Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш, Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан, Хохирогч Г.Мэргэншагай, Хохирогчийн өмгөөлөч С.Батмөнх-Очир, Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дультан бургуйд овогт Базарбидэрнаагийн ГанЭрдэнэд холбогдох 201718010047 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08-р сарын 01- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 0-0-00 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06-р сарын 02-ны өдрийн 183 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 10-нд хугацаа дуусч суллагдсан, Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 27-ны өдрийн 150 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дультан бургуйд овогт Базарбидэрнаагийн Ган-Эрдэнэ /РД: ФД87012536/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 75-76 дугаартай тэмдэгт бүхий газарт 88-35 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Мэргэншагайн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 12-17 хуудас/, 2. Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 22 хуудас/, 3. Шинжээч Х.Мянганбаярын байцаалт /хх-ийн 21 хуудас/, 4. Үнэлгээ тогтоосон акт / хх-ийн 24-28 уудас/, 5. Хохирогч Г.Мэргэншагайн мэдүүлэг / хх-ийн 37-40 хуудас/, 6. Гэрч Э.Майцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/, 7. Гэрч Э.Мөнххуягийн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/, 8. Гэрч Ц.Бүүвэйбаатарын мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, 9. Гэрч З.Шижирбатын мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/, 10. Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/ зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 75-76 дугаартай тэмдэгт бүхий газарт 88-35 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1. Хохирогч Г.Мэргэншагайн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би ганцаараа явалгүй Ган-Эрдэнэ, Мөнхбаяр хоёрыг хамт явъя гэсэн уруу татаад явахаар болсон. Урьд шөнөжин архи уусан болохоор Мөнхбаяр бид хоёрын архи гараагүй байсан учраас Ган-Эрдэнийг миний машиныг бариад явчих гээд гуйсан чинь зөвшөөрөөд, бид гурав манай гэрээр орж би эхнэртэйгээ хот явлаа гэж хэлээд өдөр 14 цаг өнгөрч байх үед л байх би машины арын суудал дээр сууж явсан. Мөнхбаяр, Ган-Эрдэнэ хоёр урд суучихсан Ган-Эрдэнэ машин барьж явсан. Тэгээд би урьд өдөр нь нойр муутай хоносон болохоор унтаад явсан байна лээ. Тэгээд л Дархан-Уул аймгийн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон, аваар болох үед унтаж явсан болохоор би юу ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуудас/, 2. Хохирогч Г.Мэргэншагайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 сарын 17-ны өдөр энэ осол болсон. Би Ган-Эрдэнийг найз нөхөр юм бол миний хажууд бай гэж хэлж байсан. Нэг ч удаа эргэж ирээгүй. Холбоо бариагүй. Эмнэлэгт 03 сар хэвтээд гарч ирсэн. Одоо ч байнга эмчийн хяналтанд байгаа. Хүзүү толгой маш их өвддөг. Маш олон тооны цус хуралтууд байгаа. Энэ 01 жилийн хооронд би гомдол саналгүй, найзыгаа хэрэг төвөгт холбогдуулах хүсэл байхгүй гэдгээ хэлдэг байсан. Өдий 140-150 хоносон байхад ирээд найз нөхөр байсан юм бол ядаж эмнэлэгт үзүүлээд явах л байсан байх. Би хөдөө байдаг юм. Байнга эмнэлэг явах хэрэг гараад портер машинаар явахаар хүзүү толгой өвдөөд байдаг байсан. Би Ган-Эрдэнийг чи хүнийг ингэж хохироож болохгүй гэж хэлсэн. Энэ осол жолоочоос л болж гарсан. Осол гарах үед ямар ч арга хэмжээ аваагүй. Жаахан хурдаа хасаад урдаас ирж байсан машиныг эгнээнд нь оруулаад явж болох л байсан. Тухайн үед осолд орсон машин миний эзэмшлийн машин байсан. Миний машин Эрдэнэтийн 3 тендерт явдаг байсан. Жилд 2 удаа үзлэг оношлогоонд ордог. Миний машины хувьд техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан...” гэх мэдүүлэг, 3. Гэрч Э.Майцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04-р сарын 16-ны шөнө Ган-Эрдэнэ бид 2 унтаж байтал гаднаас 03 цагийн үед Ган-Эрдэнийн найз Мэргэншагай Мөнхбаяр гэх найзын хамт согтуу архи барьчихсан орж ирсэн. Тэгээд Ган-Эрдэнийн гэрт тэр гурав шөнө хэсэг сууцгаасан. Би өглөө 07 цагийн үед ажилдаа явахад тэр 3 унтаад үлдсэн. Ингээд маргааш нь буюу 2017 оны 04-р сарын 17-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би Ган-Эрдэнэтэй холбоо бариад Мэргэншагайн хашаанд очсон. Тэгэхэд Мэргэншагай, Мөнхбаяр нарын урд шөнийн архи гараагүй, нэмээд уусан бололтой согтуу байсан. Харин Ган-Эрдэнэ уугаагүй, эрүүл байсан. Тэгтэл Мэргэншагай өнөөдөр Улаанбаатар хот явахгүй бол болохгүй гээд гээд байсан ба өөрөө согтуу архи нь гараагүй байсан тул Ган-Эрдэнээр өөрийн Соната-7 маркийн машиныг бариулаад 16 цаг өнгөрч байх үед Орхон аймгаас хөдөлцгөөсөн. Ган-Эрдэнэ машин бариад, би урд талын суудалд суугаад, Мэргэншагай, Мөнхбаяр нар арын суудалд суусан. Ингээд Орхоны гүүрний наана явж байтал урдаас цагаан өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай урсгал сөрөөд, манай урсгалд ороод ирсэн. Ган-Эрдэнэ уг машиныг хараад зүүн гар тийшээ, чөлөөтэй урсгал руу жолоогоо дартал замын хажуу талын жалга руу ороод онхолдчихсон, машин 4, 5 удаа эргэлдсэн. Би аюулгүйн бүсээ бүсэлсэн байсан, харин ард сууж явсан Мэргэншагай, Мөнхбаяр нар согтуу унтаж явсан тул осол гарах үед машины ар талын салхины шил хагараад, уг салхины шилээр шидэгдчихсэн. Ингээд машин 4, 5 удаа эргэлдээд хажуу талаараа зогссон, хаалга онгойхгүй байсан тул Ган-Эрдэнэ бид 2 хойд талын салхины шилээр машин дотроос гарсан. Тэгтэл Мэргэншагайн ам, хамраас цус гарч байсан ба Мөнхбаяр хацраас цус гарч байсан. Ган-Эрдэнэ бид хоёр гар утаснаасаа ээлжлэн Хөтөлийн түргэнийг удаа дараа дуудсан. Ингээд удалгүй түргэн ирээд Мэргэншагай, Мөнхбаяр нарыг аваад эмнэлэг явсан. Намайг машины хурд хэмжигчийг харах үед Ган-Эрдэнэ 80-90 километр цагийн хурдтай явж байсан. Тийм их хурдтай яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, 4. Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “..2017 оны 04-р сарын 17- ны өдрийн 17 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хот руу явахаар Мэргэншагайн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй би, Ган-Эрдэнэ, Мэргэншагай, Ган-Эрдэнийн найз эмэгтэй бид дөрөв хөдөлсөн юм. Машиныг ГанЭрдэнэ жолоодож явсан. Эрдэнэтээс хөдлөөд би унтчихсан байсан, нэг сэрэхэд Орхон голын гүүрний наана машин осолдчихсон байдалтай байсан. Миний баруун шанаанаас цус гарч, машин осолдоод хөндлөн байдалд орчихсон байсан. Осол гарах үед би унтаж явсан болохоор яг юунаас болж осолдсон болохыг мэдээгүй. Ингээд эмнэлгийн машин ирээд Мэргэншагай бид хоёрыг аваад явсан, машинд байсан бусад хүмүүс ямар байдалтай байсныг би анзаараагүй. Би унтаж явсан болохоор түүнийг яг хэр хурдтай явж байсныг хараагүй. Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум хүртэл сэрэнгэ явж байгаад Баруунбүрэн өнгөрөөд унтчихсан. Намайг унтаагүй сэрэнгэ байх үед Ган-Эрдэнэ 80-90 км/цаг хурдтай явж байсан, нэг их хурдтай явахгүй байсан. Би жолоочийн ард талын суудалд сууж явсан. Мэргэншагайн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл зөв рультэй /жолоотой/ байсан. Ослын улмаас миний баруун хацар, шанаа зулгарч шархалсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Би эмнэлэгт үзүүлсэн. Би унтаж явсан болохоор яг юунаас болж осол гарсныг мэдээгүй. Ган-Эрдэнэ өөрөө ярихдаа “урдаас цагаан өнгийн Ланд-200 маркийн машин гарч ирээд би шахагдчихсан” гэж хэлж байсан. Осол болсон зам эргэлттэй, тойруу зам байсан. Зам дээр ямар нэгэн хагархай, эвдрэл байгаагүй. Осол гэгээтэй үед болсон, харанхуй бүрэнхий 4 болоогүй байсан. Цаг агаар хэвийн нартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, 5. Гэрч З.Бүүвэйбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04-р сарын 17-ны өдөр би төрсөн ах Шижирбатын хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг руу ажилтай явж байсан. Манай ах “Хөх Хан” ХХК-ийн захирал байгаа юм. Бид хоёр 13 цагийн үед Улаанбаатар хотоос гараад зогсолтгүй яваад Сэлэнгэ аймгийн Орхон сумын гүүр гараад замын хажууд байдаг цайны газар дээр зогсоод хоол унд идчихээд ах утсаар ярьж байхад 17 цаг 40 минут болж байна гэж байсан. Тэгээд тэндээ 20 орчим минут байж байгаад цаашаа Орхон аймаг руу хөдөлсөн. Тэгээд Орхон аймаг руу ордог цагдаагийн постны тэнд явж байхад цагдаа зогсоосон. Тэгэхээр нь би яасан юу болоо вэ гэж асуусан чинь сая зам цагаан өнгийн Ланд200 маркийн машин зам шахаад онхолдуулчихлаа гэсэн дуудлага ирээд шалгаж байна гээд намайг постны байр луугаа дагуулж ороод бичиг баримтыг маань аваад намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж үнэрлэсэн. Тэгээд юм тэмдэглэж аваад явуулсан. Тэгсэн нэг цагдаа залгаад Хөтөл дээр ирж уулзаарай асууж тодруулах зүйл байна гэхээр нь ах бид хоёр маргааш нь буцахдаа Хөтөл орж байцаагчтай уулзаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, 6. Гэрч З.Шижирбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би төрсөн дүү Бүүвэйбатаар машинаа бариулаад хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг руу ажилтай явж байсан. Манай дүү “Хөх Хан” ХХК-ийн инженер ажилтай. Бид хоёр 13 цагийн үед Улаанбаатар хотоос гараад зогсолтгүй явж байгаад Сэлэнгэ аймгийн Орхон сумын гүүр гараад замын хажууд байдаг цайны газар дээр зогсоод хоол унд идчихээд би утсаар ярьж байхад 17 цаг 40 минут болж байсан. Тэгээд тэндээ 20 орчим минут байж байгаад цаашаагаа Орхон аймаг руу хөдөлсөн замдаа явж байгаад сүлжээ орж ирэхээр нь би хүнтэй утсаар яриад л явж байсан. Тэгээд Орхон аймаг руу ордог цагдаагийн постны тэнд явж байхад цагдаа зогсоогоод бид хоёрыг хаанаас явж байна сая замд цагаан өнгийн Ланд-200 маркийн машин зам шахаад онхолдуулчихлаа гэсэн дуудлага ирсэн шалгах хэрэгтэй байна гээд машин барьж явсан манай дүү Бүүвэйбатыг дагуулаад цагдаагийн байрандаа ороод 15-20 орчим минут болоод Бүүвэйбат ирэхээр нь асуусан чинь бичиг баримтаа шалгуулаад утас шөрмөсөө өгчихөөд гараад ирлээ. Шаардлагатай бол ярина гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, 7. Шинжээчийн 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн 11 дугаартай “...Хюндай Соната-7 маркийн 88-35 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.ГанЭрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/, 8. Шинжээч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэргийн материалтай танилцсан. 2017 оны 04-р сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн 75-76 дахь километрт зам тээврийн осол гаргасан гэх Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйл буюу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь тээрийн хэрэгслийн жолооч Б.Ган-Эрдэнэ өгсөн байцаалтандаа Орхоны гүүр арай ороогүй явж байсан юм нэг замын жаахан эргэлт байхаар нь гайгүй байх гэж бодоод хурдаа нээх хасалгүй тойрсон. Би 100-110 км/ цагийн хурдтай л явж 5 байсан гэх мэдүүлгийг өгсөн. Бас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зураглалыг харахад асфальтан зам дээр тээврийн хэрэгслийн тормосны мөр үүсээгүй мөн жолооч Б.Ган-Эрдэнэ нь өгсөн байцаалтандаа би уул нь зогсоох гээд машины тормосыг гишгэсэн боловч замын хажуугийн шороо луу ороод хэсэг явж байгаад онхолдчихсон гэсэн нь энэ дүрмийн 9.2-ыг зөрчсөн гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, 9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07-р сарын 25- ны өдрийн №5384 дугаартай “...1. Б.Мэргэншагайн биед суурь яс, суурь ясны баруун дэлбэн, хөхлөг сэртэн, чамархайн хамарсан хоёрлосон зөрөө бүхий хугарал, хүзүүний 2-р нугалмын шүд болон их бие, баруун неврал арк хамарсан хугарал, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн хацар ясны нум, зүүн чамархайн яс хамарсан нийлмэл хугарал, хэвлий, дух, хамрын нуруу, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5-д зааснаар учрах үедэ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 хуудас/, 10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 хуудас/, 11. Үнэлгээ консалтинг ХХК-ын Авто машины техникийн үнэлгээний тайлан / хх-ийн 24-28 уудас/, 12. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 сарын 16-ны шөнө 03 цагийн үед Мэргэншагай, Мөнхбаяр нар манайд ирж архи ууж хоносон юм. Би архи уусан ч гэсэн согтотлоо уугаагүй тул өглөө эрүүл байсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад Мэргэншагайгийн ээж нь машины мөнгө чинь бэлэн болсон гэж ярьсан. Мэргэншагай нь ээж миний данс руу 8.000.000 төгрөг шилжүүнэ гэж байна гэж байсан. Өглөө босоод явж машинаа авъя гээд хот явахаар болсон. Тэгээд явахад Мөнхбаяр Мэргэншагай хоёр согтуу байсан. Майцэцэг бид хоёр эрүүл байсан. Гарч явж байгаад Орхоны гүүрэн дээр явж байхад урдаас цагаан land 200 маркын автомашин орж ирээд мөргөлдөхгүйн тулд буцаагаад дарахад тэр чигээрээ замаасаа гарчихсан. Тийм л явдал болсон... Найзынхаа нэхэмжилж байгаа мөнгийг хугацаанд төлнө...” гэх мэдүүлэг зэргээр Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийсэн, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь урьд Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна. 6 Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 27-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдлээгүй үлдсэн 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Үнэлгээ консалтинг ХХК-ын авто машин техникийн үнэлгээний тайланд тусгагдсанаар Соната-7 маркийн 88-35 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролын үнэлгээ 6.251.500 төгрөг байна. /хх-ийн 24-28 хуудас/ Мөн 88-35 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь “ББ-Од” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч хохирогч Б.Мэргэншагай шүүхийн хэлэлцүүлэгт “... Такси компаниуд нь өөрөө машингүй тул хувь хүний машинуудыг өөрийн нэр дээр бүртгүүлээд зөвшөөрлөө авдаг юм. Гэхдээ энэ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин мөн...” гэж тайлбарлаж байна. Хохирогч Б.Мэргэншагай нь шүүгдэгч Б.Ган-Эрдэнээс эмчилгээ болон тээврийн хэрэгслийн хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь уг мөнгийг 1 жилийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнээс 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мэргэншагайд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын яллагчийн тухайн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хохирогч Б.Мэргэншагайд олгохоор заасан 5.000.000 төгрөгийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №01053666 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0818810 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Мэргэншагайд буцаан олгож, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн №1129180 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дультан бургуйд овогт Базарбидэрнаагийн Ган-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн /2015 он/ 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 06 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн

4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнээс 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мэргэншагайд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Б.Мэргэншагайд олгохоор заасан 5.000.000 төгрөгийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №01053666 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0818810 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Мэргэншагайд буцаан олгож, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн №1129180 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН