Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/01900

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ө******* ХХК /РД:******/-д холбогдох,

Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 4 930 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Ө******* ХХК-тай 2016 оны 5 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эрэг гэдэг газарт байрлах объектыг гадны гэмт халдлага, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг гүйцэтгэн ажилласан. Харуул хамгаалалтын ажлын хөлс төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь төлбөрийг төлж байсан ч сүүлийн 2016 оны 9 сарын төлбөр болох 9 025 340 төгрөгөөс 4 075 905 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Үйлчлүүлэгч нь хуваарийн дагуу 2016 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж дуусгах ёстой байсан ч 2017 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 210 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээний 9.4-т заасны дагуу хугацаа хожимдуулсан хоног тутам 0.1 хувийн алданги 855 940 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 4 075 905 төгрөг, нийт 4 930 000 төгрөгийг Ө******* ХХК-иас гаргуулж өгнө үү. Үйлчлүүлэгчийн зүгээс манай компанийг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж хамгаалалтын ажилтнууд олон нийтдээ архи уух, х*******й хийж ажлын байраа орхиж ясан гэх хариу тайлбар шүүхэд ирүүлсэн боловч ийм нөхцөл байдал үүсч байгаагүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Харин хамгаалалтын хоёр ажилтан архи ууж зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ байдал нь үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2016 оны 5 сараас мөн оны 10 сарын 01-ний өдөр хүртэл нөхөн сэргээлтийн ажилд Х******* ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Уг компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж хамгаалалтын ажилтнууд нь орон нутгийн иргэдтэй нийлж архи уух, х*******й хийж ажлын байраа орхиж явах зэргээр үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Ө******* ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 4 930 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х******* ХХК нь Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цэгээн эрэг гэх газар байрлах обьектыг гадны гэмт халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг 2016 оны 5 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл гүйцэтгэх ба хариуцагч Ө******* ХХК хамгаалалтын үйлчилгээ авсны хариу төлбөрт нэг сарын нийт төлбөрт 9 025 340 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна./хх-ийн 4-8/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний хугацаа дууссан хэдий ч нэхэмжлэгч нь дутуу авсан ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ө******* ХХК нь төлбөрийг төлөхгүй шалтгаанаа нэхэмжлэгч компани гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж хамгаалалтын ажилтнууд орон нутгийн иргэдтэй нийлж архи уух, х*******й хийж ажлын байраа орхиж явсан гэж тайлбар гаргаж маргасан хэдий ч энэ талаараа нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Харин нэхэмжлэгч компани нь гэрээний 9.4-т зааснаар 855 940 төгрөгийг алданги гаргуулна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 9.4-т үйлчлүүлэгч тал гэрээний 2.7-д заасан гэрээний хугацааг хожимдуулсан тохиолдолд хамгаалагч тал хугацаа хожимдуулсан хоног тутам 0.1 хувийн алданги тооцон нэхэмжилнэ. гэж тохиролцсон хэдий ч гэрээний 2.7-д заасан зардал нь нэхэмжлэгч тал буюу хамгаалагч талд өөрт нь хамаарал бүхий заалт байх тул талуудыг алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 

Иймд хариуцагч Ө******* ХХК-иас 4 075 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 855 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Харин хариуцагч Ө******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нэхэмжлэлийн хувийг гардан авч, улмаар 2017 оны 9 сарын 05-ны өдрийг шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан ба шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө******* ХХК-иас 4 075 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 855 940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 80 164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ