| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.М
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Ю.Нямсүрэн
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Б.Дагийнамжил,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Г.Сүхээ /цахим/
шүүгдэгч П.Н, Н.Г, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б, П.Н, Н.Г, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2019001100110 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Б.Б,.
Б.Б,
П.Н,
Н.Г
Д.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь “.....” ХК-ийн салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа, яллагдагч Б.Б нь “.....” ХК-ийн Дорноговь аймгийн Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа, яллагдагч Н.Г нь Дорноговь аймгийн Холбооны газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, яллагдагч П.Н нь Дорноговь аймгийн Холбооны газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, яллагдагч Б.Б нь яллагдагч Б.Б, Б.Б, П.Н, Н.Г нартай бүлэглэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна." гэх, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчиж, Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд холбооны салбарын кассчин, операторын ажлаасаа чөлөөлөгдсөн атал 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цалингаа бодуулан, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлсэн, Дорноговь аймгийн Холбооны газрын дарга Б.Бөөс 2019 оны 12 сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь ....... дугаарын дансаар авч, хувийн ашиг хонжоо олох зорилгоор өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, ..... ХК-нд үлэмж хэмжээний буюу 12 594 927 /арван хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оноос Дорноговь аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн. Гэмт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэхэд Замын-Үүд холбооны салбар нь аймгийн холбооны салбарын хэмжээнд орлого, зарлагаараа хоёрт ордог томоохон салбар. Намайг ажилд ороход .....ны хэмжээнд ажилчдын цалинг бууруулж, сумын хэмжээнд цалин олгодог болсон. Үүнээс хойш удаа дараа компанидаа ажлын ачаалал их байхад цалин бага байна гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч цалин нэмэх боломжгүй талаар хариу ирүүлсэн. 2017 оны 07 дугаар сард Б.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа Б.Бээр Замын-Үүд сумын салбарт хүн ажилд авах зар тавиулсан. Тухайн үед Дорноговь аймгийн хэмжээнд дундаж цалин 879.000 төгрөг байсан тул 330.000 төгрөгийн цалинтай ажилд хүн авах гэхээр ажилд орох хүн олдоогүй. Ажиллах хүчин олдохгүй байсан болохоор Б.Бт Б.Бгийн ажлыг давхар хийгээд цалинг нь авах талаар санал тавихад Б.Б ажиллаж чадна гэж ажиллахаар болсон. Би энэ цалингийн мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг хэрэглээгүй. Төв байгууллагаас санхүүжилт өгдөг хэдий ч шаардлагатай санхүүжилтийг тухай бүрд нь өгч чаддаггүй байсан. Замын-Үүд салбар нь таван сая гаруй төгрөгийн өр авлагатай байсан. Шилжилт хөдөлгөөн ихтэй учраас гэрээ хэлцэл хийгдээгүй, хүмүүс гараад явсан байсан. Он удаан жилийн өр авлагыг барагдуулсан. 1985 оноос хойш архивын үзлэг хийгдээгүй байсан. Тиймээс архив цэгцлэх шаардлагаар архивын үзлэгт мөнгө зарцуулсан. 2019 оны 07 сард манай байгууллагын машин Даланжаргалан сумын хавьцаа үхэр мөргөж нэлээн хэмжээний төлбөр гарсан тул үүнийг бас санхүүжүүлсэн. Б.Б гэх хүний орон тоон дээр цалин гаргаж байгаа гэдгийг манай ажилчид бүгд мэдэж байсан. Ийм зүйлд оролцож байгаа гэдгээ ойлгож байсан гэж бодож байна. Бид нарын эцсийн зорилго бол Холбооны газрын үйл ажиллагаагаа сайжруулах байсан. Миний буруутай үйлдлээс болж ийм алдаа гарсан тул бусад хүмүүст буруу өгөхгүй. Энэ хүмүүсийг ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Би тухайн үед мөнгийг юунд зарцуулж байсан тухай өөрийн дэвтэр дээрээ тайлан гаргаж Авлигатай тэмцэх газарт өгч байсан талаар мэдүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2006 оноос Замын-Үүд сумын салбарт ажиллаж эхэлсэн. 2017 оны 07 сард Б.Бгийн өгсөн өргөдлийн дагуу Б.Б дарга хүн ажилд авах зар өг гэсэн. Зар тавьсан хэдий ч хүмүүс цалинг голоод ажилд орохгүй байсан. Тэгээд дарга намайг давхар ажил хийх талаар асуухад нь би давхар ажил хийж чадна гэж хэлсэн. Би тэгж ажлаас чөлөөлөхгүйгээр ажиллаж болдог гэж бодсон. Өглөө 08 цагаас оройны 21 цаг хүртэл ажилладаг байсан болохоор хийсэн хөдөлмөрийн хөлсөө авч байна гэж бодсон ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хуулийн мэдлэггүй, дээрээс нь эрүүл мэндийн байдал маш муу байсан. Өөрийгөө ямар шалтгаанаар өвдөөд байгааг ч мэдэхгүй, сульдаж ядардаг, төвлөрч чаддаггүй байсан болохоор тухайн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргаж чадаагүй байсан. Тэгээд өргөдөл өгч ажлаасаа гарсан. 10 хоногийн дараа эмнэлэгт шинжилгээ өгч, улмаар тархины хавдартай гэж оношлогдож 2018 оны 12 сард хагалгаанд орсон. Дараа нь 2019 оны 01 дүгээр сард дахиж хагалгаанд орсон. Би тухайн үед хүнийг хохироож, гэмт хэрэг үйлдэж байна гэж ойлгоогүй. Удирдлагынхаа хэлснээр цалин хөлс багатай, ажлын ачаалал ихтэй учир энэ цалинг ингэж бодох хэрэгтэй гэж хэлсний дагуу хийсэн. Буруутай үйл явдлыг зогсоож чадаагүй” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс энэ үйл явдалд оролцоогүй. Удирдах албан тушаалтны хэлснээр хийсэн. Үүнийг буруу зүйл гэж 1,2 удаа хэлсэн боловч Замын-Үүд салбарын зардал мөнгө бага учраас Б.Бийг давхар ажиллуулна,цалинг нь бодож олгоорой гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна. 2017 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн. Тэгээд өөр ажилд орно гээд өргөдлийн хариуг авах гэтэл тушаал гаргахгүй, эрхлэгч Б.Бт чиний ажлыг давхар хийлгэхээр болсон. Цалин сар бүр бодогдож орно, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө сар бүр орж байгаа мөнгийг миний данс руу хийж байгаарай гэж дарга хэлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сард Дорноговь аймаг дахь “Цахилгаан холбоо”-ны газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан. Энэ асуудал нь намайг ажилд томилогдохоос өмнө болсон. Компаний зүгээс Б.Б даргад тавигдсан 12 сая төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул компаний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй. Байгууллагаас Б.Бгийн нэр дээр төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр болох 2.570.700 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагаас буцааж холбооны газартаа шилжүүлж авах хүсэлтэй байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймаг дахь холбооны газрын дарга нь энэ оны байгууллагын орлого зарлага, хүний нөөцийн зардал, бусад зардал зэргийг төсөвлөж, “Монгол цахилгаан холбоо” ХК-ны гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээний хавсралтаар ажилладаг. Тухайн салбарын орлого өдөртөө төв компани данс руу нэгтгэдэг. Салбарын дарга жижиг мөнгөн сангийн 400.000 төгрөгийг захиран зарцуулах эрхтэй, ажилчдын сарын цалинг сар болгоны 14, 28-ны өдрөөс өмнө цагийн тооцоогоо нэгтгэж, төв компаниас санхүүжилт хүсдэг. Төв компаниас аймаг орон нутгийн салбарын данс руу ажилчдын цалинг шилжүүлж, салбарын дарга болон салбарын ахлах нягтлан бодогч нар ажилчдын хувь данс руу цалин мөнгийг шилжүүлдэг. Салбарын дарга нь “.....” ХК-ны удирдлага хүний нөөцийн газартай зөвшилцсөний үндсэн дээр иргэнийг ажилд томилох, ажилчныг ажлаас чөлөөлөх эрхтэй. ... иргэн Б.Бг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын салбарын үйлчилгээний ажиллаж буй мэт хуурамч санхүүгийн баримт үйлдэн 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, амралтын олговор, шагнал бусад хөнгөлөлт урамшуулал болох нийт 12.594.927 төгрөгийн төлбөр, зөрчлийн акт тогтоож, Дорноговь аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байсан Б.Бд танилцуулсан. Б.Б нь Төлбөр зөрчлийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 12.595.000 төгрөгийг “МЦХ” ХК-ны Голомт банкны 2001004284 дугаарын дансанд бэлэн тушаасан юм. Тэгэхээр Б.Б нь байгууллагад учирсан хохирлыг 100 хувь төлж барагдуулсан. Манай компани зүгээс хохирлоо бүрэн барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 208-211 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас/,
“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай” мөрдөгчийн 2020-04-14-ний өдрийн тэмдэглэлд: “...гэрч Б.Бгаас гаргаж өгсөн өөрийн эзэмшдэг гэх хаан банкны ....... дугаарын дансны 2017-01-01- ний өдрөөс 2019-12-31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” хэрэгт ач холбогдолтой байх тул хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэжээ. Мөн уг 89 хуудас материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг баримтлан хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9-102 дугаар хуудас/,
Мөрдөгч нь 2020-04-15-ны өдөр гэрч Б.Бгийн Хаан банкин дахь ....... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Нийт 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд Б.Бгийн Хаан банкин дахь ....... дугаарын дансанд 8.933.739 төгрөгийн цалин бодогдож орсон. Үүнээс Б.Б нь Б.Бийн Хаан банкин дахь ....... дугаарын данс руу 5.007.078 төгрөг шилжүүлсэн. Б.Бийн Хаан банкин дахь ....... дугаарын данс руу 2.894.058 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 1.069.710 төгрөгөөс Б.Б нь Б.Бээс 350.000 төгрөгийн өрөө цайруулсан. 2017-10-27-ны өдөр бодогдсон 271 000 төгрөгийн цалингаас Б.Б болон Б.Б нар луу шилжүүлээгүй байна. 2018 оны 01 сарын 29-ний өдөр бодогдсон 288.828 төгрөгийн цалингаас 17.828 төгрөгийг Б.Бд дутуу шилжүүлсэн. 2018 оны 10 сарын 26-ны өдөр бодогдсон 130.852 төгрөгийг хэн нэг хүнд шилжүүлээгүй. Хувийн хэрэгцээнд зарцуулсан. 2019.12.13-ны өдөр бодогдсон 533.668 төгрөгийн цалингаас Б.Бд 233.668 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 300.000 төгрөгийг өөртөө ав гэсний дагуу авсан. ...” гэжээ /1 дүгээр хх-ийн 11-13 дугаар хуудас/,
“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай” 2020-04-14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд: “...гэрч Б.Бийн гаргаж өгсөн Хаан банкны ....... дугаарын дансны 2017-01-02-ны өдрөөс 2019-06-19- ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг хэрэгт ач холбогдол бүхий байх тул хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Уг 40 хуудас баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дэх хэсгийг үндэслэн хэрэгт хавсаргасан. ...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 107-150 дугаар хуудас/,
“Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д: “...гэрч Б.Бийн Хаан банкны ....... дугаартай дансны хуулганд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан үзлэг хийсэн. ... Нийт 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд Б.Бгийн Хаан банкны ....... дугаарын данснаас Б.Бийн Хаан банкны ....... дугаарын данс руу 5.007.078 төгрөгийн цалин орж ирсэн ба Б.Бгаас 350.000 төгрөгийн урьдчилгаа авсан гэж Б.Б хэлснийг тэмдэглэлд тусгасан. Нийт Будцэцэг нь Энхмаагаас цалин болгож, 5.357.078 төгрөг авсан байна. үүнээс дансаар 5.007.078 төгрөг, бэлнээр 350.000 төгрөг. Б.Б нь өөрийн данснаас Холбооны газрын дарга Б.Бийн хаан банкны ....... дугаарын данс руу 2017 оны 09 сараас 2019 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 2.792.700 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 2.564.378 төгрөгийг Б.Б давхар хөдөлмөр эрхэлсний дагуу цалин болгож авч, өөрийн хэрэгцээнд хувьдаа завшсан. ...” гэжээ /1 дүгээр хх-ийн 109-111 дүгээр хуудас/
“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай” 2020-04-14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд: “...гэрч Б.Бөөс 2020 оны 04 сарын 15-ны өдөр гаргаж өгсөн Хаан банкны ....... дугаарын дансны 2017- 01-02-ны өдрөөс 2019-12-31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг хэрэгт ач холбогдол бүхий байх тул хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Уг 40 хуудас баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дэх хэсгийг үндэслэн хэрэгт хавсаргасан. ...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 154-155, 159-172 дугаар хуудас/,
“Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д: “...гэрч Б.Бийн Хаан банкны ....... дугаартай дансны хуулганд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан үзлэг хийсэн. ... Нийт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.Бийн Хаан банкны ....... дугаарын данснаас 12 удаагийн гүйлгээгээр Б.Бийн Хаан банкны ....... дугаарын дансанд 3.112.300 төгрөг шилжин орсон. Б.Бгийн Хаан банкны ....... дугаарт Хаан банкны данснаас 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 14-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 2.894.058 төгрөг шилжин орсон ба нийт 6.006.358 төгрөг Б.Б болон Б.Бгаас орж ирсэн байна” гэжээ. /1 дүгээр хх-ийн 156-158 дугаар хуудас/,
Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2016 оноос “МЦХ” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн албаны даргаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь иргэн Б.Бгийн халагдах тушаалыг гаргалгүйгээр цалинг нь олгож, өөртөө болон бусдад тухайн мөнгийг зарцуулж байсан үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6- д заасан “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,
Гэрч Ж.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон цагаас эхлэн Дорноговь аймгийн холбооны газрын дарга Б.Б Б.Б гэх хүнийг ажиллаж байгаа мэтээр цагийн тооцоог гаргаж, өдөрт орсон кассын орлогыг Б.Б гэх хүний нэрээр байгууллагын ... дугаарт Голомт банкны дансанд тушаа гэсний дагуу би тушаадаг байсан. Би банкнаас байгууллагын дансанд орлого хийхдээ санхүүгийн баримтад Б.Б гэж бичээд шилжүүлдэг байсан. Учир нь манай дарга Б.Б ийм байдлаар хийж бай гэсэн. ... Холбооны дарга Б.Б Б.Бг кассчинаар ажиллаж байгаа мэтээр цагийн тооцоог гаргаж төвд өгч бай гэсний дагуу би Б.Бгийн цагийн тооцоог хуурамчаар гаргаж холбооны газарт явуулдаг байсан. Гэхдээ Б.Бд хэдэн төгрөгийн цалин бодогдож байсныг мэдэхгүй байна. ... Намайг анх ажилд ороход Б.Б дарга Б.Бг ажиллаж байгаа мэтээр цагийн тооцоог гаргаж бай гэсний дагуу л би цагийн тооцоог гаргаж байсан. ... Би 2019 оны 04 дүгээр сараас эхлэн Б.Бгийн нэр дээр орлогыг байгууллагын дансанд тушааж байсан Дөнгөж ажилд орчихсон дахиж ажил төрөл олдохгүй байх гэж бодоод дээр үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176- 178 дугаар хуудас/,
Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “.....” хувьцаат компанийн Дорноговь аймаг дахь салбарын нягтлан бодогчоор 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллаж байна. Дорноговь аймаг дахь холбооны газар нь Алтанширээ, Замын-Үүд, Зүүнбаян багт өөрийн салбартай. Нийт холбооны газрын үндсэн орон тоо 17, гэрээт ажилчдын 5 орон тоотой. Намайг тус байгууллагад нягтлан бодогчоор ажилд ороход Замын-Үүд холбооны салбар нь салбарын эрхлэгч Ж.П, оператор Д.Б, техникч Т.М, оператор, кассчин Б.Б нар ажилладаг мэтээр бүх баримт бичиг нь бүрдсэн байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд аймгийн холбооны газарт ажилчдын дотоод сургалт зохион байгуулагдсан. Тухайн үед би шинээр ажил авсан байсан болохоор Замын-Үүд сум дахь холбооны салбарын ажилчдын талаар дэлгэрэнгүй сайн мэддэггүй, ажилд орсон цагаас хойш одоог болтол Замын-Үүд сум дахь холбооны салбарт албан томилолтоор ажиллаж үзээгүй байгаа. Аймгийн холбооны газраас зохион байгуулсан дээрх сургалтад Замын-Үүд дахь холбооны салбарын кассчин гэх Б.Б ирж сургалтад хамрагдаагүй. Энэ явдлаас болж би Б.Б нь тухайн салбарт үнэхээр ажил хөдөлмөр эрхэлдэг “гэдэгт эргэлзээ төрсөн юм. Тухайн үед надад Б.Бг тухайн салбарт ажил, хөдөлмөр эрхэлдэггүй талаар баттай баримт байгаагүй энэ талаар баримт сэлт олох зорилгоор санхүүгийн баримт бичгийг шүүж үзэхэд Замын-Үүд сум дахь холбооны салбарт орсон кассын орлогыг байгууллагын дансанд Б.Б гэх хүний гарын үсэгтэй орлогын баримтууд бүрдсэн байсан. Мөн 2019 оны 07 дугаар сард холбоочдын баяраар Даваа овогтой Энхмаад ..... ХК-аас “Тэргүүний ажилтан” цол тэмдэг ирсэн тийм болохоор би ажил, хөдөлмөр эрхэлдэг байх гэж бодож байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр би Аймгийн холбооны газрын 7, 8, 9 дүгээр сарын санхүүгийн тайланг Улаанбаатар хот ..... ХК-ийн санхүүгийн албанд нэгтгүүлж ирээд өмнө байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Нтай уулзаж үг унагаах зорилгоор Б.Б гэх хүн Замын-Үүд дахь холбооны салбарт кассчинаар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй юм байна гэж шууд тулган асуухад П.Н “Тиймээ” энэ асуудлаас болж би бараг ажлаасаа гарсан гэсэн тайлбар өгсөн. Мөн дараа нь Замын-Үүд дахь холбооны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Б.Бтэй утсаар холбогдож дээрх асуудлыг тодруулах зорилгоор шууд тулгаж “Б.Б” гэх хүн яг хэзээ ажлаасаа гарсан одоо энэ хүн хаана байгаа талаар та мэдэх үү?” гэж асуухад яг хэзээнээс хойш ажлаасаа гарсан талаар надад хэлээгүй Б.Б Замын-Үүд суманд амьдардаг гэж хэлсэн. Үүний дараа Б.Бтай утсаар холбогдож та яг хэзээнээс хойш тухайн байгууллагад ажил, хөдөлмөр эрхлээгүй вэ? Гэж шууд тулган асуухад утсаа тасалсан. Би Б.Бг Замын-Үүд дахь холбооны салбарт ажил, хөдөлмөр эрхэлдэггүй мөртлөө Замын-Үүд сумын эрхлэгчээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн цагийн тооцоог гарган ирүүлж өөртөө цалин мөнгө авдаг талаар мэдээд холбооны газрын дарга Б.Бд энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал хэрэв би та энэ асуудлаа шийдэж чадахгүй бол би лав энэ хууль бус үйлдэлтэй нийцэж чадахгүй гэдгээ хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-30-ны хооронд ..... ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрыг хариуцсан нягтлан бодогч Ичинхорлоо, ахлах нягтлан бодогч Б нарт утсаар дээрх асуудлын талаар мэдэгдэж би Б.Б даргын хэлснээр ажил, хөдөлмөр эрхэлдэггүй хүний дээр цалин бодож олгох юм бол эргээд би буруутан болно тийм учраас энэ асуудлыг эрх бүхий хууль хяналтын байгууллагад мэдэгдэж таслан зогсоох хэрэгтэй. Хэрвээ дээрх асуудлыг шийдэж чадахгүй бол би энэ ажил, хөдөлмөрийг эрхлэхгүй. Учир нь би гэмт хэрэгт хамтран оролцмооргүй байна гэдгээ илэрхийлсэн. Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Б.Б даргад удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Бг ажлаас чөлөөлөх тушаалыг Б.Б дарга гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өөр 2019 оны жилийн эцсийн тайлангаа нэгтгүүлэхээр Улаанбаатар хотод албан томилолтоор 5 хоног ажилласан. Тайлангаа “.....” ХК-ийн санхүүгийн хэлтэст нэгтгүүлчхээд тойрох хуудас зуруулахаар МЦХ ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Т.Энх- Оюунтай уулзаж, дээрх асуудлаар танд мэдээлэл ирсэн үү? гэхэд мэдээгүй байсан. Би дээрх асуудлыг тайлбарлаж, ДГА-ийн холбооны газарт дотоод хяналт шалгалт оруулах хүсэлт гаргасан. ..." гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 199-202 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Тын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 020 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Голомт банкны “Орлогын мэдүүлэг” нийт 40 ширхэг баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “.....” ХК-ны Голомт банкны ... дугаартай дансанд 2017 оны 08 сарын 08, 2017 оны 08 сарын 10, 2017 оны 10 сарын 12, 2017 оны 12 сарын 18, 2017 оны 12 сарын 31, 2018 оны 12 сарын 23, 2018 оны 04 сарын 14, 2018 оны 04 сарын 15, 2018 оны 06 сарын 04, 2018 оны 06 сарын 06, 2018 оны 06 сарын 07, 2018 оны 06 сарын 10, 2018 оны 08 сарын 10, 2018 оны 08 сарын 18, 2018 оны 11 сарын 11,2019 оны 02 сарын 24, 2019 оны 03 сарын 17-ны өдрүүдэд тус тус хийгдсэн нийт 18 ширхэг орлогын баримтын “Харилцагчийн гарын үсэг” гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь иргэн Б.Бгийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна.... Дээрх орлогын баримтууд дээрх гарын үсгүүдийг хоёр өөр хүн үйлдсэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 10-22 дугаар хуудас/,
“.....”-ны Дорноговь аймгийн холбооны газрын даргын ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хх-ийн 40-45 дугаар хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэлд: “...Дорноговь аймгийн Холбооны газрын Санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтын ажлын тайлан, дүгнэлтийн хуулбар...нийт 27 хуудас бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан авч, тэмдэглэл үйлдэв. ...” гэжээ. /2 дугаар хх-ийн 167-194 дүгээр хуудас/
Гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/99 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийг хянан баталгаажуулах журам”-ын дагуу хууль бусаар олгогдсон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг эргүүлэн байгууллагад нь нөхөн төлнө. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд иргэн Б.Бд хууль бусаар нийгмийн даатгалд 2.136.531 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 434.178 төгрөг төлөгдсөн мөнгийг ..... ХК-ийн Дорноговь аймгийн салбарт эргэн төлнө. ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хх-ийн 1-3, 3 дугаар хх-ийн 103/ зэрэг болно.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалбал шүүгдэгч Б.Б нь “.....” ХК-ний салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа Замын-Үүд холбооны салбарт үйлчилгээний ажилтнаар /кассчин операторч/ ажиллаж байсан Б.Бг 2017 оны 07 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн байхад түүний ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргалгүй 2019 оны 12 дугаар сар хүртэл хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь “.....” ХК-ний Дорноговь аймгийн Холбооны газрын Замын-Үүд салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа Б.Бг 2017 оны 07 сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажилдаа ирэхгүй, ажил үүргээ гүйцэтгэхээ больсон байхад түүнийг ажилласан мэтээр цалингийн цэс гарган, цалинг 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Б.Бгийн дансаар дамжуулан өөрийн болон аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Б.Бийн дансанд шилжүүлсэн,
Шүүгдэгч Н.Г нь Дорноговь аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчоор 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2019 оны 08 сар хүртэл, шүүгдэгч П.Н нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна." гэх, мөн хуулийн 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчиж Б.Бгийн нэр дээр хий цалин бодсон,
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд холбооны салбарын үйлчилгээний ажилтнаас /кассчин, операторын/ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч уг ажлаа гүйцэтгэхээ больсон атал 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цалингаа бодуулан, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж, өөрийн Хаан банкин дахь ....... дугаарын дансаар шилжиж орсон цалинг өөртөө болон Б.Б, Б.Б нарын данс луу шилжүүлж хувийн ашиг хонжоо олох зорилгоор өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, “.....” ХК-нд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Б, П.Н, Н.Г Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймаг дахь Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Б.Бгийн халагдах тушаалыг гаргалгүйгээр Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд салбарын үйлчилгээний салбарт ажиллаж буй мэт хуурамч санхүүгийн баримт үйлдэн 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цалин, хөлс олгож “.....” ХК-д үлэмж хэмжээний буюу 11 177 456 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд салбарын үйлчилгээний ажилтнаас /касс, операторчин/ чөлөөлөгдсөн атал 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугар сар хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цалингаа бодуулан тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж, өөрийн эзэмшдэг Хаан банкин дахь ....... дансаараа цалин бодуулан авч, зарим мөнгийг Б.Б болон Б.Б нарын данс луу шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож “.....” ХК-д үлэмж хэмжээний буюу 11 177 456 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймаг дахь холбооны газрын дарга нь энэ оны байгууллагын орлого зарлага, хүний нөөцийн зардал, бусад зардал зэргийг төсөвлөж, “.....” ХК-ны гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээний хавсралтаар ажилладаг. ...Салбарын дарга нь “.....” ХК-ны удирдлага хүний нөөцийн газартай зөвшилцсөний үндсэн дээр иргэнийг ажилд томилох, ажилчныг ажлаас чөлөөлөх эрхтэй. ... иргэн Б.Бг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын салбарын үйлчилгээний салбарт ажиллаж буй мэт хуурамч санхүүгийн баримт үйлдэн 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, амралтын олговор, шагнал бусад хөнгөлөлт урамшуулал болох нийт 12.594.927 төгрөгийн төлбөр, зөрчлийн акт тогтоож, Дорноговь аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байсан Б.Бд танилцуулсан....” гэсэн мэдүүлэг, Б.Бгийн Хаан банкны ....... дугаарын дансны 2017-01-01- ний өдрөөс 2019-12-31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” , Б.Бгийн Хаан банкин дахь ....... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Нийт 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд Б.Бгийн Хаан банкин дахь ....... дугаарын дансанд 8.933.739 төгрөгийн цалин бодогдож орсон. Үүнээс Б.Б нь Б.Бийн Хаан банкин дахь ....... дугаарын данс руу 5.007.078 төгрөг шилжүүлсэн. Б.Бийн Хаан банкин дахь ....... дугаарын данс руу 2.894.058 төгрөг шилжүүлсэн. ...” гэжээ, Б.Бийн гаргаж өгсөн Хаан банкны ....... дугаарын дансны 2017-01-02-ны өдрөөс 2019-06-19- ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д... Нийт 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд Б.Бгийн Хаан банкны ....... дугаарын данснаас Б.Бийн Хаан банкны ....... дугаарын данс руу 5.007.078 төгрөгийн цалин орж ирсэн ба өөрийн данснаас Холбооны газрын дарга Б.Бийн Хаан банкны ....... дугаарын данс руу 2017 оны 09 сараас 2019 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 2.792.700 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 2.564.378 төгрөгийг Б.Б давхар хөдөлмөр эрхэлсний дагуу цалин болгож авч, өөрийн хэрэгцээнд хувьдаа завшсан. ...” гэжээ, Б.Бөөс Хаан банкны ....... дугаарын дансны 2017- 01-02-ны өдрөөс 2019-12-31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д: “... Б.Бийн Хаан банкны ....... дугаартай дансны хуулганд... Нийт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.Бийн Хаан банкны ....... дугаарын данснаас 12 удаагийн гүйлгээгээр Б.Бийн Хаан банкны ....... дугаарын дансанд 3.112.300 төгрөг шилжин орсон. Б.Бгийн Хаан банкны ....... дугаарт Хаан банкны данснаас 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 14-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 2.894.058 төгрөг шилжин орсон ба нийт 6.006.358 төгрөг Б.Б болон Б.Бгаас орж ирсэн байна. ...” гэжээ. гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2016 оноос “МЦХ” ХК-ний нягтлан бодох бүртгэлийн албаны даргаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь иргэн Б.Бгийн халагдах тушаал гаргалгүйгээр цалинг нь олгож, өөртөө болон бусдад тухайн мөнгийг зарцуулж байсан үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6- д заасан “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон цагаас эхлэн Дорноговь аймгийн холбооны газрын дарга Б.Б Б.Б гэх хүнийг ажиллаж байгаа мэтээр цагийн тооцоог гаргаж, өдөрт орсон кассын орлогыг Б.Б гэх хүний нэрээр байгууллагын ... дугаарт Голомт банкны дансанд тушаа гэсний дагуу би тушаадаг байсан. Би банкнаас байгууллагын дансанд орлого хийхдээ санхүүгийн баримтад Б.Б гэж бичээд шилжүүлдэг байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “.....” хувьцаат компанийн Дорноговь аймаг дахь салбарын нягтлан бодогчоор 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллаж байна. ...Аймгийн холбооны газраас зохион байгуулсан дээрх сургалтад Замын-Үүд дахь холбооны салбарын кассчин гэх Б.Б ирж сургалтад хамрагдаагүй. Энэ явдлаас болж би Б.Б нь тухайн салбарт үнэхээр ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэгт эргэлзээ төрсөн юм..... Би Б.Бг Замын-Үүд дахь холбооны салбарт ажил, хөдөлмөр эрхэлдэггүй мөртлөө Замын-Үүд сумын эрхлэгчээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн цагийн тооцоог гарган ирүүлж өөртөө цалин мөнгө авдаг талаар мэдээд холбооны газрын дарга Б.Бд энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал хэрэв би та энэ асуудлаа шийдэж чадахгүй бол би лав энэ хууль бус үйлдэлтэй нийцэж чадахгүй гэдгээ хэлсэн. ...Би дээрх асуудлыг тайлбарлаж, Дорноговь аймгийн холбооны газарт дотоод хяналт шалгалт оруулах хүсэлт гаргасан. ..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Тын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 020 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд прокуророос Б.Б, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчаас хохирлын хэмжээг “.....” ХК-аас гаргаж ирүүлсэн 12594927 төгрөгөөр тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Уг хохиролд байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн/БНДШ/ 1417471 төгрөг орж тооцогдож харин нийгмийн даатгалын шимтгэлд хувь хүн ажилтнаас төлсөн гэх 719060,32 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн гэх 434178,24 төгрөг орж тооцогдоогүй байна. Б.Бд хий цалин бодогдож байсан тул хувь хүн өөрөө төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд прокуророос энэ хохирлыг шүүгдэгч нарын учруулсан хохирлын хэмжээнд оруулж тооцоогүй тул шүүхээс хохирлын хэмжээг нэмж тооцох шаардлагагүй гэж үзэж “.....” ХК-д учирсан хохирлыг бодит хохирлоор тооцон хохирлын хэмжээг 11177456 төгрөгөөр /БНДШ төлсөн 1417471 төгрөгийг хасаж/ тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Хэдийгээр шүүгдэгч Б.Б, Б.Б, Н.Г, П.Н нар нь шүүгдэгч Б.Бийн санаатай үйлдэлд санаатай эс үйлдэхүйгээр хамтран оролцсон болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын хувьд дээрх үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Иймд шүүгдэгч Б.Б, Н.Г, П.Н нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн объектив талын үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх шинжийг хангахгүй байна. Учир нь шүүгдэгч П.Н нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн холбооны газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж 5 919 854 төгрөгийн, шүүгдэгч Н.Г нь 2018 оны 11 сарын 15-наас 2019 оны 9 сарын 25 хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж 4 432 996 төгрөгийн, шүүгдэгч Б.Б 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Замын-Үүд холбооны салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа 7 518 850 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх шүүгдэгч нар нь “..... ХК-д үлэмж хэмжээний буюу 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Иймд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н, Б.Б, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас “удирдах албан тушаалтны дарамт шахалтад орсон, өөрсдийн шууд санаачилгаараа үйлдээгүй” гэж, өмгөөлөгч Б.Дагийнамжилаас “шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн субъект биш” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Б нь “ажиллаагүй хүний нэрээр цагийн бланс гаргаад, дансаараа дамжуулан цалин, мөнгө авч байгаа үйлдэл, шүүгдэгч Н.Г, П.Н нарын тухайн ажилтныг ажилладаггүй болохыг мэдсээр байгаад цалин бодож байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрсөн,хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Б нь өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн хувьд тархины гэмтэлтэй,тулай өвчтэй, шүүгдэгч Б.Бгийн охин хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа/хүзүүний С-1 нугалмын үүсгэвэр хортой хавдар/ болон улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан ялын талаарх дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бгийн нэр дээр цалин бодож аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнаснаас нийгмийн даатгалын шимтгэлд 2136531.32 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 434178.24 төгрөг хууль бусаар олгогдсон болох нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Б.Бгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн жагсаалт болон Г.Зын гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул аймгийн Холбооны газраас ЕЮ76112960 регистрийн дугаартай Б.Бгийн цалинг буруу тайлагнаснаас эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд төлсөн 2570709.56 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.
Б.Бгийн хууль бусаар олгогдсон нийгмийн даатгалын 2136531.32 төгрөгийн шимтгэлд ажил олгогч болон хувь хүнээс төлсөн шимтгэл орж тооцогдсон байх тул “.....” ХК-аас дотоод хяналт шалгалтаар тогтоосон байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1417471 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлж байгууллагыг хохиролгүй болгожээ. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст буруу тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл нь буцаан олгогдохоор шийдвэрлэгдсэн тул шүүгдэгч Б.Бийн төлсөн 1417471 төгрөгийг аймгийн Холбооны газраас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
..... ХК-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс гаргасан 2570709.56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, Б.Б болон Б.Б, П.Н, Н.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, П.Н, Н.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Б.Б, Б.Б болон Б.Б, П.Н, Н.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Холбооны газраас тайлагнасан ЕЮ76112960 регистрийн дугаартай Б.Бгийн цалинг хүчингүй болгож, аймгийн Холбооны газраас эрүүл мэндийн даатгалд төлсөн 434178.24 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 2136531.32 төгрөг, нийт 2570709,56 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан буцаан олгож, Аймгийн Холбооны газраас 1417471 төгрөг гаргуулан шүүгдэгч Б.Бд олгосугай.
8.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б, П.Н, Н.Г нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН