Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0293

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 06 өдөр                       Дугаар                             Улаанбаатар хот

                                                           128/ШШ2020/0293                           

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, С.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э.

Хариуцагч: НХААГ     

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар шийдвэрийг биелүүлэхийг  хариуцагчид даалгаж, НХААГ, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд төлөвлөгөө, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй гэж Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулан тус хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь миний хөдөлмөр эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хүулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан үзэхгүйгээр албан тушаал бууруулсан.

Уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлын дагуу хянаад “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахдаа Т.Э-г хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Төрийн албны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэл оногдуулах захиргааны акт гаргах талаар танилцуулсан байх боловч түүнийг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн зөрчил гаргажээ ...” хэмээн албан тушаал бууруулсан тушаал хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар албан тушаал бууруулснаас хойш 10 хүрэхгүй хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар намайг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалг*******ж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж заасныг болон 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалг*******ж авах”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг тус тус зөрчсөн.

Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2019 оны 241 дүгээр захирамжаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц орон тооны хязгаарыг 35 байхаар шинэчлэн баталсан байх бөгөөд өмнөх орон тоо хасагдаагүй.

Иймээс орон тоо хасагдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн 2019 оны  6 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус гомдлыг төрийн албаны зөвлөл хянаад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар “Албан тушаал бууруулах” тушаал, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаал “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, томилгооны зөрчлийг хуульд нийцүүлэн залруулах тухай 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичгийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгахаар хүргүүлсэн.

Гэтэл нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын захиргаа санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д “энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

Миний бие нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэтэл 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын захиргаа санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “мэргэшсэн тогтвортой байх” гэж заасныг зөрчиж байна.

            Иймээс өөрийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү гэх хүсэлтийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүсэлт гаргахад 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1548 дугаар албан бичгээр “... албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр адил төрийн албан тушаалд томилсон тул 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ажлын цагийн бүртгэл эхэлснийг үүгээр мэдэгдэж байна ...” гэх хариуг ирүүлсэн.

Дээрх албан тушаалын ялгаа нь захиргаа санхүү, төлөвлөгөө тайлан хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж үзээгүй. Миний хувьд худалдан авах чиглэлээр мэргэшсэн А3 сургалтад хамрагдсан ба энэ чиглэлээр гурван жил ажилласан. Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтний хувьд Төрийн болон орон нутгийн хөрөнгөө бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуулах үүрэгтэй. Харин Захиргаа санхүүгийн хэлтсийн төлөвлөгөөт тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн нь тухайн байгууллагын төлөвлөгөө тайланг бүхэлд нь нэгтгэж нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлдэг эрс ялгаатай хоёр албан тушаал байсан учир хуучин ажиллаж байсан өөрийн мэргэшсэн албан тушаал дээр ажиллах хүсэлттэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлын харгалзан үзэж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар шийдвэрийг биелүүлэхийг  хариуцагчид даалгаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий гурван тушаал болох нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан, ажлаас чөлөөлсөн, буцаан ажилд томилсон тушаалууд юм. Албан тушаал бууруулсан Б/43 дугаар тушаалын тухай Т.Э нь Тамгын газраас ирүүлсэн үүрэгт төлөвлөгөөт тайлан гаргах үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод гаргасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд ажил, албан тушаал бууруулж байна гэдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг энэ талаарх нотлох баримт гаргаж өгөх байх гэж найдаж байсан. Захиргааны ерөнхий хуулиар өөрөө мэдэж байж нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэдэг хуулийн зарчмын шинжтэй заалт орсон учир хариуцагч үүнийг ойлгож байгаа байх. Мөн хариуцагч байгууллагын хуулийн газрын дарга нь оролцож байна. Үүнийг дурдаж байгаа нь нэхэмжлэгч нь ямар үүрэг даалгавар биелүүлээгүй, үүн дээр ямар хариуцлага оногдуулсан гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Б/43 дугаар тушаал дээр дурдаж байгаа төлөвлөгөөт тайлан гаргаж өгөх үүрэг нь өөрийг нь шинээр ажилд томилсон төлөвлөгөөт тайлан хариуцсан ахлах мэргэжилтний хийх ажил гэдэг зүйлийг хэлсэн. Нэхэмжлэгчийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний буруутгахдаа төлөвлөгөөт тайлан өгсөнгүй гэдэг асуудлаар буруутгаад үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Төрийн албаны зөвлөлийн 01/983 дугаар албан бичигт тодорхой бичсэн. Үүнд дээр маргаагүй ба үүнийг биелүүлсэн гэдэг тайлбар гаргасан. Хууль зүйн үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн албан тушаал буруулах үндэслэл байгаагүй ба хууль зөрчсөн шийдвэр байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Маргаан бүхий Б/45 дугаар захиргааны акт дээр хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг нь ажлаас чөлөөлөхтэй холбоотой асуудал хуульд заасан бусад үндэслэл гэсэн ерөнхий ойлголт байгаа. Тухайн тушаалын хууль зүйн үндэслэл дээр газрын дотоод журам дээр ямар зөрчил гаргасан бол ажлаас халах, Хөдөлмөрийн дотоод журам дээр ямар зөрчил гаргасан бол ажлаас халах талаарх заалт нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.3, 8.1.2 дахь заалтыг судлаад үзэхээр бүрэн эрхийн шинжтэй заалт байна. Ажлын орон тоо цөөрсний улмаас ажлаас халах үндэслэл, нөхцөл байхгүй. Гурван орон тоотой байсан ахлах мэргэжилтний орон тоог цөөрүүлэн орон тоог хоёр болгосон. н.Болдбаатарыг маргаан бүхий албан тушаалд томилж байгаа нь Т.Э-д зориулж орон тооны өөрчлөлт орсон байна гэж хардаж байна. Төрийн албаны зөвлөлийн хариунд 2019 оны 99 дугаар тушаалаар бүтэц орон тоо өөрчилсөн нь буруу байна. Нийслэлийн Засаг даргын захирагчийн 2019 оны 241 дугаар тушаал дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 35 орон тоотой байна гэсэн ба 35 орон тоотой байгаа. Хэн нэгэн таалагдаагүй ажилтнаа халахын тулд тэр хүнийг өөр хэлтэс рүү шилжүүлдэг, албан тушаалыг өөрчилдөг үйл баримт байж болохгүй. 2019 оны 08 дугаар сард нэхэмжлэгчийн ажлаас халсны дараа орон тоог нь гурав болгосон ба гурав болгохдоо н.Б-г томилсон. Одоо маргаан бүхий орон тоон дээр хүн байна уу гэхэд хоёр албан тушаалтан байгаа н.Болдбаатарыг чөлөөлсөн ба нэг нь жирэмсний амралттай байгаа, нэг албан тушаал сул байгаа. Энэ нөхцөл байдал тогтоогдоод байхад Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөр ажил ажил албан тушаалд томилсон хариуцагчийн үйлдэл нь хууль бус юм.

Маргаан бүхий Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь томилсон бид үүргээ биелүүлсэн гэх боловч захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нэхэмжлэгчид эрх олгоод ажилд нь томилж байгаа боловч заавал тухайн албан тушаал дээр байх ёстой. Худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй гэдгээ хариуцагч захиргааны байгууллага нотлоогүй. Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт төрийн алба мэргэшсэн тогтвортой байна гэж заасан. Дуртай этгээдээ тухай албан тушаалд түр албан гүйцэтгэгчээр томилдог хууль бус ажиллагааг хуулиар зохицуулж төрийн алба мэргэшсэн, тогтвортой, албан тушаал зэрэг дэв ахиулах бол мерит зарчим буюу хамгийн ур чадвартай ажиллах боломжтой хүмүүсийг сонгон шалг*******ж томилно гэдэг заалт байна. Эдгээрийг зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл байсан уу гэдэг асуудал дээр хариуцагч байр суурь илэрхийлэхгүй. Нэхэмжлэгчийг Захиргаа санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтнээр томилох хууль зүйн үндэслэл байхгүй байхад томилсон.

Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл, Т.Э-г ямар учраас ажлаас чөлөөлж өөр ажил албан тушаалд томилсон талаар байдаггүй. Нэхэмжлэгчийн 2017 онд гаргасан зөрчилтэй холбоотой хоёр өдрийн зайтай буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр болон 04 дүгээр сарын 12-ны өдөр нэг албан бичиг дээр нь сануулаад нөгөө дээр нь ажил албан тушаалыг нь бууруулсан. Энэ тушаал дээр маргаагүй ба маргах ч боломж байхгүй. 2002 оны хүчингүй болсон Төрийн албаны тухай хуулиар 26 дугаар зүйл дээр тухай асуудлыг сахилгын зөрчил гэж байгаа бол илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сарын дотор хариуцлага тооцно гэдэг заалт байсан.

Одоогийн дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хууль дээр сахилгын зөрчил гарсан бол зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчил илрүүлснээс хойш 1 жилийн дотор хариуцлага тооцно гэсэн заалт байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тушаалын үндэслэл дээрээ өөр зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал нь маргаж байгаа тушаалтай хамааралгүй ба 2017 оны тушаал юм. Өнөөдрийн хуулийг бариад үзвэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 983 дугаар албан бичиг дээр дурдсан. Т.Э-г 2018 оны Б/125 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний ажил албан тушаалд томилжээ. Нэхэмжлэгч нь муу ажилладаг байсан бол 2017 онд сахилгын шийтгэлээр сануулах арга хэмжээ авчхаад яагаад 2018 онд томилсон бэ. 2018 онд томилчхоод 2017 оны асуудал яриад байгааг гайхаж байна. Мөн Төрийн албаны тухай хууль дээр Төрийн албан хаагчийн баталгаа байдаг. Төрийн албан хаагчийг ажлаас халж болохгүй үндэслэл, Төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Төрийн албанд ажилласны төлөө төр төрийн албан хаагчид баталгаа олгоно. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл дээр төрийн албан хаагчийн хуульд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглоно. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл харагдахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Б/45, Б/43, Б/87 дугаар тушаалуудыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах хэлтсийн ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох тухай” 01/983 дугаар албан бичгийн дагуу газрын албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж Т. Э*******ыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр адил төрлийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс томилж шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Монгол Улсын Их хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 14.5-д заасны дагуу төрийн албаны зөвлөлийг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор уг шийдвэрийн биелэлтийн талаар Төрийн албаны зөвлөлд эргэн хариу мэдэгдсэн.

Ийнхүү Т.Э*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр адил төрлийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзсэн.

Нэхэмжлэгч нь зөвхөн худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллана гэж төрийн албан тушаалыг өмчлүүлээд өгсөн мэтээр асуудалд хандаж байгаа ба албан тушаалын сул орон тоонд томилох асуудал нь газрын даргын эрх хэмжээний асуудал юм.

Одоогийн байдлаар Т.Э нь албан тушаалд томилсон 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш албан үүргээ гүйцэтгээгүй, удаан хугацаагаар ажлаа тасалж байна. Албан тушаалд томилсон байхад Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар шийдвэрийг биелүүлж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэж шийдвэрлэсэн ба Т.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, С.Р  нар шүүхэд ирсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж мэргэжлийн болон ёс зүйн алдаа, зөрчил удаа дараа гаргаж хэд хэдэн шийтгэл ногдуулж байсан тул энэхүү шийдвэрийг гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/752 дугаар захирамжаар батлагдсан Худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх хэсэгт заасан “Батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах” чиг үүргийг хэрэгжүүлэн тус газрын дарга шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр адил төрлийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон тул Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны Б/87 дугаар тушаалыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.3 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд тус газар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар шийдвэрийг биелүүлж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэж шийдвэрлэсэн ба Т.Э-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа тогтвор суурьшилтай ажилласан гэдэг нь эргэлзээтэй. 2016 оны 10 дугаар сарын 28-нд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдож байсан. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл авч байсан. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулж, мэргэжилтний албан тушаалд томилж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн мэргэжилтнээс чөлөөлж хуулийн хэлтэс рүү шилжүүлж байсан. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь хувь хүний ажлын хариуцлага зохион байгуулалттай холбоотойгоор мэргэжилтэн болгож бууруулсан, дараа нь хуулийн хэлтэс рүү шилжүүлсэн нь худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа гаргаж арга хэмжээ авахуулж байсан.

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлөвлөгөөт тайлан ирүүлэх тухай Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан тоотын дагуу Т.Э******* төлөвлөгөөт тайлан гаргаж өгөх байсан боловч төлөвлөгөөт тайлангаа буруу гаргаж өгсөнтэй холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулсан. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг дахин албан тушаал буруулж худалдан авах ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр томилсон ба Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн 2015-2020 оны үйл ажиллагааны болон эдийн засаг, нийгмийн 2019 оны үндсэн чиглэлд тусгасан ажлуудыг төлөвлөгөөний дагуу Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх байсан ажлыг хоцроосон, цаг хугацаатай зүйлийг хугацаанд биелүүлээгүй. Газрын даргын 2017 оны А/131 дүгээр тушаалаар ажлын цагийн бүртгэл, цаг ашиглалтын хяналт тавих журмыг зөрчсөн. Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэгдэж байсан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Т.Э-г албан тушаалаас нь чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь Зохион байгуулалт хэлтэс орон тооны хязгаарыг батлах тухай Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн хавсралтаар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц орон тоог 35 хүртэл тоогоор баталсан. 2019 оны А/99 дүгээр тушаалын хавсралтаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын жагсаалт батлагдсан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Газар зохион байгуулалт бүтэц батлах тухай” А/15 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газрын удирдлага зохион байгуулалтын бүтэц, худалдан авах ажиллагааны хэлтэс нь 2015 байгаагүй 2019 онд шинээр батлагдсан Худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын жагсаалтаар 13 орон тоог баталснаар 2 орон тоо хасагдсан. Т.Э орон тоо хасагдсан талаар мэдэгдэж тайлбар, санал гаргах боломж олгосон ба нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ирсэн боловч санал, тайлбар гараагүй явсан. Нэхэмжлэгч нь 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өвчтэй байсан гэсэн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй. Нэмж С******* өрхийн эмнэлгээс акт авчирсан. Энэ эмнэлгийн магадалгаа листгүй учир албан ёсны өвчтэй гэж үзэх үндэслэлгүй бусад эмнэлгийн магадалгаа засвартай гэх мэт шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй. Албан ёсоор өвчтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайлбал 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 7 хоногийн эмчийн магадалгаа 6 дугаар сарын 19-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 7 хоногийн эмнэлгийн магадалгаа листгүй, өдөр нь давхацсан, засвартай байгаа гэж үзсэн. Энэ мэтээр төрийн албан хаагчийн хүлээх үүргийг биелүүлээгүй, хууль зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халах үндэслэлтэй байсан боловч байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулж, захиргаа санхүүгийн хэлтсийн мэдээ тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй тул худалдан авах ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр томилсон. Мэргэжилтнээр томилсон асуудлыг Төрийн албаны зөвлөл дээр буруу Т.Э*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, томилгооны зөрчлийг хуульд нийцүүлэн залруул гэсэн чиглэлийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт өгсөн ба чиглэлийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б/87 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Захиргаа, санхүү хэлтсийн төлөвлөгөөт тайлан хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон. Т.Э-г томилоод ирж ажлаа хүлээж ав гэсэн хүсэлтүүдийг удаа дараа цахимаар болон утсаар мэдэгдсэн боловч ажилдаа ирээгүй. Энэ талаар Төрийн албаны зөвлөлд Т.Э дахин хүсэлт гаргасан ба хүсэлтийг нь хянаж үзээд Т.Э-н эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзсэн. Иймд Т.Э-н нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын Б/43, Б/45, Б/87 дугаар тушаалуудыг талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Иргэн Т.Э тус шүүхэд хандан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар албан тушаал бууруулах тушаал, 2019 оны 6 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар албан тушаалаас чөлөөлөх тушаал, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар албан тушаалд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ[1].         

Т.Э нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд 2018 оны Б/125 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд түүнийг тус газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн хүрээнд төлөвлөгөө, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж, тус хэлтэст мэргэжилтнээр томилжээ[2].

Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг үндэслэн Худалдан авах ажиллагааны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Т.Э-г мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ[3].

Т.Э нь эдгээр тушаалуудыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичигт: “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахдаа Т.Э-г хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны акт гаргах талаар танилцуулсан байх боловч түүнийг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн зөрчил гаргасан” гэсэн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчаас нэхэмжлэгчийн буруутай буюу тайлан, төлөвлөгөө гаргах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны газрыг дарга, орлогчийн хамтаар нийт 35 хүртэл орон тоо байхаар баталжээ.[4]  

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд орон тоо өөрчлөгдөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдаагүй байна. Энэ нь ахлах мэргэжилтний албан тушаалд тус газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар С.Б-г томилсон тушаалаас харагдаж байна[5].

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтээр Т.Э-г урьд эрхэлж байсан байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, томилгооны зөрчлийг хуульд нийцүүлэн залруулж, ... хариу ирүүлнэ үү” гэсний дагуу  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилжээ[6].

Хэрэгт авагдсан Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, Захиргаа, санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд эдгээр албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд тавигдах төрийн ерөнхий болон тусгай шаардлага нь адил байна.  

Ийнхүү Т.Э-г урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр Захиргаа, санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсныг Төрийн албаны зөвлөл буруутгаагүй[7], уг томилсон тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хувьд түүний хөдөлмөр эрхийн харилцааг зохицуулсан албан тушаал бууруулсан, албан тушаалаас чөлөөлсөн, албан тушаалд томилсон гэхчлэн өөр өөр агуулгатай тушаалууд нь зэрэгцэн үйлчлэх боломжгүй, давхардсан нөхцөл байдал байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тушаалуудад дүгнэлт өгснийг, нэхэмжлэгчийн зүгээс “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг дурдаж буйтай адил “төрийн жинхэнэ албан хаагч нь ард түмэнд үйлчлэх, төрийн албаны захирах, захирагдах ёсны” зарчмууд нь мөн нэгэн адил зэрэгцэн хангагдах учиртай, “зөвхөн би тухайн албан тушаалд ажиллах ёстой” гэж үзэж байгаа нь учир дутагдалтай.      

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 49 дүгээр зүйлийн 49.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал, 2019 оны 6 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар албан тушаалыг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          У.БАДАМСҮРЭН

 

 


[1] 2-р хавтаст хэргийн 26-р хуудас дахь шүүх хуралдааны тэмдэглэлд

[2] 1-р хавтаст хэргийн 7-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 8-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 21-24-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 225-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 11-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 29-р хуудас