Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1054

 

 

 

 

 

 

 

 

 2020         12            22                                     1054

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ээд холбогдох эрүүгийн 2005 0324 81732 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, айл нүүлгэлтийн ажил эрхэлдэг, сард 600 000-700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Э.

 

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Good luck” нэртэй цахим тоглоомын газарт танил болох хохирогч А.Аын өмчлөлийн “Рэдми-8” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, 400 970 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед хохирогчийн гар утсыг аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан. Хохирогчид учирсан хохирлыг төлж, шинэ Самсунг Эс-8 плас загварын гар утас авч өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсын яллагчтай 500 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар тохиролцсон. Энэ торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.А мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 26-ны оройн 18 цагийн орчимд би төрсөн ах Бын хамтаар Эх нялхсын хажууд байрлах “good luck” нэртэй тоглоомын газар тоглож байтал зүс таних Э ах гаднаас орж ирээд бид гурав хамт тоглосон юм. Тэгтэл Б ах гэр рүүгээ хариад ирье гээд гараад явсан. Удалгүй Э ах намайг гар утсаа өгч байгаач, хүнтэй яриад өгье гэхээр нь би өөрийнхөө Рэдми-8 загварын гар утсаа түүнд өгсөн. Э ах миний утсыг аваад ариун цэврийн өрөө ороод ирье гэж яваад ирэлгүй, миний утсыг аваад явсан. Би хүлээсэн боловч Э ах иргэж ирээгүй. Тэгээд Б ахыг ирэхээр нь би болсон явдлыг хэлэхэд цагдаад хандъя гээд бид хоёр цагдаад өргөдөл өгсөн. Э ах цагдаад хандсаны дараа надаас уучлалт гуйгаад миний гар утасны оронд Эс-8 плас загварын гар утас авч өгсөн. Э ахын гэр манай гэрийн ойролцоо байдаг юм. Бид багаасаа нэгнийгээ танина. Би тухайн утсыг энэ оны 5 сард Сайн интернэйшнл ХХК-аас 1 200 000 төгрөгийн лизингээр авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Good luck” нэртэй цахим тоглоомын газарт дүү Аын хамт тоглоод сууж байхад гаднаас Э гэх манай найз ороод ирсэн. Тэгээд дүү бид хоёрын цаг дуусаад би түрүүлээд гар рүүгээ харьсан ба манай дүү А, Э хоёр тоглоомын газарт үлдсэн. Гэтэл Э манай дүүгийн Рэдми-8 загварын хар хөх өнгийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад тэр чигтээ явсан байсан. Манай дүү над руу яриад ахаа миний гар утсыг Э аваад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дүүгийнхээ хамт хорооллын ломбардуудыг шалгаад зөндөө явсан боловч олдоогүй. Тэгээд Этэй хамт явж байсан нэг хүүхдийн утасны дугаарыг олоод залгаад асуухад Эийг хорооллын эцсийн пабад сууж байна гэхээр нь тэндээс очиж барьж аваад цагдаа дуудсан юм гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.М мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Өргөө кино театрын автобусны буудал дээр байрлах Гүүд нэртэй ломбардад ажил дээрээ байж байхад Алтансүх овогтой Э гэх залуу Рэдми-8 нэртэй гар утсыг 175 000 төгрөгт барьцаанд тавьсан. Тэгээд тухайн өдрөөс 3 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүүтэйгээ нийлээд 189 100 төгрөг төлөөд утсаа авсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 400 970 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Good luck” нэртэй цахим тоглоомын газарт хохирогч А.Аын өмчлөлийн “Рэдми-8” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, 400 970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.А, гэрч Б.Б, М.М нарын мэдүүлэг, “Гүүд” барьцаалан зээлдүүлэх газрын барьцааны гэрээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

               

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ээд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Аод нь тус гэмт хэргийн улмаас 400 970 төгрөгийн хохирол учирсан ба хохирол барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, А.Э нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Эийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг А.Ээд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН