Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.*******од холбогдох 2123000000160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн үед Завхан аймгийн ******* сумын нутаг Хар үзүүр гэх газарт Л.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн 1-р шүдний хагас мултрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1. Хохирогч Л.*******ын өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би хамаатныхаа айлыг нүүлгээд буцаж явж байгаад замдаа буюу хар үзүүр гэх газарт нутгийнхаа залуутай таарсан. Би тэр залуугийн нэр усыг сайн мэдэхгүй бөгөөд манай суманд оршин суудаг залуу байсан. Сүүлд хүмүүсээс асуухад манай сумын багийн иргэн ******* гэх залуу байсан байна лээ. Тэгээд би тэр залуутай юм яриад мэнд ус мэдэлцээд байж байтал над руу бага зэрэг томроод хэл амаар доромжлоод байсан. Би замдаа бага зэрэг архи уучихсан байсан болохоор сайн санахгүй байна. Бас зодуулсныхаа дараа архи нэмээд уусан болохоор тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Гэхдээ ******* гэх залуу намайг хэл амаар доромжлоод *******д бол чи гуйлгачин ш дээ чи хэзээ ийм болцон юм гэж хэлээд байхаар нь би уурлаад *******ын нүүр рүү мангасдаад түлхчихсэн юм. Тэгсэн чинь зөрүүлээд намайг баруун гараараа нэг удаа нүүр рүү цохисон бөгөөд уг цохилт нь миний ам уруулын хэсэгт оносон бөгөөд миний дээд талын үүдэн шүднээс 1 шүд хугарч унасан. Харин тэр шүдний хажуу талын шүд санжигнаад хөдөлгөөн орчихсон байсан. Тэгээд тэр газраас намайг зодсон залyy мотоциклоо унаад зугтаад яваад өгсөн. Харин би гэртээ ирээд энэ талаар эхнэртээ хэлсэн. Би өөрөө залуугийн нэрийг мэдэхгүй байсан болохоор ******* сумын ард иргэдээс уг хэрэг болсны маргааш нөгөөдөр нь лавлаж асуухад нэр усыг нь надад хэлээд өгсөн бөгөөд ******* тэр өдөр чиний хэлсэн шиг дээл хувцастай сумын төв дээр явж байсан гэж хэлж байсан. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/ 2. Гэрч П.гийн “...Тухайн өдөр би орой гэртээ байж байтал манай нөхөр болох ******* нь оройны 23 цаг өнгөрч байх үед архи уучихсан гэртээ орж ирсэн. Мөн миний нөхрийн амнаас нь цус гараад уруул нь бага зэрэг хавдаад домбойчихсон байсан. Би юу болсон талаар нь асууж лавлахад гэртээ ирэхээр явж байгаад замдаа ******* сумын хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би амыг нь үзтэл 1 шүд нь хугараад уначихсан байсан. Мөн шүд нь санжигнаад хөдөлчихсөн байсан. Тэгээд яг юу болсон талаар нь лавлаж асуухад хар үзүүр гэх газарт нутгийнхаа залуутай таараад байж байтал хэрүүл маргаан болж миний нөхрийг нүүр рүү нь цохиж шүдийг нь хугалсан гэж миний нөхөр надад ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, 3. Гэрч Б.гийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над дээр манай сумын иргэн болох Л.******* гэх хүн ирж үзүүлж надаас их эмчийн тодорхойлолт авсан юм. Уг хүн нь надад үзүүлэхдээ бага зэрэг согтуу, архи үнэртүүлчихсэн байдалтай байсан. Мөн энэ хүний 1 шүд нь хугарч унасан байдалтай байсан. Мөн дахин 1 шүд нь ёзоороороо хөдөлгөөн орсон байдалтай байсан. Ил харагдах шарх сорив болон хөхрөлт, зулгаралт байхгүй байсан. Эмнэлгийн зүгээс хийх эмчилгээ бол байхгүй байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Би үзэж харсан зүйлээрээ тодорхойлолт хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, 4. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай “...Иргэн Л.*******ын зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн 1-р шүдний хагас мултрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Л.*******ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.51.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн *******-р хуудас/, 5. Э.*******ын яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 сарын 19-ний өдөр байх би ******* сумын төвөөс гараад хөдөө явж байгаад Хар үзүүрийн ногооны талбайн хажуугаар явж байсан ******* зам дээр зогсчихсон намайг дуудахаар нь би очсон юм. Намайг очингуут ******* урдаас чамайг ална гээд намайг мангасдаад авахаар нь би уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгээд би яваад өгсөн юм. Би *******ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, надад цохиулснаас болж үүдэн нэг шүд нь унасан, 1 шүд хөдөлсөн байсан. Би *******тай маргалдаагүй, намайг дуудахаар нь яваад очиход урдаас янз бүрээр хэлээд мангасдаад авахаар нь нэг удаа цохисон. *******т бэлнээр 1,300,000 төгрөг өгч бүрэн барагдуулсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, нийгмийн харилцаанд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Л.*******ын “...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 34-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Э.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч Э.*******од улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ