иргэдийн бүх тодорхойлолтыг 7 хоногт гаргаж дуусгахааргүй завгүй ажиллаж байсан хорооны даргын толгойг эргүүлэн тодорхойлолт авсныг баримтаас халж болно.

Тэгээд цааш нь манай компанийн зах зээлийн ханшаар буюу дуудлага худалдаагаар тогтоогдсон үнээр худалдаж авсан хөрөнгийг газар хашааны хамтаар нь таслан авчхаад ... Ч.Н-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж хохироосон зүйл огт байхгүй юм.. гэж яаж ярьж чадаж байна вэ.

... Мөн ХУД-ийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/17 тоот тогтоол байсан бөгөөд одоо энэ тогтоол нь Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 тоот тогтоолоор хүчингүй болсон юм. Шүүгч үүнийг тодруулж авалгүй, хүчингүй болсон актаар манай нэхэмжлэлийг хянасан байна. Уг нь гэрчилгээ дээр 0,03 га гэж бичсэн байгаа нь бид “А” ХХК-ийн хашаанаас 1202 м.кв газрыг таслан авах сонирхолтой гэдгээ шүүгч Ц.С-д тэд хэлсэн бололтой. Шүүгч Ц.С төр засгийн шийдвэрээр хувьчилж авсан объектын хашааг дураараа таслан авч Ш.Г-д бэлэглэх эрхгүй гэж үзэж байна.

... Ямар ч давхцалгүй манай худалдан авсан объектын хашаагаар хязгаарлагдсан газрыг давхцуулан олгосон мэтээр ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй ярьж, бичих нь хэрээс хэтэрч бүр нөгөө худал зүйлийг 1000 дахин ярихад үнэн болно гэдгийг санагдуулам юм бичсэнийг Ц.С шүүгч хүлээн авч шийдвэртээ оруулан бичиж байгаа нь цаанаа хуйвалдаан байна гэдгийн нотолгоо болж байна гэж үзэж байна.

... Давхцуулан олгосон гэж байгаа юм бол тэр нотлох баримтаа үзүүлж аль хэсэгт хэдэн метр газар давхацсаныг ярих ёстой болохоос биш ямар ч нотлох баримтгүйгээр шударга үнэний шүүх дээр худлаа ярьж болохгүй байх. Түүнчлэн манай байгууллагын эрдэм шинжилгээний ажил яаж хийдгийг мэдэхгүй, төр засаг эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлтэй нягт холбож хамт хийх зорилго тавьж байгааг ойлгохгүй хүмүүс шүүхэд төрийн албанд байгаад харамсаж байна.

Манай байгууллагын гэрчилгээ дээр 741400 Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн төсөл боловсруулах гээд биччихсэн байгааг илт үгүйсгэж харахыг хүссэнгүй гэж үзэж байна. Мөн БСШУЯ-ны 201074 тоот гэрчилгээ нь эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бүрэн батална гэж бодож байна.

БОНХЯ-ны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 тоот тушаал нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон хүчин төгөлдөр акт юм. Тэгээд ч энэ нь 224 дүгээр захирамжтай холбогдох учиргүй, газраа мэддэг төрийн төв байгууллагын хууль зүйн дагуу гарсан акт. Харамсалтай нь хууль биелүүлэх ёстой байгууллагын мэргэжилтэн хуулиа биелүүлэхийн оронд авлигад идэгдсэн хүн шиг авирлаж, газар давхцуулсан олгогдсон байна, олон жил суурьшсан айлыг Зайсангаас хөөхгүй гэсэн бодлого бий ч гэх шиг яамны баримтлах ёстой журмыг гуйвуулан манай компанийн хөрөнгийг Ш.Г-д хууль бусаар булаан авч өгч болмоор юм шиг зүйл ярьж хөгшин хүмүүсийг төөрөгдүүлэх ямар шаардлага байгааг мэдэхгүй байна.

... Манай байгууллагын хашаа ямар ч нөхцөлд БОНХЯ давхцуулсан зүйл байхгүй гэдгийг нотолсон баримт бичиг хавтаст хэрэгт хангалттай байсаар байтал ямар ч нотлох баримтгүй давхацсан гэсэн зүйлийг яриад бичээд байх юм. Харин Л компанитай давхацсан болохыг тодруулж өгсөн ба энэ компанийн газар ашиглах гэрчилгээг 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон билээ. Газар нь давхцаагүй гэсэн баримт материал олон байхад шүүгч Ц.С, Ш.Г-ийн өмгөөлөгч, төлөөлөгч, Н.Г нарын нотлох баримтгүй аман яриаг иш үндэс болгон шийдвэр гаргалаа.

Түүнчлэн ... манай байгууллагын нэхэмжлээгүй хэсэгт буюу манай байгууллагын хашааны баруун болон баруун хойд талд хамарлан хашаа барьсан иргэдийн хашааны тухай үндэслэх нь хэсэгтээ төвлөрүүлж бичсэнээс харахад манай нэхэмжлэлд хаагүй зүйл дээр Ц.С шүүгч үндэслэлээ гаргасан гэж үзэж байна.

... Газрын хэмжээ бол агуулгаараа бидний нэхэмжлэл гаргасан үндэслэл биш юм. Байгууллагын хашааг манаж байсан манаач хувьчилж авсан хөрөнгийг минь тастаж авсныг зогсоох зорилгоор нэхэмжлэл гаргасан ба надад газар нэмж олго, эсвэл багасгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаагүй билээ. Өөрөөр хэлбэл, Ц.С-г шүүгчийн энэ үндэслэл нь бидний нэхэмжлэл бичсэн зүйлд хамраалгүй зүйлийг хянасан нь цаанаа авлигатай холбоотой байх гэж үзэхэд хүргэж байна.

БОНХАЖЯ-аас ирүүлсэн зурагт тодорхой байхад кадастр хийлгэсэн хашаандаа нэг ч айлын хашааг оруулалгүй хийлгэсэн манай байгууллагын кадастрыг шүүгч бусадтай давхацсан гээд гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Иймд, манай хуучин хүрээлэнгийн хашааны зүүн талд манаач буудаг хэсгийг манаач хийж байсан Г, С нараас чөлөөлж өгөхийг хүссэн ба анхнаасаа байгууллагын хашаанд бууснаа санахгүй байгаа мэт аашилж, хуучин захирал Ж.Түмэнгийн хуурамч газар эзэмших зөвшөөрөлд итгэн манай байгууллагын мэдэлд үлдсэн 5795 м.кв талбайгаас 29,5х45 м буюу 1327 м.кв газрыг хашааны хамт дээрэмдэх гэж байгааг зогсоож өгөхийг хүсэж байна.

Шүүхийн шийдвэр тодорхой үндэслэлтэй байх ёстой байх. Гэтэл 300 м.кв, 1202 м.кв, 1327 м.кв газрыг алийг нь Ш.Г-д хууль бусаар өгөхөө мэдэхгүй, ямар ч гэсэн хамгийн ихийг нь өгье гэж бодсон шийдвэр гаргаж байна гэж ойлгож байна. Тэгээд энэ луйвраа тэр шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцнэ гэж бичсэн байна.

Шүүхэд газар олгох эрх хуулиар олгогдоогүй. Гагцхүү Захиргааны байгууллагын актын хуулийн үндэслэлийг хянах үүрэгтэй. Гэтэл шүүх ХУД-ийн Засаг дарга Д.З-н 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн хуулийн үндэслэлийг хянаж, дүгнэж хийхийн оронд Ш.Г, М.С нарын хууль бус эзэмшлийг хамгаалахын тулд хуулийн үндэслэлгүй үйлдэл, мэдүүлгийг иш татсан байна.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 тоот шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байршилтай, 642.2 м.кв талбай бүхий барилга /авто гарааш, уурын зуух, контор, лаборатори, генераторын байр, нүүрсний агуулах, дугуй склад, харуулын байр/ -ыг худалдан авах тухай гэрээг Төрийн өмчийн газартай байгуулснаар Төрийн өмчийн хорооны 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлж, 00505 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Уг худалдан авсан барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар “Л” ХХК шүүхэд хандсан байх бөгөөд шүүхээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэсний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаалаар 1.2 га газрыг “А” ХХК-д судалгааны зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2014/1 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээнд 0.6207 га талбайг Зайсангийн аманд судалгааны зорилгоор 5 жилийн хугацаатай ашиглуулахаар заажээ.

Гэрчилгээнд тусгагдсан 0.6207 га хэмжээтэй газрыг нэхэмжлэгчийн ирүүлсэн “” ХХК-ийн үйлдсэн кадастрын зурагт тусгагдсан хэмжээгээр мэдээллийн санд оруулж, ашиглуулсан болохыг нь хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байх бөгөөд уг ашиглуулахаар олгосон гэх газрын хэмжээ нь бодит байдалд зөрүүтэй, бусдын ашиглаж буй газартай давхцаж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн хийлгэсэн кадастрын зураг, хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээг шалгаж тогтоосны үндсэн дээр ашиглуулах шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогджээ.

 Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас гуравдагч этгээд Ш.Г-ийн амьдарч байгаа газар нь нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхцалтай эсэхийг шалгаж тодруулаагүй атлаа гуравдагч этгээдээс “Ш.Г-ийн эзэмшиж буй хашаатай давхцуулан “А” ХХК-д олгосон газрын холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар иргэн Ш.Г-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-5 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Уг газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаалаар “А” ХХК-д судалгааны зориулалтаар ашиглуулахаар олгосон 6207 м.кв газартай давхцалтай болох нь агаарын зурагтай давхцуулсан зургаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд олгосон газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарагдаж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж зааснаас үзэхэд дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах эрх хэмжээгүй, харин иргэд, аж ахуйн нэгжийн газар ашиглахыг хүссэн саналыг эрх бүхий этгээд буюу төрийн захиргааны төв байгууллагад уламжилснаар шийдвэрлүүлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Ш.Г тухай газраа он удаан жил амьдарсан, өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө амьдарч байсан нь тогтоогдсон хэдий ч энэ үндэслэлээр дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалтай газар нутагт эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нөгөөтээгүүр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамжийн Ш.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин эрх бүхий этгээд нөхцөл байдлыг дахин шалгаж тодруулсны үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу уг маргаж буй газарт газар ашиглуулсан шийдвэрийнхээ нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

             Харин анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин акт гаргуулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаалыг иргэн Ш.Г-ийн хашаалсан 1327 м.кв газартай давхацсан хэсгийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэхдээ газар ашиглуулах шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн дахин гаргах шийдвэрийг зааж “...Ш.Г-д гэр бүлийн зориулалтаар ашиглаж, эзэмшихэд хүрэлцэхүйц хэмжээний газрыг үлдээн хасаж...” гэж тогтоох хэсэгтээ шийдвэрээ биелүүлэх арга журмыг тодорхойлж, тогтоосон нь хуулиар олгогдсон хариуцагчийн эрх хэмжээнд халдсан агуулгатай байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн Ш.Г-д холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж,  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн Ш.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газрын давхцалыг арилган, Ш.Г-д гэр бүлийн зориулалтаар ашиглаж, эзэмшихэд хүрэлцэхүйц хэмжээний газрыг үлдээн хасаж” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ