| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01383/И |
| Дугаар | 183/ШШ2017/01942 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2017/01942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Г, С.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, С.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г, С.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г миний бие Б.Б уулзаж манай компанийн мэдлийн хүн ороогүй байгаа 3 өрөө байранд урьдчилгаа төлбөрөө төлөөд ор гэж хэлсэн. Ингээд байрыг үзэж метр квадратын үнэ 850 ам. доллар буюу тэр үеийн ханшаар 2011 оны 9 сарын 22-ны өдөр эхнэр дүү нарын хамт мөнгөө авч очоод өгсөн. Тэр үед Б.Б одоохондоо тамга байхгүй байгаа зээлийн гэрээ хийнэ гээд 40 000 000 төгрөг авч гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Бид нарт байр таалагдаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө үргэлжлүүлэн төлнө гэсэн ойлголттой байсан. Ингээд байранд орсноос хойш мөнгө авах өөр нэгэн Хятад компани гарч ирээд хоёр компани хоорондоо маргалдаж бид төлбөрөө хэнд нь өгөхөө мэдэхгүй хугацаа алдаж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Эцэст нь Д******* гэдэг Хятад компани байрны төлбөрийг бөөнд нь өгөхгүй бол гэрчилгээ өгөхгүй гэж хугацаа тогтоож төлж чадахгүй бол байрнаас албадан гаргана гэсэн шаардлагыг тавьж бид сандарч аавынхаа 3 өрөө байрыг банкинд барьцаалж жилийн 23 хувийн өндөр хүүтэй 40 000 000 төгрөгийн зээлийг банкнаас зээлж өгөөд 2015 оны 9 сарын 22-ны өдөр байрныхаа гэрчилгээг Д******* ХХК-иас авсан. Гэтэл 40 000 000 төгрөг манай компанид хамаагүй өөрсдөө олж ав гэж хэлсэн. Б.Б гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мөнгөө нэхсэн боловч 2015 оны 7 сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа ч авахгүй зугтах болсон. Иймд Б.Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Уг мөнгийг байрны урьдчилгаа гэж тохиролцсон боловч зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн хүүнд нь байранд суугаад тодорхой хугацааны дараа зээлийн эргэн төлөлтөө хийхээр тохиролцсон. Тиймээс тухайн үед зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу Б.Б 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г, С.Э нар нь хариуцагч Б.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд 2011 оны 9 сарын 22-ны өдөр бичгийн хэлбэрээр мөнгө зээлсэн баримт нэртэй хэлцэл бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг хэлцэлээр нэхэмжлэгч А.Г, С.Э нар нь хариуцагч Б.Б 40 000 000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд байранд суулгахаар тохиролцсон болох нь уг хэлцэл болон бэлэн мөнгө өгсөн баримт, нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 3, 4/
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үед Б.Б нь Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компанийн барьж байсан байрнаас тэр үеийн ханшаар буюу 1 м.кв-ын үнэ 850 ам. долларт бодож урьдчилгаа байдлаар мөнгөө өгөөд уг байранд орж суухаар тохирсон. Ингээд 2011 оны 9 сарын 22-ны өдөр эхнэр, дүү нарын хамт мөнгөө авч очоод Б.Б өгөхөд одоохондоо компанийн тамга байхгүй байгаа тул, өөрийн нэрээр зээлийн гэрээ хийгээд 40 000 000 төгрөгийг авч, гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Бид нарт байр таалагдаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө үргэлжлүүлэн төлнө гэсэн ойлголттой байсан. Ингээд байранд орсноос хойш мөнгө авах өөр нэгэн Хятад компани гарч ирээд хоёр компани хоорондоо маргалдаж бид төлбөрөө хэнд нь өгөхөө мэдэхгүй хугацаа алдаж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Эцэст нь Д******* гэдэг Хятад компани байрны төлбөрийг бөөнд нь өгөхгүй бол гэрчилгээ өгөхгүй гэж хугацаа тогтоож төлж чадахгүй бол байрнаас албадан гаргана гэсэн шаардлагыг тавьсан... Б.Б нь 2015 оны 7 сард 2 000 000 төгрөгийг өгөөд түүнээс хойш зугтаад олдохгүй байгаа тул үлдэгдэл 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан байна.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр болгож, мөнгө өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантэй нийцэж байх тул Б.Б шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Б.Б 38 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Харин хариуцагч Б.Б 2016 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан бөгөөд түүний төлөөлөгч М.Ц 2017 оны 9 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас 2017 оны 9 сарын 18-ны 11.00 цагт зарлагдсан болохыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б 38 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г С.Э нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 347 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г, С.Э нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ