Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Нацагдорж, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                                Д.Нямдэлэг                                     

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                              М.Гансүх

      Иргэдийн төлөөлөгч                               Н.Цэндсүрэн

      Нарийн бичгийн дарга                           Б.Урангоо нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдингийн Баярмагнайд холбогдох 201618000191 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг 08 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Дамдингийн Баярмагнай, /РД:МЮ-88040916/,

 

        Шүүгдэгч Д.Баярмагнай нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 38 тоот хашааны гадна иргэн Б.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар эрх чөлөөнд нь халдан биеэр нь хашаа мөргүүлэх, өшиглөх зэргээр зодож Б.Цэвэлмаад гэмтлийн гаралтай жирэмслэлт таслагдалт буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Баярмагнайгийн 2016 оны 07-р сарын 07-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад байшингийн модон торх байдаг юм. “Би байшингийнхаа торхийг зарчих юмсан” гэж өөрийн ах Түмэнбаярт хэлж ярьж байсан юм. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын сүүлээр над руу Түмэнбаяр ах залгаад “ахын дүү торхоо зарах хэвээрээ байгаа юу? Цоомоогийн эхнэр Цэвэлмаа танай байшингийн торхийг сонирхоод байна, машин тэргээр солих юм болов уу гэж асуугаад байна” гэж хэлэхээр нь би “торхоо гайгүй машинаар бол солино, та над руу ярь гээд миний дугаарыг өгчихгүй юу” гэж хэлсэн. Ингээд Цэвэлмаа гэх эмэгтэй надтай утсаар холбогдоод манай торхийг “Приус 20” машинаар сольж авахаар тохирсон юм. Ингэж ярилцсанаас нилээн хэд хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр надтай Цэвэлмаа эгч утсаар яриад “нөгөө машиныг чинь гаалиар оруулж ирэх гэсэн чинь гаалийн татварын 500,000 төгрөг дутаад байна, чи мөнгө олоод өгөөч өнөөдөр маш яаралтай хийх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би өөрийн гэрт байсан зурагтаа ломбарданд 330,000 төгрөгөнд тавиад хүнээс 170,000 төгрөг зээлж аваад нийт 500,000 төгрөг болгоод Цэвэлмаа эгчид өгсөн юм. Ингэж мөнгө өгөөд “машин маань ирж байна уу” гэж асуухад “удахгүй ирнэ, тэгээд чи аваарай” гэж хэлсэн. Энэ байдлаар 1 сар гаран болоод би сүүлдээ уурлаж “надаас худлаа ярьж мөнгө авсан юм уу? Би машинаа авмаар байна, машин байхгүй бол би өгсөн 500,000 төгрөгөө авъя” гэж хэлэхэд “эгч нь удахгүй машиныг чинь авчирж өгнө” гэж хэлээд мөн таг алга болсон. Ингээд би дахин дахин очиж уулзаад байхад “машин бүтэхгүй болсон, мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлсэн. Үүнээс хойш мөнгийг маань өгөх гэж 50-100-гаар нь цувуулж өгсөөр байгаад өдийг хүрсэн мөнгө анх өгөхгүй байхад нь би Цоомоо ахтай уулзахад “чи надаас өрнийхөө оронд нэг шүдлэн үхэр ав” гэж хэлсэн ба би үхэр авахаар болчихоод байж байхад Цэвэлмаа эгч над руу яриад “манайхаас үхэр авахгүй шүү, би мөнгийг чинь удахгүй өгөөд дуусгана” гэж хэлсэн. Ингэж мөнгийг маань цувуулж өгсөөр байгаад одоогийн байдлаар 400,000 гаран мянган төгрөг болчихоод байгаа боловч хүнээс зээлж авсан 170,000 төгрөгийн хүү, ломбарданд тавьсан эд зүйлийн хүү гээд мөнгөний асуудал их үүсч байна. Энэ байдлыг хэлээд хүүний мөнгө авахаар болоход Цэвэлмаа эгч “би чамд мөнгийг чинь өгч дууусгасан дахин мөнгө өгөхгүй” гэж надтай маргах болсон ба утас руу нь залгахаар утсаа авахгүй надтай уулзахгүй, зугтаадаг болсон. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би хороолол руу өөрийн ээжийн рүү явж байхад замд Цэвэлмаа эгч хадмынхаа хашаанд байж харагдсан юм. Ингээд би хадмынх нь гэр лүү явж очоод  Цэвэлмаа эгчийг дуудаж хашааных нь гадна гаргаж ирээд уулзсан ба “үлдэгдэл мөнгөө авъя” гэж хэлэхэд “чамтай яриад байх зүйл байхгүй, би чамд өгөх юмаа өгсөн” гэж хэлэхээр нь “та намайг маш их хохироочоод юу яриад байгаа юм бэ? Би хүнээс 170,000 төгрөг зээлээд зээлсэн мөнгөө өөрийн гинж, бөгжөө ломбарданд тавьж байж өгсөн, одоо миний гинж, бөгж ломбарданд байна, хүүний мөнгийг нь төлөөд их хохирч байна, та ядаж нэгийг нь аваад өгчих” гэхэд “би чамд мөнгө өгөхгүй манайхаас зайл” гээд гэр лүүгээ орох гэхээр нь хашаа руу нь оруулахгүй гэж хаалгыг нь би дарж зогссон ба над руу Цэвэлмаа эгч дайраад бид 2 хэрэлдэж муудалцаад намайг Цэвэлмаа эгч гараараа цохих гээд байхаар нь гарнаас барьж авч болиулсан ба гарыг нь тавихад дахин над руу дайраад миний хоолойноос багалзуурдаж цээжнээс самардсан. Би гарыг нь барьж аваад болиулж байх үед хадмынх нь хашаанаас Сараа гэх эгч гараад ирсэн ба “Д.Баярмагнай эгчийн дүү боль” гээд Цэвэлмаа эгчийн гарнаас нь тавиулсан. Ингээд холдоод зогсож байхад Цэвэлмаа эгч дайрч хүрч ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа  цохиод авахаар нь би гарыг нь барьж аваад хашаа руу нэг удаа түлхсэн “та яагаад байгаа юм бэ” гэж уурлаж хэлээд түлхэж холдуулсан. Ингэж түлхэж холдуулах үед Сараа эгч дэргэд хараад зогсож байсан. Ингээд хэрэлдэж маргаж байхад над руу дайраад байхаар нь яваад өгсөн юм. Намайг явсан хойгуур цагдаад мэдэгдсэн байсан. Би цагдаа дээр дуудагдан ирээд болсон асуудлын талаар хэлж ярьсан. Миний хувьд Цэвэлмаа эгчийг цохиж зодсон зүйл огт байхгүй над руу дайраад байхаар нь би гарнаас нь барьж авсан юм. Сүүлд нь нэг удаа гарнаас нь барьж байгаад хашаа руу түлхэж өөрөөсөө холдуулсан. Би Цэвэлмаа эгчийг жирэмсэн гэдгийг огт мэдээгүй надад жирэмсэн гэдгээ ч хэлээгүй. Тухайн үед гарнаас нь барьж авахад “миний хугархай гарыг чи гэмтээчихлээ” гээд байсан над руу өөрөө учир зүггүй дайраад байхаар нь би гарнаас нь барьж авсан юм. Жирэмсэн гэдгийг нь мэдсэн бол би юу гэж гарнаас нь барьж авч хашаа руу түлхэх вэ дээ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-р ху/,

2.Шүүгдэгч Д.Баярмагнайгийн 2016 оны 07-р сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Цэвэлмаа эгч надад өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлээгүй, би хэрэв мэдсэн бол хашаанд биеэр нь савуулахгүй байх байсан. Би санаатайгаар хүүхдийг нь зулбуулъя гэж хашаанд савуулсан зүйл огт байхгүй хоорондох хувийн маргаанаас болоод ийм асуудалд хүрчихлээ. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр би хороололд ээжийнхээ гэрт очоод соёолсон ургах чадваргүй болсон муудсан төмс ногооны хогийг шуудайнд хийж аваад машиндаа ачаад хаяхаар явсан юм. Мал идэж магадгүй гэж бодоод Б.Цэвэлмаа эгчийн хашааны урагшаа байх малын бууцан дээр ногоог асгаж хаяхад Б.Цэвэлмаа эгч гэрээсээ гарч ирээд намайг “хог хаялаа” гэж уурласан. Тухайн үед “хог бишээ ногооны хальс юм, үхэр мал идчих байхаа” гэж хэлээд машинаа асаагаад ээжийнх рүү явсан ба машинаа тавьчихаад Б.Цэвэлмаа эгчтэй эргэж уулзахаар хашааных нь гадна очиж дуудаж гаргаж ирээд уулзсан ба “та утсаа авахгүй зугтаад байх юм, мөнгөнийхөө үлдэгдэл мөнгөө авъя” гэж хэлэхэд “чамтай яриад байх зүйл байхгүй би чамд өгөх юм аа өгсөн” гэж хэлэхээр нь “ та намайг маш их хохироочихоод юу яриад байгаа юм бэ? Би хүнээс 170,000 төгрөг зээлээд зээлсэн мөнгөө өөрийн гинж, бөгжөө ломбарданд тавьж байж өгсөн, одоо миний гинж, бөгж ломбарданд байна, хүүний мөнгийг нь төлөөд их хохирч байна, та ядаж нэгийг нь аваад өгчих” гэхэд “би чамд мөнгө өгөхгүй манайхаас зайл” гээд гэр лүүгээ орох гэхээр нь хашаа руу нь оруулахгүй гэж хаалгыг нь би дарж зогссон ба над руу Цэвэлмаа эгч дайраад бид 2 хэрэлдэж муудалцаад намайг Цэвэлмаа эгч гараараа цохих гээд байхаар нь гарнаас барьж авч болиулсан. Гарыг нь тавихад дахин над руу дайраад миний хоолойноос багалзуурдаж цээжнээс самардсан би гарыг нь барьж аваад болиулж байх үед хадмынх нь хашаанаас Сараа гэх эгч гараад ирсэн ба “Д.Баярмагнай эгчийн дүү боль” гээд Цэвэлмаа эгчийн гарнаас нь тавиулсан. Ингээд холдоод зогсож байхад Цэвэлмаа эгч дайрч хүрч ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа  цохиод авахаар нь би гарыг нь барьж аваад хашаа руу нэг удаа түлхсэн “та яагаад байгаа юм бэ” гэж уурлаж хэлээд түлхэж холдуулсан. Ингэж түлхэж холдуулах үед Сараа эгч дэргэд хараад зогсож байсан. Ингээд хэрэлдэж маргаж байхад над руу дайраад байхаар нь яваад өгсөн юм. Намайг явсан хойгуур цагдаад мэдэгдсэн байсан. Би цагдаа дээр дуудагдан ирээд болсон асуудлын талаар хэлж ярьсан. Миний хувьд Цэвэлмаа эгчийг цохиж зодсон зүйл огт байхгүй над руу дайраад байхаар нь би гарнаас нь барьж авсан юм. Сүүлд нь нэг удаа гарнаас нь барьж байгаад хашаа руу түлхэж өөрөөсөө холдуулсан. Ийм л зүйл болсон ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-р ху/,

3.Шүүгдэгч Д.Баярмагнайгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. Би Цэвэлмаагаас авлагатай байсан. 2016 оны 07 дугаар сарын 02-нд авлагаа нэхээд очсон чинь хадам ээжийнхээ хажууд “би чамтай тооцоо байхгүй, цаашаа зайл гуйлгачин минь” гэхээр нь би “тэгвэл надад өгсөн мөнгөнийхөө баримтыг гаргаад ир” гэсэн чинь  гэр лүүгээ орох гэхээр нь хашаа руу нь оруулахгүй гэж хаалгыг нь би дарж зогссон. Тэгсэн над руу Цэвэлмаа дайраад бид 2 муудалцаад намайг Цэвэлмаа  гараараа цохих гээд байхаар нь гарнаас нь барьж авч болиулсан.  Гарыг нь тавихад дахин над руу дайраад миний хоолойноос багалзуурдаж цээжнээс самардсан би гарыг нь барьж аваад болиулж байх үед хадмынх нь хашаанаас гэрч гээд байгаа Сараа гэдэг хүн гарч ирж салгасан. Би гарнаас нь барьж болиулснаас өөр хийсэн үйлдэлгүй. Тухайн үед архи уугаагүй, би эрүүл байсан. Намайг архи уусан байсан гээд цагдаа дээр шалгуулсан. Миний буруутай үйлдлээс болж хүнийг уурлаж уцаарлуулж, цочролд оруулснаас болоод ураг тасалдсан юм болов уу л гэж бодож байна. Хохиролд 1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Б.Цэвэлмаагийн 2016 оны 07-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баярмагнай гэх залуугаас байшингийнх нь торхийг “Приус 20” машинаар сольж авахаар 2015 оны 10 дугаар сарын сүүлээр ярьж тохирсон юм. Тухайн үед байшингийнх нь торхийг үзэхэд шалны банзтай А нурууг нь босгосон бэлэн болсон байшингийн торх байсан юм. Байшингийн торхийг орж ирсэн “Приус 20” машинаар сольж авахаар болоод би Японоос шинэ машин захьсан юм. Гаалийн татварт 500,000 төгрөг хэрэг болоод Баярмагнайд хэлж мөнгө авсан. Машин оруулж ирэх болоод байшингийн торхийг нь дахин очиж үзэхэд дан торх үлдээсэн шалны банз, дээврийн банз, А нуруу зэргийг авчихсан байхаар нь “би ийм дан торх машинаар сольж авахгүй чи өмнө нь байснаар нь өгнө гээ биз дээ, банзнууд нь хаана байгаа юм” гэж асуухад “зарчихсан байхгүй” гэж хэлэхээр нь торхыг нь “авахгүй” гэж хэлэхэд надаас авсан “500,000 төгрөгөө өг” гэж хэлсэн. Тухайн үед нь бэлэн мөнгөгүй байсан учир мөнгийг нь өгч чадаагүй ба 500,000 төгрөгийг нь бага багаар нь цувуулж өгсөөр байгаад 760,000 төгрөг өгсөн учир нь мөнгөний хүү гэж надаас нэхэхээр нь 260,000 төгрөг хүүнд өгсөн юм. Би 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 50, 100 мянгаар цувуулж өгсөн. Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын дундуур 150,000 төгрөг өгөөд мөнгөний асуудал дууссан. Гэтэл дахин “мөнгө авна” гэж надаас Баярмагнай нэхээд гэрт ирж хэрүүл хийх болсон “би дахин мөнгө өгөхгүй бид 2-н хоорондох тооцоо бүрэн дууссан” талаар хэлэхэд дахин дахин ирээд над руу залгаад салахгүй байсан. Надаас ямар учиртай үндэслэлээр мөнгө нэхээд байгааг нь би ойлгоогүй учир зүггүй л мөнгө нэхээд байсан. Би өөрт нь “чамд нийт 760,000 төгрөг өгсөн байна, хүүд нь 260,000 төгрөг өгсөн” гэж хэлэхэд учир зүггүй над руу дайраад намайг доромжилж байгаад явсан. Үүнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би хороололд хадмынхаа гэрт байж байхад оройны 20 цагийн үед Баярмагнай хадмын хашааны гадна ирээд урд хэсэгт нь зэрлэг ногоо асгахаар нь би хадмын хашаанаас гарч Баярмагнайд “чи яагаад ногооны хог асгаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гэж хэлээд хогоо асгаж дуусаад машинаа холдуулж орхиод хадмын хашааны гадна ирээд намайг дуудсан би хашаанаас гараад очиход учир зүггүй “мөнгөө өгөөч, тэнэг авгай минь” гээд доромжлохоор нь “эгч нь чамд өгөх мөнгийг чинь дуусгасан одоо надад чамд өгөх мөнгөний асуудал байхгүй” гэж хэлэхэд “чи баримтаа гаргаад ир, надад дахин мөнгө өгөх ёстой би ломбарданд гинжээ тавьсан байгаа авч өг” гэхээр нь “би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлээд гэр лүүгээ орох гэхэд хашааны хаалга дарчихаад оруулахгүй байсан ба над руу дайраад миний 2 гарнаас барьж авчихаад хашаа руу биеэр маань олон удаа савуулсан. Хэдэн удаа савуулсанг мэдэхгүй байна. Учир зүггүй над руу дайраад миний 2 гарнаас бариад хашаанд саваад байсан. Би өөдөөс нь эсэргүүцэж хоолойноос нь самардсан гэтэл “ямар овоо пизда” вэ гэж хэлээд миний гэдсэн хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би өшиглүүлээд Баярмагнайгийн цээжин хэсгээс самардсан би үнэндээ хүч хүрэхгүй юм байна лээ. Өөдөөс нь эсэргүүцэж цохих гэхээр гарнаас барьж аваад хашаанд савуулаад байсан. Над руу дайраад орилоод байсан. Намайг бариад тавихгүй байхад Сараа хадмын хашаанаас гарч ирээд Баярмагнайг надаас салгасан. Гэтэл дахин над руу дайрахаар нь би нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Гэтэл намайг дахин гарнаас барьж аваад хашаанд биеэр маань савуулсан. Сараа дундуур орж ирээд зууралдаад надаас Баярмагнайг холдуулаад цаашаа явуулсан ба би гэр лүү ороод байж байтал дотор муухай оргиод зүрх савлаад бие сонин байсан. Ингээд шууд болсон явдлын талаар цагдаад мэдэгдээд цагдаа руу ороод өргөдлөө бичиж өгөөд байж байхад доошоо нэг зүйл гараад байхаар нь цагдаагийн нойлд ороод үзэхэд цус гарч байсан. Ингээд би сандраад зулбаж байгаа юм биш биз дээ гэж бодоод эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмч Энхбаярт үзүүлэхэд эход хараад “зулбасан байна яаралтай цэвэрлэгээ хийхгүй бол дотор чинь үлдэнэ, биенд чинь муу” гэж хэлэхээр нь цэвэрлэгээ хийлгэсэн. Надад цэвэрлэгээ хийж өгөөд эмчийн бичиг хийж өгөөд явуулсан ба цагдаа дээр ирээд болсон асуудлын талаар байцаалт мэдүүлэг өгсөн. Хашаан дотор байсан манай нөхөр Цолмонбаатар, хадам ээж Лхамсүрэн найз Сараа, Сараагийн нөхөр Зоригоо нар харсан байж магадгүй. Тухайн үед 2-луу хашааны гадна байхад Баярмагнай намайг хашаанд савуулж гэдэс рүү өшиглөсөн би орилоход хашаанаас Сараа гараад ирсэн ба намайг дундуур орж салгахад дахин намайг барьж аваад хашаанд савуулсан. Хадам ээжийг хашаанаас гарч ирэх гэхэд хашааны үүд дарчихаад гаргахгүй байсан. Би нөхөртөө бол “битгий хашаанаасаа гараарай, би учир зүйгээ өөрөө олчихно” гэж хэлсэн учир нөхөр гарч ирээгүй. Сараа гарч ирээд салгаж Баярмагнайг явуулаагүй бол юу болох байсныг би мэдэхгүй байна. Үүнээс үүдэн одоо би хүүхэдгүй болчихоод байж байна, надад хүүхэд байхгүй миний анхны хүүхэд байсан юм. Хүүхдээ зулбуулснаас болоод нөхөртэйгээ таарамжгүй харьцаатай байгаа. Би 1 сар 18 хоногтой жирэмсэн байсан 2 сартайгаас эхлэн эмчийн хяналтанд ордог юм. Эмчид үзүүлж эход харуулж байсан баримт байгаа. Эмч Энхбаяр үзээд “1 сар гарантай зулбалт явагдсан байна” гэж хэлсэн. Миний толгой дүнгэнээд гарын сарвуунууд өвчтэй байна, хүчтэй савуулснаас болж хөхөрсөн өвчин орсон байна. Хүүхэд зулбаад цэвэрлэгээ хийлгэсэн одоо гайгүй байна. “Эмчилгээ хийлгэ” гэж эмч хэлсэн. Хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэхийг би хэлж мэдэхгүй байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

5.Хохирогч Б.Цэвэлмаагийн 2016 оны 07-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би жирэмсэн болсноо тестээр өөрөө мэдээд Улаанбаатар хотын үйлдвэрийн 19-н 31 дүгээр байрны 1 давхарт байрлах “Гоо марал” нэртэй хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ганцэцэгт биеэ үзүүлж эход харуулсан эмч үзээд “1 сар 18 хоногтой жирэмсэн байна ургын байрлал, хөгжил зөв явагдаж байна, хамаагүй хүнд юм өргөж болохгүй, гам сайн хийгээрэй” гэж хэлээд явуулсан. Тухайн үед миний биед үзлэг хийгээд ямар нэгэн бичиг баримт надад өгөөгүй харин өөрийн бүртгэлийн дэвтэр дээрээ миний овог нэрийг бичиж аваад байсан. Ганцэцэг эмч одоогоор Байгал далай руу амрахаар явсан. Ганцэцэг эмчтэй уулзахаар олон удаа эмнэлэг дээр нь очсон боловч эмнэлэг нь хаалттай байсан. Хүнээс асууж сураглаж байж Байгал далай явсныг нь мэдсэн. Холбоо барих утасны дугаарууд огт холбогдохгүй байгаа. Би одоогоос 14 жилийн өмнө хүнтэй үерхэж байгаад жирэмсэн болж 8 сартай жирэмсэн байхдаа хүүхдээ авахуулж байсан юм. Үүнээс болж дахин жирэмслээгүй өнөөдрийг хүртэл хүүхэд олохгүй байж байгаад эмчилгээ хувираа хийлгэж байж саяхан нэг юм жирэмсэн болсон юм. Хүүхдийн байрлал, бойжилт хэвийн байна гэж эмч хэлсэн. Өмнө зулбаж байсан удаа байхгүй, хүүхэд тээж төрүүлэх чадвар надад байгаа, одоо дахин хүүхэд олох эсэхээ мэдэхгүй байна. Надад Баярмагнайд холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Баярмагнай надтай уулзаж уучлалт гуйсан. Учир зүйгээ олцгоосон нэгэнт болоод өнгөрсөн хэрэгт одоо яах билээ дээ, залуу хүүхдийг шоронд оруулчихмааргүй байна. Хөнгөн шиг шийдүүлчихмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

5.Хохирогч Б.Цэвэлмаагийн 2016 оны 08-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би удаа дараа дуудуулан байж өнөөдөр өглөө хотоос машинаар гарч Сэлэнгэд орж ирлээ. Одоо дахин наашаа ирж чадахгүй гэдгээ хэлмээр байна. Би үнэн зөвийг хэлж ярья. Би үнэндээ “Гоо марал” нэртэй эмнэлэгт Ганцэцэг гэх эмчид жирэмсэн болоод үзүүлээгүй юм. Би өөрөө тест ашиглан үзэж өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Жирэмсэн болоод 1 сар гаран л болж байсан юм. Д.Баярмагнайд цохиулаад зулбаад эмнэлэг дээр очиж Энхбаяр гэх эмчид үзүүлэхэд “1 сар гарантай жирэмсэн байсан байна, зулбасан байна” гэж хэлсэн юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас “таны ураг хэвийн бойжиж байсныг хэн нотлох юм” гэж асуухаар нь Гоо марал гэж эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг гэж хүнээс би сонсож байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн эмч Ганцэцэг гэж хүнд урьд өмнө нь хувийн эмнэлэгт биеэ үзүүлж байсан юм. Үүнийг гэнэт санаад худлаа хэлчихсэн юм. Ганцэцэг гэдэг эмчийг байцаана гэж бодоогүй юм. Миний буруу гэдгийг мэдэж байна. Энэ талаар эртхэн хэлье гэж бодсон боловч худлаа ярьсан гээд асуудалд орох байх гэж бодоод хэлээгүй юм. Харин өнөөдөр үнэн зөвөө хэлж ярьж байна. Надад Баярмагнайд холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Мөн би шүүх хуралд суухгүй, дахин Сэлэнгэ аймагт ирмээргүй байна. Нөхөр Цолмонбаатартай маргаад 2 тийш болж байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 19-р ху/,

6.Гэрч Р.Сарантуяагийн 2016 оны 07-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би өөрийн нөхөр Батзоригийн хамтаар хороололд найз Цоомоогийн гэрт 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед явж очсон. Найзын гэрт нь очоод машиных нь бүрээсийг хийлцээд ойр зуурын юм яриад сууж байхад Цоомоогийн хашааны урдхан талд нэг машинтай хүн өвсний хог хаяахад нь Цэвэлмаа уурлаад гарч хэлж байсан. Ингээд байж байхад удалгүй миний зүс таних дүү Баярмагнай хашааны гадна ирсэн Цэвэлмааг дуудаж хашааны гадна уулзаад байсан би хашаан дотор сууж байсан. Удалгүй Цэвэлмаа орилоод хэрүүл маргаан хийгээд байсан. Баярмагнайтай л маргаад байх шиг байсан. Гэнэт Цэвэлмаа орилоод зодолдож байгаа юм шиг болохоор нь би хашаанаас гарч очиход Баярмагнай Цэвэлмаагийн 2 гарнаас барьсан ноцолдсон байдалтай зогсож байхаар нь би дундуур нь ороод “боль” гээд салгасан. Гэтэл Цэвэлмаа Баярмагнайгийн нүүр лүү гараараа цохиод авсан ба Баярмагнай Цэвэлмаа руу дахин дайраад 2 гарнаас нь барьж аваад хашаа руу түлхэж савсан. Би дахин дундуур нь ороод боль гээд арай гэж болиулж салгаад Баярмагнайг гэр лүү нь явуулсан. Мөн Цэвэлмаа гэр лүүгээ ороод “дотор муухай оргиод сонин болоод байна, цагдаад мэдэгдье” гээд цагдаад утасдаж хэлсэн. Цагдаа дээр бид 2 хүрч ирээд өргөдөл бичиж өгөөд Цэвэлмаа нойл ороод “би цус алдаад байна, эмнэлэг орье” гэж хэлээд эмнэлэг ороод эмэгтэйчүүдийн эмч Энхбаярт үзүүлээд “зулбасан байна гэсэн” гээд гарч ирсэн. Цэвэлмаагийн анхны хүүхэд байсан юм. 1 сар гарантай жирэмсэн байсан Баярмагнайд зодуулаад л бие нь муудаад зулбасан. Баярмагнайтай гарч маргахаас өмнө зүгээр байсан юм. Анхных нь хүүхэд гээд их гам барьж байсан. Олон жил хүүхэдгүй яваад сая нэг хүүхэд олсон юм. Цоомоо их л харамсаж байна лээ. Цоомоо “өөрсдөө учраа олно биз” гээд  гарахгүй байсан. Арай ч Цэвэлмааг зодно гэж бодоогүй юм. Найз маань анхныхаа хүүхдийг алдсанд сэтгэл ихэд эмзэглэж байна. Хүүхэд олсон гээд их баяртай байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

7.Гэрч Р.Батзориг 2016 оны 07-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найз Цоомоогийн гэрт эхнэр Сарантуяагийн хамт оройны 20 цагийн үед очсон юм. Найзын гэрт очоод машиных нь бүрээсийг хийсэн доогуурх яндангийн боолтыг тайлж янзалсан. Намайг машины доороос гараад ирэхэд “цагдаа орлоо” гээд Сарантуяа, Цэвэлмаа, Цоомоо 3 яваад өгсөн. Юм янзалж байх хойгуур л хэрүүл маргаан болоод дууссан. Юу болсон талаар асуухад Баярмагнай гэх залуугаас “Цэвэлмаа зодуулсан” гэж сонссон. Яг юу болсон талаар бол мэдэхгүй байна. Намайг машин доогуур юм янзалж байх хойгуур л бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Манай эхнэр гарч салгасан гэж байсан. Намайг дуусч байхад учир зүггүй цагдаа, эмнэлэг орно гээд машинаа унаад явцгаасан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 22-22-р ху/,

8.Гэрч Л.Цолмонбаатарын 2016 оны 07-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед би өөрийн найз Батзоригийн хамтаар машины суудлын бүрээс хийж байхад манай урагшаа машинтай хүн ногооны хог хаяад эхнэр Цэвэлмаа уурлаад гарч юм хэлж байсан. Манай гадаа хог хаяж байсан хүн Баярмагнай байсан юм байна лээ. Би сайн анзаарч хараагүй юм. Ингээд бүрээсээ хийх гээд ноцолдоод байж байхад эхнэр Баярмагнай гэх залуутай хашааны гадна хэрэлдээд байсан. Би “өөрсдөө учир зүйгээ олно биз” гэж бодоод тоолгүй орхисон юм. Өмнө энэ байдлаар маргаж муудалцах асуудал байсан учир тоолгүй орхисон юм.  Удалгүй эхнэр нилээн уурласан шинжтэй “цагдаа руу явья” гээд ороод ирсэн ба “дотор муухай оргиод байна” гэж байсан. Юу болсон талаар асуухад “Баярмагнайд зодуулсан” гэж надад хэлсэн. Би Баярмагнайг эхнэрийг маань зодсон гэж огт мэдээгүй. Хоорондоо хэрэлдээд л байх шиг байсан. Ингээд цагдаа ороод эхнэр өргөдөл бичиж өгөөд “доошоо юм гараад байна эмнэлэг орьё” гэж хэлсэн. Эмнэлэг ороод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд эмч надад “эхнэр чинь зулбасан байна, цэвэрлэгээ хийх шаардлагатай” гэж хэлээд өрөө рүүгээ авч ороод цэвэрлэгээ хийгээд гаргасан. Буцаж цагдаа дээр ирж байцаалт мэдүүлэг өгөөд харьцгаасан.  Манай эхнэр 1 сар 18 хоногтой жирэмсэн байсан. Бид 2-н анхны хүүхэд байсан. Амьдраад 2 жил болж байна. Өмнө нь үерхэж байгаад салаад буцаж нийлсэн юм. Би юу болсныг хараагүй учир мэдэхгүй байна. Эхнэр надад хэлэхдээ “Баярмагнай намайг зодсон” гэж байсан. 2 гарынх нь шуу хэсгээр хөхөрч хавдсан байсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р ху/,

9.Гэрч Б.Отгон-Оргилын 2016 оны 07-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Цэвэлмаа эгч манай байшингийн торхийг “Приус 20” машинаар сольж авахаар нөхөртэй ярьж тохирсон юм. Машин оруулж ирэхэд “гаалийн 500,000 төгрөг хэрэгтэй байна” гээд нөхрөөс мөнгө авсан. Ингээд машинаар байшингийн торх Цэвэлмаа эгч солихоо болиод 500,000 төгрөгөө буцааж авахаар болоод мөнгө байхгүй гээд цувуулж нөхөрт өгч байсан. Үүнээс болоод нөхөр мөнгөө нэхээд маргаж муудалцах болсон. Мөнгө өгөхдөө 50,100-р бага багаар тасалж өгдөг байсан. Үүнээс болоод Баярмагнай сая Цэвэлмаа эгчтэй маргаж муудалцаад ийм байдалд хүрчихээд байж байна. Одоо яг хэдэн төгрөгний өр авлагын асуудалтай байгааг нь мэдэхгүй. Нөхөр өөрөө сайн мэдэж байгаа байх. Баярмагнай 500,000 төгрөг олж өгөх гэж өөрийн гинж, бөгжөө ломбарданд тавьсан байгаа одоо хүртэл авч чадаагүй байгаа. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р ху/,

10.Гэрч П.Энхбаярын 2016 оны 07-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний бие жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройны 22 цаг 30 минутанд Б.Цэвэлмаа гэх эмэгтэй “доошоо цус алдаад байна” гээд /нөж гарсан/ хүлээн авах дээр ирсэн ба хүлээн авч Б.Цэвэлмаагийн биед үзлэг хийж эход харахад дутуу зулбасан байдалтай умайн хөндийд цус, нөж үлдсэн байсан. Үүнийг нь багажаар цэвэрлэж явуулсан. Тухайн үед багажаар цэвэрлэхэд умайн хөндийгөөс 80 мл орчим цусархаг ялгадас гарсан. Зулбалт явагдсаны дараа уух эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Б.Цэвэлмаа -хүнд зодуулсан- гэсэн ирсэн ба ураг нь зулбасан байсан. Хүнд зодуулсан учир зулбасан болов уу гэж бодож байна. Миний хувьд яг тийм зүйлээс болж зулбасан гэж хэлж мэдэхгүй байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р ху/,

11.Гэрч Т.Лхамсүрэнгийн 2016 оны 07-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байсан санагдаж байна. Оройны 20 цагийн үед байх би малын хашаандаа үхрээ саах гээд тугалаа бариад сууж байхад хашааны гадна буюу малын хашааны хаалганы гадна Баярмагнай ирээд ЦэваТ нь юу болов гээд малын хашааны хаалгаар гарах гэхэд өөдөөс хаалга хүчтэй савж хаагаад хаалга дараад намайг гаргаагүй. Хашааны дотроос харж байхад Баярмагнай их л уурласан. Цэвэлмааг барьж авсан биеэр нь хашаа савж мөргүүлээд байсан. Хоорондоо л дахиж зодолдоод байсан. Хэн нь хэнийгээ яаж цохиснийг мэдэхгүй чанга чанга дуугараад орилоод хашаанд л биеэр нь мөргүүлээд Цэвэлмаа “ээжээ” гээд орилоод байсан. Би хашаанаас гарч салгаж чадаагүй. Үйл явдал болж дуусахад Цэвэлмаа орж ирээд цагдаад мэдэгдсэн хашаан дотроос харахад хоорондоо их л аймаар маргаж байсан. Би ч айгаад ойртоогүй.  гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн  № 276 тоот актын дүгнэлт хэсэгт:

        1. Б.Цэвэлмаагийн биед гэмтлийн гаралтай жирэмслэлт таслагдалт, тархи дорилт, баруун бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 38-р ху/,

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн  № 277 тоот актын дүгнэлт хэсэгт:

        1. Д.Баярмагнайгийн биед баруун эгэм, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2.  Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 40-р ху/,

14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 19-ний өдрийн  № 312 тоот актын дүгнэлт хэсэгт:

           1. Б.Цэвэлмаа нь нэг сар гарантай жирэмсэн байсан байна. Эмнэлгийн бичиг баримт дутуу тул хугацааг нарийн тогтоох боломжгүй.

           2.  Ургын байрлал боожилт зөв явагдсан эсэхийг тогтоох боломжгүй.

           3. Ураг зулбасан шалтгаан нь цохилт доргилтоос үүссэн байх боломжтой байна.

          4. Урагт нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-р ху/,

15.Шинжээч Т.Насанжаргалыг 2016 оны 07-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Жирэмслэлт таслагдалт гэдэг нь энгийн яриагаар зулбалтыг хэлнэ эмнэлгийн хэллэгээр жирэмслэлт таслагдалт гэж нэрлэдэг юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар Жирэмслэлт таслагдах үүнд нь гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамаарна дутуу төрөх, ураг зулбах, ураг амьгүй болох тохиолдлууд хамаардаг. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг юм.

...Б.Цэвэлмаагийн биед учирсан бусад гэмтлүүдтэй жирэмслэлт таслагдалт нь шалтгаант холбоотой Б.Цэвэлмаа нь бусдад зодуулснаас болж жирэмслэлт таслагдалт үүссэн байх боломжтой.

.:.Хашаанд мөргүүлэх, гэдэс рүү нь өшиглөх гэх мэт үйлдлүүд нь тухайн хүний бие мах бодийн болон сэтгэл санаанд нь зочирол нөлөө үзүүлсэн байх боломжтой үүнээс үүдэн жирэмслэлт таслагдалт явагдсан байх боломжтой юм.

...Жирэмслэлт таслагдалтанд үндэслэн гэмтлийн хүнд зэрэг тогтоосон.  Б.Цэвэлмаагийн биед учирсан торхи доргилт, баруун бугалга шуу, баруун гуянд цус хуралт, баруун сарвуу зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р ху/,

 

           Шүүгдэгч Д.Баярмагнайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 60-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 53-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 54-55-р ху, яллагдагчаар татах тогтоол, /хх 56-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 57-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 4-р ху/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-р ху/, шүүгдэгчээс хохирол төлсөн баримт, /хх 11-р ху/, нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай баримт, /хх 37-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 42,47–р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 41,46–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 59-р ху/, зэрэг болно.

 

   Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баярмагнайг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 38 тоот хашааны гадна иргэн Б.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар эрх чөлөөнд нь халдан биеэр нь хашаа мөргүүлэх, өшиглөх зэргээр зодож Б.Цэвэлмаад гэмтлийн гаралтай жирэмслэлт таслагдалт буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

   Гэвч шүүгдэгч Д.Баярмагнайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Шүүгдэгч Д.Баярмагнай тухайн үед шууд санаатай, жирэмсний таслагдалт явуулахаар хандаж буй сэдэлт, санаа зорилго мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хохирогч Б.Цэвэлмаа нь 1 сар гарантай жирэмсэн байсан нь гадна талаасаа мэдэгдэх боломжгүй, энэ талаар  хохирогч өөрөө хэлж ойлгуулаагүй болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн хүнд хор уршиг болох жирэмсний таслагдалт буюу зулбалт явуулахаар шууд санаатай халдсан гэж үзэхэд учир дутагдалтай байх ба хохирогч шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцааны явцад хохирогч Б.Цэвэлмаагийн эрх чөлөөнд халдаж улмаар уг хор уршиг учирсан болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байна.

 Иймд шүүгдэгч Д.Баярмагнайг шууд санаатай хүнд гэмтэл учруулах субъектив санаа зорилготой байсан эсэх нь эргэлзээтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2-д заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    

     Иймд шүүгдэгч Д.Баярмагнайд Прокурорын газраас  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

      Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

     Шүүгдэгч Д.Баярмагнайд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна .

     Шүүгдэгч Д.Баярмагнай нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 246-р зүйлийн 246.2, 283, 284, 286, 290-р   зүйлийн  290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг   удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дамдингийн Баярмагнайд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 97-р зүйлийн 97.1 болгон зүйлчилсүгэй.           

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дамдингийн Баярмагнайг мөн хуулийн  тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайд 02 /хоёр/ жилийн хорих ял  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайд оногдуулсан  02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Баярмагнай нь цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Баярмагнай оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан  Д.Баярмагнайд сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Баярмагнайд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

9.Шүүгдэгч Д.Баярмагнайд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай_                               

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч  нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧИД                                 Б.НАЦАГДОРЖ  

 

                                                                                 С.НОЛХООСҮРЭН