Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01893

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Я,  

Нэхэмжлэгч: С.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М******* ХХК,

Хариуцагч: М******* ХХК,

Хариуцагч: Т.Т нарт холбогдох

Хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот зогсоолын хэмжээг Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т.О*******, О.А*******, хариуцагч нарын төлөөлөгч Ж.Б*******, Д.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж тэдгээрийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Х*******, *******, тоотуудад орон сууц худалдаж аваад, тухайн байрны зоорийн давхарт байрлах 11, 12 тоот зогсоолын захиалгын гэрээ хийж худалдаж авсан. Байр худалдан авахдаа М ХХК-ийн санал болгосны дагуу машины зогсоолын схем зурагтай танилцаад, нэхэмжлэгч нар нь тус бүр нь 12 м.кв талбайтай автомашины зогсоол худалдан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл барилгыг ашиглалтанд оруулаад, улсын комисст хүлээлгэж өгсний дараа 2010 оны 10 дугаар сараас эхлээд зураг талбайн хэмжээг зөрчөөд автомашин зогсох боломжгүй, цахилгаан шатны хаалгыг дараад, 16 гэсэн тоот зогсоолыг нэмж төлөвлөөд түүнийгээ Т.******* гэж хүнд худалдсан байна. 16 тоот зогсоол нь өмнө нь төлөвлөгдөөгүй байсан. 16 тоот зогсоолд машин тавихын тулд иргэн ******* анх төлөвлөсөн байсан 11, 12 тоот зогсоолыг хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй болгож, зөвхөн нэг тал, булан луу шахаад өөрөө цаад талд нь гарах болсноороо 11,12 тоот зогсоолын өмчлөх эрхийг зөрчиж эхэлсэн. Ингэснээр автомашин хоорондын зай алдагдаад, машинаасаа бууж суух аргагүй, машины хаалга онгойхгүй, орж гарах боломжгүй болсон. Үүнийгээ нэхэмжпэгч нар нь худалдаж авсан эд хөрөнгөө эзэмшихэд саад болж байна гэж үзэж байгаа. Энэ талаар М ХХК болон М ХХК-д удаа дараа шаардлага тавьж, энэ байдлаа засахыг шаардсан боловч огт хүлээж авахгүй байсан. Тиймээс Мэргэжпийн хяналтын байгууллага болон онцгой байдлын ерөнхий газарт хандаж тодорхой албан шаардлагыг М ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл уг зөрчлөө засахгүй маргаан үргэлжилж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 11, 12 тоот зогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, төлөвлөгдөөгүй буюу цахилгаан шатны хаалгыг хааж автомашины зогсоол гаргасныг хориглох тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсч байгаа. Хэргийн явцад нэхэмжпэгч нар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Л.Я бусад оршин суугчтай адилхан 8 000 ам.доллар төлж дулаан зогсоол авсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үед энэ баримтуудын дагуу бичиг баримтуудаа өг гэсний дагуу иргэний үнэмлэхээ өгсөн. Гэтэл 10 м.кв талбай бүхий дулаан зогсоолын гэрчилгээ гарсан. Гэтэл адилхан үнэ төлөөд байгаа автозогсоолын хамгийн бага нь 12 м.кв байгаа. Л.Яын автозогсоолын хэмжээ 10 м.кв хэмжээтэй байгаа нь автозогсоолд тавигдах шаардлага, стандарт, норм журамд заасан шаардлага хангахгүй, мөн зогсоолыг ашиглах боломжгүй байгаа. Мөн зогсоол хоорондын зайг тусгаарлаж, стандартад заасны дагуу цагаан зураасаар тэмдэглээгүй. Түүнээс болоод иргэд хоорондын зогсоолын зай тодорхойгүй байгаа. Тиймээс нэхэмжлэгч нарын хувьд 12 тоот зогсоолын талбайн хэмжээ Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Т.*******гийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Я, С.Г нар нь Х*******, *******, 29 дүгээр байрны 11,12 дугаар машины дулаан зогсоолын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, мөн хоёр дахь нэхэмжпэлийн шаардлага нь зогсоолуудын зай хоорондын хэмжээ зөрчилтэй байгаа учир цагаан шугам татуулахыг даалгах гэсэн ойлгомжгүй хоёр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл яваад байгаа. Ойлгомжгүй гэдэг нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байгаа. Яагаад энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр иргэн Т.******* нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд миний үйлчлүүлэгч халдаагүй харин нэхэмжпэгч нар миний үйлчлүүлэгч Т.*******гийн эрхэд халдаад, орох гарах гарцыг нь хаасан хууль бус үйл ажиллагаа болсон байгаа. Иргэн Т.*******гийн хувьд М ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 19298 тоот гэрээ байгуулсан. Х*******, 19 дүгээр хороолол 29 дүгээр байрны 53 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан байдаг. Мөн түүнчлэн 29 дүгээр байрны 16 тоот автомашины зогсоолыг захиалгаар бариулах гэрээ байгуулаад худалдан авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч болсон. Улсын бүртгэлд хандаж Х*******, Х хотхон 29-57 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Ингээд өөрийн өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгөө өмчилж 2010 оноос хойш 6 жилийн хугацаанд уг байранд амьдарч байгаа. Өнөөдөр энэ орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хууль ёсны өмчлөгчий хувьд нэхэмжпэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул нэхэмжпэгчийн зүгээс миний хууль ёсны үйл ажиллагаанд халдах эрхгүйг, мөн харилцан хүндэтгэн үүрэгтэй болохыг хариу тайлбарт дурдах нь зүйтэй байх. Өмчлөх эрхтэй холбоотой, өмчлөх эрхэд саад болоод байгаа гэдэг үүднээс нэхэмжпэгч нарын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн шүүхэд хандахдаа 1. 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах, миний үйлчлүүлэгч Т.*******гийн гражийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, улсын бүртгэл хууль бусаар бүртгэсэн болохыг тогтоолгож бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа хөршийн эрх зөрчөөд байна гэдгийг зөрчөөгүй байна гэдгийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлээд тогтоосон. Өөрөөр хэлбэл 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын акт хуулийн хүчинтэй байна, мөн миний үйлчлүүлэгч Т.*******д олгосон 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот гражийг өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газар хуулийн хүрээнд олгосон байна гэж үзээд нэхэмжпэгч нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн байгаа. Ингэж шийдвэрлэсэн нь өнөөдрийн иргэний шүүхэд нэхэмжпэгч нарын гаргаад байгаа нэхэмжпэлийн шаардлага хөршийн эрхийг зөрчөөд байна гэдэг шаардлагыг үгүйсгэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар гаргаж байгаа гэв.

Хариуцагч М ХХК болон М******* ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал М ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талуудын чөлөөт эрхийн үндсэн дээр өөрсдөө сайн дурын үндсэн дээр байгуулах эрхтэй гэсний дагуу иргэн Л.Ятай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 2.3-т захиалагчийн эрх үүрэг гэсэн хэсэг дээр захиалагч орон сууцны байр баригдаж дууссаны дараа карказ зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, доголдолтой эсэхийг шалган хүлээж авах үүрэгтэй. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч талд ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 3 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан. 2010 онд улсын комиссын актын үндсэн дээр барилга ашиглалтанд орж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэгч нар уг авто зогсоолоо шалгаж хүлээж аваад 3 сарын хугацаанд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Талууд 10, 12 м.кв талбайтай авто зогсоолыг худалдаж авахаар тохиролцсон энэ гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, барилга ашиглалтанд орсон байдаг. 10 м.кв хэмжээтэй зогсоолын хувьд Авто зогсоолын ангилал улсын стандартын 4.4, 4.5-д заасан нөхцлийг бүрэн хангаж байгаа. Улсын стандартад юу гэж заасан байдаг вэ гэхээр 4.4 нэгдүгээр ангилалд 5 хүртэл урттай, 1,8 хүртэл өргөнтэй авто машин 10 м.кв хэмжээтэй байхыг зөвшөөрсөн стандарт байгаа. Энэ стандартад нийцсэн 10 м.кв хэмжээтэй зогсоолыг захиалагч захиалсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа. Захиалагч зогсоолоо хүлээж аваад ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Улсын байцаагчийн хүчин төгөлдөр бус дүгнэлтийгүндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардах эрхээ алдана гэж заасан 255.1.1 эд хөрөнгийг хүлээж авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан боловч түүнийг хүлээж авсан бол худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Гэрээний дагуу өөрөө авто зогсоолоо шалгаад авсан. Талуудын тохиролцооны үндсэн дээр 10 м.кв талбай бүхий стандартад нийцсэн зогсоолыг авсан. Ийм учраас нэхэмжлэгч Л.Яын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Энэ барилгыг 2010 онд ашиглалтанд орсноос хойш нэхэмжлэгч нар 3 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Хэрэг үүссэнээс хойш 2 жилийн дараа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарахад зогсоол хооронд заагласан цагаан зураас арилсан учир хэмжилт хийх боломжгүй гээд шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Барилга ашиглалтанд ороод удсан учир цагаан шугам арилсан. Улсын комисс хүлээж авахдаа бүх зүйлийг стандартын дагуу байгаа эсэхийг шалгаж хүлээж авдаг. Тиймээс өнөөдөр нэхэмжлэгч нар цагаан шугам татаагүй гэж даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт лэавагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Я, С.Г нар нь хариуцагч Т.*******, М******* ХХК, М******* ХХК-д холбогдуулан хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот автозогсоолын хэмжээг Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.Я, С.Г нар нь хариуцагч М******* ХХК-тай 2008 онд Орон сууц захиалан бариулах тухай 19/204, 19/202/ тоот гэрээнүүдийг байгуулж, уг гэрээгээр Х*******, 19 дүгээр хороолол ******* хотхоны 29 дүгээр байрнаас орон сууцыг, автозогсоолын хамт захиалан бариулахаар тохиролцжээ.

Хариуцагч М******* ХХК нь Х*******, 19 дүгээр хороолол ******* цогцолбор 54 айлын 2 орон сууц, 22 машины граж, 120 айлын нэг орон сууц, 16 машины зогсоолын хамт улсын комисст 2010 оны 6 сарын 28-ны өдрийн 156/2010 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн байна./хх-ийн 19-20/

 

Түүнчлэн хариуцагч компани нь гэрээнд заасан үүргээ биелүүж, гэрээний дагуу Л.Я нь 14 тоотын 71,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, 10 м.кв талбайтай 12 тоот авто зогсоолын хамт, нэхэмжлэгч С.Г нь 79 тоотын 71,9 м.кв талбайтай орон сууцыг 12 м.кв талбайтай 11 тоот автозогсоолын хамт хүлээн авч, нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2010 оны 10 сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Зохигчид уг асуудлаар маргаангүй байна./хх-ийн 17, 18/

Мөн хариуцагч Т.******* нь хариуцагч М******* ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 19/298 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Х*******, 29 дүгээр байрны 53 тоот 2 өрөө орон сууцыг, 16 тоот автозогсоолын хамт худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2011 оны 3 сарын 18 өдөр, 2011 оны 4 сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон байна./хх-ийн 33-34/

 

Харин нэхэмжлэгч нар нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хариуцагч Т.*******гийн 16 тоот зогсоолыг өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 5 сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 сарын 20-ны өдрийн 393 дугаар магадлалаар ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна./1-р хх-ийн 201-207, 2-р хх-ийн 5-14/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Л.Я, С.Г, хариуцагч Т.******* нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууц болон авто зогсоолуудыг хууль ёсоор мэдэлдээ авч, зохих байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан хууль ёсны өмчлөгчид болжээ.

 

Гэвч нэхэмжлэгч нар нь дээрх 11, 12 тоот авто зогсоолуудыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Т.******* болон М******* ХХК, М******* ХХК-иуд саад болж байгаа бөгөөд Т.*******гийн худалдаж авсан 16 тоот авто зогсоол нь уг барилгыг анх барихад төлөвлөгдөөгүй байсан бөгөөд бидний машиныг шахаж тавиулж, бидний зогсоол дээгүүр орж гарч, нэхэмжлэгч нар нь худалдаж авсан эд хөрөнгөө эзэмшихэд саад болж байна гэж үзэж байгаа. Энэ талаар М ХХК болон Макс-Импек ХХК-уудад удаа дараа шаардлага тавьж, энэ байдлаа засахыг шаардсан боловч огт хүлээж авахгүй байсан... гэж тайлбарласныг, хариуцагч нар бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч М******* ХХК, М******* ХХК-ууд нь нэхэмжлэгч Л.Я, С.Г нарт болон хариуцагч Т.******* нарт гэрээгээр тохирсон зүйлийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь уг авто зогсоолуудыг хүлээн авснаас хойш 7 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын ямар хууль бус үйлдэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгч нарын эрхийг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Я, С.Г нарын хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот авто зогсоолын хэмжээг Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын авто зогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай хариуцагч Т.*******, М******* ХХК, М******* ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ