Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00315

 

Т.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00714 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалтай,

Т.Оын нэхэмжлэлтэй

М.Шд холбогдох

2016 оны 03 сарын 29-ны өдрийн, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгч тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Шгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бүжинлхам, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Ш 2016 оны 3 сарын 29-ний өдөр Ласти интернэйшнл ХХК-ийн захирал н.Лхагвасүрэнтэй 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Т.Оын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, стадион оргил 17011 Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгө барьцаалж, өмчлөх эрх М.Шд шилжүүлсэн. 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба тухайн үед үл хөдлөхийг М.Шд худалдах зорилго агуулаагүй. Дээрх орон сууцанд Т.О гэр бүлийн хамт амьдарч, өмчилж ашигладаг. Н.Лхагвасүрэн М.Шгийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлсэн талаар маргаан үүссэн. М.Ш, Т.Оын эзэмшлийн орон сууцыг бусдад худалдан борлуулахаар байр суллаж өг гэж удаа дараа дарамталж, амгалан тайван байдал алдагдуулж ирсэн. н.Лхагвасүрэн, Т.От зээлийн төлбөрт хангалттай буюу 9 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Гэтэл Т.Оын үл хөдлөхийг авахаар шаардаж байгаа нь тэднийг хоорондоо үгсэн хуйвалдсан хардлага төрүүлж байна. Т.От анхнаасаа байр худалдах санаа зорилго байгаагүй, найзынхаа зээлийн барьцаанд байр тавьсан гэж ойлгосон. Т.О зээлийн гэрээгээр М.Шгээс нэг ч төгрөг хүлээж аваагүй. Талуудын байгуулсан 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хэлбэр агуулж байх тул хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Т.Оыг болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч тал талуудын байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлж байгуулсан хэлцэл гэдгийг Ласти интернэйшнл ХХК-ийн захирал н.Лхагвасүрэнд зээлсэн 200,000,000 төгрөгийн барьцаа байсан гэж маргаж байна. Хэрэв талуудын байгуулсан хэлцэл дүр үзүүлсэн хэлцэл бол бодит байдал дээр хэрэгжихгүй байх байсан. Дүр үзүүлсэн хэлцлийн үр дагавар биелэгдэхгүй байх ёстой. Гэтэл 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Оын өмчлөлөөс үл хөдлөхийг М.Шгийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Т.Оын өмчлөх эрх дуусгавар болж, М.Шгийн өмчлөх эрх үүссэн. ...Хэлцлийн үр дагавар биелэгдэж, нэг этгээдийн өмчлөх эрх нөгөө этгээдийн өмчлөх эрхэд шилжиж улсын бүртгэлд бүртгүүлснээр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл болсон. Т.О барьцааны гэрээ байгуулах хүсэлтэй байсан бол яагаад нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үр дагавар хүлээн зөвшөөрсөн юм бэ. Т.О хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгодог этгээд. Ласти интернэйшнл ХХК-ийн 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд үл хөдлөх барьцаалсан бол барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулахгүй яасан юм бэ. Талуудын хооронд анхнаасаа барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг байсан. ...Иймд талуудын байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.2-д заасан хэлцэл биш. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах хэлцлийн тухайд халхавчлагдсан хэлцэл байхыг хууль шаардаж байна. ... Т.О, М.Ш нарын хооронд 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс өөр төрлийн хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч талын тайлбарласан барьцааны гэрээгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг хавхавчлах зорилготой байгуулсан хэлцэлд орохгүй. Т.О, М.Ш нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Иймд талуудын байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56.1.3-д заасан хэлцэлд хамаарахгүй. ...Талуудын хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль ч нөхцөлийг агуулаагүй, хүчин төгөлдөр хэлцэл. Хүчин төгөлдөр хэлцэл болох нь олон зүйлээр батлагдаж байна. 2016 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үл хөдлөх хөрөнгө худалдана, тухайн өдөр төлбөрийг бэлнээр төлөхөөр зохицуулсан. Мөнгө төлөөгүй гэдгийг нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан нэг ч баримтаар нотлоогүй. М.Шгээс Т.О гэрээний дагуу 20,000,000 төгрөг аваагүй гэдгийг баталсан нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчаас бэлнээр 20,000,000 төгрөг аваагүй гэж байгаа бол батал. ... н.Лхагвасүрэн М.Шд 200,000,000 төгрөг төлбөл Т.От байр шилжүүлнэ гэдгийг гэрээнд оруулснаар хамааралтай гэж үзэж байгаа бол энэ болзол тавьсан буцаан худалдах нөхцөл болохоос 200,000,000 төгрөгийн барьцаа гэдэг агуулга илэрхийлэхгүй. ...Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 39, 196, 109, 110 дугаар зүйлд тус тус зааснаар хүчин төгөлдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэгч тал ажиллагааны үед М.Ш, Х.Б.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улсын дээд шүүхийн тайлбар болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-ын агуулгыг харвал 2016 оны 3 сарын 29-ны өдрийн Т.О, М.Ш нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 5 сарын 27-ны өдрийн гэрээ биш. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа бол 2 тусдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний асуудал яригдаж байна. ... М.Ш, Х.Б.Ө нарын хооронд 2018 оны 5 сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. М.Ш өөрт нь холбогдуулж нэхэмжлэл гаргасныг мэдээгүй байхад Х.Б.Өт үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан. М.Ш, Х.Б.Ө нарын 2015 оны 5 сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00714 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 234 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч М.Шд холбогдуулсан гаргасан 2016 оны 03 сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Т.О, хариуцагч М.Ш нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүрэг, 1 хороо, стадион оргил 17011 Зайсангийн гудамж, 30 байрны 13 тоот хаягт байрлах, 91.5м2 талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 25-ны өдөр хариуцагч М.Ш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Б.Ө нарын хооронд байгуулагдсан дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдах авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч Т.Оыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.486.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Т.О, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн, М.Ш, Х.Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил 17011, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 13 тоот, 91,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.Оыг тогтоосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч М.Шгээс 1 486 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 486 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ш хяналтын гомдолдоо: Шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцолмонгийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсгийн 7 дугаар талд “Дээрх баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл М.Ш, А.Лхагвасүрэн нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн барьцааны агуулгаар Т.Оын өмчлөлийн орон сууцыг М.Шгийн өмчлөлд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Т.О нь орон сууцыг худалдах хүсэл зоригтойгоор гэрээ байгуулсан гэж үзэхээргүй, түүний тайлбар хэргийн бодит байдалд нийцэж байна” гэжээ. Мөн А.Лхагвасүрэнгийн 200 000 000.00 (Хоёр зуун сая) төгрөгийн зээлийн үүрэг дуусахад М.Ш нь орон сууцыг өмчлөгчид нь буцаан шилжүүлэхийг амлаж байгаагаас үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн барьцааны гэрээ байгуулагдах ёстой” гэжээ. Хариуцагч М.Шгийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд дор дурдсан хүсэлтүүдийг гаргасан. Үүнд: 1. А.Лхагвасүрэнг гэрчээр оролцуулах; 2. Нотариатч Б.Батсүрэнг гэрчээр оролцуулах; 3. А.Лхагвасүрэнг банкинд данстай эсэх тухай лавлаа болон түүний дансуудын хуулга гаргуулах; 4. Нэхэмжлэгч Т.Оыг банкинд данстай эсэх тухай лавлагаа болон түүний дансуудын хуулга гаргуулах; Уг хүсэлтүүд нь хариуцагч М.Шгийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу үнийг төлсөн болохыг нотлох, түүнчлэн “А.Лхагвасүрэн”-нд буцаан худалдах болзолыг “Гэрээ” “Баталгаа” зэрэг баримтуудад тусгасан нөхцөл шалтгааныг нотлох агуулгатай байсан. Энэхүү хүсэлтүүдийг юхэмжлэгч Т.Оын төлөөлөгчид бүгдийг нь эсэргүүцсэн. Түүнчлэн зарим хүсэлтүүдийг анхан шатны шүүхийн шүүгч хангаагүй болно. Тодруулбал, А.Лхагвасүрэн болон Т.О нарын дансуудын тухай мэдээлэл, лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт өгч, “Гэрээний дагуу үнийг төлөөгүй”, “Буцаан шилжүүлэх нөхцөл заасан” хэмээн үзэж “Гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Мөн магадлалын хянавал хэсэгт “Иймд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч өмчөө буцаан шилжүүлэх эрхтэй” гэжээ. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар булгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тавдугаар зүйлийн 5.1- д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй” 5.2-т “Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал. шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м.” гэж тайлбарласан. Гэтэл иргэн Т.О, М.Ш нарын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь хуулийн аль хориглох хэм, хэмжээг зөрчсөн хэлцэл болсныг магадлалд заагаагүй. Учир нь, уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” бөгөөд хуулийн аль ч заалтыг зөрчөөгүй “Гэрээ” юм. Түүнчлэн, Т.О, М.Ш нарын хооронд хийгдсэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь “Гадаад илэрхийллийг бий болгох зорилго”-той биш бөгөөд харин ч гэрээний үр дагавар хэрэгжсэн, Т.Оын өмчлөх эрх М.Шд шилжсэн байна. Ийнхүү “Гэрээ”-ний үр дагавар бүрэн хэрэгжиж, өмчлөх эрх шилжсэн байхад давж заалдах шатны шүүх “Дүр үзүүлэн хийсэн” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч М.Шд холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил 17011, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 13 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа “...орон сууц худалдах хүсэл зориг байгаагүй, найз А.Лхагвасүрэнгийн зээлийн барьцааны гэрээг халхавчилж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, бодит байдалд үнэ төлөгдөөгүй, худалдаагүй учраас орон сууцаа эзэмшилдээ байлгаж байгаа... өмчлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй...” гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд орон сууцыг буцаан худалдах талаар талууд тохирсон нь хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох талаар Иргэний хуульд заасан холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй боловч магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

Т.Оын нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцсон, маргааны үйл баримтад хамаарахгүй Иргэний хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн байх тул залруулж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Т.О, М.Ш нар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, Т.О нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил 17011, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 13 тоот, 3 өрөө орон сууцыг М.Шгийн өмчлөлд шилжүүлэх, М.Ш нь 20 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг орон сууцны өмчлөгчөөр М.Ш бүртгэгджээ.

М.Ш нь Б.Өтэй 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 200 000 000 төгрөгөөр худалдсан, Б.Ө нь үнийг бэлнээр төлсөн гэж гэрээнд тусган, одоогийн байдлаар орон сууцны өмчлөгчөөр Б.Ө бүртгэгдсэн байна./хх-76-79/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Ө нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Т.О, М.Ш нарын байгуулсан   2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, М.Ш, Б.Ө нарын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний төрөл боловч эдгээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасан зохицуулалтын дагуу дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь найз А.Лхагвасүрэнгийн зээлийн үүргийг хангуулахаар өөрийн өмчлөлийн орон сууцыг М.Шд барьцаалахаар тохирсон боловч хуульд заасан хэлбэрээр барьцааны гэрээ байгуулаагүй гэж, нөгөө талаас хариуцагч нь орон сууцыг худалдаж авсан гэж өөр өөр үндэслэлээр маргажээ. Хариуцагч М.Ш нь “...маргаж буй орон сууцыг зээлдэгч А.Лхагвасүрэнгийн зээлийн үүргийг хангуулахаар өмчлөлдөө шилжүүлэн авсан... зээлийн үүрэг дуусгавар болоход өмчлөлийг буцаан шилжүүлж өгөхийг баталж байна...” гэх бичгийн баримт үйлдснээс үзвэл талуудын хооронд барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч худалдах-худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөлд хамаардаг тул тухайн маргаанд хэрэглэсэн хэм хэмжээг буюу 2016 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. М.Ш нь орон сууцыг худалдаж аваагүйгээс гадна зээлийн үүргийг хангуулах зорилготой, барьцаа хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг Б.Өт шилжүүлснийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл байгуулсан, М.Ш болон Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан бөгөөд Б.Ө нь улсын бүртгэлд үндэслэн М.Шг өмчлөгч гэж үзэх эрхтэй боловч орон сууцыг М.Ш биш, Т.О эзэмшиж, ашиглаж байсан байхад эзэмшлийг тодруулаагүйгээс гадна худалдаж авах зүйлээ үзсэн эсэх нь тодорхой бус нөхцөл байдлаас үзэхэд Б.Өийг өмчлөх эрхээ шударгаар олж авсан гэхэд эргэлзээтэй байна. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Т.О болон М.Ш нарын байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 3.6-д “...200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болмогц худалдан авагч М.Ш нь худалдагч тал болох Т.От тус үл хөдлөх хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцов” гэж заасан талуудын тохиролцоо эд хөрөнгийг буцаан худалдах агуулгагүй, нотлох баримтын үнэлгээний талаарх хариуцагчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т хамааралгүй байна.

М.Ш, Б.Ө нарын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ нь Т.О, М.Ш нарын байгуулсан гэрээнээс хамаараагүй, бие даасан гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалт хэрэглэх ёстой хэм хэмжээ биш юм. Мөн эдгээр гэрээ нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг хамааралгүй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.1.1, 56.1.10 ..гэснийг хасч, ...гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож...гэснийг ...гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 486 100  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА