| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0533/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/553 |
| Огноо | 2018-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Х.Этуяа, хохирогч Д.Т, шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810024450671 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 00000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н.Э /РД: 00000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 000000000тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Д.Т: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай нөхрийн ах болох Э гэдэг хүн бид хоёрыг бэр гуйх ёслод яваад өгөөч гэсэн. Ёслол дээр надтай хоёр залуу танилцаад гар барьж, удаан суусан. Мөн 10 гаруй жилийн өмнө би өөр хүнтэй уулзаж байгаад нөхөртөө баригдсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр энэ асуудлыг сөхөж маргаан гарсан. Миний нүүр, гар, хөл рүү цохисон. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг гарсныг манай нөхөр төлсөн. Одоо миний биеийн байдал сайн байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн талаар тодорхой байгаа учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, эхнэр бид хоёр нутагтаа үлгэр дуурайлал болсон гэр бүл юм. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...15 цагийн үед манай нөхөр Н.Э гаднаас орж ирэхдээ Соёрхол нэртэй 0,5 грамм архи авч ирээд ганцаараа хэсэг ууж сууснаа “Хэнтий орж бэр гуйсан өдөр нэг эрэгтэй хүнтэй үнсэлцээд байсан уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн чинь “чи битгий худлаа яриад бай” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад, гэрийн хөргөгчний хажууд байсан халуун тогоо аваад над руу шидсэн боловч оноогүй, тэгээд босож ирээд гараараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод, газар байсан сандал аваад, миний зүүн гуя руу нэг удаа цохисон...” /хх-ийн 10-12/ гэсэн,
Гэрч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед манай ээж П над руу утасдаад “Н.Э дүүг чинь зодсон байна” гэж хэлэхээр нь би “ажлаа тараад очъё” гэж хэлээд дүү Оюундарь руу утасдаж юу болсон талаар асуухад “аав, ээжийг халуун тогоо, сандлаар цохиж зодоод, Б ах Гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа” ...гэж хэлсэн. Би Гэмтлийн эмнэлэг рүү яваад, дүү Д.Т дээр очоод “цагдаа дуудахгүй яасан юм” гэхэд “намайг цагдаа дуудвал ална” гээд байсан гэж хэлсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 03 цагийн үед ахын хүүхэд Э.Бгийн эхнэрийг гуйхаар болоод “Хэнтий аймгийн Дархан сум руу явсан. Тухайн өдөр 11 цагийн үед бэр гуйсан ба найр эхлэхэд тэнд байгаа бүх хүмүүс ууцгаасан. ...Ингээд сууж байхад манай эхнэр Д.Т нэг залуутай гараа атгалцаад сууж байсан болохоор надад хардах сэтгэл төрсөн. ...Ингээд гэртээ ирээд эхнэрийг гэрт нь буулгаад, эгчийнхээ гэр болох Алтай хотхонд очиж гурав хоносон. ...Эхнэр дуудахаар нь дэлгүүрээс нэг шил Соёрхол нэртэй 0,5 грамм архи аваад, түүнтэй ярилцаж байгаад “чи арван жилийн өмнөГгэдэг залуутай унтаж байгаад, надад баригдсан чинь үнэн биз” гэж хэлэхэд юм ярихгүй байсан. Би тэгэхээр нь “бэр гуйх ёслол дээр айлд байж байхад чи залуугийн гарыг атгаад сууж байх юм, чи ичихгүй байна уу” гэж хэлсэн чинь эхнэр “би тэгээгүй” гээд мэлэлзээд байхаар нь “би тэрийг чинь нүдээрээ харсан, чи битгий тэгээд бай, худ ургийн хүмүүс харсан байна” гэж хэлсэн чинь хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би газар байсан халуун тогоо аваад шидсэн чинь оноогүй бөгөөд нилээд согтуу байсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би эхнэр Д.Тийн нүүр лүү нэг удаа цохиж гар хөл рүү хэд хэдэн удаа цохисон байсан өөр цохиж зодсон асуудал байхгүй...” /хх-ийн 32-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12498 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Тийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-55/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 56-58/,
- Шүүгдэгч Н.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 39-41, 46-49/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Н.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 000000000тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Тийн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...15 цагийн үед манай нөхөр Н.Э гаднаас орж ирэхдээ Соёрхол нэртэй 0,5 грамм архи авч ирээд ганцаараа хэсэг ууж сууснаа “Хэнтий орж бэр гуйсан өдөр нэг эрэгтэй хүнтэй үнсэлцээд байсан уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн чинь “чи битгий худлаа яриад бай” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад, гэрийн хөргөгчний хажууд байсан халуун тогоо аваад над руу шидсэн боловч оноогүй, тэгээд босож ирээд гараараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод, газар байсан сандал аваад, миний зүүн гуя руу нэг удаа цохисон...” /хх-ийн 10-12/ гэсэн, гэрч Д.Нийн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед манай ээж П над руу утасдаад “Н.Э дүүг чинь зодсон байна” гэж хэлэхээр нь би “ажлаа тараад очъё” гэж хэлээд дүү Оюундарь руу утасдаж юу болсон талаар асуухад “аав, ээжийг халуун тогоо, сандлаар цохиж зодоод, Б ах Гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа” гэж хэлсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн, шүүгдэгч Н.Эын “...Эхнэр дуудахаар нь дэлгүүрээс нэг шил Соёрхол нэртэй 0,5 грамм архи аваад, түүнтэй ярилцаж байгаад “чи арван жилийн өмнө Г гэдэг залуутай унтаж байгаад, надад баригдсан чинь үнэн биз” гэж хэлэхэд юм ярихгүй байсан. Би тэгэхээр нь “бэр гуйх ёслол дээр айлд байж байхад чи залуугийн гарыг атгаад сууж байх юм, чи ичихгүй байна уу” гэж хэлсэн чинь эхнэр “би тэгээгүй” гээд мэлэлзээд байхаар нь “би тэрийг чинь нүдээрээ харсан, чи битгий тэгээд бай, худ ургийн хүмүүс харсан байна” гэж хэлсэн чинь хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би газар байсан халуун тогоо аваад шидсэн чинь оноогүй бөгөөд нилээд согтуу байсан болохоор юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би эхнэр Д.Тийн нүүр лүү нэг удаа цохиж, гар, хөл рүү хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 32-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №12498 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Тийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-55/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 56-58/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эрдэнбатын эхнэр Д.Тийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Эрдэнбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810024450671 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810024450671 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР