Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2018/4018/и |
Дугаар | 001/ХТ2020/00320 |
Огноо | 2020-06-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00320
С.Пгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 837 дугаар магадлалтай,
С.Пгийн нэхэмжлэлтэй
Б.Цт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалангийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр надаас 17 000 ам.доллар зээлж аваад зээлсэн мөнгөө өгөхгүй маш их хугацаа алдсан. Ингээд миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Цтой уулзаж зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй, харин доллараар нь буцааж авахаар харилцан тохиролцож 17 000 долларыг 2017 оны 05 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож бичгээр хэлцэл хийж хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч Б.Ц нь одоо хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй явсаар байна. Иймд Б.Цоос 17 000 ам.доллар /42 092.000 төгрөг/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 30-нд гэрээ байгуулсан. 2017 онд хүү тооцохгүйгээр тохирсон гэж байна. 2013 оны 12 дугаар сарын 30-нд гэрээ байгуулагдсан нь тодорхойгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Баримтаар гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-нд дууссан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх үед яригдахгүй. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баримт үйлдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгч нь мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцсон байдаг. Гэтэл 2013 онд долларын ханш 1 320 төгрөг орчим байсан. Иймд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцох нь үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар ханш өөрчлөгдвөл үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Хэрэгт байгаа баримтын хувьд нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчийн гэрт ирж дарамталж гарын үсэг зуруулсан гэж надад хэлсэн гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цоос 42 092 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Пд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 368 410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 837 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалангаас төлсөн 368 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар 4 сарын 10-ны өдрийн 837 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хэлцэлд дурдсанаар зохигчид 17,000 амдолларын зээлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч нь төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахъ хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.” гэж дүгнэсэн байна. Тэрээр анхан шатны шүүхийн зүгээс “...зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн 3 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон. ...Зохигчид 17,000 ам долларын зээлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.3-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр эхлэн тоологджээ.” гэж дүгнэсэн байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Иргэний хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай ойлголт нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үед яригдах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээг анх хэзээ байгуулсан болох нь тодорхой байх ёстой. Тодруулбал, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх ёстой. Гэтэл шүүхийн зүгээс зээлийн гэрээг хэзээ байгуулсан гэдэг нь тодорхойгүй гэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзсэн нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Ийм байхад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй боломжгүй. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй байсан Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалтыг хэрэглэсэн бөгөөд ийнхүү хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ИргэниЙ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүргээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийн зүгээс ИХ-ийн 82.1-г заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд шийдвэрийг болон магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Б.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 12 дугаар сарын 30, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэлд дарамталж гарын үсэг зуруулсан долларын ханшийг 2017.02.22-ны өдрийн ханшаар тооцох үндэслэлгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд Б.Ц нь С.Пгээс 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөгийг зээлж авах тухай, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баримтад Б.Ц нь хүү тооцохгүйгээр, 17 000 ам.долларыг буцааж өгөх тухай агуулга бүхий мэдээлэл тусгагджээ.
Эдгээр гэрээнүүд тус тусдаа, бие даасан гэрээ биш бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэрээний дагуу С.П нь 17 000 ам.долларыг Б.Цт шилжүүлж үүргээ биелүүлсэн, харин хариуцагч үүргээ биелүүлээгүй үйл баримтыг шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэсэн байна. Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь баримтаар нотлогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоолох юм.
Гэрээний зүйл нь гадаад улсын мөнгөн тэмдэгт болохыг талууд гэрээгээр тогтоосон, зээлдэгч нь ам доллар хүлээн авсан тул уг мөнгийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан зохицуулалт нь ам.долларын ханшид хамаарахгүй хэрэглэх ёстой хэм хэмжээ биш болно.
Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэл байгуулагдах үеийн ам.долларын ханш 2476.02 төгрөгөөр тооцож 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн хэмжээнд шүүх нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байна. Б.Ц нь С.Пгийн өмнөөс Ай Би Капитал ББСБ-д 8 сая төгрөгийг төлсөн гэдгээ нотлоогүй тул хасч тооцох боломжгүй, 2014 онд 20 сая төгрөг төлсөн гэх боловч 2017 онд 17 000 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн бичгийн баримтаас үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 837 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА