| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2020/0981/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1041 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1041
2020 12 16 1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,
шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тад холбогдох эрүүгийн 2010001021492 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Салхит сервис ХХК-д инженер ажилтай, 1 600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 5-15 насны 3 хүүхдийн хамт х,
Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, н Т.
Шүүгдэгч Г.Т нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Волтам” ХХК-ийн борлуулагчаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа тус компаниас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тамхины үнэ болох 106 853 000 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Т мэдүүлэхдээ:
Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би байгууллагадаа анх орохдоо 20 сая төгрөгт дүйцэхүйц үл хөдлөх барьцаалж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон ба сарын 3 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. Гэхдээ байгууллагын зүгээс сарын төлөвлөгөөгөө биелүүлээгүй бол сарын цалинг олгодоггүй байсан. Тийм болохоор би сарын сүүлийн өдрүүдээр тухайн сарын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бараагаа харилцагч нарт зээлээр зарах эсхүл сар бүр бага багаар хүнээс бараа, мөнгө зээлж байсан тул хуримтлагдаад их хэмжээний хохирол учирсан байсан. Би сарын эцэс болох үед харилцагч нараас мөнгө зээлэх, эсхүл харилцагч нараас бараа түр авч тооллого хийлгүүлчхээд буцаагаад барааг нь өгөх зэргээр сар бүр барааны тооцоог төлбөр, тооцоо гарахгүй байхаар зохицуулдаг байсан. Би өөрийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах байр болон 1 га газрын эзэмших эрхийг хохирогч байгууллагын нэр дээр шилжүүлж, хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-С.О мэдүүлэхдээ:
Г.Т нь манай компанид 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр борлуулагчийн албан тушаалд томилогдсон. Тухайн цаг хугацаанаас хойш байгууллагад тогтвортой ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийн хугацаанд байгууллагад гэнэтийн тооллого болон харилцагчдын зээлийг шалгахад Г.Тын борлуулсан бараанаас 106 853 000 төгрөгийн дутагдал илэрсэн. Г.Т нь уг дутагдал болох 106 853 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг төлсөн. Дээрх дутагдал яг хэзээнээс эхэлж гарсан талаар мэдэхгүй байна. Тогтоох боломжгүй. Бид нарын таамаглаж байгаагаар 2019 оны 8 дугаар сараас дээрх дутагдал гарсан гэж үзэж байна. Сар бүрийн эхний ажлын өдөр борлуулагч нарын үйл ажиллагаа, санхүүгийн баримтад тооллого хийдэг. Г.Тад тооллого хийх үеэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуваарьт тооллогоор түүнд байх ёстой бараа материал нь тоо ёсоороо байсан. Г.Т нь 106 853 000 төгрөгт дүйцэхүйц бараа материал болон бараа материалын үнийн дүнг харилцагч нарын зээл, борлуулалт гэх нэрээр хуурамчаар санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлсэн байсан. Борлуулагч нарын ажлыг сар бүрээр нь дүгнэж гаргадаг гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад- гэрч Б.М мэдүүлэхдээ:
Манай компани 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн санхүүгийн тооллого, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн давтан тооллогоор тулган баталгаажуулалт хийхэд компанийн борлуулалтын орлого болох 102 583 000 төгрөгийг хувьдаа завшиж, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Мөн Г.Т нь бараа бүтээгдэхүүн сар болгон тоолуулах болгондоо өөр байгууллага, газраас бараа авчран тоолуулдаг байсан нь тогтоогдсон. Мөн компани аудиторын шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан ба Г.Т нь төлбөр барагдуулах гэрээ хийж өгсөн. Г.Т 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд 7 хоногийн 6 өдөр ажиллаж, 1 өдөр амардаг юм. Г.Т нь өдөрт ажилд гарах үедээ дунджаар 40 000 000-60 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч гардаг юм. Г.Т өөрийн борлуулах бараанаас 102 853 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан төлбөрөө өгөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн гэжээ. (хэргийн 47-48 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад-гэрч Э.Б мэдүүлэхдээ:
Би Г.Тыг хэзээнээс хойш байгууллагын бараа бүтээгдэхүүн завшиж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Г.Т 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэнэтийн шалгалтаар байгууллагын бараа бүтээгдэхүүн завшсан байсан талаар мэдсэн. Би тухайн үед Г.Таас яагаад баригдахгүй нуугаад яваад байсан талаар асуухад сар болгоны сүүлийн өдөр тооллого хийх үедээ захын хүнээс мөнгө юм уу, тамхи зээлээр авч тоолуулдаг байсан гэсэн бөгөөд бараагаа тоолуулаад дараагийн бараагаа аваад гардаг байсан. Т өөрөө 102 853 000 төгрөгийн бараа завшсан талаараа хүлээн зөвшөөрсөн гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад-гэрч М.Д мэдүүлэхдээ:
Г.Т нь манай компанийн борлуулагч бөгөөд борлуулах бараагаа дэлгүүр, худалдааны газарт зээлээр өгсөн гэж худал хэлж барааны борлуулалтын төлбөрийг байгууллагад тушаагаагүй байсан. Г.Тын тооцоог гаргах үед 102 853 000 төгрөгийн барааны төлбөр дутсан бөгөөд уг төлбөрийн талаар өөрөөс нь асуухад хувьдаа хэрэглэсэн талаараа хүлээн зөвшөөрч өөрийнхөө гаргасан өргөдлийн дагуу тооцоо нийлж өр барагдуулах гэрээ хийж төлбөрөө барагдуулах хугацаа өгсөн боловч төлбөрөө барагдуулаагүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар дүгнэлтэд:
1. “Волтам” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооллого, мөн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хяналтын тооллогыг нягтлан бодогч Т.Бадамханд тоолж, борлуулагч Г.Т тоолуулж, тооллогыг үнэн зөвөөр тоолуулсныг баталгаажуулж гарын үсэг зурсан байна. Г.Тын бараа материалын өдрийн тайлан, авлагын товчоо тайлан, бараан хүлээн авсан зарлагын баримт, борлуулагчийн харилцах дансанд тушаасан мөнгө, хүлээн авсан барааны орлого, борлуулалт, төлбөрийн барагдуулалт, үлдэгдэл тооцоонд тооллого хийж, тооцоог бодож, актаар баталгаажуулсан нь үндэслэлтэй байна.
2. “Волтам” ХХК-ийн борлуулагч Г.Тын 2019 оны 4 дүгээр улирлын борлуулалтын гүйлгээг санхүүгийн анхан шатны баримт болох бараа материалын өдрийн тайлан, авлагын товчоо тайлан, бараа хүлээн авсан зарлагын баримт, борлуулагчийн харилцах дансанд тушаасан мөнгө зэргийг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данс, журнал, санхүүгийн тайланд үнэн зөв тусгасан байна.
3. “Волтам” ХХК-ийн борлуулагч Г.Тын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тооллого, тооцоо бодолтоор 106 853 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарч, 11 дүгээр сарын 21-нд “Волтам” ХХК-ийн Хаан банкны 5059115702 тоот дансанд 4000,000.00 төгрөг тушааж, 102 583 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна. Энэ тооцоо нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацааг хамарч санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажиж үнэн зөв хийгдсэн байна.
4. Дээрх тооцооны үлдэгдэл төлбөр нь 102 853 000 төгрөгийг “Волтам” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Г.Т хариуцаж төлж барагдуулахаар байна.
5. “Волтам” ХХК-ийн борлуулагч Г.Тын борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой өдрийн тайлан, тушаасан мөнгө, бараа агуулахаас авсан баримт, борлуулалтын тайлан бүртгэлээр зохих хугацаанд тогтоогдсон журмын дагуу сар бүрийн нэгэнд хөрөнгийн тооллого хийж, тооцоог бодож баталгаажуулж байсан байна.
6. “Волтам” ХХК-ийн борлуулагч Г.Тын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тооллого, тооцоо бодолтоор 106 853 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарч, 11 дүгээр сарын 21-нд “Волтам” ХХК-ийн Хаан банкны 5059115702 тоот дансанд 4000,00.00 төгрөг тушааж, 102 853 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийг “Волтам” ХХК-нд төлөхөөр байна.
7. “Волтам” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Г.Т нь тооллогын бүртгэл, компаниас хүлээн авсан барааны орлого, зарцуулалт, үлдэгдэл зэргээр тооцоо нийлж тус компанид 102 853 000 төгрөгийн тооцооны өглөгтэйг баталгаажуулж төлбөр барагдуулахаар гэрээг хийсэн байна.
8. “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/161 дугаартай аудиторын тайлан үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 61-62 дугаар хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:
Г.Т нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 93 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Г.Т нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Волтам” ХХК-ийн борлуулагчаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа тус компаниас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тамхины үнэ болох 106 853 000 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, гэрч Б.М, Э.Б, М.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Тад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Хохирогчоос ирүүлсэн хүсэлтдээ “тус компанид борлуулагчаар ажиллаж байсан Ганбилэгийн Ттай холбоотой нийт 102 853 000 төгрөгийн дутагдал үүсэж, үүссэн зөрчил дутагдалтай холбоотой төлбөрт Ү-2201020102 дугаартай хувийн орон сууц, Г-221009087 газрын хамт болон Э-2207000599 гэрчилгээтэй хөдөө аж ахуйн зориулалттай газар зэргийг 87 000 000 төгрөгийн үнэлгээгээр харилцан тохиролцож шилжүүлэн авсан. Нийт төлбөр тооцооны үлдэгдэл болох 15 853 000 төгрөгийг талууд эвлэрлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон тул Г.Ттай холбоотой ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.
Иймд Г.Таас 15 853 000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Волтам” ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Тыг 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 11 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Тад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Таас 15 853 000 төгрөг гаргуулж, хохирогч “Волтам” ХХК-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУН