Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00319

 

 “РМ”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00385 шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 859 дүгээр магадлалтай,

“РМ”ХХК-ний нэхэмжлэлтэй

“М К”ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн зөрчилд 33 750 000 төгрөг гаргуулах, гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амармэнд, түүний өмгөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “РМ”ХХК нь “М К”ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “РМ”ХХК нь өөрийн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан, цахим тасалбар захиалга, борлуулалтын цогц системийг “М К”ХХК-нд худалдах, хавсралтад заасан нэмэлт ажлуудыг гүйцэтгэх, “М К”ХХК нь тохиролцсон 45 000 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон. Гэрээний 7.3-т заасны дагуу “М К”ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22 500 000 төгрөгийг “РМ”ХХК-нд төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд “РМ”ХХК нь тохиролцсон ажлыг гүйцэтгэж байсан боловч “М К”ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 23, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд албан бичгээр гэрээг цуцлах тухайгаа илэрхийлдэг. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж системийн эх кодыг тус компанид ил болгон шилжүүлж, "“М К”ХХК-иас шалтгаалахаас бусад ажлуудаа гүйцэтгэсэн тэдгээр үүргийн шинж чанар нь биет байдлаар эргүүлж өгөх, дуусгаагүй үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглах, боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчлөх боломжтой тул бид гэрээг харилцан тохиролцож цуцлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх үндэслэлээр 22 500 000 төгрөгийг гэрээний 8.3-т заасны дагуу үүрэг үүссэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 211 өдрийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 11 250 000 төгрөгийн алдангийн хамт нийт 33 750 000 төгрөгийг “М К”ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн гэрээ цуцлах тухай хүсэлтийг “РМ”ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт ажлууд үлдсэн байтал гэрээ цуцлах санал явуулсан нь үндэслэлгүй. Иймд худалдан авагчийн гэрээ цуцлах саналыг хүчингүй болгуулж, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М К”ХХК нь “РМ”ХХК-ийн ''е-tiскеt системийн хөгжүүлэлт хийгдээгүй хувилбарыг туршилтаар ашиглан цаашид хийгдэх нэмэлт хөгжүүлэлтийг тодорхойлох зорилгоор системд суулгуулсан. Уг системийг өөрт тохирох хэлбэрээр системийн хөгжүүлэлт хийлгэж, өөрийн нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн нөхцөлд үйл ажиллагаандаа ашиглахаар харилцан тохиролцсон. “РМ”ХХК нь системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж гүйцэтгээгүй, манай байгууллага нь уг системийг эцсийн байдлаар хүлээж авч ашиглаагүй. Уг системийн оюуны өмчийн эрхийг “М К”ХХК-нд шилжүүлээгүй бөгөөд “РМ”ХХК-нд хэвээр хадгалагдаж байгаа болно. Гэрээний 3.2, 1.2-т зааснаар эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийн дагуу талуудын хооронд бүтээгдэхүүн хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байх бөгөөд бүтээгдэхүүн хүлээлцээгүй болох нь нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АГ-1/08 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс тодорхой харагдана. Иймд гэрээний 11.2-т зааснаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр мэдэгдснийг “РМ”ХХК нь хүлээн авч уг мэдэгдлийн дагуу гэрээ цуцлах саналыг хүлээн авснаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АГ-1/08 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр илэрхийлсэн тул 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Иймээс “РМ”ХХК-д төлөх төлбөр тооцоо байхгүй, гэрээг цааш дахин үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00385 шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч “М К”ХХК-аас 26 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “РМ”ХХК-нд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 7 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТА-18/01 тоот гэрээний худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “РМ”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М К”ХХК-359 800 төгрөгийг гаргуулан “РМ”ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 859 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00385 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 243.1, гэсний ард 343 дугаар зүйлийн 343.1 гэж нэмж оруулж, талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТА-18/01 тоот гэрээний худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэхийг хариуцагчид даалгасугай гэснийг хариуцагч “М К”ХХК-д холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч “РМ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд байгуулагдсан ТА-18/01 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Р М”ХХК-ийн “e-tick-t систем” цахим тасалбар захиалга борлуулалтын системийг худалдах, худалдан тохиролцсон. Гэтэл уг гэрээгээр худалдан авахаар тохиролцсон “e-tick-t систем” нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл “Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл”-ийн 7.1.1-д “шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ” гэж зааснаар Монгол Улсын Зохиогчийн эрхийн 5755 дугаартай гэрчилгээгээр хамгаалагдсан байна. Нэгэнт зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хувьд зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. /ЗЭБТХЭТХ-ийн 12.1 дэх заалт/ Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулан /ЗЭБТХЭТХ-ийн 12.2 дах заалт/ ойлгохоор тусгажээ. Үүнд: а. бүтээлийг хуулбарлах /ЗЭБТХЭТХ-ийн 12.2.1/, б. бүтээлийг нийтлэх /ЗЭБТХЭТХ-ийн 12.2.2/, в. бүтээлийг нийтэд түгээх /ЗЭБТХЭТХ-ийн 12.2.3/, г.үүсмэл бүтээл болгон өөрчлөх /ЗЭБТХЭТХ-ийн 12.2.4/, д. түрээсээр ашиглуулах /ЗЭБТХЭТХ-ийн 12.2.5/ зэрэг болно. Энэ эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлж байхаар ЗЭБТХЭТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасан байна. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ. Гэтэл уг “e-tick-t систем” гэх програм хангамжийн бүтээлийг худалдах, худалдан авах боломжгүй бөгөөд зөвхөн бүтээл ашиглах онцгой эрхийг тодорхой хугацаагаар ашиглах боломжтой байсан. Иймээс худалдах худалдан авах гэрээгээр худалдан борлуулсан гэх “e-tick-t систем” нь эрхийн зөрчилтэй, эрх шилжих боломжгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй юм. 2. “e-tick-t систем”-ийн хөгжүүлэлт хийгдээгүй хувилбарыг туршилтаар суулгаж цаашид хийгдэх нэмэлт хөгжүүлэлтийг тодорхойлох зорилгоор системд суулгуулсан. Уг системийг өөрт тохирох хэлбэрээр системийн хөгжүүлэлт хийлгэж, өөрийн нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн нөхцөлд худалдан авахаар харилцан тохиролцсон. “Р М”ХХК-н системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж гүйцэтгээгүй, манай байгууллага нь уг системийг эцсийн байдлаар хүлээж авч ашиглаагүй. Уг системийн оюуны өмчийн эрх “М К”ХХК-д шилжээгүй, шилжих боломжгүй бөгөөд “РМ”ХХК-д хэвээр хадгалагдаж байгаа болно. Нэгэнт шилжих боломжгүй бүтээлийн эрхийн төлбөрт үндэслэлгүйгээр гэрээний үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжлэн, өөрийн бүтээлийн эрхээ өөртөө хэвээр хадгалан авч үлдсэн мөртлөө, манай байгууллагаас 26 330 000 төгрөг гаргуулан авч байгаа нь манай байгууллагыг хохироогоод зогсохгүй Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашигласантай холбоотой маргаан энэ маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх асуудал бөгөөд туршилтаар суулгасан асуудлыг “эх кодоо задруулсан” гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 3. Манай байгууллагаас гаргуулсан төлбөрийн үндэслэлдээ хэдий хэмжээний ажлыг ямар үнэлгээгээр тооцсон, тэр нь хэдэн төгрөг болсон талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад 26 330 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосон нь үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу шаардах эрхтэй. 4. Талуудын хооронд байгуулсан ТА 18/01 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр мэдэгдсэнийг “РМ”ХХК нь хүлээн авч уг мэдэгдлийн дагуу гэрээ цуцлах саналыг хүлээн авснаа илэрхийлэн ирүүлсэн 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн АГ01/08 тоот “Хариу хүргүүлэх тухай албан” бичгийг нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргахад уг албан бичигт буруу тамга, тэмдэг дарсан байсан учраас зөв болгох үүднээс буцаан авсан, үүнийхээ дараа уг албан бичгийг устгасан одоо манай байгууллагад байхгүй гэх тайлбар өгөн хүсэлтийг ханган шийдвэрлүүлээгүй. Нэхэмжлэгч нь уг албан бичгийг манай байгууллагад байхгүй гэж бодон манай байгууллагыг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан уг албан бичгийн дагуу хийгдсэн актыг Ажил хүлээлцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь цаашид хамтран ажиллах боломжгүй болохыг харуулж байна. /уг албан бичгийг манай байгууллага сүүлд эх хувиар нь олж авсан/ Албан бичигт манай байгууллагаас гаргасан саналыг хүлээн авсан ингэхдээ талуудын хооронд солилцсон, хүлээлцсэн, мэдээ баримтуудыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор баталгаажуулсан тохиолдолд гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Иймээс дээрх шаардлагын дагуу талуудын хооронд солилцсон, хүлээлцсэн, мэдээ баримтуудыг баталгаажуулан 2018 оны 05-р сарын 11-ний өдрийн ТА-18/01 Ажил хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болсон. Иймээс шүүх хууль буруу хэрэглэсэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “РМ”ХХК нь хариуцагч “М К”ХХК-д холбогдуулан гэрээний дагуу 33 750 000 төгрөг гаргуулах, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “М К”ХХК гэрээг цуцалсан тул нөхөн төлбөр 7 000 000 төгрөгийг өгч, гэрээг дуусгавар болгох боломжтой талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх холимог гэрээ байгуулагдсан гэж үзэн, хариуцагчаас 26 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, худалдах-худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хууль хэрэглээнээс гадна гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт зохих өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр “РМ”ХХК нь өөрийн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан, цахим тасалбар захиалга, борлуулалтын цогц систем e-ticket-ийг гэрээний хавсралт 1-д заасан нэмэлт ажлуудын хамт гүйцэтгэн “М К”ХХК-д хүлээлгэн өгөх, “М К”ХХК нь 45 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Шүүх талуудын хооронд гэрээгээр үүссэн зарим үүрэг нь худалдах-худалдан авах гэрээ, системд нэмэлт хөгжүүлэлт хийх тохиролцоог ажил гүйцэтгэх гэрээ гэж тус тус үзсэн нь Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй, гэрээний төрлийг  үндэслэлтэй тодорхойлжээ. Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой байна.

Зохигч нь e-ticket программ хангамжийн ажиллах үндсэн зарчим, эх кодыг харилцан хүлээлцсэн боловч уг системийн нэмэлт хөгжүүлэлт хийгдээгүй байгаа үйл баримтыг маргаагүй байна.

Харин “М К”ХХК-ийн зүгээс системийн өөрчлөлт, хөгжүүлэлт хийхэд шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд заасан ажил хийгдээгүй, системийн эх кодыг хүлээлгэн өгсөн тул урьдчилгаа төлбөр гаргуулах гэрээг үргэлжлүүлэхийг шаардах эрхтэй гэж “РМ”ХХК маргасан бол “М К”

ХХК нь системийн хөгжүүлэлт хийх үүргээ “РМ”ХХК биелүүлээгүй, системийг эцсийн байдлаар хүлээн авч ашиглаагүй, манай компанийн бизнесийн стратеги төлөвлөгөө өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж, 7 000 000 төгрөг өгөх тухай мэдэгдсэн гэж маргажээ.

“РМ”ХХК нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй боловч хариуцагч “М К”ХХК-ийн сервер дээр e-ticket системийг суулган, эх кодыг хуулж тохируулан шинэчилсэн, ийнхүү эх кодыг ил болгон, хүлээлгэн өгснөөр гэрээний гол үүргээ гүйцэтгэсэн байх тул биелүүлсэн үүргийн хэмжээнд урьдчилгаа төлбөр 22 500 000 төгрөг, алданги 3 830 000 төгрөг нийт 26 330 000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн аль алинтай нь холбоотой, анхан шатны шүүх e-ticket систем, эрх шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлээс гадна системийг суурилуулсан, шинэчилсэн ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн талаар зохих дүгнэлтийг хийсэн атлаа хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Гэрээний зүйл болох системийн хөгжүүлэлтийг хийгээгүй явдалд “М К”ХХК буруутай, зохих мэдээллийг өгөөгүй талаар анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “РМ”ХХК нь гэрээгээр тохирсны дагуу системийн эх кодыг суурилуулан хариуцагчид шилжүүлж, хариу төлбөр авч байгаа, “М К”ХХК үнийг нь төлсөн тул уг эд хөрөнгө, эрхийн хууль ёсны эзэмшигч нь болно. Иймд өөрийн бүтээлээ өөртөө хэвээр хадгалан үлдээгээд, төлбөр нэмж авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч “М К”ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн системийн үнэ, системийг суурилуулж, шинэчилсэн ажлын хэмжээ хэд болохыг өөрөө нотлоогүй, нэхэмжлэлийг үгүйсгээгүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. “М К”ХХК татгалзлаа өөрөө нотолж, шүүхэд баримт гаргах үүрэгтэй байхад төлбөрийн үндэслэлийг нотлох баримт хэрэгт байхгүй гэх гомдол мөн үндэслэлгүй болно.

2. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний худалдах-худалдан авах гэрээний хэсгийг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Анхан шатны шүүх талууд гэрээг цуцлах талаар тохироогүй гэж дүгнэхдээ гэрээг цуцлах үндэслэл үүссэн эсэхийг анхаараагүй, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэл тодорхой бус, нэхэмжлэгч нь гэрээний үлдэх үүрэгт ямар үүрэг хамаарахыг тайлбарлаагүй тохиолдолд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь талуудын зарчимд нийцнэ.” гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ.

Хариуцагч “М К”ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай “РМ”ХХК-д мэдэгдэхдээ бизнесийн зарим стратеги, чиглэл өөрчлөгдөж байгаатай холбогдуулан гэрээг цуцлах, нөхөн төлбөр 7 000 000 төгрөг төлөх саналтай гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байна. “РМ”ХХК гэрээг цуцлахыг зөвшөөрөөгүй болохоо 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн АБ 10/01 тоот албан бичгээр мэдэгджээ.

Зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан ба гэрээг цуцлах хүртэл хугацаанд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжсэн, харин системийг суурилуулсан боловч хариуцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн системийн хөгжүүлэлт, тохиргоо хийгдээгүй, үүнээс хамаараад домайн нэрийн эрх, фэйсбүүк аккаунтыг ашиглах эрх шилжүүлээгүй ба гэрээг цуцлах санал ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү хамааралтай байдал тогтоогджээ.

Үүргийн зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцлах тухай “М К”ХХК-ийн үйлдэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т нийцэхгүй боловч “М К”ХХК гэрээг цуцлах саналаа дэмжин, гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байгаа, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөж гэрээний зүйлийг ашиглах шаардлагагүй гэж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 859 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА