Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

2021     02        17                      2021/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Ц.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ат холбогдох эрүүгийн 2219000000014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Ц.А

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 12 сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум 4 дүгээр баг Өлгий гудамж 1-05 тоотод өөрийн гэртээ иргэн Э.Магнайбаатарын зүүн гуянд хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өглөө хөдөө яваад орой 17 цаг өнгөрөөж гэртээ ирээд байж байхад Э.Магнайбаатар орж ирээд хоёулаа 0.5 граммын шилтэй архи хувааж уучихаад дараа нь Э.Магнайбаатар 1 шил архи авч ирээд хувааж уугаад хоорондоо муудалцсан. Манайх мах чанасан байсан, ширээн дээрх савтай маханд хутга байсан, хоёулаа маргалдаж, би хутга аваад гуянд нь дүрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Магнайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 12 сарын 07-нд Даланжаргалан суманд Сайншанд сумаас ирсэн. 2021 оны 12 сарын 09-ний орой 18 цагийн орчимд Даланжаргалан суманд найз Аийнд 0.5 литрийн хараа архи уугаад, дахин би нэг хараа архи гаргаад ууж байгаад Атай ууж байхад намайг дээрэлхээд гөлөг пиздагаар нь дуудаад байсан ба сууж байхад А ширээн дээрээс хутга аваад миний зүүн хөлийн өвдөгний дээр нэг удаа хутгалсан. Тэгээд би гараад зугтаад Эрдэнэцэцэг эгчийнд очсон. Эрдэнэцэцэг эгч эмнэлгийн байгууллага дуудаад эмч үзээд цус их алдсан байна гээд Сайншандад очиж эмчлүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

 

-Гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 12 сарын 09-ний өдөр төвийн дуудлагын эмчээр ажиллаж байх үед 18 цагийн орчимд манай сувилагч Мөнх-Од над руу утсаар залгаад 4 дүгээр баг Саранхүүгийн хашаанд хүнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн гэж хэлээд сувилагч Мөнх-Одын хамт дуудлага өгсөн газарт очиход Э.Магнайбаатар гэх залуу согтуу зүүн хөлийн өвдөгний дээр 3 хуруу орчим даавуугаар ороосон цус гарсан байдалтай байсан. Шархыг цэгцэлж эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт үзэхэд өвдөгнөөс дээш 3 хуруу нэвтэрсэн зүсэгдсэн шархтай амин үзүүлэлт пүлс нь 112, хүчилтөрөгч нь 95-тай, биеийн байдал хүндэвтэр, арьс салст цонхигор, шарх гүн, их хэмжээний цус алдсан, судас таарсан, аймгийн мэсийн эмчээс зөвлөгөө авч анхан шатны тусламж үзүүлж яаралтай Сайншанд руу их эмч Зол-Ундрах зөөвөрлөсөн гэсэн мэдүүлэг /хх 19-20 /,

 

-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/007 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Э.Магнайбаатарын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй дүгнэлт /хх 23/,

 

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-07/,

-Э.Магнайбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 /,

-Ц.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30 /,

-Яаралтай тусламжийн хуудас, эмчийн магадлагаа /хх 19-22 /,

-Ц.Аийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-45 ху/,

-Хохирогч Э.Магнайбаатарын Прокурорын газарт гаргасан “92-91 ДГС улсын дугаартай Fun kargo маркийн суудлын автомашиныг авсан тул гомдол саналгүй” өргөдөл /хх 57   /,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 12 сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум 4 дүгээр баг өлгий гудамж 1-05 тоотод байх гэртээ иргэн Э.Магнайбаатарын зүүн гуянд хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Магнайбаатарын “...Би 2021 оны 12 сарын 07-нд Даланжаргалан суманд Сайншанд сумаас ирсэн. 2021 оны 12 сарын 09-ний орой 18 цагийн орчимд  найз Аийнд 0.5 литрийн хараа архи уугаад, дахин би нэг хараа архи гаргаад  Атай ууж байхад намайг дээрэлхээд гөлөг пиздагаар нь дуудаад байсан ба сууж байхад А ширээн дээрээс хутга аваад миний зүүн хөлийн өвдөгний дээр нэг удаа хутгалсан.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.Эрдэнэчимэгийн  “...Би 2021 оны 12 сарын 09-ний өдөр төвийн дуудлагын эмчээр ажиллаж байх үед 18 цагийн орчимд ...дуудлага өгсөн газарт очиход Э.Магнайбаатар гэх залуу согтуу зүүн хөлийн өвдөгний дээр 3 хуруу орчим даавуугаар ороосон цус гарсан байдалтай байсан. Шархыг цэгцэлж эмнэлэг рүү авч явсан... гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гуянд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/007 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

         Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ат гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

         Хохирогч Э.Магнайбаатар нь 7.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч Ц.А нь өөрийн эзэмшлийн 92-91 ДГС дугаартай Fun kargo маркийн тээврийн хэрэгслээ өгсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.             

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН