Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Жасрайн Амарбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбатын Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Амарбаярт холбогдох 2123001160140 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суудаг, Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ялгасан гэгээн овогт Жасрайн Амарбаяр, /ИЦ73010739/

Шүүгдэгч Ж.Амарбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг Зуун мод гэх газраас хохирогч С.Тунгалагийн эзэмшлийн 1 тооны шоорон эвэртэй сувай үнээг хулгайлж, түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Жасрайн Амарбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Зуун мод” гэх газраас хохирогч С.Тунгалагийн эзэмшлийн 1 тооны шоорон эвэртэй сувай үнээг хулгайлсан хэргийн үйл баримт нь шороон эвэртэй хүрэн үнээгээ хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч С.Тунгалагийн “... 2021 оны 06 дугаар сарын 29-нд үхрээ саахад манай үхэр бүрэн байсан 06 сарын 30-нд үхрээ үзэхэд манай шоорон эвэртэй сувай үнээ байхгүй байсан. Хайгаад олдохгүй болохоор нь хулгай авсан байж магадгүй гэж бодоод сумын цагдаагийн хэсэгт хандсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Мөнхжаргалын “...Тунгалаг нь манай нөхөр байгаа юм. Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үнээгээ саахад, манай үхэрнүүд бүрэн байсан. Маргааш нь үзэхэд манай шороон эвэртэй хүрэн өнгийн үнээ байхгүй байсан. Нөхөр бид 2 ойр орчмын айлуудаар хэд хоног сураглаад сураг гарахгүй болохоор цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн алдсан хүрэн үнээг худалдан авсан талаараа мэдүүлсэн гэрч С.Баясахын “...Намайг Улаанбаатар хотод байхад хоолгүй боллоо энд хүнээс 1 сая төгрөгөнд үхэр авахаар тохирлоо гэж ярьсан. ...маргааш шөнө нь буюу 2021 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Төрөөд үхэр өгөх хүн Портер эсвэл Бонго маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй хүрэн үнээ ачиж ирж гаргахад нь би хажууд нь гэрэл тусгаж өгөөд арьс, толгой шийрийг нь аваад явсан. ...би танихгүй Амраа гээд дуудаад байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ж.Амарбаярын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би гэрийнхээ гадаа байж байтал машинтай хүмүүс ирээд, энэ хавиар үхэр мал зарах хүн байна уу гэхээр нь би зарна гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүст үхэр зарахаар болж, урьдчилгаа 300.000 төгрөг аваад, үхрээ аваачиж өгөхөөр тохиролцоод салсан. 2021 оны 06 дугаар сарын 29-ний орой харанхуй болсон байхад сумын төвийн зах руу явган яваад очтол 6-7 тооны үхэр сумын төвийн дээд талд байж байхаар нь 1 тооны үхрийг тасдаж туугаад, гэр лүүгээ тууж хашаандаа оруулсан. Тэр үхэр их номхон үхэр байсан тул тууж хашаанд оруулахад их амархан байсан. ...арьс, шир, толгойг нь буцах замдаа “Хогийн толгой” дээр хаяаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч Ж.Амарбаярын үйлдлийн улмаас хохирогч С.Тунгалагт 1300000 төгрөгийн хохирол учирсан нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн “нас бие гүйцсэн монголын үнээ 1 ширхэг 1.300.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ж.Амарбаяр нь бусдын өмчлөлд байгаа шороон эвэртэй үхэр буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлчээрээс шунахай сэдэлтээр авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт” хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ. Иймд шүүгдэгч Ж.Амарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. Шүүгдэгч Ж.Амарбаяр нь хохирогч С.Тунгалагт 1300000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ж.Амарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.Амарбаярт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Амарбаярын эд хөрөнгийг битүүмжлээгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ялгасан гэгээн овогт Жасрайн Амарбаярыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Амарбаярт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Ж.Амарбаярт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Амарбаярт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Амарбаярт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Амарбаярт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ж.Амарбаярын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА