Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810005280573 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 00000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, А.Ш /РД:0000000000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  А.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын автобусны буудлаас Нисэх-7 буудал чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэн М.Мын хэтэвчийг нь хулгайлж, Хаан банкны картнаас нь 5,000,000  төгрөг авч нийт 5,087,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.Ш: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед ажлаасаа тараад, хоёр хүүхдээ аваад Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд суугаад Яармагийн 60 дугаар сургуулийн орчим явж байхад, гар утсанд миний данснаас 5,000,000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад түрийвчээ цүнхнээсээ хайгаад олоогүй, миний карт түрийвчинд байсан юм. Түрийвчинд хаан банкны карт, иргэний үнэмлэх, Голомт, Төрийн банкны картууд байсан. Тэгээд би Хаан банкны лавлахаас утсаар асуухад 19 цаг 59 минутанд Баянгол дүүргийн Алтай хотхоны “ЕПИС” супермаркетад байрладаг Хаан банкны АТМ-аас уншуулсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 14-16/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би ганцаараа орой 18-19 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр комбинатын орчим хүнтэй уулзах гээд 19-ийн автобусны буудлаас автобусанд суугаад явж байхад урд нэг эмэгтэйн цүнх нь тал онгойчихсон, хэтэвч нь харагдаад байхаар нь цүнхийг нь онгойлгож байгаад дотроос нь шаргал өнгийн хэтэвчийг нь хулгайлж аваад буцаад урд талын хаалгаар дараагийн автобусны буудал дээр бууж, байрнуудын дундуур Алтай хотхон руу чиглээд явсан. Түрийвчийг нээж үзэхэд дотор нь мөнгө байхгүй, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсүүд байсан. Тэгэхээр нь карт, иргэний үнэмлэх хоёрыг нь авч үлдээд бусдыг нь хаячихсан. Тэгээд Алтай хотхонд байдаг АТМ руу яваад картыг нь АТМ-д хийгээд нууц дугаар дээр нь иргэний үнэмлэх дээр байсан төрсөн он сар өдрийг нь хийгээд үзэхэд код нь таарч байсан, картанд 5,000,000 орчим төгрөг байсан. Тэгээд нүдний шилтэй, эмэгтэй тааралдахаар нь тэр эмэгтэйг дуудаад “энэ картнаас мөнгө аваад өгөөч, ах нь  хөдөөний хүн мэдэхгүй байна” гэж хэлээд картанд байсан 5,000,000 төгрөгийг уншуулж авсан...” /хх-ийн 75-77/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43, 82-83/,
           - Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 17-19, 81/,

- М.Мын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55/,

- Шүүгдэгч А.Шгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 23-33, 56-64/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Шд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Шд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  А.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын автобусны буудлаас Нисэх-7 буудал чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэн М.Мын хэтэвчийг нь нууцаар авч, Хаан банкны картнаас нь 5,000,000 төгрөгийг хууль бусаар авч, бусдад нийт 5,087,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Мын “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед ажлаасаа тараад, хоёр хүүхдээ аваад Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд суугаад Яармагийн 60 дугаар сургуулийн орчим явж байхад, гар утсанд миний данснаас 5,000,000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад түрийвчээ цүнхнээсээ хайгаад олоогүй, миний карт түрийвчинд байсан юм. Түрийвчинд иргэний үнэмлэх, банкны картууд байсан...” /хх-ийн 14-16/, шүүгдэгч А.Шгийн “...2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 18-19 цагийн үед Үйлдвэр комбинат орохоор автобусанд суугаад явж байхад урд нэг эмэгтэйн цүнх онгойчихсон, хэтэвч нь харагдаад байхаар нь цүнхийг нь онгойлгож байгаад дотроос нь шаргал өнгийн хэтэвчийг нь хулгайлж аваад буцаад урд талын хаалгаар дараагийн автобусны буудал дээр буусан. ...Тэгээд Алтай хотхонд байдаг АТМ руу яваад картыг нь АТМ-д хийгээд нууц дугаар дээр нь иргэний үнэмлэхэн дээрх төрсөн он сар өдрийг нь хийж үзэхэд код нь таарч байсан, картанд 5,000,000 орчим төгрөг байсан. Тэгээд нүдний шилтэй, эмэгтэй тааралдахаар нь тэр эмэгтэйг дуудаад “энэ картнаас мөнгө аваад өгөөч, ах нь  хөдөөний хүн мэдэхгүй байна” гэж хэлээд картанд байсан 5,000,000 төгрөгийг уншуулж авсан...” /хх-ийн 75-77/ гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43, 82-83/, М.Мын банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Шгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Мын эд хөрөнгөд 5,087,300 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 17-19, 81/ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 88/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Шг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810005280573 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  А.Ш бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Шд оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ш нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1810005280573 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 1810005280573 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.М гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Шгийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР