Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ариунболдод холбогдох эрүүгийн 1837000000057 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Харчинаахан овогт Баярсайханы Ариунболд нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр Халиуны бэлчир гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 06-13-ны өдөр жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч Харчинаахан овогт Баярсайханы Аринболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ариунболдыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунболд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ариунболд нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунболдын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Энхбаяр, Ч.Отгон нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ариунболд нь жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр зэрэг эд зүйлээ хүргэж хууль бусаар ашигт малтмал эрж хайсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан жижиг оврын трактор нь Б.Ариунболдын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх бөгөөд хохирол учраагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл буюу жижиг оврын трактор 17-52 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох аль эсвэл улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байхад шүүгч хуулийн заалтыг буруу ойлгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ариунболд нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр Халиуны бэлчир гэх нэртэй газарт 2018 оны 09 дүгээр сарын 06-13-ны өдөр жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Прокурор  “ . . . Б.Ариунболд нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр Халиуны бэлчир гэх газраас хууль бусаар ашигт малтмал эрж хайхдаа 17-52 ӨВР улсын дугаартай Kio Rhino маркийн автомашин, жижиг оврын тракторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байхад тэдгээрийг хураах буюу үнийг нь гаргаж улсын орлого болгохоор хуулчилсан байхад шүүх хууль ёсны эзэмшигчид  буцаан олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна  . . .  “ гэж  эсэргүүцэл бичсэний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл: Б.Ариунболдын  үйлдсэн хэрэг нь  хавтаст хэрэгт авагдсан гэрч  Б.Энхбаяр, Ц.Отгон, Ц.Даваажав нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, авто машин үнэлсэн тухай тайлан, эд зүйлийн үнэлгээ, Б.Ариунболдын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.  

            Б.Ариунболдын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм бурууд тохирсон, шүүх хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого “ гэж . . . гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно “ гэж хуульчилсан байхад Б.Ариунболдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон бусад зүйлийг хураах буюу үнийг нь гаргуулахгүйгээр хэргийг  шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул түүнээс уг тээврийн хэрэгсэлүүд буюу үнийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

             Прокурорын бичсэн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин прокурорын эсэргүүцлийн хэсгээс хэргийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 06-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг ” Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн гар хийцийн шигшүүр бүхий жижиг оврын трактор, Kio Rhino маркийн ачааны машин зэрэг 5500000 / таван сая таван зуун мянган / төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэлийг бүтүүмжилсэн прокурорын 72,73 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ариунболдоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн жижиг оврын трактор / Унагалдай гэх / буюу үнэ 5000000 төгрөг, гар хийцийн шигшүүр буюу үнэ 150000 төгрөг, 1752 ӨВР гэсэн улсын дугаартай ачааны авто машин буюу түүний үнэ 3000000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай “  гэж өөрчлөлт оруулж  шийтгэх тогтоолын  бусад зүйл, заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА