Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2090

 

Д.О, Д.Ч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О, Д.Ч нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Д-т холбогдох

 

Д.Ч, Ц.Знарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.Дын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Д.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, зээлийн төлбөрт илүү төлсөн 71 228 669 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.О-г Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.О-аас зээлийн төлбөрт 99 086 000 төгрөг, 41 342 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар нь эрхэлж буй бизнесээ санхүүжүүлэх зорилгоор Г.Д-аас 40 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлж орон сууцаа барьцаалан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаанд орохоор харилцан тохирсон байдаг. Уг зээлийн барьцаанд Г.Д-ын шаардсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаяг бүхий орон сууцыг түүний талийгаач нөхөр Ц.З-ийн нэр дээр 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар орон сууцны өмчлөгчөөр Г.Д бүртгэгдсэн байгаа бөгөөд Г.Д-ын талийгаач нөхөр Ц.З гэж хүн 2010 онд талийгаач болсноор өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр хариуцагч Г.Д-ын нэр дээр орон сууц шилжсэн. Уг орон сууц нь зээлийн барьцаанд байсан учраас Г.Д-аас авсан зээлээр зээлээ төлж, байраа чөлөөлөн Ц.З-ийн өмчлөлд шилжүүлсэн. Г.Д нь тухайн үед буюу зээл олгох үедээ орон сууцыг зөвхөн олгосон зээлээ төлөх баталгаа болгон бэлэглэж байна зээлээ төлсний дараа эргүүлэн Д.Ч-ын нэр дээр шилжүүлэн өгнө гэж ойлгуулсан учраас нэхэмжлэгч нарын зүгээс 2009 оноос ахин зээл авч төлбөрийг cap бүр төлсөөр ирсэн. Тухайлбал, Г.Д-аас 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 6 дугаар сарын 18-ны өдөр 14 360 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 000 ам.доллар, 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар, 10 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26 000 000 төгрөгийг хүүгүйгээр, 9 дүгээр сарын 13-ны өдөр 72 500 000 төгрөгийг тус тус зээлж авсан.

Нийтдээ 247 860 000 төгрөг, 21 000 ам.доллар зээлж авсан. Зээлж авсан мөнгөн дүнгийн талаар маргаан байхгүй. Зээлийн төлбөрт нийтдээ 377 934 294 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийг Г.Д болон түүний нөхөр Ц.З-ийн дансанд төлдөг байсан. Гэтэл Г.Д нь Д.О, Д.Ч нараас зээлийн төлбөр хийсэн дээрх бүх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар дээрх мөнгөн төлбөрөөс гадна 100 000 000 төгрөгийг төлөхийг шаардаж орон сууц чинь миний нэр дээр шилжсэн, сонинд зар тавиад зараад 100 000 000 төгрөгөө авна гэж сүрдүүлж хоёр ч удаа бидний амьдарч байгаа орон сууцыг худалдах хүндээ үзүүлж байна гэж хүмүүсийг дагуулан ирж үзүүлсэн. Г.Д-ын нэхэх мөнгөн дүн зогсолтгүй өссөөр байгаа учраас төлбөр төлөх санхүүгийн чадавхи буурч хүнд байдалд орлоо. Бодит байдал дээр бид Г.Д-тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаанд оролцож, орон сууцаа бүр мөсөн Г.Д-т шилжүүлэн өгөхөөр тохиролцоогүй атал тэрээр өөрийн нэр дээр улсын бүртгэл хийлгэн, их хэмжээний мөнгө нэхэмжилж, зээлийн дарамтанд оруулж байгаад гомдолтой байна.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаяг бүхий орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийллээ хуульд заасан барьцааны гэрээ байгуулах замаар хэрэгжүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь ойлгомжтой бөгөөд амаар харилцан тохиролцсон барьцааны гэрээг халхавчилан байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Түүнчлэн Г.Д-ын ашиг хонжоо олох зорилгоор хууран мэхэлж өөрийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн нэхэмжлэгч нарын одоог хүртэл амьдарч буй орон сууцыг өөрийн гэр бүлийн өмчлөлд шилжүүлэн авсан Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл юм.

Иймд Д.Ч, Ц.З нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Г.Д-ын нэр дээрх Ү-2204002147 дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Д.Ч-ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.

Д.О, Д.Ч нар нь Г.Д-аас нийтдээ 247 860 000 төгрөг, 21 000 ам.доллар зээлж авсан. Эдгээр зээлийг гэрээнд заасан хүүгэзр тооцох юм бол 274 000 233 төгрөг болон 24 043 ам.доллар төлөх үүрэгтэй байдаг. Зээлийн төлбөрт нийт 377 934 294 төгрөг төлсөн ба үүнээс 336 354 574 төгрөгийг Г.Д-ын Төрийн банк дахь дансанд 38 371 150 төгрөг болон 2 560 ам.долларыг Ц.З-ийн Төрийн банк дахь төгрөгийн болон Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн ам.долларыг ханшаар тооцоод нийтдээ 377 934 294 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний дагуу авсан зээлүүдээ 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлж ирсэн байдаг. Г.Д нь Д.О, Д.Ч-аас төлбөр хийсэн дээрх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар нийт 93 000 000 төгрөг нэхэж, хэрвээ энэ мөнгийг төлж барагдуулахгүй бол орон сууцыг чинь 93 000 000 төгрөгөөр зараад одоо би зээлийн үлдэгдлээ авна шүү гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Г.Д-ын нэхэмжлэгч нарт зээлсэн мөнгийг Д.О, Д.Ч нь өнөөдрийн байдлаар гэхэд 2 дахин нугалж төлсөн атал нэмж 93 000 000 төгрөг төлөхийг шаардаж өвлөх эрхийн үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан орон сууцаар далимдуулж орон сууц чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг 150 694 870 төгрөг гэж тооцсон боловч дахин тооцож үзэхэд илүү төлсөн төлбөр нь 71 228 669 төгрөг болж байна. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О, Д.Ч нар нь надтай зээлийн харилцаа үүсгэсэн боловч тус харилцааны үндсэн дээр дурдсан орон сууцыг миний талийгаач нөхөр Ц.З-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээгүй болно. Тодруулбал Д.О, Д.Ч нарын надтай үүсгэсэн зээлийн харилцаа нь нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй бэлэглэлийн гэрээтэй огт хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ бэлэглэлийн гэрээ нарыг хооронд нь холбож тайлбарладаг. Энэ гэрээнүүд хоорондоо ямар ч холбоогүй. Г.Д, Д.О нар хоорондоо 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Д.Ч, Б.З нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Д.Ч энэ байраа анхнаасаа н.Г-ын байр байсан. Дараа нь Д.Ч-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. “Т К” ББСБ-д барьцаанд уг орон сууцыг тавьсан байдаг. Ц.З-д, Б.Г байрыг барьцаанаас чөлөөлж өгөөч гэж хэлсний дагуу барьцаанаас чөлөөлөөд үлдсэн мөнгөөр машин авах гэсэн юм гэж Б.Г нар тохирсон.

Д.О, Г.Д нар хоорондоо тохиролцсон асуудлын хүрээнд 40 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Энэ гэрээ болон үйл явдлууд хоорондоо огт хамааралгүй. Энэ нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцаанд тавьсан зээлийг хаасан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Халхавчилж, халхавчлуулж байгаа гэрээнүүд өөр хоорондоо ялгаатай. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ Д.О, Г.Д нарын хооронд байгуулагдсан, бэлэглэлийн гэрээ Ц.З, Д.Ч нарын хооронд байгуулагдсан. Гэрээний талууд нь өөр, өөр хүмүүс. Ц.З нас барснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдсөн. Иргэн Ц.З-ийн хийсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаарх маргаанд Г.Д-ыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасан байдаг. Иргэний хуульд зааснаар бэлэглэлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Ц.З-ийн хүсэл зориг илэрхийлэгдээд гэрээ хүчин төгөлдөр болсон. Орон сууцны өмчлөгчөөр Д.Ч-ыг бүртгүүлэхийг даалгахаар Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Оюуны өмч улсын бүртгэлийн газарт нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Зээлийн гэрээний илүү төлсөн 71 228 699 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 10 зээлийн гэрээ байгуулагдсан гэж ярьдаг ч бодит байдал дээр 13 зээлийн гэрээ байгуулагдсан байгаа. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл дутуу биелэгдсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч хариуцагч Д.О нь зээлдүүлэгч Г.Д надтай 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 14 удаа зээлийн гэрээ байгуулан 345 160 000 төгрөг, 39 000 ам.долларын зээл авсан.

Д.О нь зээлсэн мөнгийг тухай бүрт нь бэлнээр авдаг байсан бөгөөд энэ бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон мөнгө олгосон баримтаар нотлогдохын зэрэгцээ дээр дурдсан 14 удаагийн зээлийн гэрээгээр зээлдэгч Д.О гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зохих ёсны хариуцлага хүлээхээр тус тус тохиролцсон. Гэтэл зээлдэгч Д.О нь зээлийн гэрээний дагуу 96 235 800 төгрөг, 46 895 ам.долларын зээлийн хүү төлөх үүргээ ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба миний зүгээс түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж түүнд зээлийн өр төлбөрөө төлөх нэмэлт хугацаа боломж олгосон боловч тодорхой үр дүн гаралгүй өнөөдрийг хүрлээ.

Энэ хугацаанд би Д.Од холбогдуулан зээлийн төлбөр шаардсан шаардлага бүхий нэхэмжлэл 2 удаа гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөөлөх эрхгүй гэх мэт шалтгаанаар шийдвэрлэгдээгүй бөгөөд Д.О нар нь хоорондоо ямар ч хамааралгүй буюу холбогдолгүй Д.Ч, Ц.З нарын хооронд 2009 онд хийгдсэн орон сууц бэлэглэлийн гэрээ, Д.О, Г.Д нарын хооронд 5 жилийн хугацаанд үргэлжилж ирсэн зээлийн гэрээнүүдийг холбоотой болгон шаардлага гаргах замаар зээлээ төлөхгүй, орон сууцыг минь булааж авах гэсэн зүй бус үйлдэл гаргаж байна. Иймд Д.О-г Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 10 удаагийн зээлийн гэрээ буюу 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 360 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 000 ам.доллар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26 000 000 төгрөгийг хүүгүйгээр, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72 500 000 төгрөгийг тус тус зээлж авсан зээлийн гэрээний үнийн дүнгийн талаар маргаан байхгүй.

Харин үүн дээр нэмж 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.О нь Г.Д-аас зээлж авсан 10 000 ам.долларын зээл. Уг зээлийг 5 хувийн хүүтэй авч 10 500 ам.доллар төлөх ёстойгоос 5 000 ам.доллар төлсөн. Мөн Д.О нь Г.Д-аас 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18 000 000 төгрөг хүүгүй, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлбөр төлөөгүй. Зээл төлбөрийг тооцож үзэхэд нийт 272 660 000 төгрөг, 31 000 ам.доллар өгсөн байдаг. Зээлийн гэрээ тус бүрийг төлбөр төлсөн байдлаар тооцож үзвэл:

2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 51 572 000 төлж биелэгдсэн, 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээ 16 525 000 төгрөг төлж биелэгдсэн, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 360 000 төгрөгийн зээлийн гэрээ 15 899 900 төгрөг төлж биелэгдсэн, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 21 000 000 төгрөг төлж биелэгдсэн, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 28 400 000 төгрөг төлж биелэгдсэн, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 8 520 ам.доллар төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 12 780 ам.доллар нэхэмжилж байгаа, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 10 083 333 төгрөг төлж биелэгдсэн, биелүүлэхдээ 2 жил хэтрүүлсэн тул 4 586 000 алданги тооцож нэхэмжилж байгаа, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 32 100 000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 48 150 000 төгрөг нэхэмжилж байгаа, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 15 523 ам.доллар төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 23 062 ам.доллар нэхэмжилж байгаа, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зээл 26 000 000 төгрөг төлж биелүүлсэн, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 72 500 000 төгрөгийг төлж биелүүлсэн, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 10 500 ам.доллар төлөх ёстойгоос 5 000 ам.доллар төлсөн тул үлдэх 5 500 ам.долларыг нэхэмжилж байгаа, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн 18 000 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байгаа, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлсэн 30 900 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар 15 450 000 төгрөгийн алданги тооцож, 46 350 000 төгрөг нэхэмжилж байгаа.

Д.О-аас зээлийн өр төлбөрт 96 235 800 төгрөг, 46 895 ам доллар, гэрээний дагуу тооцох алдангид 36 086 000 төгрөг,11 947 ам доллар, нийт 132 321 800 төгрөг, 58 842 ам.долларыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч дээрх тооцоогоор 99 086 000 төгрөг, 41 342 ам.доллар болж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 000 ам.долларын бичиглэлийг гэрээ гэж үзэхгүй байна. Д.О-ы зүгээс уг 10 000 ам.долларыг аваагүй гэж тайлбарладаг. Хаана хэн ч ийм бичиглэл зохиох боломжтой. Зээлийг 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авчхаад 5 500 ам.долларыг төлөөгүй бол шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ гэрээгээр мөнгө аваагүй. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу мөнгийг Д.О аваагүй. Энэ нь Д.О-ы хилээр орж гарсан баримтаар нотлогдож байдаг. Тухайн зээлийн гэрээ байгуулагдах үед Монгол Улсад байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.О-ы гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан.

2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд ганцхан Г.Д-ын гарын үсэг байдаг. Д.О-ы гарын үсэг байдаггүй. Уг зээлийн гэрээнд тусгагдсан мөнгийг Д.О аваагүй. Д.Отуяа гэх хүнд хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Д.Отуяад хүлээлгэж өгсөн гэх маргаан нь жичтэй шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Төгрөгөөр гэх 3 гэрээнд алданги огт төлөөгүй гэх асуудал яригдаж байна. Огт төлөөгүй гэдгээ ямар баримтаар яаж нотолж байгаа нь тодорхойгүй байна. Мөнгө өгсөн авсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр зээлийг төлсөн. Алдангийг 50 хувиар бодож тооцож байгааг ямар баримтаар гаргаж байгаа вэ гэдэг нь тогтоогдохгүй байна.

Тооцоо нийлсэн акт байхгүй. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд алданги яригдаж байгаа. Гэрээнд заасан хүүгийнхээ хэмжээгээр бүгд төлөгдсөн. Хугацаа хэтэрсэн гэж үзвэл шаардах эрх нь тухайн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн огнооноос эхлээд үүснэ. Зээлийн гэрээтэй холбоотой алдангийн шаардлага гаргаагүй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг гэж хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 121 800 000 төгрөгийг Д.О хүлээж аваагүй. Ийм зээлийн гэрээ байхгүй. Д.О гарын үсэг зураагүй. Д.О-ы гарын үсгийг шинжлүүлье гээд шинжээч томилуулсан. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр Д.О-ы гарын үсэг биш гэж гардаг. Д.Чулуунбаатарын данс руу 72 500 000 төгрөгийг түр буюу 4 хоногийн хугацаатай шилжүүлсэн байдаг. Буцаагаад өмнөх зээлийн хүү төлбөртэй хамт 99 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 72 500 000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаатай холбоотой зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн.

Хэрвээ нэхэмжилж байгаа бол тооцоо нийлсэн акт байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Хариуцагч маань орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой худлаа ярьж байгаа гэдэг нь тогтоогдоно. “Т к ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн гэж хэлдэг. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Д өөрөө оролцсон. Тэрхүү шүүх хуралдааны тэмдэглэлд “Миний ханийн надад хэлснээр та энэ байрыг аваад 30 000 000 төгрөг өгөөч, би машин авах гэсэн юм” гэж хэлсэн байдаг. Хариуцагч нь өөр хоорондоо зөрүүтэй өөр өөр тайлбарыг хэлээд байдаг. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаад 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийг “Т к ББСБ” ХХК-д төлсөн. 51 572 000 төгрөг болгож төлсөн гэдгийг зөвшөөрөөд байдаг нь эхний гэрээ дуусгавар болгосон гэдэг нь нотлогдож байна. Б.Зургаа 30 000 000 төгрөгийг өөрөө гаргаад ямар эх үүсвэрээр төлсөн бэ гэдэг нь нотлогддоггүй. Г.Д, Д.О тус тусдаа гэрээ гэж ярьдаг. Ц.Зургаагийн хүсэл зоригоор байр шилжиж байгаа. Г.Д, Б.Зургаа нар нь гэрлэгчид. Тиймээс тэдний дундын эд хөрөнгө болсон. Үүний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээгээр байрыг Г.Д өвлөж авсан. Өвлөгч өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ.

Г.Д нь захиагаар үйл баримтаа нотолсон. Өвлөж байгаа эд хөрөнгө Г.Д-т шилжсэн. Халхавчлагдаад байгаа гэрээ заавал бичгээр байгуулж байж халхавчлагдана гэж байхгүй. Талууд хоорондоо зээлээ өгсөн. Ингэхэд барьцааны асуудал яригдана. Тухайн үед барьцаанд тавих боломжгүй байсан учраас 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Зургаагийн нэр дээр шилжүүлсэн. 40 000 000 төгрөгийн барьцааны зүйл нь орон сууц болсон. Халхавчилж байгаа гэрээ нь бэлэглэлийн гэрээ юм. Орон сууц Г.Д, Д.О, Д.Ч нарын хооронд байгуулсан зээлийн гэрзэний барьцаа хөрөнгө болж байсан гэдэг нь харагддаг. Барьцаа хөрөнгө найдвартай байгаа учраас олон удаагийн зээлийг өгсөн байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан Д.Ч, Ц.З нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204002147 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.Д-ын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О, Д.Ч нарын хариуцагч Г.Д-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох зээлийн төлбөрт илүү төлсөн 150 694 870 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Г.Д-ын нэхэмжлэгч Д.О-д холбогдуулан гаргасан Д.О-ыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.О-аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132 231 800 төгрөг, 58 842 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 489 325 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 480 476 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Ч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нар нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хариуцагч Г.Д-тай 10 удаа зээлийн гэрээ хэлцэл байгуулсан ба хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн энэхүү 10 гэрээний үнийн дүнгийн талаар маргахгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тухай шүүх дүгнэсэн байна.

Хариуцагчийн маргаж буй 3 гэрээг талууд огт байгуулаагүй буюу нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Д-аас зээлж аваагүй болох нь ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2830, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5808 дугаар дүгнэлтүүд болон бусад нөхцөл байдлаар тогтоогддог.

Талуудын хооронд байгуулсан 10 зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь 276 717 510 төгрөгийг зээлж авсан байх ба нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар нь Зээлийн гэрээний дагуу авсан зээлийг түүнд ногдох хүүгийн хамтаар 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлж барагдуулсан байдаг.

Дээрх 10 зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй бөгөөд үндсэн зээлд ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тооцож дүгнэхэд нэхэмжлэгч нараас хариуцагчид төлбөл зохих төлбөр нь үндсэн зээл 276 717 510 төгрөг, зээлийн хүү, алдангид 29 988 317 төгрөг, нийт 306 705 827 төгрөг атал нэхэмжлэгч нар нь 377 934 294 төгрөгийг төлсөн байна.

Ийнхүү Зээлийн гэрээний дагуу 71 228 699 төгрөгийг илүү төлсөн болох нь ойлгомжтой атал тухайн баримтуудыг зээлийн ямар гэрээний дагуу төлбөр төлсөн болохыг ангилан тогтоох боломжгүй, зээлийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн зохигчдын маргаж буй зээлийн гэрээний дагуу төлсөн үүрэг болоод илүү төлсөн төлбөрийг ялган зааглаж, үнэлэх боломжгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч нарын зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 71 228 699 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн заалтаар буюу “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, мөн хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” хэмээн тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байтал шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох эрхэд хөндлөнгөөс оролцож, нэхэмжлэгчийн тодорхойлоогүй, улмаар нотлон мэттэлцээгүй асуудлаар дүгнэлт хийн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон.

Шүүх ямар үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлсон үндэслэлийг “ноцтой төөрөгдөл” хэмээн үнэлэн шийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх Бэлэглэлийн гэрээ 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан, тус гэрээний тал болох Ц.З 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, түүнийг нас барснаас хойш 2 жилийн дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий орон сууцыг барьцаалсан тухай Зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүйгээр, мөн Бэлэглэлийн гэрээ Ц.З, Б.Ч нарын хооронд байгуулагдаж, тэдний хооронд бэлэглэлийн харилцаа үүссэн, харин Г.Д, Д.О нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, маргаан бүхий талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хууль зүйн үнэдэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх дээрх субъектуудын хооронд иргэний эрх зүйн өөр өөр харилцаа үүссэн, тэд тус харилцаанд хувь иргэнийхээ хувьд оролцсон байдалд, тодруулбал Г.Д нь Ц.З-ийн, Ц.З нь Г.Д-ын оролцсон харилцааны оролцогч болохгүй байх, улмаар тэд тус харилцаануудад хууль ёсоор эрх, үүргээ шилжүүлээгүй тохиолдолд хэн нэгнийхээ эрх, үүргийг хүлээхгүй, хэрэгжүүлэхгүй байдалд, мөн хэрэгт тэд эрх, үүргээ шилжүүлсэн ямар ч баримт авагдаагүй, байхгүй байдалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, иргэний эрх зүйн тогтсон зарчмыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх эрх зүйн харилцаанд үүрэг хүлээхээр оролцсон тал л шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх буюу Ц.З бэлэглэлийн харилцаанд, Г.Д зээлийн харилцаанд үүрэг хүлээж, шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх зарчмыг зөрчин хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “Г.Д найдвартай зээлдэгч байлгах үүднээс өөрийн нөхрийн нэр дээр шилжүүлүүлчих” хэмээн шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ байдлаа нотлоогүйн дээр үүссэн харилцаа, байгуулсан гэрээнээс нь энэ хүсэл зориг огт илэрхийлэгддэггүй. Нэхэмжлэгч 2012 онд байгуулсан гэрээг барьж, шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч Ц.З 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан цаг хугацааны ялгамжаар үгүйсгэгддэг. Тодруулбал, өмнө нь хэн ч ямар нэг байдлаар илэрхийлээгүй байсан хүсэл зоригийг Ц.З-г нас барснаас хойш бүтэн 2 жилийн дараа байгуулсан Зээлийн гэрээнд илэрхийлсэн нь тухайн буюу 2012 онд илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр бус байсныг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн харилцаанд оролцогч нас барснаас хойш 2 жилийн дараа түүний хүсэл зоригийг өөрчилсөн агуулга бүхий заалт гэрээнд тусгасан нь нас барагчийн хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэх, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэх заалтыг үл харгалзан хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээр дурдсанчлан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор орон сууцыг барьцаалаагүй болох нь Ц.З, Д.Ч нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүйгээр эргэлзээгүй нотлогдон тайлбарлагдана. Хэрэгт авагдсан баримтаар Г.Д нь маргаан бүхий орон сууцыг Ц.З-аас өвлөн авсан нь нотлогддог бөгөөд тэрээр дараах үндэслэлээр гэрээний хүчин төгөлдөр бус байх эсэх асуудлыг хариуцахгүй буюу Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хариуцлага хүлээх, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл шүүх хуулийн тус заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Г.Д-ын улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэхийг ОӨУБЕГ-т даалгах шаардлага гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ИХШХША-нд хариуцагчаар татагдан оролцоогүй этгээдэд холбогдох шаардлагыг хангаж, тус этгээдэд хариуцуулсан шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх энэ шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийн заалтыг үндэслэн ОӨУБГ-ыг “сонирхогч этгээд” хэмээн тодорхойлж, түүнд хариуцуулан шийдвэрлэсэн нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон.

Шүүх зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6 000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76, 78 дугаар зүйлийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй, хэт зөрчилтэй болсон. Тодруулбал, шүүх маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцааны зорилгоор буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэмээн дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тус барьцааны эрх зөрчигдсөн буюу шаардах эрх үүссэн үе /нэхэмжлэгч барьцааны орон сууцаа шаардсан үе/-ээс эхлэн тоолох байтал хуулийн тус заалтыг илтэд буруу тайлбарлан шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Шүүх хариуцагчийн нэхэмжлэгчээс 2014 оныг дуустал зээл авч байсан, мөн нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор Д.Од холбогдуулан Зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргаж байсан, түүнийг харьяалах шүүхээс буцаан шийдвэрлэж байсныг нотлох баримт хэргийн 285, 286 дугаар талд авагдсан байтал ... хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн нь ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон.

Шүүх зохигчдын хооронд хийгдсэн 6 000 ам.долларын зээлийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй боловч ... санхүүгийн баримтуудад ямар зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байгаа болох нь тодорхойгүй, ... ангилан тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн, хариуцагчийн “... зээлийн төлөлт нь эхний зээлүүдийг хаах журмаар, зарим хүүгүй зээлүүд нь тухайн үедээ буюу маш богино хугацаа (өдөр)-аар төлөгдөж байсан” гэх тайлбарыг үл хэрэгсэн “нотолж чадаагүй” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хууль, ИХШХШХ-аар тогтоосон “шударга шүүхээр шүүлгэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэх эрх”-ийг ноцтой зөрчсөн.

Ийнхүү шүүх гомдолд дурдсан байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх болон бусад журмыг зөрчсөн тул давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар нь хариуцагч Г.Д-т холбогдуулан Д.Ч, Ц.З нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.Д-ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, зээлийн төлбөрт илүү төлсөн 150 694 870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 150 694 870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 71 228 699 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.О-ыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.О-аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132 231 800 төгрөг, 58 842 ам.доллар тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, зээлийн хүү, алданги гаргуулах шаардлагыг 99 086 000 төгрөг, 41 342 ам.доллар болгон багасгасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204002147 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ц.З-д шилжүүлж, Ц.З нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсанаар түүний эхнэр хариуцагч Г.Д нь өв залгамжлалын журмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /хэргийн 1 дэх хавтас 68-83 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор амаар тохиролцож, хуульд зааснаар барьцааны гэрээ байгуулах боломжгүйгээс энэхүү хүсэл зоригийг бэлэглэлийн гэрээ байгуулах хэлбэрээр илэрхийлсэн ба Ц.З-ийн өмчлөлөөс Г.Д нь өвийн журмаар шилжүүлэн авсан учир хариуцлага хүлээх үүрэгтэй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Г.Д болон нэхэмжлэгч Д.О нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаан бүхий орон сууцыг Д.Ч-аас Ц.З-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь Г.Д, Д.О нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 3 дугаартай зээлийн гэрээний 3 дахь заалтад “Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоотыг барьцаалж ... нийтдээ 105 280 000 төгрөг зээлдүүлсэн болно” гэж бичигдсэн байдал, гэрчээр асуугдсан Я.Алтанцэцэг, Д.Отуяа, З.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Г.Д орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч уг орон сууцанд одоог хүртэл нэхэмжлэгч Д.О амьдардаг, түүний эзэмшилд байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ. /1 дэх хавтас 36, 122-127, 2 дахь хавтас 324 дүгээр тал/

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй болжээ.

 

Харин нэхэмжлэгч Д.Ч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр Ц.З-д шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байх тул Д.О, Г.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан ноцтой төөрөгдсөн хэлцэл гэж үзэж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.Д-ын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулиар хүлээх чиг үүргийн хэмжээний асуудал бөгөөд уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж энэ ажиллагааг хийлгэхээр даалгуулах тухай шаардлага гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хамаарах гомдол болох тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Г.Д нарын хооронд 1) 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийн, 2) 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийн, 3) 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 360 000 төгрөгийн, 4) 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийн, 5) 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийн, 6) 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 000 ам.долларын, 7) 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийн, 8) 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийн, 9) 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 ам.долларын, 10) 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26 000 000 төгрөгийн, 11) 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72 500 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт цугларсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба дээрх зээлийн гэрээнүүд байгуулагдсан болон гэрээгээр олгогдсон мөнгөн дүнгийн талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 10, 11, 14, 130, 2 дахь хавтас 306, 307, 310, 316, 327, 330 дугаар тал/

 

Харин хариуцагч Г.Д нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 000 ам.долларын, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18 000 000 төгрөгийн, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 30 900 000 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 121 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж, нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар нь эдгээр гэрээнүүдийг бодитойгоор байгуулж, зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг хуурамчаар дуурайлган бичсэн гэж тус тус тайлбарлан маргажээ. Уг маргаан бүхий зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгүүд нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан зээлийн төлбөр төлсөн банкны орлогын баримт, дансны хуулгуудад аль зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байгаа болох нь тодорхойгүй байх хэдий ч нийт төлсөн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой байхад анхан шатны шүүх тухайн баримтуудыг зээлийн ямар гэрээний дагуу төлбөр төлсөн болохыг ангилан тогтоох боломжгүй гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 71 228 699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн нийт төлөх төлбөрийн үүргийн дагуу нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтуудыг харьцуулан тооцох боломжтой байна.

 

Хариуцагч Г.Д, түүний /талийгч/ нөхөр Ц.З нарын дансанд нэхэмжлэгч Д.О, Д.Ч, түүний дүү Д.Отуяа, Д.Огэрэл, нэхэмжлэгч Д.Ч-ын эхнэр З.А нараас тус бүр төлбөр шилжүүлсэн баримтуудаас хариуцагч, түүний нөхрийн дансанд нэхэмжлэгч Д.О, түүний дүү Д.Отуяа нарын шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт тооцно, бусад хүмүүс нь хариуцагчтай зээлийн гэрээний харилцаатай гэж давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэн тэдгээрийн хоорондын зээлийн төлбөрийн хэмжээг тооцох үндэслэлтэй болно.

 

Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Д.Ч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан талаар болон тэдгээрийн хоорондын зээлийн гэрээний харилцаа дууссан талаар талууд маргаагүй байна. Иймээс нэхэмжлэгч Д.Ч, түүний эхнэр З.А болон Д.Огэрэл нарын төлсөн төлбөрийг нэхэмжлэгч Д.О-ы зээлийн гэрээний үүрэгт оруулж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Г.Д нарын хооронд 1) 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, эхний 6 сар 3 хувийн хүү 7 200 000 төгрөг, дараагийн 3 сар 3.5 хувийн хүү 4 200 000 төгрөг бүгд 51 400 000 төгрөг, 2)2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүү 1 500 000 төгрөг, бүгд 16 500 000 төгрөг, 3) 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 360 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүү 861 600 төгрөг, бүгд 15 221 600 төгрөг, 4) 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүү 1 000 000 төгрөг, бүгд 21 000 000 төгрөг, 5) 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3.5 хувийн хүү 2 100 000 төгрөг, бүгд 32 100 000 төгрөг, 6) 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 ам.долларыг 2 сарын хугацаатай, 2.5 хувийн хүү 750 ам.доллар, бүгд 15 750 ам.доллар /15 750 ам.доллар х 1 395,58 төгрөг = 21 980 542 төгрөг/, 7) 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 000 ам.доллар хүүгүй /6 000 ам.доллар х 1 320.5 = 7 923 000 төгрөг/, 8) 20 000 000 төгрөгийг хүүгүй, 9) 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийн 10 хоногийн хугацаатай, 2.5 хувийн хүү 83 330 төгрөг, бүгд 10 083 330 төгрөг, 10) 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хүүгүй, 11) 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72 500 000 төгрөг тус тус зээлэхээр зээлийн гэрээ тус тус бичгээр байгуулагджээ. /хэргийн 1 дэх хавтас 10, 11, 14, 16, 19, 2 дахь хавтас 314, 316, 318, 330 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 294 708 472 төгрөгийг нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Д-т төлөх үүрэгтэй байсан байна.

 

Нэхэмжлэгч Д.О-аас хариуцагч Г.Д-ын дансанд 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 16 удаагийн үйлдлээр 179 274 400 төгрөг, Ц.Зургаагийн дансанд 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 4 удаагийн гүйлгээгээр 4 556 000 төгрөг, нийт 183 830 400 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болох нь хариуцагч Г.Д-ын Төрийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 246-250 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч Д.О-ы өмнөөс түүний дүү Д.Отуяагаас хариуцагч Г.Д-ын дансанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 76 удаагийн гүйлгээгээр нийт 226 714 000 төгрөгийг, Ц.З-ийн дансанд 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 2 360 ам.доллар, 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 200 ам.доллар, нийт 2 560 ам.доллар /2 560 х 1255.1 = 3 213 056/, 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 446 000 төгрөг, нийт 232 373 056 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан аль зээлийн гэрээний үүрэгт ямар хэмжээний алданги төлөх үүрэг үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аль зээлийн гэрээний төлбөрт хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүргийг хугацаа хэтрүүлсэн үлдэгдэлтэй болохыг хариуцагч баримтаар нотлож чадаагүй байна. Тодруулбал ямар зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөгийг хэдий хугацаагаар хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул алданги тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймээс зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 294 708 472 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчид 416 203 456 төгрөг буюу 121 494 984 төгрөг илүү төлсөн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 71 228 669 төгрөгийг хангаж, шүүхийн шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр хууль хэрэглээ болон найруулгын хувьд өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар шаардлагын үнийн дүнгийн нийлбэрээр буюу нийт 1 489 585 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх ба давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Б.Чулуунбаатарыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Г.Д-ын өмчлөх эрхэд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204002147 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.Ч-ын өмчлөх эрхийг сэргээсүгэй” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г.Д-аас 71 228 669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэгч Д.О-ыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.О-аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 99 086 000 төгрөг, 41 342 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.Ч-ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 419 385 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 480 476 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 514 093 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нараас улсын төсөвт төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Ч нар тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 041 832 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 094 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                  ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                    С.ЭНХТӨР