Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0189/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Г.Жамбалдорж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарлууз овогт Гэнэндарамын Жамбалдоржид холбогдох 201609000414 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дарлууз овогт Гэнэндарамын Жамбалдорж /РД:ВА90121911/, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дулаан Шарын гол” ТӨХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүгийн хамт Шарын гол сумын Санжинт баг Ойчдын 17-30 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Г.Жамбалдорж нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт архидан согтуурсан үедээ С.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар С.Сүхбаатарыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Г.Жамбалдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай ажлынхан Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу зугаалж байхад Сүхбаатар надтай маргалдаж намайг цохих үед нь би зөрүүлж цохисон юм.  Тухайн үедээ Сүхбаатар “мөр эвгүй болчихлоо” гэхэд нь би “гайгүй биз дээ” гэж асуухад “зүгээр” гэж

D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Jambaldorj 98.1.doc
хэлсэн юм. Сүхбаатар тухайн шөнө 1 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явсан. Хохиролд 250000 төгрөг төлсөн.
…тэнсэн харгалзаж өгнө үү, би гэм буруутай.” гэх мэдүүлэг,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 9 дэх тал/,

-Хохирогч С.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажлын газрын хүмүүсийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шивэрт” гэх газарт очиж голын эрэг дээр амарсан. Бид нар хоол хийж идээд архи дарс уугаад дуулж хуурдаад сууж байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим манай байгууллагад шинээр орсон Жамбалдорж нь архи уугаад нилээд согтуу хүмүүс рүү янз бүрийн таагүй үг хэллэг яриад агсам тавиад яваад байсан. Би наанаас нь Жамбалдорж дээр явж очоод “чи залуу хүн байж уусан идсэнээ шингээ” гэж хэлсэн. Тэгэхэд Жамбалдорж миний өөдөөс хэдэрлээд үг тоохгүй “чамд ямар хамаатай юм” гээд над уруу дайрсан. Миний уур хүрээд “жоохон юм байж хүний үг тоохгүй” гэж хэлээд гараараа Жамбалдоржийг алгадаад авсан. Тэгэхэд Жамбалдорж уурлаад гараараа миний эгэм рүү цохиод газар унагаасан. Намайг газарт унахад дээрээс Жамбалдорж дараад давхарлаад хамт газар унасан. Бид хоёрыг зууралдаад газар унасан байхад цаанаас ажлын газрын Оргилболд гүйж ирээд Жамбалдоржийг “чи ямар хаашаа юм, наад хүн чинь 10 гаруй жил ажилласан хүн, чиний төлөө үг хэлж байхад хөгшин хүний үг авахгүй” гэж загинаад цаашаа авч яваад унтуулсан. Би нилээд байж байгаад мөр өвдөөд байхаар нь эгэм дээрээ гараараа дараад үзэхэд эгэмний яс хугарсан юм шиг хөдлөөд нилээд хавдсан. Би Жамбалдоржийг унтаад архи нь гайгүй болохоор нь өөрийг нь дуудаж байгаад эгэмний хугарлаа үзүүлэхэд Жамбалдорж “таны мөр гэмтсэн юм биш үү” гээд байсан. Тэгээд Жамбалдорж надаас уучлалт гуйгаад гар барьсан.  
…би урьд өмнө эгэмээ хуглаж байгаагүй. Миний эгэм Жамбалдоржтой маргалдах үед хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/, 

-Хохирогч С.Сүхбаатарын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 13-17 дахь тал/, 
   
-Гэрч Б.Оргилболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн ажилчдыг манай ажлын газрын  Бохирын нацосны машинч ажилтай Нүүдэл гэдэг эгч хариуцаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу салхинд нэг хоног авч гарсан юм. Бид “Шивэрт” гэх газарт голын эрэг дээр очоод хонь алж хорхог хийсэн. Тэгээд хамт олноороо байсан болохоор ганц хоёр архи, пиво уусан. Бид нар өдөр 14 цагийн орчим гал асаагаад галаа тойрч суугаад архи тойруулаад юм яриад сууж байхад Сүхбаатар ах Жамбалдорж хоёр зэрэгцэж суучихаад маргалдаад байсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тэр хоёрыг юунаас болоод хоорондоо маргалдсан талаар сонсоогүй. Тэгээд маргалдаж байснаа Сүхбаатар ах Жамбалдоржийг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд Жамбалдорж Сүхбаатар ахыг эргүүлээд гараараа цохиод дээрээс нь дараад унасан. Би хажуухан талд нь сууж байсан болохоор очоод Жамбалдоржийг Сүхбаатар ахын дээр дараад хэвтэж байхаар нь салгаад авсан. Тэгээд Сүхбаатар ахыг нөгөө талд сууж байгаа хүмүүс дээр хүргэж өгөөд суулгасан. Харин Жамбалдоржийг ажлын газрын инженер Баярцэцэг эгч аваад цаашаа машинд авч очиж амраасан.
...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шарын гол сумын наадам болж байхад талбай дээр Сүхбаатар ахтай таарахад Шивэртэд амардаг өдөр Жамбалдоржтой маргалдаж байх үед эгэм хугалсан байна гээд зүүн гараа унжуулсан явж байсан. Би тэр хоёрыг урд өмнө нь маргалдаж байхыг ерөөсөө мэдэхгүй юм байна.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, 

-Гэрч Н.Нүүдэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Дулаан Шарын гол” ТӨХК-нд ажилладаг юм. Манай байгууллагаас Ус дулаан ариутгах татуургын хэсгийн ажилчид 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Шивэрт” гэх газарт голын эрэг дээр салхинд гарсан юм. Би Шивэртэд байж байгаад Сүхбаатар ах “Шарын гол сум руу яваад хүнээс гитар аваад ир” гээд байхаар нь өдөр 13 цагийн орчим селесрь Гантулгын хамт төв орсон. Бид 2 Мөнхжаргал гэдэг хүнээс гитар аваад эргээд 1 цагийн орчмын дараа Шивэртэд ирсэн. Би очоод хүмүүсээ бүртгэхэд Жамбалдорж байхгүй байсан. Би Жамбалдоржийг хаашаа явсан талаар хүмүүсээс асуухад “сая Сүхбаатар Жамбалдорж хоёр хоорондоо маргалдаад байхаар нь Жамбалдоржийг Баярцэцэг дарга машинд оруулаад унтуулсан” гэж хэлсэн.  Би Гантулгын машинд очоод харахад Жамбалдорж машин дотор унтаж байсан. Харин Сүхбаатар ах гитар тоглоод ажлын газрын хүмүүстэй архи уугаад сууж байсан. Орой 00 цагийн үед төв рүү Оюунцэцэг эгчийг гэрт нь хүргэж өгөх гэж байхад Жамбалдорж сэрээд надтай хамт Шарын гол сум орж тамхи аваад эргээд Шивэртэд ирсэн. Би Жамбалдоржоос Сүхбаатар ахтай яагаад маргалдсан талаар асуухад Жамбалдорж “намайг зүгээр байхад ар гэрийн хүмүүсийг муулаад байсан. Би Жамбалдоржид ар гэрийнхээ хүмүүсийг муулуулах дургүй шүү гэхэд Сүхбаатар ах намайг цохиод авсан. Би зөрүүлээд Сүхбаатар ахыг цохиод авсан. Бид хоёр зууралдаад байж байхад Оргилболд, Баярцэцэг нар салгасан” гэж хэлсэн. Намайг 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой гэртээ байхад Сүхбаатарын эхнэр миний утас руу залгаад “өчигдөр зодоон болоод нөхрийн эгэмийг Жамбалдорж хугалсан байна” гээд уурлаад залгаад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, 
 
-Гэрч П.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар гал түлээд, галаа тойроод хоол унд идээд, ганц хоёр шил архи тойруулаад юм яриад сууж байхад Сүхбаатар, Жамбалдорж нар ард сууж байснаа хоорондоо маргалдаад зодолдоод барьцалдаад авсан байсан. Би явж очоод Жамбалдоржийг салгаад “чи дөнгөж ажилд орчихоод ямар тавьтаргүй юм” гэж хэлэхэд зууралдаад салахгүй байсан. Би Жамбалдоржийг гараараа нэг удаа алгадахад Сүхбаатараас салсан. Би салахаар нь Жамбалдоржийг цаашаа авч яваад Гантулгын машинд оруулж унтуулсан. 
...намайг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад Сүхбаатарын эхнэр Нараа миний утас уруу залгаад “өчигдөр зодоон болоод нөхрийн эгэмийг Жамбалдорж хугалсан байна, Жамбалдорж гар утсаа авахгүй юм” гээд гэр нь хаана байдаг талаар асуусан. Би “гэрийг нь хаана байдаг талаар мэдэхгүй байна, жижүүр рүү утсаар яриад гэрийн хаягийг нь ав” гэж хэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, 

-“…С.Сүхбаатарын биед зүүн эгэмний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дахь тал/, 

-Хохирогч С.Сүхбаатарын Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 48 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Жамбалдорж нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт архидан согтуурсан үедээ С.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар С.Сүхбаатарын зүүн эгэмийг хугалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Жамбалдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай ажлынхан Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу зугаалж байхад Сүхбаатар надтай маргалдаж намайг цохих үед нь би зөрүүлж цохисон юм.” гэх мэдүүлэг, гэрч Б.Оргилболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..тэгээд маргалдаж байснаа Сүхбаатар ах Жамбалдоржийг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд Жамбалдорж Сүхбаатар ахыг эргүүлээд гараараа цохиод дээрээс нь дараад унасан. ...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шарын гол сумын наадам болж байхад талбай дээр Сүхбаатар ахтай таарахад Шивэртэд амардаг өдөр Жамбалдоржтой маргалдаж байх үед эгэм хугалсан байна гээд зүүн гараа унжуулсан явж байсан”. гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч Н.Нүүдэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Жамбалдоржоос Сүхбаатар ахтай яагаад маргалдсан талаар асуухад Жамбалдорж “намайг зүгээр байхад ар гэрийн хүмүүсийг муулаад байсан. Би Жамбалдоржид ар гэрийнхээ хүмүүсийг муулуулах дургүй шүү гэхэд Сүхбаатар ах намайг цохиод авсан. Би зөрүүлээд Сүхбаатар ахыг цохиод авсан. Бид хоёр зууралдаад байж байхад Оргилболд, Баярцэцэг нар салгасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч П.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би явж очоод Жамбалдоржийг салгаад чи дөнгөж ажилд орчихоод ямар тавьтаргүй юм гэж хэлэхэд зууралдаад салахгүй байсан. Би Жамбалдоржийг гараараа нэг удаа алгадахад Сүхбаатараас салсан. Би салахаар нь Жамбалдоржийг цаашаа авч яваад Гантулгын машинд оруулж унтуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, хохирогч С.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Жамбалдорж миний өөдөөс хэдэрлээд үг тоохгүй чамд ямар хамаатай юм гээд над уруу дайрсан. Миний уур хүрээд жаахан юм байж хүний үг тоохгүй гэж хэлээд гараараа Жамбалдоржийг алгадаад авсан. Тэгэхэд Жамбалдорж уурлаад гараараа миний эгэм рүү цохиод газар унагаасан. Намайг газарт унахад дээрээс Жамбалдорж дараад давхарлаад хамт газар унасан. Би урьд өмнө эгэмээ хуглаж байгаагүй. Миний эгэм Жамбалдоржтой маргалдах үед хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/, “…С.Сүхбаатарын биед зүүн эгэмний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Жамбалдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Жамбалдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 37 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч С.Сүхбаатар нь “…эмчилгээний зардалд Г.Жамбалдоржоос 250000 төгрөг авсан болох нь үнэн болно. Одоо санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан /хэргийн 48 дахь тал/, хохирогч С.Сүхбаатар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа “хэргийн материалтай танилцсан санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичиж тэмдэглэсэн /хэргийн 49 дэх тал/, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтанд “надад Жамбалдоржид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх  хариу өгсөн /хэргийн 67 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Жамбалдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Сүхбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Жамбалдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дарлууз овогт Гэнэндарамын Жамбалдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Дарлууз овогт Гэнэндарамын Жамбалдоржид 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Жамбалдоржид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Жамбалдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Сүхбаатарт буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Г.Жамбалдоржид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сарын/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Г.Жамбалдоржид хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Жамбалдоржид мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Жамбалдоржид бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.