Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2219000000099 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Биеийн байцаалт: Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багийн ажлын албаны байрны 00-ын өрөөнд төрж, төрүүлсэн нярай хүүхдээ гялгар уутанд хийж тус багийн ажлын албаны байрны үүдэн дэх хогийн саванд хийж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ бие өвдөөд төрсөн. Хугацааны өмнө гэнэт өвдөөд төрсөн чинь хүүхэд дуугарахгүй, хөхөрчихсөн байхаар нь айгаад хогийн саванд хийсэн. 2021 оны 08 сард анх жирэмсэн болсноо мэдсэн. Одоо хүүхдийн эцгийг хаана байгааг мэдэхгүй. Уг нь хүүхдээ авхуулах гэтэл томорсон байсан болохоор чадаагүй. Энэ хүүхдээ төрүүлчихээр 2 хүүхэд тэжээж чадахгүй байх гэж их шаналж байсан. Эмнэлгийн хяналтад ороогүй. Одоо хүүхдээ буцааж авах боломжгүй. Би өөрөө ажилгүй, аав хэвтэрт хүнд өвчтэй болохоор сайн хүн үрчилж аваасай гэж хүсэж байна. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

 

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа, хүүхдийн эмч Оюун-Эрдэнэтэй 95447444 дугаараар байнга холбогдож ажиллаж байгаа. 2 удаа эргэж очсон хүүхдийн хэрэгцээнд хэрэглэгдэх сүү, памперс, салфетик гэх мэт зүйлийг өгсөн. Мөн хүүхдэд Мөнхнасангийн Буянзаяа гэсэн нэр өгч бичиг баримтыг гардуулсан байгаа. Бид хүүхдийн  ээжтэй болон эмээ, өвөө  нартай нь уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ үеэр ээж, эмээ, өвөө нар хүүхдийг авахгүй гэсэн тухайгаа ээж Мөнхнасан өөрөө бичгээр хүсэлт гаргаж манай байгууллагад өгснийг тэмдэглэл үйлдэж баталгаажуулж авсан. Манай байгууллага хүүхдийн аюулгүй байлгаж, асран хамгаалах асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байна. Хүүхдийн ар гэр нэгэнт хүүхдийг авахгүй гэсэн болохоор хүүхдийн ээжид холбогдох асуудлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хүүхдийн эх нь хүүхдийг хогийн саванд хаяснаас хүүхдийн амь насыг аюултай нөхцөл байдалд үлдээсэн, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. ...Манай байгууллагын зүгээс нярай хүүхдэд нэмэлт сүүл тэжээл, живх авч өгч байгаа. Уг зардалд одоогоор 400.000 гаран төгрөг зарцуулаад байгаа. Уг зардал мөнгийг гаргахад байгууллагын даргын тушаал гарган шуурхай тусламж үйлчилгээний зардлаас гарч байгаа болохоор гарсан зардлыг манай байгууллагын зүгээс нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Гэрч У.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Баярсайханы хамтаар гэрт байж байгаад 16 цагийн орчимд санаж байна Офицерын дэлгүүр орж тамхи авахаар 6 дугаар багийн ажлын албаны хажуугаар хойноос урагш чиглэлтэй явж байтал ажлын албаны гадаа байх  хогийн саванд юм дуугарах чимээ гарахаар нь хүрээд очтол жоохон хүүхэд уйлж байсан. Баярсайхан бид хоёр хогийн савыг гаргатал уг хогийн саван дотор хар гялгар уутанд хүүхэд хийгээд үлдээчихсэн байсан. Бид хоёр хүүхдийг аваад куртикиндээ ороож гүйгээд Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Багийн ажлын албаны гадуур хүн байгаагүй мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз У.Батболдын гэрт очиж байж байгаад 16 цаг өнгөрч байхад гэж бодож байна, тухайн үедээ цаг хараагүй бид хоёр урагшаа тамхи зардаг дэлгүүр орж тамхи авахаар явсан юм. Сайншанд сумын 6 дугаар багийн ажлын албаны хажуугаар явж байтал багийн албаны гадаах хогийн саванд юм дуугарах шиг сонсогдсон. Би эхлээд муур дуугарлаа гэж бодон яагаад хогийн саванд муур орчихдог юм болдоо гээд очтол хогийн саванд хүүхэд уйлах чимээ гарсан. Нярай хүүхдийг хар өнгийн уутанд хийгээд хогийн саванд хаясан байсан. Бид хоёр хогийн савнаас хүүхдийг гаргатал хүүхэд цус болчихсон дөнгөж төрсөн бололтой нүцгэн хүүхэд байхаар нь Батболд хүүхдийг курткиндээ ороогоод бид хоёр эмнэлэг рүү гүйж эмнэлэгт хүүхдийг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Гэрч О.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хэсгийн ахлагч нарын хамтаар 15 цаг 30  минутаас 17 цаг 30  минутын хооронд сургалтанд суусан юм. Сургалтанд суухаар явахад ажлын албаны байранд бүртгэл мэдээллийн ажилтан Б.М ганцаараа үлдсэн. Би сургалтад сууж байгаа 17 цаг нилээд өнгөрч байхад сургалтаа тараад ажил дээрээ иртэл ажлын албаны байрны гадаа цагдаа нар ирчихсэн үзлэг хийгээд байх шиг байсан. Би ажил руу орж ирэхэд үүдэнд 00-н өрөөнд байдаг цэнхэр өнгийн хогийн савны таг цус болчихсон газарт байсан. Тухайн тагийг аваад 00-ын өрөөнд орж тагийг нь угаачхаад 00-ын өрөөнд байсан хогийн савыг таглах гэтэл хогийн сав цус болчихсон, мөн 00-ын өрөө угаадаг алчуур цус болон нөж болсон байхаар нь би багийн даргыг дуудаж 00-ын энүүгээр хамаг юм цус болчихсон байна гэж хэлсэн. Дарга ирээд манай гаднаас хүүхэд олдсон юм шиг байна, цагдаа нар үзлэг хийж байна гэж хэлж байсан. Би 00-ын өрөөнөөс гараад бүртгэлийн өрөө рүү ороход тухайн өрөөнд М ганцаараа сууж байсан. Өрөөнөөс нь цусны юм шиг хурц үнэр үнэртэж байсан. Мөн Мы өмсөж байсан цамцны ханцуй цус болсон байсан. Би Маас цамц чинь цус болчихсон юм уу гэж асуухад үгүй хумсны лаак байгаа юм манай хүүхэд миний цамцыг лаак болгочихсон юм гэж хэлж байсан. ...Би гэрт ирсний дараа санаа зовж байж байгаад багийн даргатай утсаар яриад 00-д цус болсон байсан энийг цагдаагийн байгууллагад хэлж шалгуулъя гэж яриад цагдаад мэдэгдэж шалгуулсан. Б.Мыг жирэмсэн гэдгийг нь манай ажлынхнаас хэн нь ч мэдээгүй байсан. ...Өдөр цайны цагийн дараа 13 цаг гээд ажил дээр иртэл М ширээн дээрээ гараа дэрэлчихсэн хэвтэж байсан. Юу болсон юм бэ гэж асуухад бие өвдөөд байна гэж хэлж байсан. Юу өвдсөн талаараа тодорхой хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,

 

-Гэрч Х.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хогийн савнаас олдсон гэх нярай хүүхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн. Хүүхдийг эмнэлэгт хүргэгдэн ирэхэд үзлэг хийхэд бие нь хөхөрсөн хүйтэн, амьсгал зүрхний цохилт цөөрсөн, осголтын байдалтай биеийн байдалд хүнд байсан. Хүүхдэд амьсгал зүрх судас дэмжих эрчимт эмчилгээ хийсний үр дүнд хүүхдийн биеийн байдал тогтворжсон. Одоо нярай хүүхдийн биеийн байдал хэвийн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрх тасагт байгаа. Хүүхэд нэмэлт тэжээлээр хооллож байгаа. Зарим тохиолдолд төрсөн эхчүүдийн хөхний сүүгээр хооллож байгаа. Хэвийн төрөлтийн хувьд хүүхэд эхээс төрмөгц уйлж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа жигдэрдэг. Хүүхэд эхээс төрөхдөө бүтэлттэй төрсөн тохиолдолд хүүхдийн бие хөхөрсөн байдаг бөгөөд энэ тохиолдолд хүүхэд уйлахгүй байж болно гэсэн мэдүүлэг /хх 47 ху/,

 

-Шүүх сэтгэц гэм судлалын 16 дугаартай дүгнэлтэнд:

1.Б.М нь хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болно.

2.Б.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болно.

3.Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно.

4.Б.М үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно” гэсэн дүгнэлт /хх 42-43/,

 

-Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7 ху/

-Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14 ху/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16 ху/,

-Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний маягт /хх 77-98 ху/,

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх тухай “ тушаал /хх 99 ху/,

-Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /хх 103 ху/,

-Б.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-55 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлт /хх 111 ху/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 113 ху/  зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багийн ажлын албаны байрны 00-ын өрөөнд төрж, төрүүлсэн нярай хүүхдээ гялгар уутанд хийж тус багийн ажлын албаны байрны үүдэн дэх хогийн саванд хийж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...маш их гэмшиж байна. миний буруу гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа, хүүхдийн эмч Оюун-Эрдэнэтэй 95447444 дугаараар байнга холбогдож ажиллаж байгаа. 2 удаа эргэж очсон хүүхдийн хэрэгцээнд хэрэглэгдэх сүү, памперс, салфетик гэх мэт зүйлийг өгсөн. Мөн хүүхдэд Мөнхнасангийн Буянзаяа гэсэн нэр өгч бичиг баримтыг гардуулсан байгаа. Бид хүүхдийн  ээжтэй болон эмээ, өвөө  нартай нь уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ үеэр ээж, эмээ, өвөө нар хүүхдийг авахгүй гэсэн тухайгаа ээж Мөнхнасан өөрөө бичгээр хүсэлт гаргаж манай байгууллагад өгснийг тэмдэглэл үйлдэж баталгаажуулж авсан. Манай байгууллага хүүхдийн аюулгүй байлгаж, асран хамгаалах асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байна. Хүүхдийн ар гэр нэгэнт хүүхдийг авахгүй гэсэн болохоор хүүхдийн ээжид холбогдох асуудлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хүүхдийн эх нь хүүхдийг хогийн саванд хаяснаас хүүхдийн амь насыг аюултай нөхцөл байдалд үлдээсэн, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. ...Манай байгууллагын зүгээс нярай хүүхдэд нэмэлт сүүл тэжээл, живх авч өгч байгаа. Уг зардалд одоогоор 400.000 гаран төгрөг зарцуулаад байгаа. Уг зардал мөнгийг гаргахад байгууллагын даргын тушаал гарган шуурхай тусламж үйлчилгээний зардлаас гарч байгаа болохоор гарсан зардлыг манай байгууллагын зүгээс нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүйгэсэн, гэрч У.Батболд, Д.Баярсайхан, О.Цэндсүрэн, Х.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх тухай” тушаал /хх 99 ху/, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /хх 103 ху/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд сэтгэл санааны хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мы гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санааны хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА