Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2014/0312

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 31 өдөр                    Дугаар 312                           Улаанбаатар хот

 

П.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч П.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Г-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"... Сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ны Б/01 тоот захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан үзэлгүй төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин, зэрэг дэв 25 хувь, төрийн алба хаасны нэмэгдэл 25 хувь, 3 сарын 01-ээс төрийн албан хаагчийн 8 хувийн нэмэгдлийн зөрүү, нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж, нууцын 5 хувь зэргийг олгуулж Засаг даргын Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:"... Сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамж гаргаж П.Г-г өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон шалтгаан нь ажлын цагаар удаа дараа архидан согтуурч сахилгын шийтгэл ногдуулан цалингийн 20 хувиар 2 сар шийтгүүлсэн. Гэтэл уг алдаагаа засахгүй ажлын цагаар архидан согтуурч ажил хийдэгдүүлж байсан. ... Мөн өөрөө удаа дараа амлалт өгч хамт олны шуурхай дээр уучлалт гуйж байсан учраас ажлаас халах шийдвэрээ өөрчилж 2 удаа тохиролцсоны эцэст П.Г-г төрийн албанаас чөлөөлөлгүй өөр ажилд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. ” гэжээ.

0:\2014\Магадлал-2014\2014.07.31 №312 П.Ганболд.Оосх

 

Гуравдагч этгээд Х.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар П.Г-г өөр ажилд шилжүүлж, намайг ЗДТГ-ын даргаар шилжүүлэн ажиллуулсан. Засаг дарга Б.Н нь надад ойлгуулахдаа П.Г нь удаа дараа зөрчил гаргаж, ажлаа хийж чадаагүй учраас албан тушаал бууруулж байгаа гэсэн.

... Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь намайг нөөцөд байхгүй гэж тодорхойлолт өгдөг. Би Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан үндэслэлийн нөөцөд /удирдах ажилтны/ байгаа гэж өөрийгөө ойлгодог. Урьд нь дотоод ажилтан, байгаль хамгаалагч, хурлын нарийн бичгийн дарга гэх алба хашиж байсан. Мөн 2012 онд дахин төрийн албаны шалгалтад орж тэнцсэн болно. Иймд би тухайн албан тушаалд томилогдохдоо хуулийн дагуу явагдаж байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж ойлгож байгаа.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг дарга Б.Н нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай" Б/01 тоот захирамжийг хүчингүй болгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “... 1. 17 тоот шийдвэрийг 2014.06.26-ны өдөр шүүхээс надад гардуулж өгсөн бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад засаг дарга Б.У гэж өөр хүний асуудлын шийдвэрлэсэн мэт бичсэн байна. Мөн 2014.07.01-ны өдөр 17 тоот шийдвэрийг дахин гаргаж хүлээлгэж өгсөн ба шийдвэрт засвар орж, нэг дугаартай шийдвэр өөр өөр гарсан байгаа нь илт хууль бус байна.

  1. Нэхэмжлэгч П.Г нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ажлын цагаар архи ууж согтууран ажлаа тасалж, мөн үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажил үүргээ зохих журмаар гүйцэтгэж чаддаггүй, ажлын өрөөндөө их хэмжээгээр ууж, тасарч унасан байдаг, хувьдаа зоогийн газар ажиллуулж, үндсэн ажилдаа анхаардаггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/63 тоот тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Үүнээс хойш П.Г нь энэ зөрчлөө удаа дараа давтан гаргаж, хариуцсан ажлаа гүйцэтгэхгүй байсан тул ажлаас халах тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн ба мэдэгдэл өгсний дараа Г нь " ажил үүргээ сайн гүйцэтгэнэ, архи дарс хэрэглэхгүй" гэж удаа дараа амлалт өгч гуйж, хамт олны шуурхай хурал дээр хамт олноосоо уучлалт гуйж зөрчил гаргахгүй гэсэн тул ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр болсон.

П.Г нь ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэхгүй, зөрчлөө дахин гаргаж байсан тул ажил үүргээс нь халахаар болсон боловч түүнтэй харилцан тохирч өөр ажилд шилжүүлсэн. Гэтэл П.Г нь амаар харилцан тохирсон мөртөө олгосон ажлыг хийж гүйцэтгэлгүй 33 өдрийн ажил тасалсан тул түүнийг Тамгын даргын 2014 оны 03 дугаар 25-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Тамгын дарга П.Г-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг, эсвэл мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөх ёстой боловч түүний хүсэлтийг хүлээн авч өөр ажилд шилжүүлсэн юм.

П.Г нь ажлаас халагдмагц ажилгүйдлийн тэтгэмжийг авсан байгаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч би шүүх хуралдаан дээр хууль буруу хэрэглэж түүнийг ажлаас халсан болохоо хүлээн зөвшөөрсөн болохоос биш түүнийг ажилд нь буцаан тогтооно гэж эвлэрээгүй байхад эвлэрсэн мэт дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын ноцтой зөрчил гаргаж удаа дараа ажлын байран дээр архи уудаг хүнийг ажилд нь буцаан ажиллуулах боломжгүй юм.

П.Г нь архи ууж ажлаа таслан ажлаас халагдсан мөртөө нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байхад түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн Г-г өөр ажилд шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн ажлыг хийлгүй ажил таслан явсан байхад ажил тасалсан хугацааны цалинг гаргахаар шийдвэрлэж байгаа нь буруу байна. Г нь цагаа бүртгүүлээд шүүхээр нэхэмжлэлээ гаргаж явсан бол цалин олгоход татгалзах зүйлгүй юм.

Иймд Захиргааны хэргийн 18 дугаар шүүхийн 2014 оны 17 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.4, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Г нь “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд авч байсан хугацааны цалин, зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ажилгүйдлийн тэтгэмж зэргийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг дарга Б.Н анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр “П.Г-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгон ажлаас халах байтал 22 дугаар зүйлийг удирдлага болгож өөр албан тушаалд шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авхуулсан хэрнэ мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй, харин ч нэхэмжлэгчийн байдлыг улам дордуулж “халах байсан” гэх тайлбараас тушаалаа хүчингүй болгож, П.Г-г урьд эрхэлж байсан албан тушаалд томилж зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх нь эргэлзээтэй байхад энэ талаар тодруулалгүй хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй байхад зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн ... 42, 43 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчжээ.

Мөн дээрх хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан “42 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах эрхгүй” болдог талаарх үр дагаврыг хариуцагчид тайлбарлан өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан "... ажлын цагаар архи ууж согтууран ажил тасалдаг, үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг ... нэхэмжлэгчийг харж үзээд өөр ажилд шилжүүлэх талаар өөртэй нь тохирсон ...” гэх зэрэг тайлбар, холбогдох нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийн, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хариуцагчийн гомдлыг хангаж анхан

 

 

 

 

 

шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ

Б.МӨНХТУЯА

 

           
       
     
 
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ