| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 154/2018/00056/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 02
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 25-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Батням нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Хөх булаг” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч ******* овогт *******гийн Батнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолын 7-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналага, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байх ба уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байхгүй болох нь тогтоогдсон. Мөн *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжид нөхөн төлөх хохирол байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн зардал гаргаагүй байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэжээ. Шүүгдэгч *******ын буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учраагүй, хэрэг шалган шийдвэрлэхэд зардал гараагүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийг гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мэдүүлэгүүд, хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Хөх булаг “ гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын “ . . . Шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ 5000000 / таван сая / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна . . .” гэж давж заалдах гомдол гаргасаны дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл: *******ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мэдүүлгүүд, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого “ гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1-д зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуулчилсан.
Хэрэв дээрх тээврийн хэрэгсэл, хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч *******аас тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ болох 5000000 төгрөгийг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА