| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0529/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/547 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч У овогт Ж-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1803007780412 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Мөрдөс” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт Ж-ын О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн 2 дугаар гудамж, 36 тоот хашааны урд замд 14-55 УНИ улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3-т “..Жолооч дор дурдсан үүргийн хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллагаагүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.О-: “...Мөрдөнд шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 02-36 тоот гэрээсээ 06 цагийн үед ганцаараа 0,5 граммын “Хараа” нэртэй архи авч гараад, Нүхтийн 8 дугаар гудамжинд байдаг Лхагвасүрэнгийнд очсон. Тэгээд би гэрт нь архиа задалж хундаганд нэг хийж уучихаад хүү, бэр хоёрынхоо машинд нь сууж 06 цаг өнгөрч байхад гудамжныхаа ойролцоо ганцаараа буусан. Тухайн үед би архиа бариад баруунаас зүүн чиглэлтэй алхаж явахад хажуугаар хөх өнгийн машин орж ирээд намайг шүргэж унагаад яваад өгсөн. Ослын улмаас миний зүүн хөл, дөрвөн хавирга хугарсан. Би тухайн үед халамцуу явж байсан...” /хх-ийн 42-43/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим намайг унтаж байх үед гэрийн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход төрсөн эгчийн хүү Мөнхбаяр ганцаараа орж ирээд “өвөө машинд мөргүүлээд, хашааны гадаа ганцаараа хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ ганцаараа гарч очоод Мөнхбаярын хамт аавыг дэмнэж босгоод гэр лүү нь оруулахад зүүн хөл нь хугарчихсан байсан...” /хх-ийн 44-46/ гэсэн,
Гэрч О.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цаг 40 минутын үед би эхнэр М.Чинбатын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 14 дүгээр гудамжны 227А тоот гэрээсээ ажилдаа явах зорилгоор хойноосоо урагшаа чиглэлтэй алхаж явсан. Тэгэхэд Нүхтийн 2 дугаар гудамжны үзүүрт ...шороон зам дээр танил Ш.Ц- хэвтэж байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт явж очоод түүнээс “танд юу тохиолдсон бэ” гэж асуухад “намайг хөх өнгийн суудлын машин мөргөөд, зогсохгүй яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би гэрийнх нь хаалгыг тогшсон боловч ямар нэгэн хүн гарч ирэхгүй болохоор нь шууд гэрт ганцаараа явж ороход хүү нь ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь түүнийг сэрээгээд “аав чинь машинд мөргүүлсэн байна” гээд дагуулж гарч ирсэн. Ингээд хүүд нь түүнийг хүлээлгэж өгөөд, эхнэрийнхээ хамт ажил руугаа явсан. Намайг анх эхнэрийнхээ хамт Ш.Ц- дээр явж очиход босож чадахгүй, ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин түүний хажууд нэг хайрцаг тамхи, 0,75 граммын шил архи хажууд нь байсан. Мөн өөрөө бага зэрэг халамцуу байсан. Ойр орчимд нь түүнийг мөргөөд явсан гэх машин нь байгаагүй, би эхнэрийнхээ хамт яг ослыг хараагүй...” /хх-ийн 61-62/ гэсэн,
Гэрч Г.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ гараад цуг ажилладаг, манай гэрийн зүүн талд амьдардаг О-ийн гэрт очиж ажилдаа явахаар О-ийн машинтай гарсан. Гарч явж байгаад Нүхтийн 2 дугаар гудамж руу зүүн гар тийш эргэхэд О-ийн машин нэг овгор юман дээгүүр гарах шиг болоод түг хийгээд дугарсан. Бид 2 толиндоо харахад юм харагдахгүй болохоор нь чулуун дээгүүр гарчих шиг боллоо гэж ярилцан цааш явсан. Тэр гудамжаараа чигээрээ жоохон явж байгаад машиных нь цонхны цан арилахгүй болохоор нь бууж арчаад цааш ажил руугаа явсан...” /хх-ийн 54-55/ гэсэн,
Шүүгдэгч Ж.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 5 дугаар гудамжны 86б тоот хаягтай гэрээсээ ганцаараа гарч, хашаан дотор байсан өөрийн эзэмшлийн хар хөх өнгийн Демио Мазда маркийн 14-55 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг онгойлгож ороод, түлхүүрээ хийж асаахад цонхнууд нилээн цантсан байсан. Тэгэхээр нь 3-5 орчим минут машинаа нормалдаж, машинаа жолоодон хашаанаас гарч явахдаа хамт ажилладаг Энхцэцэгтэй утсаар холбогдож, “манай гэрийн хашааны үүдэнд зогсож бай” гэж хэлсэн. ...Ингээд би Энхцэцэгийг машиндаа суулгаж хамт ажил руугаа хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад баруун гар тийшээгээ эргэж ороод, баруунаасаа зүүн чиглэлтэй явж байхад миний талын урд талын дугуй нь овгос хийх шиг болсон. Тэр үед би Энхцэцэгтэй “чулуун дээгүүр гараад явчихлаа” гэж яриад л явсан. Тухайн үед баруун гар талын толиндоо харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Тэгээд ажил дээрээ очсон. Цайны цаг өнгөрч байх үед манай нөхөр надтай утсаар холбогдож “чи хүн мөргөөд яваад өгсөн юм биш үү, цагдаагын байгууллагаас надтай утсаар холбогдлоо” гэж хэлсэн...” /хх-ийн 84-87/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №11861 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.Ц-гийн биед зүүн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №51212 тоот дүгнэлтэд: “...1. Уг автомашины тоног төхөөрөмжийг шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22,3 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. (Стандартаар +5) Автомашины урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрэл 0cd, холын гэрэл 4300cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Өнгө үзэмж хэвийн.
2. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22,3 мм, тохиргоо алдагдсан баруун гар талын ойрын гэрэл 0cd, холын гэрэл 4300cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. (Стандартаар 10000-22500 cd)
3. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, мөн баруун гар талын холын болон ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байх бөгөөд зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй байна.
4. Уг автомашин нь хийн буюу шингэн дамжуулгат тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд, ажлын болон зогсоолын тоормос хэвийн, стандартын шаардлага хангаж байна.
5. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба автомашины хурд, цаг агаар, замын нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
6. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байсан...” /хх-ийн 66-71/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14/,
- Жолоочийн болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15, 16/,
- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/,
- Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/,
- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25, 58, 114/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/,
- Ш.Ц-гийн өвчний түүх /хх-ийн 30-38/,
- Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 89/,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 92/,
- Жолоочийн лавлагаа /хх-ийн 99/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 48-50, 110-113/,
- Шүүгдэгч Ж.О- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 98, 101, 104, 105-108/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Тээврийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн 2 дугаар гудамж, 36 тоот хашааны урд замд 14-55 УНИ улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3-т “..Жолооч дор дурдсан үүргийн хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллагаагүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Ц-гийн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө ...хүү, бэр хоёрынхоо машинаас 06 цаг өнгөрч байхад гудамжныхаа ойролцоо ганцаараа буусан. Тухайн үед би архиа бариад баруунаас зүүн чиглэлтэй алхаж явахад хажуугаар хөх өнгийн машин орж ирээд намайг шүргэж унагаад яваад өгсөн. Ослын улмаас миний зүүн хөл, дөрвөн хавирга хугарсан...” /хх-ийн 42-43/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баасансүрэнгийн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим ...төрсөн эгчийн хүү Мөнхбаяр ганцаараа орж ирээд “өвөө машинд мөргүүлээд, хашааны гадаа ганцаараа хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ...гэр лүү нь оруулахад зүүн хөл нь хугарчихсан байсан...” /хх-ийн 44-46/ гэсэн, гэрч О.Лхагвасүрэнгийн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цаг 40 минутын ...Нүхтийн 2 дугаар гудамжны үзүүрт ...шороон зам дээр танил Ш.Ц- хэвтэж байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт явж очоод түүнээс “танд юу тохиолдсон бэ” гэж асуухад “намайг хөх өнгийн суудлын машин мөргөөд, зогсохгүй яваад өгсөн” гэж хэлсэн. ...Ойр орчимд нь түүнийг мөргөөд явсан гэх машин нь байгаагүй, би эхнэрийнхээ хамт яг ослыг хараагүй...” /хх-ийн 61-62/ гэсэн, гэрч Г.Энхцэцэгийн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим ...О-ийн гэрт очиж ажилдаа явахаар О-ийн машинтай гарсан. Гарч явж байгаад Нүхтийн 2 дугаар гудамж руу зүүн гар тийш эргэхэд О-ийн машин нэг овгор юман дээгүүр гарах шиг болоод түг хийгээд дугарсан. Бид 2 толиндоо харахад юм харагдахгүй болохоор нь чулуун дээгүүр гарчих шиг боллоо гэж ярилцан цааш явсан. Тэр гудамжаараа чигээрээ жоохон явж байгаад машиных нь цонхны цан арилахгүй болохоор нь бууж арчаад цааш ажил руугаа явсан...” /хх-ийн 54-55/ гэсэн, шүүгдэгч Ж.О-ийн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим ...Ингээд би Энхцэцэгийг машиндаа суулгаж хамт ажил руугаа хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад баруун гар тийшээгээ эргэж ороод, баруунаасаа зүүн чиглэлтэй явж байхад миний талын урд талын дугуй нь овгос хийх шиг болсон. Тэр үед би Энхцэцэгтэй “чулуун дээгүүр гараад явчихлаа” гэж яриад л явсан. Тухайн үед баруун гар талын толиндоо харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Тэгээд ажил дээрээ очсон...” /хх-ийн 84-87/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №11861 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.Ц-гийн биед зүүн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...” /хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны №51212 тоот дүгнэлтэд: “...1. Уг автомашины тоног төхөөрөмжийг шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22,3 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. (Стандартаар +5) Автомашины урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрэл 0cd, холын гэрэл 4300cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Өнгө үзэмж хэвийн.
2. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22,3 мм, тохиргоо алдагдсан баруун гар талын ойрын гэрэл 0cd, холын гэрэл 4300cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. (Стандартаар 10000-22500 cd)
3. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, мөн баруун гар талын холын болон ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байх бөгөөд зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй байна...” /хх-ийн 66-71/, гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/, Ш.Ц-гийн өвчний түүх /хх-ийн 30-38/, түргэн тусламжийн хуудас /хх-ийн 89/, жолоочийн лавлагаа /хх-ийн 99/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102/ зэрэг хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруУ үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруУд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Ж.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ц-гийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардал 3,300,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул /хх-ийн 133/ энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруУд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ж.О-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруУд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1803007780412 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ж.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №983308 дугаартай эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн №00980929 дугаартай гэрчилгээ баримтыг шүүгдэгч Ж.О-д буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баасансүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ж-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруУд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.О-ийн нийт ялыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.О-д оногдуулсан торгуулийн ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ж.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №983308 дугаартай эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн №00980929 дугаартай гэрчилгээ баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.О-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн 1803007780412 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баасансүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР