Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 85

 

Монгол Улсын нэрийн өмнөөс                                             

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Арсланбаатар, С.Ариунаа

Иргэдийн төлөөлөгч Н.Туяа

Хохирогчийн төлөөлөгч Ж.Долгор, А.Оюундарь тэдний өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Г.Эрдэнэсүх, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Д.Урансувд нарыг оролцуулан,

Гэрч Д.Алтанцэцэг, А.Дагвасүрэн, М.Туяа, А.Эрдэнэбат, Ц.Баатархуяг А.Лхагвасүрэн нарыг байлцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амбгай овогт Гунгаабуугийн Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн 201311000591 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан суманд 1977 оны 05 сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино механикч барилгын засал чимэглэлч, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 12-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЛЮ77052736 регистрийн дугаартай Амбгай овогт Гунгаабуугийн Эрдэнэсүх,

Шүүгдэгч Г.Эрдэнэсүх нь шунахайн сэдэлтээр 2013 оны 08 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 24

тоотод иргэн Ж.Бямбасүрэнг цээжин тус газарт нь хутгалж санаатай алж, хүзүүний “хххх” хэлбэртэй алтан гинж, торон хээтэй алтан кулонтой, хүзүүний өргөн цул алтан гинж торон талсттай өргөн том алтан гинж, кольцо хэлбэртэй монетан бөгж, кольцо хэлбэртэй өргөн алтан бөгж, кольцо хэлбэртэй цулгүй алтан бөгж, голоороо өргөн алтан бөгж, талсттай алтан бөгж, талсттай алтан ээмэг нэг хос, алтан ээмэг нэг хос /олон  навчтай/, зүрх хэлбэрийн тольтой алтан гинж, гахайн сүүлтэй алтан ээмэг нэг хос, 1,8 грамм жинтэй алтан бөгж, монетан бөгж, циркон шигтгээтэй монетан бөгж, 5,3 грамм жинтэй монетан бөгж, 4,5 грамм жинтэй монетан бөгж, Рубин шигтгээтэй монетан ээмэг нэг хос, зуйван босоо хэлбэрийн рубин шигтгээтэй монетан бөгж, улаан шигтгээний 2 талаараа жижиг цагаан шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй монетан кулон, босоо хэлбэрийн улаан шигтгээтэй Зоос гоёлын монетан бөгж, мөн ижил босоо хэлбэрийн улаан шигтгээтэй Зоос гоёлын монетан бөгж, хар манан шигтгээтэй монетан ээмэг  бөгж, кулоны хослол, угалз хэлбэрийн хэлхээтэй бугуйн монетан гинж, цагаан өнгийн олон жижиг шигтгээтэй монетан ээмэг нэг хос, сувдан шигтгээтэй монетан ээмэг, бөгж кулоны хослол, мөнгөн тоногтой эмэгтэй хүний суран бүс, хар болон улаан өнгийн 3 шигтгээтэй мөнгөн бугуйвч, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт зэрэг 17.248.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 3 сая орчим бэлэн мөнгө зэргийг авсан,

Мөн 2013 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг  Зангиатын 8-26 тоотод оршин суух иргэн Н.Норовын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монгол гутал, 2 ширхэг суран бүс, мөнгөн гуутай бурхан, мөнгөн цөгцний суурь, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 08 сарын 03-ны өдрийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 40 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Х.Чинзоригийн эзэмшлийн Бенз С500 маркийн 07-47 УБҮ улсын дугаартай автомашинд нэвтэрч эмэгтэй хүний гар цүнхтэй Самсунг Галакси С3 маркийн гар утас, түрийвч, эрэгтэй хүний түрийвч, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж нийт  695.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 09 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн 8-4 тоотод оршин суух иргэн Р.Болормаагийн гэрт нэвтэрч 4 ширхэг хивс, орос бакал, хромон гутал, хөөрөг, 2 ширхэг дээл, дээлийн өнгө зэрэг эд зүйл хулгайлж 2.048.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эрдэнэсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үнэндээ хүн амины хэргийн талаар мэдэхгүй. Тэр хүн үхэх эсэх нь надад хамаагүй. Намайг алсан гэх нотлох баримт ч гэсэн байхгүй. Мөрдөн байцаах тасаг болон прокурор хоорондоо хуйвалдаж хавтаст хэргийг бүрдүүлсэн. Гэрч Баатархуяг Дорнод аймагт хэзээ ирсэн талаараа тодорхой хэлсэн байгаа. Гэтэл тэрийг нь тодруулж асуусан зүйл байхгүй байна. Би өөрөө нотлох баримтаа бүрдүүлж өгсөн. Би тухайн үед гар утсандаа нэгж хэрэглэсэн байгаа. Би 15-ны өдөр биш 14-ний өдөр Сүхбаатар аймагт очсон гэдгийг гэрчлэх хүмүүс надад зөндөө байна. Мөн ХААН банкны дансыг харах боломжтой. Гүйлгээ хийгдсэн бүртгэл хадгалаатай байдаг гэж бодож байна. Гэтэл надад гаргаж өгөхгүй байна. Алтанцэцэг гэх хүн 16-ны өдөр данс руугаа мөнгө хийлгээд 17-ны өдөр мөнгөө авсан байгаа. Гэтэл Алтанцэцэг энэ талаар мэдэхгүй гэж хэлэх болсон. Мөн энэ хүнд Энхээ гэх эгч байдаггүй. Би өөрөө ХААН банкны захиралд өргөдөл гаргасан байгаа. Алтанцэцэг намайг хилс хэрэгт гүтгэх гэж оролдож байна. Би шүүхэд ХААН банкнаас лавлагаа гаргуулаад өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Мөн эмнэлгийн картыг эх хувиар нь хавсаргаж өгөхийг хүссэн. Төр захиргааны байгууллага нь хоорондоо хуйвалдаад хүнийг хилс хэрэгт гүтгэж байна. Би 14-ний өдөр Сүхбаатар аймагт очсон гэж баттай хэлж байна. Миний амьдралд он, сар үнэхээр хамаагүй. Би идэх хоолтой л байхад болно гэж боддог. Тиймээс ч мэдүүлэг өгөхдөө он, сарыг зөрүүтэй хэлсэн байх. Би 2014 оны 7 сард согтуу байх үедээ цагдаад баригдсан. Гэтэл ийм үед маань надаас мэдүүлэг авсан. Би үнэнийг хэлэхэд хүн алаагүй. Би тэмцэгч байна. Намайг хилс хэрэгт гүтгээд байна. Намайг яг хэдний өдөр Сүхбаатар аймаг руу явсан гэдгийг баттай тогтоож байж яллах хэрэгтэй шүү дээ. Би 14-ний өдөр очсон бол би хүн алаагүй болно. 15-ны өдөр очсон гэж тогтоох юм бол гүтгэх боломжтой. Мобиком болон Скайтел гэсэн үүрэн телефоны операторуудаас лавлагаа гаргуулах боломжтой шүү дээ. Оюундарь Дагвасүрэн нар хуйвалдаж намайг гүтгэж байна. Одоо ингэж байгаа ч хэдэн жилийн дараа хохирогчийг хэн алсан нь тодорхой болох байх. Надад айх зүйл алга. Зурагтаар энэ хурлыг гаргаад өгөх хэрэгтэй байна. Прокурорын байгууллагын зүгээс намайг хэдний өдөр явсныг тогтоохыг үнэхээр хүсэхгүй байгаа нь харагдаж байна. Намайг нийт 612 хоног хилс хэргээр хорьсон. Хэрэв хилс хэрэгт гүтгэж байгаа нь мэдэгдэх юм бол өөрсдөө ажилгүй болно. Хохирогч Норов гэж хүн үнэхээр луйварчин хүн. Би хажуу талынх нь айл руу орсон. Тухайн үед хажуу талынх нь айлд хүмүүс цуглаж архи уудаг байсан. 2013 оны хавар эд зүйлээ алдсан гэж байна. Хэрэв үнэхээр бурхан сахиусаа алдсан юм бол хуралд ирж суух хэрэгтэй гэж бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ зүйлийг ялгаж авч ийм зүйл анги үүсгэсэн. Хэрэв ингэж салгахгүй бол Оюундарийн хэлсэн зүйл худал болох гээд байсан гэж бодож байна. Хүн угаасаа өгөөд байвал аваад байдаг юм байна лээ. Монгол хүний зан гэж бодож байна. Прокурор энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна. Мөн Болормаагийн хивсний асуудал байдаг. Би 4 хивс хулгайлаад энэ бүгдийг эргүүлж өгсөн. Би хром гутал биш бакал гутал авсан. Мөн 0.5 граммын Ерөөл архи байсан. Гэтэл өөр төрлийн архи нэхсэн байсан. Би хохирогч Чинзоригийн эд зүйлийг хулгайлаагүй. Надад мөнгөтэй хүүхэн байсан, мөнгө байсан. Надад хулгай хийх шаардлага байгаагүй. Чинзориг тухайн үед эхнэртэйгээ хэрэлдэж байсан. Би араас нь ороод гарч явах замдаа мөнгө, цүнх олсон. Би хохирлыг чинь барагдуулж өгнө. Гэхдээ эргүүлж оруулж өгөх ёстой байсан юм байна. Би хар, цагаан цүнхийг газраас олсон. Хар цүнх нь нөүтбүүкний цүнх байсан. Тэр орой Чинзориг согтуурсан байдалтай эхнэртэйгээ муудалцаж хэрэлдэж байсан. Би эхнэрийг чинь өмөөрөх гэж л очсон. Тэрнээс биш би цонх хагалж хулгай хийсэн хүн биш. Мөн 99584247 гэсэн утастай Алтанцэцэг гэх хүн надруу залгасан байна уу эсвэл би залгасан байна уу гэдгийг шалгах боломжтой байсан. Би энэ талаарх хүсэлтийг гаргаж өгсөн боловч хуурамч баримт ирүүлсэн байсан. Миний явуулсан хүсэлтийн хариуг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хураан авдаг. Надад хариуг нь харуулдаггүй. Мөн Сумъяа гэж хүн надаас 1500000 төгрөгөөр эд зүйл худалдаж авсан гэж хэлсэн байсан. Гэтэл энэ зүйлийг 2014 онд Алтанцэцэгээс авсан байгаа. Би энэ хүнээс асуухыг л хүссэн. Би өөрт байгаа бүх үнэн зүйлээ хэлсэн. Харин ярьж байгаа зүйлээ цэгцтэй ярьж чаддаггүй. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Яг хэзээ нас барсан болохыг тогтоох хэрэгтэй байна. Одоо үед хүнийг хэзээ нас барсан болохыг хангалттай тогтоодог болсон цаг. Булшийг нь ухаж гаргаж ирээд хэзээ нас барсан болохыг тогтоож өгөөч. Би энэ хэргийн төлөө амиа өгсөн ч айхгүй байна. Би хүн алаагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Миний эхнэрт мөнгө өгч миний эсрэг турхируулж байна. Намайг 14-ний өдөр явсан гэдгийг тогтоож чадахгүй бол би өөрөө яваад гэрч нарыг олоод ирье. Би уулзсан барьсан хүмүүсээ санаж мэдэж байна. Намайг гаргах юм бол хилс хэрэгт гүтгэж байгаа нь мэдэгдэх гээд айгаад байна. Би хохирогч Бямбасүрэнг алаагүй. Энэ хэргийн үнэн мөнийг олж өгөөч гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ж.Долгор  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дорнод аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн байцаагч нар болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаагч нар үнэхээр сайн ажилласан байсан. Алуурчныг нь олж чадсан байна. Эрдэнэсүхийг шийтгэж өгөөч гэж хүсэж байна. Би энэ хүнээс дүүгийнхээ амь насыг нь нэхэж байна. Зүүж байсан алтан гинж, алтан ээмэг, хос ээмэг зэргийг олж чадсан. Манай дүү 4 орон сууцтай, том гарааштай, ХААН банк, Хас банк, Хадгаламж банкинд мөнгөтэй байсан. Манай дүү нас барахынхаа өмнө над дээр ирэхдээ загас маань үхээд байна гэж хэлж Оюундарийг буруутгаж байсан. Гэтэл Эрдэнэсүх доод талд нь загасны дэлгүүр нээчихсэн байсан юм байна лээ. Хүнээс хямдхан загас худалдаж аваад манай дүүд үнэтэй зардаг байсан. Гэрч Алтанцэцэг нь Эрдэнэсүхийг шөнийн 2 цагт цээж нүцгэн орж ирсэн гэж хэлсэн байна. Анх гарахдаа цагаан өнгийн футболка өмссөн байсан. 4 байшингийн голд хүмүүстэй тоглож байгаад 21 цагийн орчим явсан байдаг. Энэ бүхнээс харахад шөнө дунд очиж миний дүүг алсан байна. Өмнө нь цүнхийг нь хүн булааж авсан гэж надад хэлж байсан. Тэр хүн нь Эрдэнэсүх байсан байх гэж бодож байна. Дараагийн удаа нь мөн нэг хүн миний дүүгийн хоолойг нь шахаж байгаад эд зүйлийг нь авсан байсан. Миний дүү тийм ч бие сайтай эрүүл хүн байгаагүй. Чихрийн шижинтэй өнөө маргаашгүй болсон хүн байсан. Би эд зүйлсээ алдсан гэж худал хэлэхгүй. Зураг дээр бүх зүйлс нь гарсан байгаа. Миний дүү их баян хүн байсан. Хоёрын хооронд зүйл зүүдэггүй байнга алт зүүдэг байсан. Үхэхээс нь өмнө 7 сарын сүүлээр хамаг бие нь шарх болж орж ирсэн. Би амьд дээрээ бүх зүйлээ танд өгнө гэж хэлээд бүгдийг өгсөн. Мөн амьд байхдаа бүр зургаа өгөөд би ийм ийм зүйлтэй байсан шүү гэж хэлж байсан. Надад байрныхаа байршил болон банкны данснууддаа мөнгөтэй шүү гэдгээ хэлж захиж үлдээсэн. Хэрэв тэгэхгүй бол нэг хүн хоолойг нь шахаад байна гэж хэлж байсан. Би Эрдэнэсүх гэж хүнийг танихгүй. Бямбасүрэн энэ хүний талаар ярьдаггүй байсан. Би бүхий л нотлох баримтыг хараад Эрдэнэсүх миний дүүг алсан гэж бодож байна. Гэм хийсэн болоод зугтаадаг байсан гэж бодож байна. Би олон удаа ирж очсон. Иймд зардлын мөнгөө нэхэмжилнэ гэв.

       Хохирогчийн төлөөлөгч А.Оюундарь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ээж Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13-24 тоотод ганцаараа амьдардаг байсан. Ээж маань өөрийн сонирхлоороо загас тэжээж, цэцэг тарьдаг байсан. 6 сарын 01-ний өдөр дээд сургуулийнх нь найзуудын нийллэгтэй байсан тул Улаанбаатар хот руу явахаар болсон. Ингэхдээ надад гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Би цэцгийг нь усалж загасанд нь хоол өгдөг байсан. Нэг өдөр загасных нь агааржуулагч ажиллахаа больчихоор нь би аквариумын тагийг нь онгойлгож орхиод маргааш нь очиход 9 алтан загас үхсэн байсан. Ингээд би шинэ загас авч тавъя гэж бодоод Дорнод аймгийн загасны дэлгүүрүүдээр явсан боловч алтан загас олдоогүй. Хайж хайж Эрдэнэсүхийн дэлгүүрт 2 ширхэг алтан загас байсныг нь авсан. Би тэр өдөр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Ингээд би Эрдэнэсүхээс ээжийн загасыг очиж хараад өгөөч гэж гуйсан ба Эрдэнэсүх харчихаад яваад өгсөн. Манай ээж нөгөөдөр нь ирсэн. Би 7 ширхэг загас авч чадаагүй болохоор 70 мянган төгрөг ээжид өгсөн. Гэтэл ээж хотоос ирэхдээ маш олон загас авч ирсэн байсан ба би загаснуудыг нь аквариумд нь хийж өгсөн. Ингээд хэд хоногийн дараа ээж загас үхүүлчихлээ гээд хэрүүл хийж байгаад дахиж загас авч ирнэ гээд наадмын өдөр явсан. Улаанбаатар хотод 10 хоноод эргэж ирсэн. Ирэхдээ дахиад хэдэн загас авч ирсэн. Энэ хооронд нь би Эрдэнэсүхтэй уулздаг болсон байсан. Ээжийн гэрт бид хоёр хоноод маргааш нь гарах гэхэд Эрдэнэсүх босохгүй байсан. Яаж ч татаад босож ирэхгүй байхаар нь би юм бодолгүй түлхүүрээ үлдээгээд ажил руугаа явсан. Надад өдөр нь түлхүүр авч ирж өгсөн. Ээж 8 сарын 13-ны өдөр гэрт орж ирээд загас үхээд байна, зургийн аппарат байхгүй болсон байна гэж хэлж байсан. Би хоол хийж байсан тул яриаг нь сонсож байгаад гадагш гарч суусан. Ганцаараа даараад байсан тул Эрдэнэсүх рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд 13-ны өдрөөс хойш дахиж ээжтэйгээ уулзаагүй. 8 сарын 14-ний өглөө энэ хүн "Сүхбаатар руу явж байна" гэж утсаар ярьсан. Яг явсан эсэхийг нь би мэдэхгүй байна. 13-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл ээжийгээ нас барсан эсэхийг бид нар мэдээгүй байсан. Аав "ээжийгээ очиж хараач" гэж хэлсэн тул 23-ны өдөр бид нар ээжийн гэр рүү очсон. Ээж хаалгаа тавихгүй байсан тул манай дүү тагтаар нь орсон ба дотроос "ээжийг өнгөрсөн байна" гэж хэлсэн. Би эхлээд буруу сонссон байх гэж бодоод дахиж лавлаж асуусан боловч Лхагвасүрэн сонсохгүй байсан. Ингээд шууд Давгаа руу болон аав руу залгаж энэ талаар хэлсэн. Би буцаж тойроод гэр рүү нь ороод хальт харахад ээж орон дээрээ хэвтээд хөнжил нөмөрсөн байсан. Миний араас Дагваа орж ирсэн. Би цаад талын өрөө рүү очиж загас, цэцгийг нь харахад ус нь ширгэсэн байсан. Дагваа шууд цагдаа дуудсан. Би анх бусдад хорлогдсон гэж мэдээгүй. Цагдаа нар дараа нь мэсний ором байна гэж хэлсэн. Сүүлд шалгаж үзээд 9 см-ийн урттай мэс орсон байна гэж хэлсэн. Би Эрдэнэсүхэд "ээжийг өнгөрсөн байна” гэж хэлэхэд сэтгэл санаа засах төдий л зүйл ярьдаг байсан. Манай ээжийг өнгөрсөн гэж мэдээгүй байхдаа байнга "очиж үзээч, ямар нэг юм болсон байхвий" гэж хэлдэг байсан. Ээжийгээ зуурдаар өнгөрөөгүй гэж мэдээд надад их хүнд цохилт болсон. Ингээд 9 сарын 10-н хавьцаа Эрдэнэсүх нэг залуутай хамт ирж надтай уулзсан. Би тухайн үед ээжийгээ Эрдэнэсүхэд алуулсан гэж мэдээгүй байсан. Ээжийн минь хамаг юмыг нь зарж өчнөөн мөнгөтэй болчихоод дандаа надаас мөнгө авдаг байсан юм байна лээ. Мөнгөгүй гэж бодогдуулах гэж хичээдэг байсан гэж бодож байна. Эрдэнэсүхийн ээж нь шагнал авч байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд нь би ээждээ өгөөрэй гээд бэлэн мөнгө болон цагаан өнгийн малгай өгч явуулсан. Мөн хамаатнууд ирнэ зарахаар юм байна уу гэж хэлж байсан. Би энэ хүнийг манай ээжийг алсан гэж мэдээгүй тул их зүйл өгч байсан. Би 8 сард үнэт эдлэл өгч явуулаагүй. 2013 оны 11 сард ээж нь шагнал авлаа гэхэд нь л заруулах эд зүйл өгч явуулсан. Ээждээ өгсөн үнэт эдлэлүүд ломбарданд хугацаа хэтэрч үлдсэн зүйлүүд юм. Анхнаасаа санаатайгаар намайг энэ хэрэгт татах гэж хичээж байсан юм байна лээ. Би олон зүйл өгч явуулсан ч нэг ч зүйл заралгүй ирсэн байсан. Ингээд 12 сард Сүхбаатар руу явлаа гэж хэлж байсан. Өөрөө Сүхбаатар руу явахдаа усан гахай авч явсан гэж мэдүүлсэн байсан. Гэтэл энэ мэдүүлэг нь худал болох талаар Алтанцэцэг ярьсан байгаа. Ээжийг өнгөрсний дараа алтан загаснуудыг бүгдийг нь Эрдэнэсүхэд өгсөн. Дараа нь Улаанбаатар хот руу явлаа гэж хэлсэн. Би явсан эсэхийг нь ч мэдэхгүй байна. Мал авна гэж хэлж надаас мөнгө авч байсан. Гэтэл мал аваагүй байсан юм байна лээ. Надад худал хэлж мөнгө авдаг байсан гэдгийг би сүүлд мэдсэн. Сүүлд дахиж 600 мянган төгрөг явуулсан. Гэтэл сүүлд цагдаад хэрэг шилжсэний дараа лавлаж үзэхэд Алтанцэцэгтэйгээ байнга хамт явж байсан юм байна лээ. Эхлээд өдөр бүр ярьдаг байсан боловч удах тусам яриа нь холдож эхэлсэн. 2014 оны 6 сард ээж нь харвачихлаа гэж хэлж байсан. Анхнаасаа намайг хуурч байсан байна. Би ээжийнхээ амь насыг нэхэмжилж байна. Амийг амиар солихыг хүсэж байна. Алдагдсан эд зүйлс болон бэлэн 3 сая төгрөг л нэхэмжилж байгаа боловч илүү их мөнгө болсон. Нийт 29065700 төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын зардал 10407700 төгрөг болсон байгаа гэв.

  Хохирогч Х.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг гарах үед эхнэр бид хоёр "Харз караоке"-г түрээслэж ажиллуулдаг байсан. Ингээд караокег шөнийн 00 цагт хаагаад цэвэрлэгээгээ хийгээд 00 цаг 20 минутын орчим 40 дүгээр байрны гадаа машинаа хойш харуулж тавиад гэр рүүгээ орсон. Өглөө босоод харахад жолоочийн хойд талын хаалга хагас хаагдсан байсан. Машин дотор байсан эд зүйлс алга болсон байсан. Надад мөнгө нэмж хэлэх шаардлага байхгүй. Би 10 хоногийн орлого ч гэж хэлэх боломжтой хэдий ч тэгэх шаардлага байхгүй. Сар болгоны 06-нд банкны зээл төлдөг байсан болохоор зээл төлөхөөс 2-3 хоногийн өмнө бэлэн мөнгө, эд зүйлсээ алдчихаад хүнээс мөнгө зээлж зээлээ төлж байсан. Бэлэн 450.000 төгрөг болон бусад эд зүйлээ нэхэмжилнэ. Бичиг баримтаас ажлын үнэмлэхээс бусдыг буцааж авахгүй гэв.

Гэрч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 8 сарын 5-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 12-ны өдөр эмнэлгээс гараад маргааш өдөр нь эмнэлэг рүү очиж картаа авсан. Ингээд 15-ны өдөр дахин биеэ үзүүлээд гарч явахад Эрдэнэсүх гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Намайг ирэхэд Эрдэнэсүх үүдэн дээрээ зогсож байсан. Тэгээд Сүхбаатар аймаг явлаа гээд надад хоолны мөнгө гэж 20000 төгрөг үлдээсэн. Манай подвалын харалдаа бор саарал өнгийн дунд гарын жип маягийн машин ирээд зогсчихсон байсан. Эрдэнэсүх би энэ машинаар Сүхбаатар аймаг явах гэж байна гэж хэлсэн. Эрдэнэсүх урд нь Сүхбаатар аймаг явна гэж хэлж байгаагүй, юунд явах гэж байгаа юм бэ гэхэд удахгүй ирнэ гэж байсан. Бид хоёр Хас банкинд зээлтэй байсан.  Зээлээ сар бүрийн 5-10-ны хооронд төлдөг байсан. 8 сарын зээлээ төлөөгүй байсан. Баатархуяг 14-ний орой 23 цагийн үед согтуу орж ирээд манайд хоносон. Хэзээ ирсэн бэ? гэж асуухад “ирээд нэг хонож байна” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөө манайд хоноод явсан болохоор ирээд 2 хоноод явсан гэж бодож байна. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Энхээ гэдэг хүнээс 20000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн. Би түүнээс гуйж авсан юм. Эрдэнэсүх намайг худлаа гүтгэж байна. Би Цэцэгмаа эмчээр бичилт хийлгэсэн. Эрдэнэсүх Улаанбаатар хот хамт явахдаа миний нэр дээр алтан ээмэг, бөгж ломбарданд тавьж байсан. Эрдэнэсүх тоглоод алга болдог байсан. Ер нь гэртээ байдаггүй, Оюундарьтайгаа байдаг байсан байлгүй. Эрдэнэсүх 2 морьтой хивс авч ирсэн байсан. Түүнийг Анхтуяад зарсан гэв.

Гэрч  А.Дагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд ээжийнхээ алдсан эд хөрөнгийг таньсан. Мөнгөн бөгж, зүрхэн хэлбэрийн алтан бөгж зэргийг таньсан. Ээжийгээ алдсан хүний хувьд гомдолтой байна. Би Эрдэнэсүхтэй уулзаж байгаагүй. Над руу утсаар ярихаар нь очиход ах, эгч нар ээжийнд байсан, ээж доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Ээжийн алдагдсан 29 нэр төрлийн эд зүйлээс 19-ийг нь би ээждээ бэлэглэж өгсөн. Би үнэт эдлэл авахдаа дотор талд нь зүүгээр тэмдэг тавьдаг. Үнэт эдлэлийн граммыг өөрөө өгч байсан болохоор сайн санаж байна. Би алтан гинж, бөгжийг өгсөн. Ээжийн сейфэнд бэлэн мөнгө байдаг байсан. Мөрдөн байцаалтад өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэж мөнгөний тоог гаргасан. Би хэрэг гарсан тухайн үед балмагдаж сандраад 2013 оны 08 сарын 17-ны үед ээжийг манайхаар орж ирсэн гэж мэдүүлсэн байна лээ. 2013 оны 08 сарын 12-ны үед уулзсан шиг санаж байна. Намайг очиход цагдаагийн газарт дуудлага өгчихсөн байсан гэв.

            Гэрч М.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 8 сарын 9-ний өдөр Сүхбаатар аймаг руу ургийн баярт явсан. Энэ баяр 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Манай нөхөр 11-ний өглөө согтуу байхдаа Дорнод аймаг руу шууд явсан байсан. Би тэндээ үлдээд маргааш нь 12-ны өдөр аймгийн төвд хадмынхаа гэрт очсон. Ингээд 13, 14-ний өдөр 3, 4 цагийн үед Эрдэнэсүхтэй биржийн хойд талд таараад бид хоёр гуанзанд орж хуушуур авч идсэн. Манай нөхөр энд барилгын ажил хийх ёстой байсан тул наашаа ирж тэрийгээ гүйцээгээд 18-ны хавьцаа эргэж Сүхбаатарт очсон. Тэр үед хар өнгийн цүнхтэй зүйл авч ирсэн байхаар нь онгойлгож үзэхэд Эрдэнэсүхэд хаягласан бичиг баримт байсан. Би Эрдэнэсүхэд бичиг баримтыг нь өгсөн. Би Эрдэнэсүхтэй  2013 оны 08 сарын 13, 14-ний үед уулзсан. Яг өдрөө санахгүй байна. Эрдэнэсүхээс хэзээ ирснийг нь асуугаагүй. Явуулсан бичиг дотор хатуу зүйл байгаагүй бичиг баримт байсан гэв.

Гэрч А.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Эрдэнэсүхтэй мөрийтэй тоглоом дээр хамт тоглож байгаад танилцсан. Эрдэнэсүх миний нэр дээр 9, 11 дүгээр байшингийн ломбарданд алтан ээмэг, бөгж тавиулсан. Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Эрдэнэсүхтэй хамт мянгатын хойноос нэг эмэгтэй хүнээс улаан өнгийн зургийн аппарат, 300- 350 мянган төгрөг авч байсан. Гэхдээ би нүдээрээ хараагүй. 2013 оны 6 сарын дундуур шиг санаж байна. Би 32 дугаар байрны хойно үлдэж байсан гэв.

     Гэрч Ц.Баатархуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 8 сард Сүхбаатараас Дорнод аймагт ирсэн. Ирсэн оройноо Эрдэнэсүхийн гэрт очиход гэртээ байгаагүй. Би эхнэр Алтанцэцэгийг нь хэзээ ирээ вэ? гэхээр нь өнөөдөр ирсэн гэж хэлсэн. Эхнэр нь Эрдэнэсүхийг тоглохоор гарсан гэж байсан. Би загас авах гэж байсан юм. Тэгээд тэднийд хоноод өглөө нь бид хоёр 19 дүгээр байшингаас такси аваад хороололд байдаг ахынх нь гэр рүү очоод зах дээрээс салсан. Би барилгын материалын дэлгүүр орох ёстой байсан тул үлдсэн. Эрдэнэсүхийн сууж явсан машиныг нь хараагүй. Нэг жижиг машин байна гэж хэлсэн. Би энд ирээд нэг хоноод буцсан гэв.

Гэрч А.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрдэнэсүх гэж хүнийг  мэдэхгүй байсан. 2013 онд эгч, эхнэр хоёртойгоо ээжийндээ очоод өнгөрснийг нь мэдсэн. Анх хүн амины хэрэг ч гэж мэдээгүй. Би бүр сүүлд мэдсэн. Ээжийн хаалгыг цохиход хаалгаа тайлахгүй болохоор нь тагтаар дамжиж ороод гэрлийг нь асаахад өнгөрсөн байгаа нь мэдэгдсэн. Хөнжил нь хагас хучаатай цаашаа хараад хэвтсэн байсан. Би цонхоор ээж өнгөрсөн талаар хэлсэн. Эхнэр маань цагдаа дуудах гээд явсан. Би аавыг дуудах гээд явсан. Энэ явдал орой 7 цагийн орчим болсон гэв.

Шинжээч эмч Н.Уянга гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа:  Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 67 тоот /1-р хавтас 110/, нэмэлт шинжилгээ хийсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг /6-р хавтас 26-28/  тус тус гаргасан.

Доошоо хараад хэвтсэн байдалтай хүн хөнжлийн доод талаас өөрийгөө гэмтээх боломжгүй гэж үзнэ. Цээжний хөндий нэвтэрсэн тохиолдолд хөдөлгөөн хийхэд маш хэцүү. Энэ хүний хувьд бүр хөдлөх боломж нь бага. Ер нь шарх гэмтээгүйгээс харахад хөдөлгөөн хийгээгүй байх магадлал өндөр байна. Хутганд зүсэгдсэн чиглэл нь зүрх рүү чиглэсэн байдалтай байсан. 9 см-ийн урт шархыг ямар хэмжээний хүчээр хатгагдсан гэдгийг тогтоох боломжгүй. Цогцосны хожуу үеийн ялзралт 24 цагаас хойш ялзарч эхэлнэ. Хэр хурдан ялзрах нь тухайн цаг үе, температур зэргээс нөлөөлнө. Чихрийн шижин өвчин дотроо цусан дахь чихэр ихсэх, эсвэл багасах гэсэн хоёр янз байдаг. Талийгаач яг аль хэсэгт байсан гэдгийг мэдэхгүй байна. Ер нь хүнд өвчтэй хүмүүс бүгд л сэтгэлээр унаж шаналдаг. Энэ нь  сэтгэцэд нөлөөлөх боломжтой. Үнхэлцэг гэмтээсэн шарх гэмтэл авсан хүн бүрт үйлдэл хийх чадвар нь харилцан адилгүй, энэ нь маш хүнд гэмтэл юм. Талийгаачийн хувьд газар дээрээ нас барсан байх боломжтой. Босож явах боломжгүй, байрлалаа өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй. Талийгаачийн хувьд ялзрал үүсээд хатаж эхэлж байсан. Энийг онолын тухай номон дээр 3-аас 7 хоног орчим гэж бичсэн байсан. Талийгаачид учирсан гэмтэл шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл юм. Амиа хорлолт хийх сэдэлт төрсөн эсэхийг болон цаг хугацааны талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Шарх зүүн суганы доод талд учирсан байгаа, энэ гэмтлийг авах үед ямар байрлалд байсныг, цогцос хэдийд нас барсныг нарийвчилж тогтоох боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 2015 онд гаргасан шинэ хууль баримталсан гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 19-р байрны урд талд манай компаний “Кибер” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар байрладаг юм. ... 2014 оны 04 сарын 05-ны өдөр ПД:63022828 регистрийн дугаартай Моононгийн Туяа гэдэг хүн эмэгтэй загварын 1.8 грамм жинтэй, кольцо хэлбэртэй 1 ширхэг бөгжийг 100.000 төгрөгний зээлийн барьцаанд тавиад 2014 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн хүү төлж сунгалт хийлгэсэн байсан. Тэгтэл 2014 оны 12 сарын 17-ны өдөр цагдаагийн ажилчид ирээд Туяагийн барьцаанд тавьсан бөгжийг гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл байж болзошгүй байна гэж хэлээд хураан авсан. Ийм учраас манай байгууллага дээрх зээлийн мөнгө болох 100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа учраас буруутай этгээдээс нь хохирлыг маань төлж барагдуулж өгнө үү гэжээ. /2-р хав 158/

             Гэрч Х.Сумъяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …Тэгээд ажил явдал дууссаны дараа Сүхбаатар аймагт буцаад ирсэн байх үед 08 сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Эрдэнэсүх ганцаараа Сүхбаатар аймагт ирсэн байсан. Тэгэхдээ Эрдэнэсүх алт, монетан ээмэг, бөгж, монетан гинж зэрэг монет голдуу эдлэлүүд бас 2 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлс авч ирсэн байсан. Мөн 5 саяас 7 сая орчим төгрөгтэй юм шиг байсан. Түүнийгээ Эрдэнэсүх тайлбарлаж хэлэхдээ Дорнод аймагт байдаг ломбард ажиллуулдаг эмэгтэйтэй танилцсан. Түүний эд зүйлсийг зарж өгч байгаа юм гэж байсан. …Би тэдгээр зүйлсийг нь үзэж байгаад талст хэлбэртэй алтан ээмэг авсан. Бэлэн мөнгө 1.500.000 төгрөг зээлж аваад 3 сар гаруй хугацааны дараа Эрдэнэсүхэд цувуулан төлж дуусгасан. Эрдэнэсүх авч явсан мөнгөнийхөө талаар хэлэхдээ тэдгээр алт монетан эдлэлээс зарж заримынх нь бэлэн мөнгө байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед Сувдчимэг гэдэг ...дүү маань ирсэн байсан түүнээс Эрдэнэсүх мал авна гээд авч явсан мөнгөнөөсөө хурга , ишиг 1 толгойг нь 25000 төгрөгөөр тооцон бодож 30-40 орчим тооны мал авна гэж яриад мөнгө өгч байсан. ...Миний санаж байгаагаар миний авсан талст хэлбэртэй алтан ээмэг 1 ширхэг, түүнтэй яг адил биш ..төстэй хэлбэртэй талст хэлбэрийн хээтэй монетан ээмэг бас нэг байсан. Жижигхэн шилэн гэмээр цагаан шигтгээтэй нарийхан монетан бөгж  байсан түүнийг нь би нэг хоног зүүгээд буцаагаад өгсөн. Түрк  монеттай төстэй улцан шардуу өнгөтэй 3мм орчим өргөнтэй хавтгай хэлбэртэй дээрээ талст зураастай юм шиг нилээн уртдуу хэмжээтэй хүзүүний гинж байсан. Бусад зүйлс нь гол төлөв нарийн кольцо бөгжнүүд байсан ...Бүгдээрээ эмэгтэй хүний ээмэг бөгж, гинжнүүд байсан. Эрэгтэй хүний эдлэл байгаагүй. Тоо ширхэгийн хувьд ээмэгүүд нь 4-5 ширхэг хос, бөгжнүүд нь 20 гаруй ширхэг, гинжнүүд нь 1-2 ширхэг байсан шиг санаж байна. Алтан ээмэг нь цөөхөн  1-2 л ширхэг байсан....Харин тухайн үед Эрдэнэсүх надад харуулаагүй боловч ээжид нэг мөнгөн бүс бэлгэнд өгсөн байсан. Түүнийг нь би сүүлд цагаан сарын үед ээжийг нэг мөнгөн бүс зүүхээр нь Хэн өгөө вэ гэж асуухад “Эрдэнэсүх өгсөн юм” гэж байсан. ...2013 оны 08 сард би өөрөө хувиасаа Эрдэнэсүхэд  мөнгө зээлүүлээгүй харин 2014 онд 200.000-300.000 орчим төгрөг цувуулан нийтдээ 500.000 төгрөг зээлүүлж байсан гэжээ. / 2-р хав 172-175/

            Гэрч Г.Сувдчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 08 сар өнгөрч байхад Сүхбаатар аймагт ирсэн юм. Энэ үед дүү Эрдэнэсүх надтай уулзаад “би ингээд хүний юм зарж байгаа юм, авах уу” гээд надад монетон гинж бөгж зэрэг зүйлүүд үзүүлсэн.  Би түүнийг сонирхдоггүй болохоор аваагүй....Би яг нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 ширхэг цулгай нарийхан гинж байсан... Би аймагт ирээд хэд унтчихаад буцах үед Эрдэнэсүх нөгөө юмнуудаа зарчихсан гээд мөнгөөр нь хурга ишиг авч мал болгоно гэхээр нь тухайн үед би Улаанбаатар хотруу эмчилгээнд явах байсан болохоор би чамд хурга, ишиг өгье чи надад мөнгө өгчих гээд 20 хурга, нэг бүрийн 35,000 төгрөг, 10 ишиг тус бүрийг 25,000 төгрөгөөр нийт  950,000 төгрөг авч байсан...Тэгээд энэ зун намайг Улаанбаатар хотруу явах гэж байхад мөнгөний хэрэг боллоо та надад миний малыг зараад мөнгө болгоод өг гэхээр нь малыг авч яваад зараад мөнгийг нь өгсөн гэжээ. /2-р хав 176/

                Гэрч Г.Отгонцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... Ажил явдал дуусч манай ээж Сүхбаатар аймагт ирснээс хойш 2013 оны 08 сарын орчимд  Эрдэнэсүх ганцаараа ирсэн. Ингэж ирэхдээ Эрдэнэсүх ах монетан бөгж 4-5 ширхэг, бас 4-5 ширхэг юмуу ээмэг, бас нэг эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг орчим зэрэг эд зүйлс авч ирсэн зарж байгаа гэж байсан. Ээмэг бөгж нь том жижиг холилдсон л юм харагдаж байсан. ...Бүс нь эргэн тойрон хээтэй нилээд мөнгөний орцтой гэмээр шигтгээтэй бүс байсан. Сүүлд тэр бүсийг манай ээж Хандсүрэнд бэлэглэсэн. ...Эрдэнэсүх тэгэж ирэхдээ бэлэн мөнгө байгаа мал хунар авч наймаа хийнэ гэж байсан. Би мөнгөний тоог мэдээгүй ойролцоогоор 2 сая гаруй төгрөгтэй юм шиг байна гэж  санагдсан. Манай Сувдчимэг эгчээс малын наймаа хийнэ гэж мөнгө өгч байгаа бололтой байсан.. ..2013 оны 08 сард ирэхдээ загас амьтан авч ирээгүй гэжээ. /2-р хав 159-160/

              Хохирогч Н.Норов мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: .... Манайх Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 19-3Б тоот хашаанд оршин сууж байгаа. 2012 оны 08 сарын эхээр Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 8-26 тоот айлын хашаанд сууж байсан юм. 2014 оны 08 сарын сүүлээр Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 19-3Б тоотод хашаа байшин худалдаж аваад амьдарч байна. Би 2015 оны 01 сарын 06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө сүүлд буусан хаягаар андуурч мэдүүлэг өгсөн байна. / хх-ийн 5-р хавтасны 245/, ...2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Гангамөрөн болон хүүхдүүдийнхээ хамт Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн заставт ажилладаг хүргэн Ганзоригийнд очихоор яваад бага хүү Энхжаргал гэрээ сахиад үлдсэн. Тэр өдөртөө бид нар гэртээ ирж чадалгүй хөдөө хоноод маргааш өдөр нь гэртээ ирэхэд манай гэрийн цүүг эвдэж хулгай ороод миний монгол гутали  хөөрөг дайлан, эрэгтэй эмэгтэй хүний хоёр суран бүс, мөнгөн гуутай зурмал бурхан мөнгөн цөгцний суурь зэрэг эд зүйлс алдагдсан байсан... /3-р хав 199/, ....2013.03.08-наас 09-нд шилжих шөнө манай гэрээс монгол гутал, эрэгтэй эмэгтэй хүний 2 ширхэг суран бүс, хөөрөг, мөнгөн гуутай зурмал бурхан, мөнгөн цөгцний суурь, зэрэг нь бүгд хамт алдагдсан нь үнэн. Надад алдаагүй эд зүйлээ алдсан гэж хэлэх шаардлага байхгүй. Энэ талаар миний эхнэр Гангамөрөн, хүү Энхжаргал нар мэдүүлэг өгсөн байгаа. ..Манай гэрээс хулгай хийсэн этгээд бурхан, цөгцний суурь зэргийг аваагүй гэж худал хэлж байна. Хулгайч хүний үгэнд итгэж байгаа хүмүүст харамсаж байна гэжээ. /4-р хав 11/

            Гэрч С.Гангамөрөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2013.03.09-ний орой гэртээ ирэхэд цоожных нь цүүг сугалж хулгай ороод хүрэн өнгийн угалзтай шинэ монгол гутал, эрэгтэй эмэгтэй хүний цагаан өнгийн металл зүйлээр хийгдсэн арал тоногтой шаргал өнгийн суран бүс, мөнгөн цөгцний суурь, мөнгөн гуутай зурмал бурхан хүрэн өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан....Хүрэн өнгийн монгол гутал нь угалз хээтэй, резинээр уллахдаа хоншоор хэсэгт нь дутуу улласан, нэг удаа өмссөн шинэ гутал байсан. Эрэгтэй хүний суран бүсний аралны түгжээг өөрийнх нь зориулалтын төмөрнөөс өөр төмөр хийж цавуугаар нааж тогтоосон байгаа. Эмэгтэй суран бүс нь мөнгөн тоногтой бүс биш бөгөөд цагаан өнгийн металл тоног дээрээ цэнхэр өнгийн шигтгээтэй байсан. Мөнгөн гуутай зурмал бурханы гуу нь 10х15 см орчим хэмжээтэй цул мөнгөөр хийсэн, өв уламжилж ирсэн бурхан байсан. Юу гэдэг нэртэй бурхан байсныг мэдэхгүй байна. Мөнгөн цөгцний доод талын суурь нь 6-7 см өндөртэй цул мөнгөөр хийсэн байгаа гэжээ. / 3-р хавтас 201/

              Гэрч Г.Баяраа  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2013 оны 06 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна намайг Сүхбаатар аймгийн төвд гэртээ байхад Эрдэнэсүх ах Дорнод аймгаас ирсэн. Тэгэхдээ угалз хээтэй, хүрэн өнгийн нэг хос монгол гутал авч ирсэн бөгөөд тэр гутлаа зарах гэж байгаа худалдаж авах уу? гэж надаас асуухаар нь мөнгө байхгүй гэж хэлэхэд өөрийнхөө мотоциклоор тулчих гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Хүлэг-150 маркийн улаан өнгийн хуучин мотоциклоор сольж авсан юм.... Миний санаж байгаагаар монгол гуталнаас гадна бурхан тахилын жижиг аяга шиг хэлбэртэй, амсар хэсгээрээ далбагардуу цул мөнгө эдлэл зарах гэж авч очсон байхад нь би өөрийн хэрэглэж байсан гар утсаараа сольж авсан. Тэрнийгээ гэртээ үлдээгээд Улаанбаатар хот руу явж ажил хийгээд ирэхэд алга болсон байна лээ. Надад зарсан мөнгөөр хийгдсэн зүйл нь дугуй хэлбэртэй, бага зэрэг хонхор, амсар хэсгээрээ далбагар хэлбэртэй зүйл байсан гэжээ. /3-р хав 203/

Хохирогч Р.Болормаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …2014 оны 09 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай байшингийн гаднах хаалганы цоожийг эвдэж хулгай орсон шинжтэй байхаар нь ороод үзсэн чинь 4 ширхэг хивс, хурган дотортой дээл 1, луун хээтэй дээл 1, шинэ үеийн казакстан хромон гутал 1, орос бакал 1, чулуун хөөрөг, дээлийн өнгө алга болсон байсан. .... 2014 оны 09 сарын 11-ний өдөр бол цоож цуурга нь бүтэн байсан. Тэгхээр 09-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хулгай орсон байх гэж бодож байна гэжээ. /3-р хав 235-236/

 Гэрч Д.Сугар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... Манай охин Болормаа нь Баруун-Урт сумын 1-р баг Амгалан 8-4 тоотод оршин суудаг юм. 2014 оны 09 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө байшинд нь хулгай орж 4 ширхэг хивс, хурган дотортой дээл1, луун хээтэй дээл 1, шинэ үеийн казакстан хромон гутал 1, орос бакал 1, чулуун хөөрөг1, дээлийн өнгө алга болсон байна гэжээ. /3-р хав 237/

            Гэрч Г.Янжмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2013 оны 08-р сарын 03-ны шөнө манай нөхөр бид хоёр түрээсэлж ажиллуулдаг байсан “Рub” хааж цэвэрлэгээгээ хийчихээд бид хоёр ажилаасаа гараад гэрлүүгээ явсан. ...манай машин дотор байсан миний цүнх алга болсон байсан. Тухайн үед алга болсон миний цүнхэн дотор миний барьдаг байсан Самсунг маркийн S-3 гэдэг гар утас, мөн миний өөрийн түрийвч зэрэг алга болсон байсан. Миний хулгайд алдсан түрийвчин дотор миний бичиг баримтууд болон манай pub-д тухайн өдөр орсон орлого болох бэлэн 360.000 төгрөг байсан. Мөн манай нөхрийн машин дотор байсан түрүүвч нь алга болсон байсан. Манай нөхрийн түрийвчин дотор бэлэн 90.000 төгрөг, бичиг баримтууд байсан гэжээ. /3-р хав 219-220/

            Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн

шинжээчийн 67 тоот актын дүгнэлтэд: …1.Талийгаач Ж.Бямбасүрэнгийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, умдагт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь цээж хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ. 4. Цогцос хожуу үеийн өөрчлөлтөд орж эд эрхтэн ялзарсан тул бусад асуултанд хариулах боломжгүй байна гэжээ. /1-р хавтас110/

Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн шинжээчийн 10 тоот актын дүгнэлтэд: …1.2  Талийгаач Ж.Бямбасүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, умдагт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн умдагны цус хуралт  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар цээж хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар умдагны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. умдагны цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байх ба уг цус хуралт нь зах хэсгээрээ бүдгэрсэн байсан. Талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. 4. Ж.Бямбасүрэнгийн цогцос хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарч муудсан тул эд эсийн шинжилгээгээр архаг хууч өвчнийг тогтоох боломжгүй. 5. Цогцост шинжилгээ хийхэд шингэн зүйл цус үгүй болсон мөн булчин бүтцээ алдаж урссан байдалтай болсон тул шинжилгээнд биологийн материал авах боломжгүй байсан. Эд эсийн шинжилгээнд авсан материалыг уусмалд хийж бэхжүүлдэг тул цусны бүлэг, спиртийн агууламж үзэж болохгүй гэжээ. /6-р хав 26-28/

Шинжээчийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 218 тоот дүгнэлтэд: “...2013-069-ДОР /6/ гэх бүртгэлтэй гарын мөр нь Амбагай овогт Гунгаабуугийн  Эрдэнэсүхийн зүүн гарын алгатай тохирч байна” гэжээ. /2-р хавтас 213/

1 дүгээр хавтас- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-26/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28, 29, 117-118/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30,37,42/ Талийгаачийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 41/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 45/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 47/, Хохирогч А.Оюундарийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 49-51/, Хохирогч Ж.Долгорыг байцаасан тэмдэгэл /хх-ийн 55-56/, А.Оюундарийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 57/, Гэрч А.Дагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 61-65/, Гэрч А.Лхагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 66-68/, Гэрч Ч.Цагаанбулагийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 69-71/, Гэрч М.Аръяадарийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 72-74/, Гэрч Ц.Батнавчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 75-76/, Гэрч У.Хишигнямхүүг байцаасан тэмдэглэл /хх-ийн 85-86/, Гэрч Г.Бат-Очирыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 91/, Гэрч С.Баярмааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 94/, Шинжээчийн 67 тоот дүгнэлт /хх-ийн 110-111/, Шинжээчийн 6940 тоот дүгнэлт /хх-ийн 122/ Шинжээчийн 139 тоот дүгнэлт /хх-ийн 135-140/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 145-146/, Гар утасны дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 150/,

2 дугаар хавтас- Хохирогч А.Оюундарийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 9,131-146/, Шинжээчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 13/, Гэрч П.Болормааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 32/, Хураан авах тогтоол /хх-ийн 53, 55, 57, 60, 79, 86, 98/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 62-67/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-71, 72-72, 74-75/, Эмнэлгийн картын хуулбар /хх-ийн 82-84/ Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 127-129/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 130/, Үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 147-149,153-155/ Г.Эрдэнэсүхэд өгсөн үнэт эдлэлийн жагсаалт /хх-ийн 147-148/, Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйлийн жагсаалт /хх-ийн 152/, Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 158/, Гэрч Г.Отгонцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 159-160/, Гэрч Ц.Баатархуягийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 163-166/, Гэрч Г.Баярааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 168-169/, Гэрч Д.Алтанцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 170-171/, Гэрч Х.Сумъяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 172-175/, Гэрч Г.Сувдчимэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 176/, Гэрч Г.Цолмонг байцаасан тэмдэглэл /хх-ийн 178-180/, Гэрч Б.Үүрцайхыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 181-184/ Гэрч Б.Анхтуяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 185-186/, Гэрч М.Туяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 189-191/, Гэрч Д.Дэлгэрмааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 193-196/ Гэрч Ц.Мөнх-Очирыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 202-204/, Гэрч Ч.Жаргалсайханыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 205-206/, Гэрч А.Дагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 207-208/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 213, 217/,

3 дугаар хавтас- Яллагдагчаар Г.Эрдэнэсүхийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 1-5/ Ломбардын бичиг баримтууд /хх-ийн 38-41/, Г.Эрдэнэсүхийн хүсэлт /хх-ийн 173/, Эд зүйл хураан авах тухай тогтоол /хх-ийн 194/, Эд мөрийн баримт хавсаргах тогтоол  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 193-197/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 200, 217/, Гэрч С.Гангамөрөнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 201/, Гэрч Н.Энхжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 202/, Гэрч Г.Баярааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 203/, Хураан авах тогтоол /хх-ийн 210/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 213/, Хохирогч Х.Чинзоригийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 215-216/, Гэрч Г.Янжмааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 219-220/, Хохирогч Р.Болормааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 235-236/

 4 дүгээр хавтас/- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/, Эд зүйл хураан авах тогтоол хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл үургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/, Дорнод аймгийн шуудан үйлчилгээний газрын даргад ирүүлсэн албан тоот болон түүний хариу /хх-ийн 35-36/, Гэрч М.Аръяадарийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 117-119/, Гэрч Н.Равжинг байцаасан тэмдэглэл /хх-ийн 122/, Гэрч Б.Алтансүхийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 124-125/, Ломбардын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 141/, Гэрч Г.Баярааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 170-171/, Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 178/,

5 дугаар хавтас/- Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 138/

6 дугаар хавтас/- Гэрч А.Дагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 13-14/  Гэрч М.Хатанбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 15-16/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/ Нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 51/,  Эмчийн үзлэгийн бүртгэл /хх-ийн 65/, Албан тоотын хариу /хх-ийн 77/, Гэрч П.Болормааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 129-130/, Гэрч Д.Алтанцэцэ%D