Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А- овогт Б-ы Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810017630513 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А- овогт Б-ы Д,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Б-ыг “…эмээлт рүү машин бариад хүргээд өгөөч гэж дуудан ирүүлж гар утсаар чинь нэг яриадхая гэж хэлж гар утсыг нь аваад 5009685400 тоот данснаас 500.000 төгрөгийг өөрийн 5270660788 тоот данс руу хууль бусаар, нууцаар шилжүүлж, хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу Лувсандоржийн 39-72 ДГА улсын дугаартай автомашинтай явж байсан. Тэгээд Дорноговь аймгийн төв өнгөрөөд 33-н тоочиг дээр явж байхад хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан. Би эмэгтэйг хүүхэдтэй нь хамт машиндаа суулгаж яваад 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Яармагт буулгасан. Тэр үед Ахаа надад мөнгө байдаггүй, Нисэх явах гэсэн юм гэхээр нь өрөвдөөд Хаан банкны 5270660788 данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нөгөө эмэгтэй миний гар утас руу 95569321 гэсэн дугаараас залгаж Эмээлтээс Улаанбаатар руу машинаар хүргээд өгөөч би хот дотор машин барьж чаддаггүй гэсэн. Тэгэхэд нь би зөвшөөрч Яармагын 3 дугаар буудал гэдэг газарт нөгөө эмэгтэйтэй уулзаад Эмээлт рүү явах гээд байж байтал ахаа миний хүүхдийг тэврээд байж байгаач утсаар чинь яриад өгье гэсэн. Миний утсыг аваад хэсэг хугацааны дараа буцааж өгсөн. Миний утсыг аваад яасныг мэдэхгүй, ямар нэгэн залгасан дугаар, мессеж байхгүй байсан. Тэгээд миний утсыг буцааж өгөхдөө за ахаа өөр хүн миний машиныг Эмээлтээс оруулаад өгье гэсэн” гээд надаас салаад явсан. Би гэртээ ирээд өөрийн мобайл банкаар мөнгө шилжүүлэх үед өөрийн данснаас 500.000 төгрөг дутсаныг мэдсэн...” /хх-ийн 9-10, 10-11/ гэсэн,

 

Гэрч С.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б- бид хоёр Улаанбаатар хот орохоор Дорноговь аймгаас хөдөлсөн, Цагаан хаалганы хавьцаа хоёр орчим насны хүүхдээ тэвэрсэн махлаг бор царай эмэгтэй зогсож байхад нь хаа хүрэх гэж байгаа юм бэ гэж асуухад Улаанбаатар орно гэхээр Б- машиндаа суулгаад Улаанбаатар хотод хамт ирсэн. Замдаа Б- өөрөөсөө мөнгө гаргаад тэр эмэгтэйд бас охинд нь идэх уух юм авч өгч байсан. Мөн Б-ын утсаар хүмүүс рүү яриад байсан. Тэр эмэгтэй Булган аймгийнх, айраг авчирч өгнө гэж байсан учраас Б- гар утсыг нь тэмдэглэж авсан. Би түрүүлээд Гачуурт дээр буугаад үлдсэн. Нөгөө хэд цаашаа явсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би охины хамт 2018 оны 07 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Улаанбаатар хотод охинтойгоо ажиллахад хэцүү байсан тул Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Хайрхат хан нэртэй амралтын газар тогооч хийхээр наадмын дараа очсон боловч захирлынх нь ээж намайг ажлаа муу хийж байна, хүүхэдтэйгээ хэцүү гээд ажлаас халсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд Дорноговь аймгийн цагаан хаалганы орчим зам дээр зогсож байтал Пажеро нэртэй хар саарал өнгийн машин зогсоод Улаанбаатар хот руу явах гэж байгаа юм уу гэж асуугаад би Тийм гэхэд охин бид хоёрыг суучих гээд бид хоёрыг машинд суулгасан. Тэр машины жолооч ах охин бид хоёрт идэж уух юм авч өгч дэлгүүрт мобайл банкаараа тооцоо хийж байхад нь мобайл банкны нууц дугаарыг цээжлээд авсан. Улаанбаатар хотод 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирээд охин бид хоёр Жуковын автобусны буудлын ойролцоо буусан. Машин дотор жолооч ах Эмээлт рүү явж тарвагны мах иднэ гэж байхыг сонсоод би Эмээлт рүү явна гэж худлаа ярьж дуудаад гар утаснаас нь мобайл банкаар нь өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авахаар шийдээд машины жолооч ахын 80780132 гэсэн утасны дугаар луу залгаад би өчигдрийн хамт ирсэн охин байна, та хаана байна, би Эмээлтээс машин бариулаад хот руу орох гэсэн юм” гэхэд тэр ах зөвшөөрөөд бид хоёр Яармагийн 3 буудал дээр уулзсан. Тэр ахыг ирэнгүүт би охиноо тэврүүлээд Та утсаа өгч байгаач, яриад өгье гэж худлаа хэлж утсыг нь аваад мобайл банк руу нь орж өөрийн  5270660788 гэсэн Хаан банкны данс руу нууцаар 500,000 төгрөг шилжүүлээд дансны зарлагын мессеж ирэхээр устгаад ахаа болчихлоо гэж хэлээд охинтойгоо такси бариад 3, 4 дүгээр хорооллын эцэс орж картнаасаа 500,000 төгрөгийг аваад мөнгөөрөө охин бид хоёр хувцас аваад замын зардал хийгээд Булган руу гэр лүүгээ харьсан... /хх-ийн 13, 27-30/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгч Б.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 30-52/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Ганболд, Д.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18/,

- Б.Д-гийн “Хаан банк”-ны дансны хуулга, утасны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39-40, 42-51/,  

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 56/  зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-ыг “…эмээлт рүү машин бариад хүргээд өгөөч гэж дуудан ирүүлж гар утсаар чинь нэг яриадхая гэж хэлж гар утсыг нь аваад 5009685400 тоот данснаас 500.000 төгрөгийг өөрийн 5270660788 тоот данс руу хууль бусаар, нууцаар шилжүүлэн авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Б-ын “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нөгөө эмэгтэй миний гар утас руу 95569321 гэсэн дугаараас залгаж Эмээлтээс Улаанбаатар руу машинаар хүргээд өгөөч би хот дотор машин барьж чаддаггүй гэсэн. Тэгэхэд нь би зөвшөөрч Яармагын 3 дугаар буудал гэдэг газарт нөгөө эмэгтэйтэй уулзаад Эмээлт рүү явах гээд байж байтал ахаа миний хүүхдийг тэврээд байж байгаач, утсаар чинь яриад өгье гээд миний утсыг аваад хэсэг хугацааны дараа буцааж өгсөн. Миний утсыг аваад яасныг мэдэхгүй, ямар нэгэн залгасан дугаар, мессеж байхгүй байсан. Тэгээд миний утсыг буцааж өгөхдөө за ахаа өөр хүн миний машиныг Эмээлтээс оруулаад өгье гэсэн” гээд надаас салаад явсан. Би гэртээ ирээд өөрийн мобайл банкаар мөнгө шилжүүлэх үед өөрийн данснаас 500.000 төгрөг дутсаныг мэдсэн ...” /хх-ийн 9-10, 10-11/ гэсэн,

Шүүгдэгч Б.Д-гийн “...Улаанбаатар хотод 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирээд охин бид хоёр Жуковын автобусны буудлын ойролцоо буусан. Машин дотор жолооч ах Эмээлт рүү явж тарвагны мах иднэ гэж байхыг сонсоод би Эмээлт рүү явна гэж худлаа ярьж дуудаад гар утаснаас нь мобайл банкаар нь өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авахаар шийдээд машины жолооч ахын 80780132 гэсэн утасны дугаар луу залгаад би өчигдрийн хамт ирсэн охин байна, та хаана байна, би Эмээлтээс машин бариулаад хот руу орох гэсэн юм” гэхэд тэр ах зөвшөөрөөд бид хоёр Яармагийн 3 буудал дээр уулзсан. Тэр ахыг ирэнгүүт би охиноо тэврүүлээд Та утсаа өгч байгаач, яриад өгье гэж худлаа хэлж утсыг нь аваад мобайл банк руу нь орж өөрийн  5270660788 гэсэн Хаан банкны данс руу нууцаар 500,000 төгрөг шилжүүлээд дансны зарлагын мессеж ирэхээр устгаад ахаа болчихлоо гэж хэлээд охинтойгоо такси бариад 3, 4 дүгээр хорооллын эцэс орж картнаасаа 500,000 төгрөгийг аваад мөнгөөрөө охин бид хоёр хувцас аваад замын зардал хийгээд Булган руу гэр лүүгээ харьсан... /хх-ийн 13, 27-30/ гэсэн мэдүүлгүүд, дансны хуулга /хх-ийн 39-40/, утасны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42-51/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Д-гийн дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж /хх-ийн 56/ барагдуулсан, хохирогч С.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 58/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Д- нь 7 сартай жирэмсэн болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон гаргаж өгсөн баримтаар тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, ...хүнд оногдуулахгүй...” гэж заасны дагуу шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д- 02 настай хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эх болох түүний оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 52/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 53/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд хуульд заасны дагуу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн дугаартай 1810017630513 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А- овогт Б-ы Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Д-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Д-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3  дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Д- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Б.Д-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн 1810017630513  дугаартай хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Д- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР