Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1056

 

 

 

 

 

 

 

 

2020            12            22                                         1056

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Эт холбогдох эрүүгийн 2005027211600 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Э.

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн урд талын автобусны буудал орчим хохирогч А.Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 5 дугаар шүдний булгаралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч намайг “чи миний гар утсыг авлаа” гэснээс болж бид маргалдсан. Хохиролд 100 000 төгрөг төлсөн ба надаас нэмж хохирол нэхэмжлээгүй. Би хохирогчийн биед гэмтэл учруулж, өөрөө гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсандаа харамсаж байна. Би уг хэргээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- А.Г мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Модны-2-т байрлах нэрийг нь мэдэхгүй нэг пабад орж 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Ингээд 20 цагийн үед 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх дэлгүүр орж тэлээ авчхаад, найз Энх-Амарыг утсаар дуудсан. Удалгүй хүрч ирээд Энх-Амар намайг манай ах Батцагааны гэрт хүргэж өгсөн. Тэндээ хоноод өглөө 07 цаг 30 минутын үед Саппаро худалдааны төвийн ард байрлах Буянт оношилгоо нэртэй эмнэлэг орсон. Тухайн үед уг эмнэлэгт менежерээр ажилладаг байсан юм. Ингээд 11 цагийн үед архи уумаар санагдаад дотроо засах гээд дэлгүүр орж, 100 граммын шилтэй Хараа архи уусан.

...ингээд би 3 дугаар эмнэлгийн урд талын байран дунд орж суугаад тамхи татсан. Амарсанаа гэх найзтайгаа чатлаад сууж байтал хоёр эрэгтэй хүн хүрч ирээд намайг харснаа бичлэг хийгээд эхэлсэн. Фейсбүүкт тавина гэж хэлж байсан. Би больчих гэж хэлэхэд бичлэг хийхээ болиод хажууд ирж суугаад тамхи асаагаад татсан. Манай гэрийг асуухаар  нь Оргил худалдааны төвийн хажууд гэж хэлсэн. Ингээд би тэр хоёрын утсыг гуйгаад эгч рүүгээ залгаж ярьсан. Миний утас байсан эсэхийг би мэдэхгүй байгаа юм. Ингээд удалгүй О, Оюунгэрэл нар ирээд намайг аваад явах гэтэл тэр хоёр залуу явуулахгүй гээд байсан. Яагаад явуулахгүй байгаа талаар асуухад намайг гар утас хулгайлсан гэж хэлсэн. Би цагдаа дуудсан, хүлээж бай гэсэн. Манай хоёр эгч тэр хоёр залуутай маргалдсан. Тэр үед нөгөө хоёр залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Энэ үед хоёр эгч зугтаад ТҮЦ рүү явсан. Нэг залуу нь араас нь дагаад явсан. Тэр үед миний хажууд үлдсэн залуу уурлаад миний уруул, шүд хэсэгт 3 удаа цохисон. Ингээд газар унаад хүзүүн дээр тохойлдоод дарсан. Энэ үед нүүр, дух газарт үрэгдээд шалбарсан. Миний нүүрэн дээр хагархай шил барьчхаад зүснэ шүү гээд байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Намайг газар унагаад хүзүүн дээр тохойлдоод нүүрээр маань газар дарах үед духны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан. Уруул, шүд хэсэгт гурван удаа цохих үед дээд уруулд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод 5 дугаар шүдний булгаралт, баруун доод хоёр дугаар шүдний сулрал гэмтэл учирсан. Баруун хацрын зулгаралтыг хэрэг болохоос 15 хоногийн өмнө гэмтээсэн байсан. Эмчилгээний зардалд томограф хийлгэхэд 100 000 төгрөг болсон. Өөр эмчилгээнд зардал гараагүй. Суларсан шүд нь зүгээр бэхэжсэн. Доод 5 дугаар шүд унасан. Уг шүдийг хийлгэх хүсэлтэй байгаа. Гэхдээ хэдээр ямар шүд хийлгэхээ мэдэхгүй байна. Гар утсаа нэхэмжлэхгүй гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.О мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байхад миний гар утас руу 94110586 дугаар залгаад гурав дугаар эмнэлгийн урд автобусны буудал дээр танай дүү гэх залуу согтуу байна гэсэн. Намайг очиход манай дүүгийн хажууд хоёр согтуу залуу сууж байсан ба манай дүү зодуулсан байдалтай хамраас нь цус гарсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ш мэдүүлэхдээ:

...Босох чадваргүй согтуу байсан. Зүүн духны дээд хэсэгт шалбарсан, өөр шалбархай байгаагүй. Ямар нэгэн эд зүйл байгаагүй. Согтуу, утсаа энэ өвсөн дунд байгаа гээд байсан ба тэр газарт нь үзэхэд утас байгаагүй. Би тэр хүнд огт ойртоогүй. Э намайг автобусны буудал руу явсан үед тэр залуутай юу болсон талаар сайн мэдэхгүй байна. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10517 тоот дүгнэлтэд:

1. А.Гийн биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 5 дугаар шүдний булгаралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Баруун хацарт зулгаралт гэмтэл нь хуучин бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

5. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Э эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн урд талын автобусны буудал орчим “гар утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч А.Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 5 дугаар шүдний булгаралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Г, гэрч Ч.О, Н.Шийрэв нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10517 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, Г.Эоос 100 000 төгрөг авсан гэжээ. Иймд Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч А.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Эт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч А.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН