| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00395/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 446
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 1 дүгээр хэсэг 027 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, “Шонхор” дэлгүүрт үйлчлэгч ажилтай Боржигон овогт Лувсангомбын Дашцэдэнгийн /МЬ-63040209/ нэхэмжлэлтэй
“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Дашцэдэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Дашцэдэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат”-ын мод боловсруулах цехэд суурь машинчаар ажилд орсон. Ойн техник мэргэжлийн сургуульд ороход буюу 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т миний аавын нэрийг Лувсанжамц гээд бичсэн байсныг би анзаарахгүй явсан байсан. Миний аавын нэрийг Лувсангомбо гэдэг юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог нэр нь бусад бичиг баримттай зөрөөд байгаа юм. Иймд миний 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн Лувсанжамцын Дашцэдэнгийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангомбын Дашцэдэн болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Дашцэдэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Лувсанжамцын Дашцэдэнгийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангомбын Дашцэдэн болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Лувсанжамцын Дашцэдэнгийн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангомбын Дашцэдэн болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон МЬ-63040209 регистрийн дугаартай цахим үнэмлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46/002602 дугаартай Иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Ш.Онон, Ц.Отгонбат, Д.Алтанцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Лувсанжамцын Дашцэдэнгийн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангомбын Дашцэдэн болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Лувсанжамцын Дашцэдэнгийн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангомбын Дашцэдэн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА