Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00318

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00920 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1017 дугаар магадлалтай,

Б.Дын нэхэмжлэлтэй

Г.Ст холбогдох

4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.Соос 11-66 УБС улсын дугаартай Тоёота харьер маркийн машин худалдаж авсан. Авах үед 1 дэх өдөр байгаад би унаж үзээгүй, зөвхөн асааж үзсэн. Шууд машиныг нь үзчихээд нотариат орж мөнгөө өгөөд ажил руу нь хүргэж өгөх хугацаанд юм дуугараад байхаар нь асуутал хүйтэн дээрээ тэгж байгаа юм. Халахаараа зүгээр болчихно гэсэн. Тэр өдөр би цасны баярт өөр машинаар яваад маргааш нь ирээд нөгөө машинаа үзтэл дулаан гараашид хоносон хэрнээ дуу нь багасаагүй байсан. Тэр машинаа унаж яваад Г.С дээр очиж буцаая, болохгүй юм байна гэж хэлтэл Шарга гэх авто засварын газар зааж өгсөн. Тэр засварын газар яваад оч. Би чамд засварын үнийг шилжүүлээд өгье гээд надад 500 000 төгрөг шилжүүлсэн. Тэр засварын газар нь очиход наадах чинь агаарын дуу байна. Манайх одоо завгүй байна. 10 хоногийн дараа хүрээд ир гэсэн. Тэгээд өөр 2-3 засварын газар орсон. Гэтэл тэр засварын газрынхан ингээд яваад л байгаа машин шүү дээ, одоо болтол засаагүй юм уу гэсэн. 13-ны өдөр Дарь-Эхэд байрлах нэг засварын газар очсон. 2 хоногийн дотор задлана. Задлаад засвар авахаар бол засна гэсэн. Тэгээд намайг дуудаад засвар авах боломжгүй байна, хамаг юм нь урд нь цохиод янзалсан, болохгүй болчихсон байна. Шинэ мотор л авч тавь гэсэн. Г.Стой яриад хэн хэнийх нь барцад юм байгаа биз чи 2 сая төгрөг би 2 сая төгрөг гаргаад засуулчихъя гэхэд би хуулийн мэдлэгтэй хүн, одоо шүүх цагдаагаараа яв гэсэн. Тэгээд мотор 3 500 000 төгрөгөөр аваад, ажлын хөлс 500 000 төгрөг өгөөд 7 хоносон. Гэрээнд 3 хоногийн дотор буцаах боломжтой байсан. Наймаагаа буцаах гэхэд Г.С нь компанийн машин, мөнгө нь компанийн дансанд орсон гээд буцаагаагүй, худлаа ярьсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр н.Энхбаяр гэх хүнээс энэ машиныг 19 500 000 төгрөгөөр анх худалдаж авсан. 10 хоногийн дараа Өмнөговийн тендерт орох болоод Б.Дтай холбогдож 18 600 000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж худалдсан. Машин авахдаа ямар ч хүн унаж үзнэ. Мөн явах эд анги бусад эд ангийг шалгаж авдаг. Үзэж, мөн гэрээ байгуулсны дараагаар зүгээр байсан. Явдаггүй машин өгсөн гэж яриад байна. 10 гаруй хоног өөрөө унаж яваад яаж эвдсэнийг мэдэхгүй. Эвдээгүй ч байж болно. Урд нь дуугараад байна, засъя гэж ярьсан байсан. Ямар нэг юм дуугараад байгааг мэдэж байсан. Хүйтэн дээрээ ремень дуугарч байгааг хэн хэн нь мэдэж байсан. Үүнийг засуулахаар 500 000 төгрөг өгсөн. 10 хоногийн дараа мотор солино гэж ярьсан байдаг. Тухайн машины моторыг сольсон эсэхэд эргэлзэж байна. Шүүхэд л мотор сольсон гээд 4 000 000 төгрөг нэхээд байгаа. Г.Сын хувьд доголдолтой автомашин нуун дарагдуулж өгсөн зүйл байхгүй. Гэрээний 6-д тохиолдлоор устаж гэмтсэн хэсгийг Б.Д өөрөө хүлээхээр заасан байсан. Г.С, н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний ард 2018 онд улсын үзлэгт хамрагдсан баримт байгаа. Үүгээр машин хэвийн ажиллагаатай гэж дүгнэгдсэн байна. Монгол Улсын шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн дугаар олгох, бүртгэл хөтлөх журамд ...авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэ машин, өмчлөгчийг бүртгэх, техникийн өөрчлөлт, нөхөн олголт, бүртгэлээс хасах, түр дугаар олгох талаар зохицуулсан байна. Техникийн өөрчлөлтийг журмын 6 дугаар хэсэгт заасан байдаг. 6.1-д машины өнгө, хөдөлгүүр, бүхээгний өөрчлөлт хамаарна. Эдгээр өөрчлөлт орсон бол авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэхээр заасан байна. Тухайн мотор солигдсон эсэхэд хавтаст хэрэгт нотлох баримт төдийлөн харагдахгүй байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Моторыг нь сольсны дараа журамд заасны дагуу техникийн үзлэгт ороогүй, бүртгүүлээгүй байна. Энэ хоёр зүйлээр нотлогдоно. Энэ моторыг Дарь-Эхэд байгаа засварын газраар хийлгэсэн гэж байна. 10 хоног явсан бол засварын газрын нэр, инженерийн нэрийг мэдэх ёстой. Аль алийг нь мэдэхгүй байна. Бичиж өгсөн тодорхойлолт нь инженер хүн бичсэн гээд байгаа. Ямар мэдлэгтэй хүн бичсэн, зассан уу, засаагүй юм уу бүү мэд, гарын үсгийн баталгаа байхгүй. Зүгээр л 500 000 төгрөгийн ажил хийсэн гэсэн л нэг юм биччихсэн. Хэн бичсэн нь ойлгомжгүй. Авто плазагийн зарлагын баримт хавсаргасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар заавал НӨАТ-ын баримт хавсаргасан байх ёстой. Гар баримтыг Сангийн яам, татварт ч авахаа больсон. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3mz мотор авсан гэж байгаа ч энэ мотор нь Сиана машины мотор байна. Гар утсанд хийсэн үзлэг, зургуудийг харахад хаана ч зураг авсан гэхийг үгүйсгэхгүй. Тэр машины сольсон мотор мөн үү, өөр мотор уу гэдгийг мэдэхгүй. Г.Соос авсан машины хөдөлгүүрийг сольсон гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00920 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Соос 3 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1017 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн доорх гомдлыг гаргаж байна. Нотлох баримтын тухайд Тодруулбал: 1. Зарлагын баримт: Стандарт ХХК-аас тус мотор /хөдөлгүүр/-ыг худалдан авч, түүний төлбөрт төлсөн гэх төлбөрийн баримт буюу зарлагын баримтад тухайн компанийн тамга эсхүл санхүүгийн тамга зэрэг дарагдсан зүйл огт төдийгүй Аюур Даваасүрэн гэх иргэний хувийн тэмдэг дарагдсан байдаг. Өөрөөр хэлбэл моторыг аж ахуйн нэгж, иргэн алинаас нь авсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн ‘‘4.1.14. "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;” гэж заасан шаардлагыг огт хангаагүй хууль бус баримтыг нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн. Мөн хөдөлгүүрийн үнэд 3 500 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хэзээ хэрхэн шилжүүлсэн талаар баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. 2. Тодорхойлолт: автомашины моторын эд ангийн гэмтэлтэй хөдөлгүүрийн их бие цохисон, доголтой тос хаясан зэрэг мотор огт ажиллах боломжгүй гэх мэтээр тодорхойлжээ. энэхүү тодорхойлолт автомашины гэмтэл тодорхойлох эрх бүхий мэргэжлийн байгууллага эсхүл хүн эсэх нь мэдэгдэхгүй гараар бичсэн байх бөгөөд түүний ар хэсэгт толгойг буруу харуулсан байдалтайгаар “S Motor Service Mongolia” Ж.Цэндсүрэн гэж гараар бичиж Жамъяаншаравын Цэндсүрэн гэх дардас дарж хэн гэдэг ямар шинжээч үзэж оношилсон нь тодорхойгүй байдаг. 3. Утсан дээрх зураг: нэхэмжлэгч Б.Д нь өөрийн утсан дээр үзлэг хийлгэж хэдэн моторын зураг үзүүлэн хавстаст хэрэгт хавсаргасан ч уг мотор нь 11- 66 УБС автомашинд сольж тавьсан гэх мотор/хөдөлгүүр/-ных нь зураг гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй Хэзээ, Хаана, ямар машины мотор/хөдөлгүүр/-ын зургийг дарсан нь ойлгомжгүй зургууд байдаг. Хэрэв хөдөлгүүр нь гэмтэж, шинээр худалдан авсан юм бол хэзээ хаана, ямар засварын газар солиулсан нь мөн ойлгомжгүй байдаг. 4. Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ийн /1.1.Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино./ гэж заасны дагуу Монгол Улсад автомашин өмчлөж, ашиглаж байгаа бүх хүн энэхүү журмыг мөрдөх үүрэгтэй болно. Энэхүү журмын Зургадугаар бүлэгт техникийн өөрчлөлт бүртгэх талаар заасан болно. Тус журмын 6.1-д/Техникийн өөрчлөлтөд автотээврийн хэрэгслийн зориулалт, өнгө, хөдөлгүүр, арал, бүхээгийн өөрчлөлтүүд хамаарна./ гэсэн бөгөөд хэрэв тухайн 11-66 УБС дугаартай автомашины хөдөлгүүрийг бүхэлд нь сольсон бол журмын 6,3-т заасны дагуу Автотээврийн үндэсний төвд бүртгүүлэх үүрэгтэй төдийгүй 6.3.2./техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;/ хяналтын үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулах үүрэгтэй. Гэтэл дээр дурдсан журмын дагуу хөдөлгүүрийг стандртын шаардлага хангасан эсэх талаар техникийн хяналт хийлгээгүй, Автотээврийн үндэсний төвд хөдөлгүүр сольсон талаар огт бүртгүүлээгүй зэрэг нь автомашины хөдөлгүүрийг нь солиогүй гэж нотлогдож байна. Иймд дээрх нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь бодитоор үнэлж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2019/00920 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.Ст холбогдуулан гэрээний дагуу худалдаж авсан автомашины доголдлыг засварлахад гарсан зардалд 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс хариуцагчийн төлсөн 500 000 төгрөгийг хасч, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч Г.Соос гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу Г.С нь өөрийн өмчлөлийн 1-66 УБС улсын дугаартай, Тоёота Харьер маркийн,  2005 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, Б.Д нь машины үнэ 18 600 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэжээ.

Тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа, автомашинд биет байдлын доголдол илэрсэн, хариуцагч 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл доголдолтой болохыг нотолсон бол доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд машиныг хүлээн авах үед машины мотор доголдолтой байсан, нэхэмжлэгч нь 3 500 000 төгрөгөөр шинэ мотор худалдан авч, 500 000 төгрөгийн хөлс төлж солиулсан нь Стандарт ХХК-ийн зарлагын баримт, Ж.Цэндсүрэнгийн тодорхойлолт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон, шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй, шүүх зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан ба тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг болно. Хариуцагч Г.С доголдлыг арилгах зардал 500 000 төгрөгт багтана гэдгээ нотлоогүйгээс гадна машины мотор солигдсон талаарх өөрчлөлтийг Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлээгүй нь нэхэмжлэлийг үгүйсгээгүй, машины моторыг бодитойгоор сольсон нь хэргийн баримтаар нотлогдсон байна.

Иймд хариуцагчийн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00920 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1017 дугаар магадлалыг  тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА