Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 470

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг, Орхон * дугаар хэсэг, гудамж, * дүгээр байр * тоотод оршин суух ******* овогт В******* О******* /ЦА-******** нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч В.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 1981 оны 08 дугаар сард 10 жилийн сургууль төгсөөд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С******* үйлдвэрт оёдолчноор ажилд орж улмаар бичээчээр ажиллах болсон. Ингээд би 1983 оны 08 дугаар сарын 12-нд ЗХУ-ын Л******* сургуульд шалгалт өгч тэнцээд суралцах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх ажилласан жил маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн. Ажлаас гарсан тушаал байгаа боловч ажилд орсон тушаал байхгүй тул шүүхэд хандсан юм. Иймд намайг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл С******* үйлдвэрт оёдолчин, бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.   

                     Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.О******* нь “...1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл С******* үйлдвэрт оёдолчин, бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 В.О******* нь С******* 2 дугаар үйлдвэрийн оёдлын цехэд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл оёдолчиноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 В.О******* “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 4-5 талд авагдсан Ноосны үйлдвэрийн нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот тушаалаар С******* 2 дугаар үйлдвэрийн оёдлын цехэд оёдолчноор ажилд орсон, 1983 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 140 тоот тушаалаар “Сургуульд суралцах болсон тул” ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаалуудын бичилт, гэрч *******, ******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд В.О*******ыг С******* 2 дугаар үйлдвэрийн оёдлын цехэд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл оёдолчин, бичээчээр тус тус ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В******* О*******ыг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл С******* 2 дугаар үйлдвэрт оёдолчин, бичээчээр тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА