| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01610/И |
| Дугаар | 183/ШШ2017/01875 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.С /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.О /*********/-т холбогдох,
Зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрт 16 420 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.П*******, хариуцагч Х.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Барс худалдааны төвд жимс, бүх төрлийн нарийн ногоо худалдаалдаг бөөний төв ажиллуулдаг байсан ба 2011 оноос иргэн Х.О******* нь надаас зээлээр алим жимс, огурцы, чинжүү зэрэг нарийн ногоонуудыг авч дэлгүүрүүдээр худалдаалж дараа нь надтай төлбөр тооцоогоо хийх зэргээр харилцдаг байсан. Гэтэл Х.О******* нь зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог хийлгүй гараар бичсэн баримт үйлдэх төдийгөөр өмнөх үлдэгдэл төлбөр тооцоон дээр нэмж зээлээр бараа их хэмжээгээр авдаг байсан. 2012 оны 9 сарын 20-ны өдөр 9 150 000 төгрөгийн өртөгтэй алим жимс ногоо авч байсан бол 2013 оны 8 сарын 19-ний өдөр 12 096 000 төгрөгийг жимс ногоо авч зээлийн гэрээ байгуулж байсан ба энэ мэтчилэн өмнөх төлбөр тооцоогоо дуусгалгүй нэмж зээлээр бараа авсаар 2015 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар нийтдээ 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс 1 500 000 төгрөгийн тооцоо хийсэн бөгөөд үлдэгдэл 16 420 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Х.О*******ээс зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрт 16 420 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С*******аас жимс, ногоо авч байсан нь үнэн. Ингээд гадуур дэлгүүрүүдээр худалдаалдаг байсан. Уг жимс, ногооны төлбөрийг нөхрийнхөө цалингийн картаар төлж байсан. Энэ жил бие өвдөөд төлбөрөө төлж чадаагүй. Тухайн үед нөхрийнхөө цалингийн картыг өгөөд төлбөрөө төлж байсан. Заримдаа өөр байдлаар олсон мөнгөө хүртэл өгч байсан. Манайхаас бас мөнгөө зээлээд өгөхгүй байгаа учраас шүүхэд хандсан байгаа. Над руу залгахаар авдаггүй гэж яриад байна. Би залгахаар нь утсаа авч ярьдаг байсан. Одоо хэдэн төгрөг үлдсэн гэдгийг би сайн мэдэхгүй. Үлдэгдэл төлбөрийг өөрийнхөө бололцоогоор төлнө гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С******* нь хариуцагч Х.О*******т холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 16 420 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд жимс, хүнсний ногоо худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч Х.О******* нь 2012 оны 9 сарын 20-ны өдөр 9 150 000 төгрөгийн, 2013 оны 8 сарын 19-ний өдөр 12 096 000 төгрөгийн жимс хүнсний ногоог авсан болох нь зохигчдын тайлбараар тогдоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна.
Түүнчлэн талууд дээрх барааны үлдэгдэл төлбөр тооцоог нийлж, 2015 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар баримт үйлдсэн байх ба хэрэгт уг баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 8/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иймд нэхэмжлэгч Н.С******* нь барааны үнийн дутууг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Х.О******* нь нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн тооцоогоор явж байгаа бөгөөд миний хувьд нарийн тооцоо хийгээгүй өгсөн мөнгө хасагдсан байх гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг төлбөр тооцоог үндэслэлтэй эсэх талаар баримт гаргаж маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Х.О*******ээс 16 420 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С*******т олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О*******ээс 16 420 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 240 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ