Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2091

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01753 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М П” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 403 250 206 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК болон “М П” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр МР-2014-13 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “Б” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг “М П” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлж өөрийн үүргийг биелүүлсэн. Гэтэл “М П” ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.1-д заасан гэрээний төлбөр, 6.6-д заасан алданги, 2.1-д заасан нийт дүнд ногдох НӨАТ-ын дүнг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасан. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 3 удаа төлбөрөө гадаадын мөнгөн тэмдэгтээр шилжүүлсэн. Бид Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсон. Хариуцагч 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр үүрэг үүссэн гэж үзэж байна. Үүрэг гэрээ байгуулсан өдрөө үүсэхгүй харин энэ өдөр талууд эрх үүргээ баталгаажуулж өгч байгаа хэлбэр юм. Талууд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд энэ өдөр ч мөн үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нэмэлт гэрээний 3.1-д А тал нь 150 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө гэж байгаа. Төлбөр хэзээ төлөгдөж эхлэхээр график байгуулсан байна тэр өдрөөс үүрэг үүсдэг. Тиймээс бид гэрээ байгуулсан өдрөөс үүрэг үүссэн гэж үзэхгүй байна. Үүрэг гэдэг нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хэзээнээс төлж эхэлнэ тэр өдрөөс үүснэ гэж үзэж байгаа. Иймээс Иргэний хуулийн 243.1, 232.6, 199.1-д заасны дагуу гэрээний 2.1-д заасан нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр 295.32 ам.доллар, гэрээний 6.6-д заасан хугацаа хэтрүүлсэн алданги 37 713.43 ам.доллар, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нийт төлбөрт ногдох НӨАТ-ын дүн болох 120 000 ам.доллар,12 000 000 төгрөг нийт 403 250 206 төгрөг /Монгол банкны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ам.долларын ханшаар тооцсон/-ийг хариуцагч “М П” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч “М П” ХХК-иас ирүүлсэн төлбөр хийсэн баримтуудад маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК болон “М П” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг 1.2 сая ам.доллар болон 120 000 000 төгрөгөөр үнэлэн, төлбөр тооцоогоо ам.доллараар гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу манай компани нийт 1 248 497.40 ам.долларыг төлсөн. Иргэний хуульд заасны дагуу ам.долларын ханшийг төлбөр шилжүүлсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцоход нийт 2 549 343 259,76 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнээс үзэхэд бид илүү төлөлт хийсэн байна. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 731 250,71 төгрөг, алданги 93 383 355,42 төгрөгийг ямар үндэслэл, тооцооллыг үндэслэн биднээс нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа ба манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.3-т гэрээний сүүлчийн төлбөрийг хийх үед худалдагч тал НӨАТ-ын падааныг үйлдэж, худалдан авагчид хүргүүлнэ гэж заасан. Гэтэл худалдагч тал буюу “Б” ХХК нь өнөөдрийг болтол падаанаа үйлдэж ирүүлээгүй. Гэрээний 2.1-д НӨАТ-ыг худалдан авагч хариуцах заалт орсон боловч гэрээний үнийг ам.доллараар илэрхийлсэнтэй холбоотойгоор нийт худалдан авсан дүнг төгрөгөөр илэрхийлж, тооцоо дууссанаа талууд баталгаажуулсны үндсэн дээр НӨАТ-ыг тодорхойлох шаардлага гарсан тул манай компанийн зүгээс дангаараа энэхүү дүнг тооцож төлөх боломж гараагүй. Түүнчлэн манай компаниас хийсэн тооцоогоор НӨАТ-ын падаан бичигдэх дүн нь 245 000 000 төгрөг байгаа тул нэхэмжлэгч талын 309 135 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр талын авлага, өглөгийн тооцоолол ийнхүү зөрүүтэй байгаа ба бидний хувьд нэхэмжлэгч талыг гэрээгээр худалдагч тал хариуцах үүрэг хүлээсэн ААНОАТ-ын хуульд заасан үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос төлөх татварыг тэдний хүсэлтийн дагуу “М П” ХХК өмнөөс нь төлж төлбөрийн дүнгээс суутгасан. Ингэхдээ тухайн өдрийн ханшаар тооцсон нь зөрүү үүсгэхэд нөлөөлсөн байх гэж таамаглаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-т “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч тал албан татвараа төлөөд системд оруулсны дараа бидэнд тэр падааны дагуу НӨАТ төлөх үүрэг үүснэ. Тэгэхээр манай компанид НӨАТ-ын дүнг төлөх үүрэг үүсээгүй байна. Үл хөдлөх худалдах гэрээгээр нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрээний үнийн дүнг 120 000 000 ам.доллараар тогтоосон байдаг. Гэтэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө болон барааг худалдахдаа тэр гэрээний үндсэн үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцно гэсэн үг юм. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан. Гэрээний үндсэн төлбөр болох 120 000 000 ам.доллар нь төгрөгөөр илэрхийлэгдвэл 2 215 988 000 хөрөнгийн үнэ. Бид төлсөн дүнгээ тооцоход 2 252 975 412 төгрөг болж байгаа юм. Төлсөн дүнгээ хооронд нь дүйцүүлээд үзвэл манай компани 36 995 410 төгрөгийн илүү төлөлт хийчихсэн байгаа. Иймд “Б” ХХК-иас гаргасан төлбөр, алданги НӨАТ-ын тооцоолол нь манай компанийн хийсэн тооцооллоос зөрүүтэй мөн төлөгдөж дууссан төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож, давхардуулан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Гэрээ байгуулагдсанаар 120 000 ам.долларыг гэрээ байгуулагдсан үеийн ханшаар тооцсон 2 215 980 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. Энэ үүргээ Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан. Бид гаргасан тооцоо ёсоор алдангид 13 812 300 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлд дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр гэх 731 250,71 төгрөг, алданги гэх 93 383 355,42 төгрөг, НӨАТ гэх 309 135 600,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч М П ХХК-иас 31 852 475 /гучин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг 60 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 371 397 730,4 /гурван зуун далан нэгэн сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 174 202 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид 317 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01753 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1/ Талууд гэрээний төлбөрийг валютаар хийхээр тохирсон нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үеийн ханшаар тооцож ирсэн, шүүхийн нэгдсэн практик, онол арга зүйн тайлбар, хууль хэрэглээний нэгдсэн бодлогыг шүүгч ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасан тухайд.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнийг 1.2 сая ам.доллар гэж дүгнэхдээ гэрээ байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар гэрээний үнийн дүнг 2 212 680 000 төгрөг гэж үзсэн байна.

Энэ төлбөрөөс хариуцагчийн төлсөн төлбөр, одоо төлөөгүй байгаа үлдэгдлийг шүүх гэрээ байгуулах үеийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлэн, үлдэгдэл төлбөрийг 31 852 475 төгрөг гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 371 397 730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг олон жил ажилласан шүүгчийн зүгээс гаргах боломжгүй санаатай алдаа гаргалаа гэж үзэж байна. Учир нь:

а. Монгол Улсын дээд шүүхийн 1996 оны “Иргэний хууль болон Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 197 дугаар тогтоолын 14, 16 дахь хэсэгт зааснаас үзэхэд аливаа төлбөр тооцоог хийхдээ гэрээг ямар мөнгөн тэмдэгтээр хийхээр тохирсон, түүнийг үүрэг гүйцэтгээгүй үеийн ханшаар тооцон төлөхөөр тайлбарласан цаг үеэс хойш одоо хүртэл энэхүү зарчмыг хууль хүчний болон шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж ирсэн. Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн харилцаанд хамааралтай төлбөр тооцоог талууд гэрээгээр тохирсон нөхцөлд тухайн гадаад улсын мөнгөн тэмдэгтээр хийх, тухайн гэрээний харилцааг хөндлөнгийн этгээд өөрчлөх эрхгүй байх зэргээр өмнөх тайлбарын зарчмыг баталгаажуулжээ.

Иймд шүүх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг тооцохдоо үүрэг гүйцэтгээгүй үеийн ам.долларын ханшаар тооцох үндсэн зарчмыг зөрчсөн. Нөгөөтэйгүүр шүүх Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэхдээ мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт “...талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.” гэсэн заалтыг шууд орхигдуулсан алдаа гаргажээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээний талаар маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд уг гэрээгээр тохирсон төлбөрийн үлдэгдэл ам.долларыг “Б” ХХК нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон нэхэмжилсэн нь хуульд нийцсэн шаардлага юм.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцон тэмдэгтийн хураамж авдаг нь шүүхийн системд тогтсон жишиг. Хэрвээ шүүгчийн гаргасан шийдвэрийн агуулгаар авч үзвэл, шүүх нэхэмжлэл хүлээн авахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг үзэж, тухайн гэрээний огноонд заасан үеийн Монгол банкны ханшаар ам.долларыг тооцон тэмдэгтийн хураамж төлүүлсэн байгаагаас үзэхэд ч шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

б/ Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар тооцохоор тохирсон, хариуцагч төлбөрийг удаа дараа ам.доллараар төлж, түүний үнийн дүнд маргаагүй, нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон байхад хөндлөнгийн байх шүүх санаачлагаараа бүх төлбөрийг гэрээ байгуулах үеийн ам.долларын ханшинд хөрвүүлэн, үлдэгдэл төлбөрийг гаргуулах тооцох эрх зүйн боломжгүй гэж үзнэ.

2. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрөө төлж дуусгаагүй учир НӨАТ-ын падаан бичигдээгүй асуудлыг шүүх нягтлан үзэлгүйгээр буруу шийдвэр гаргасан тухайд:

“Б” ХХК болон хариуцагч “М П” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 22-ний өдөр МР-2014-13 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан тус гэрээний дагуу “Б” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийн хамтаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг “М П” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж гэрээнд заасан өөрийн үүргийг бүрэн биелүүлсэн. Энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Худалдан авагч тал гэрээний төлбөрийн хуваарийн дагуу сүүлийн төлбөртэй хамт энэ гэрээний нийт дүнд ногдох НӨАТ-ын дүнг шилжүүлж НӨАТ-ын баримтыг худалдагчаас авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийг НӨАТ-ын татварын ханш шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

НӨАТтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр” гэж зааснаар “Б” ХХК нь “М П” ХХК-д ногдуулсан 120 000 ам.доллар, 12 000 000 төгрөг буюу Монгол банкны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ханшаар 309 135 600 төгрөгийн татварыг тус компаниар төлүүлж, улсад төлөх үүрэгтэй. НӨАТ-ыг ногдуулж төлүүлэх эрх нь “Б” ХХК-д байгаа учир гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчийн өмнөөс дахин хариуцлага хүлээх утга бүхий буруу шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл “М П” ХХК нь НӨАТ-ыг төлөхгүй байх боломжтой болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “М П” ХХК-иас төлбөр гаргуулахдаа гэрээ байгуулах үеийн ам.долларын ханшийг төгрөгт шилжүүлэн тооцох нь хуульд нийцнэ гэж гэж дүгнэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл “Аж ахуй нэгж, байгууллага дараахи бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө” 4.1.1-т “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт” гэж заасныг зөрчсөн байна. Хариуцагч “М П” ХХК-иас төлбөр гаргуулахдаа гэрээ байгуулах үеийн Монгол банкны ам.долларын төгрөгт харьцах албан ханшаар тооцож шилжүүлэх нь зүйтэй гэсэн нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын 21-т “Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө” гэж заасныг зөрчсөн байна. Энэхүү стандартаар гэрээгээр үүрэг хүлээсэн болон төлбөр төлөгдсөн үеийн ханшийн зөрүүг хэлцлийн 2 талууд “гадаад валютын бодит олз”, “гадаад валютын бодит гарз”-аар нягтлан бодох бүртгэлдээ хүлээн зөвшөөрч тайлагнадаг болохоос анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан тооцооллоор хасч тооцохгүй.

3. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон харилцааг шүүх зөв үнэлээгүй тухайд:

“Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу “М П” ХХК-иас гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийг нэхэмжилж байгаа билээ. Энэхүү алдангийн тооцооллыг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах нэмэлт гэрээний нийт дүн болох 282 203,39 ам.доллараас тооцож гаргасан.

Гэтэл хариуцагч “М П” ХХК нь анх 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр үүрэг үүссэн гэж шүүх үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөлд нийцэхгүй юм. Учир нь талууд хоорондоо харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15/01 дугаар бүхий нэмэлт гэрээ байгуулагдсан. Энэхүү нэмэлт гэрээгээр үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон алдангийн асуудалд өөрчлөлт оруулаагүй тул хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь. зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан байна. Энэхүү хуулийн заалтын “тогтоосон газар хугацаанд нь” гэж тодорхой заасан бөгөөд гэрээний төлбөр төлөх хуваарь, графикийн хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааг тооцож дэлгэрэнгүй тайлбар гарган мэтгэлцсэн хэдий ч шүүх ханшны буруу тооцоололд үндэслэн алдангийг үндэслэлгүйгээр багасгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн “Б” ХХК нь бизнесийн түншлэл, хамтын ажиллагаа, зах зээлийн байдал болоод “М П” ХХК-ийн санхүүгийн байдал зэргийг харгалзан гэрээний 6.6-д заасан өмнөх алдангиудаас удаа дараа чөлөөлж ирснийг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “М П” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 295,32 ам.доллар, алданги 37 713,43 ам.доллар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөрт ногдох НӨАТ болох 120 000 ам.доллар, 12 000 000 төгрөг буюу нийт 403 250 206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр МР-2014-13 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхагийн 7 давхарт байрлах оффисын зориулалттай 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 200 000 ам.доллар, 120 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчээс худалдан авч, төлбөрийг гэрээний үнийн дүнд тохирох нэмэгдсэн өртөгийн албан татварын хамт тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, уг гэрээний нэмэлт гэрээг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулан гэрээний төлбөрийн талаар тооцоо нийлж, хариуцагч нь талуудын хооронд 2012 онд байгуулагдсан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, дээрх МР-2014-13 дугаар гэрээний үлдэгдэл 120 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны дотор, 282 203,39 ам.долларыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор тус тус төлөх, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний бусад заалтууд хэвээр үргэлжлэхээр харилцан тохиролцсон байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. /хэргийн 8-11 дүгээр тал/

 

Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч “М П” ХХК-ийн нэр дээр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан болон нэхэмжлэгчид гэрээний төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хооронд 4 удаагийн гүйлгээний баримтаар нийт 948 397,28 ам.доллар, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээний баримтаар нийт 651 617 573,64 төгрөгийг тус тус шилжүүлж, мөн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн МР-2014-13 дугаар гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногт 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Харин төлбөрийг ам.доллараар тохиролцсон болон ам.доллар, төгрөгийн ханштай холбоотойгоор үлдэгдэл төлбөр, нэмэгдсэн өртөгийн албан татварын хэмжээний талаар маргажээ.

 /хэргийн 72-87 дугаар тал/

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалт нь төгрөгийн ханшийн өөрчлөлттэй холбоотой болохоос бус гадаад валютын төгрөгт хөрвөх ханшийн өөрчлөлтөд хамааралгүй юм. Түүнчлэн талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй тул буруутгах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар гэрээний  агуулгыг чөлөөтэй тохиролцон хэлцэл хийхдээ гэрээний хариу төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн үлдэгдлийг төгрөгөөр тооцон шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 476,13 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, ам.доллараар илэрхийлэгдсэн мөнгөн төлбөрийн үүргийн үлдэгдлийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандан шаардаж байгаа үеийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

Хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн нийт 948 397,28 ам.доллар, 651 617 573,64 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулахаас өмнө 917 796,61 ам.долларыг төлж, уг нэмэлт гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 05-ны дотор төлөх 150 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буюу хугацаанд нь гүйцэтгэж, харин хариуцагч “М П” ХХК-ийн нэр дээр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч “Б” ХХК-д төлөхөөр тохиролцсон 282 203,39 ам.долларыг хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүргийг 77 хоног хэтрүүлж 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 151 617 573,64 төгрөг /151 617 573,64 : 1 986,49 = 76 324,35 ам.доллар/, 9 дүгээр сарын 29-ний өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 996,99 = 25 037,68 ам.доллар/, 11 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 991,70 = 25 104,18 ам.доллар/, 11 дүгээр сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 994,83 = 25 064,79 ам.доллар/, 12 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 996,77 = 25 040,44 ам.доллар/, 12 дугаар сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 996,37 = 25 045,45 ам.доллар/, 12 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 1 995,98 = 25 050,35 ам.доллар/, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөг /50 000 000 : 2 018,53 = 24 770,50 ам.доллар/, нийт 501 617 573,64 төгрөг буюу 251 437,89 ам.долларыг нэхэмжлэгчид төлж, 30 765,55 ам.долларыг гүйцэтгээгүй байна.

 

Талууд 2014 оны МР-2014-13 тоот гэрээний 6.6-д гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн ба энэ талаар маргаагүй тул нэмэлт гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлбөл зохих 282 203,39 ам.долларыг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх 77 хоногоор тооцоход хугацаа хэтрүүлсний алданги 43 458.8 /564.4 х 77 = 43 458.8/ ам.долларыг төлөх үүрэгтэй байна. /хэргийн 10, 75 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 295,32 ам.доллар буюу 731 250,71 төгрөг /295,32 х 2 476,13/, алданги 37 713,43 ам.доллар буюу 93 383 355,42 төгрөг /37 713,43 х 2 476,13/ хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөрт ногдох НӨАТ-ын дүн болох 120 000 ам.доллар, 12 000 000 төгрөг буюу 309 135 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх татварын мөнгийг шаардан гаргуулж авах эрхгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, гэрээг тайлбарлахад 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт үгийн шууд утгыг, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал, талуудын тохиролцоог харгалзаж үзэх ёстой.

 

Мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар татварын хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгчийн төлөх ёстой НӨАТ-ыг өмнөөс нь төлөх үүргийг хариуцагч гэрээний дагуу хүлээсэн нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл биш бөгөөд бусдын эрх ашигт хохирол учруулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх татварын мөнгийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдан-худалдах авах гэрээний нийт төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг гэрээний үнийн дүн буюу ам.долларыг төгрөгт шилжих ханшийн хэмжээгээр тооцож 309 135 600 төгрөгийг шаардаж байгаагаа баримтаар нотлоогүй боловч, хариуцагч нь  нэмэлт гэрээ байгуулахаас өмнө төлбөрийн дийлэнх хэсгийг ам.доллараар төлсөн нөхцөл байдал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нотолгооны хэрэгсэлд хамаарах хариуцагчийн “...НӨАТ-ын падаан бичигдэх дүн манай компанийн хийсэн тооцоогоор 245 000 000 төгрөг болсон” гэх тайлбар зэргийг үндэслэн уг НӨАТ-т төлбөл зохих дүнг тодорхойлов.

 

Тодруулбал, талууд нэхэмжлэгчийн төлөх татварыг хариуцагч төлөхөөр тохиролцсон тул хариуцагчийн тайлбарт дурдсан хэмжээгээр тодорхойлох боломжтой.

 

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас 339 114 606 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг 64 135 599 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01753 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “М П” ХХК-иас 339 114 606 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 135 599 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “317 212” гэснийг “1 853 523” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлсөн 2 014 939 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                               С.ЭНХТӨР