Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/565

 

2022         05          05                                        2022/ШЦТ/565

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэ-Орчлон” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ..., ... байрны ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            Боржигон овогт Ш.Б- /РД:ЗП9710..../

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандал 1 дүгээр гудамжны 24 тоотод “намайг согтуу ганцаар минь явууллаа, араас гарч ирээгүй” гэх шалтгаанаар уурлан найз бүсгүй С.О-н үснээс зулгаах, хөл рүү нь өшиглөх, гэдэс рүү нь жийж орон дээр унагах, гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун мөр, баруун, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 сарын 30-ны өдрийн 380 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ш.Б-ийн зодсон үйлдлийн улмаас С.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч С.О-н “...Би Ш.Б- гэх залуутай 2020 онд танилцан хоорондоо үерхдэг, хааяа нэгнийдээ ирж очин хонодог хосууд байгаа юм. Гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй... Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз залуу Ш.Б-н хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандал 1 дүгээр гудамж 24 тоотод сайн бөө байдаг гээд үзүүлэхээр очсон. Тухайн айлд очиход эмэгтэй бөө байсан ба манай найз залуу болох Ш.Б-г үзээд сахиус авах ёстой хүн байна гээд архи уулгаж муу зүйлсийг нь гаргуулна гээд намайг дэлгүүр лүү архинд явуулсан. Би дэлгүүрээс 0,5 литрийн “Аураг” нэртэй нэг шил архи авч ирэхэд намайг гарч бай гэж хэлээд 0,5 литрийн архи манай найз залууд уулгаад муу зүйлсийг нь гаргаж байна гээд шашны эд зүйлсээр ташуурдсан. Би гадаа 7 орчим минут байж байгаад гэрт орсон ба бөө эмэгтэй айл руу явж гал тахина, иртэл нь хүлээж бай гэж хэлээд яваад өгсөн. Бөө эмэгтэйг явсны дараа манай найз залуу гэрээс нь гараад явсан ба намайг араас нь гарах гэтэл араас гарч ирвэл ална шүү гэж хэлэхээр нь би араас нь гарч чадаагүй, манай найз залуу Ш.Б- гарч яваад 2 цаг орчмын дараа 23 цагийн орчим ээжийн хамт ирээд над руу уурлаад намайг согтуу ганцаар минь явууллаа, араас гарч ирээгүй гээд уурлаад миний үснээс зулгаагаад хөл рүү өшиглөөд, холдоод зугтах гэхэд дахин гэдэс рүү жийж орон дээр унагаад гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Яг хэдэн удаа хаана цохисныг сайн санахгүй байна... Миний биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи, баруун баруун чих, баруун мөр, баруун, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүдийг миний найз залуу Батмэнд гараараа цохиж мөн хөлөөрөө өшиглөж учруулсан. Би Ш.Б-д зодуулахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл шарх огт учраагүй зүгээр байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Надад шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Намайг өмнө Батмэнд цохиж зодож гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн өдөр анх удаа зодсон, надаас уучлалт гуйгаад бид хоёр одоо эвлэрсэн. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 7-8 хуудас)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 986 дугаартай “С.О-н биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун мөр, баруун, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 хуудас)

- Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандал 1 дүгээр гудамж 24 тоотод бөөд засал хийлгэх гэж очсон ба улмаар надад бөө архи уулгаад би ганцаараа гэрээс нь гарч яваад намайг согтуу ганцаар нь явуулсан талаар С.О-д хэлэхэд тоохгүй байсан учраас би гомдоод нүүр лүү нь гараараа 3 удаа алгадсан... Би уг хэрэг болсны дараа С.О-с уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч С.О-нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлэг  (хавтаст хэргийн 7-8 хуудас)-ээр шүүгдэгч Ш.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 690 нэгж буюу 690,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Ш.Б-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно. Хохирогч С.О-нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн боловч энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахгүй.

 

            Шүүгдэгч Ш.Б- нь “Эрдэнэ-Орчлон” ХХК-д жолооч ажилтай, хувийн байдлын хувьд урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ш.Б-д үүрэг болгосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Б-д мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ