Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 05

 

 

Л.*******д холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /онлайнаар/, прокурор Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой Л.*******д холбогдох эрүүгийн 1737000210024 дугаартай хэргийг шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* хотод төрсөн 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой *******той маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаан амь насыг хохроож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 03/ гурав/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 03/ гурав/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 8.164.287 төгрөг төлсөн, илүү төлсөн 5.941.830 төгрөгийг хохирогч нас барсанаас учирсан гэм хорын хохиролд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч нас барсанаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялаас хөнгөрүүлэх, чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой тул шийтгэх тогтооолын 4 дэх хэсгийг өөрчлөн оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Талийгаачмид учирсан зүрх доргилт гэмтэл нь хүчтэй түлхэлт, цохилт, доргилтын улмаас зүрх доргиж зүрх судасны цочимог дутагдалд орж богино хугацаанд гэнэт нас барсан байдаг тул амь насыг аврах боломжгүй зэрэг баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох болгож зүйл ангийг өөрчилсөнд гомдолтой байна. Хохирогч ******* нас барсны улмаас хохирол, хор уршиг учирсаны улмаас өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан байтал учирсан хохирол гэж үзээгүй нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” заасан. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл буюу тухайн үед хоорондоо маргалдаж, түлхэх үедээ хохирогчийг гэмтэл авах боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан байхад болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн уурын зуух нь цементэн шал, ханатай байсан ба хүчтэй түлхэлтийн улмаас амь хохирогчийн тархины суурь ясанд шугаман хугарал үүсэж, хүчтэй түлхэлтийн улмаас нас барсан нь тогтоогдож байгаа учир шүүгдэгчийн үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэл биш юм. Тухайн үед хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан нь тогтоогддог. 2015 оны Эрүүгийн хуульд “хүнийг алах” гэж заасан ба шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүнийг алсан бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн хэргийн бүхий л ажмллагаа шийдвэрийг бүхэлд хянаж үзээд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан  байна гэж үзэв.

            Ховд аймгийн  Булган сумын сум дундын прокурорын газраас Л.*******г “Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой *******той маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаан амь насыг хохироож хүнийг алах  ” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэгт ялласан боловч хүнийг алах гэмт хэргийн гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр шүүгдэгч Л.*******д байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолж шалгасан боловч түүний гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байна гэж үзэж прокуророос шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөн   Шүүгдэгч Л.******* хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 /гурав/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эрүүгийн хариуцлага  оногдуулсан байна.

             Шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Л.******* нь “Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой *******, ******* нарыг согтуу байна гэж галлагааны байрнаас гаргах шаардлага тавьж галлагааны байрнаас гаргахад ******* дахин орж ирээд Б.*******тэй заамдалцах үед Л.******* *******г өөрөөсөө холдуулах зорилгоор хүчтэй түлхээд  *******гоос холдох үед тэр газар унаж босохгүй байсан тул гэрч *******, ******* нар орон дээр хэвтүүлээд эмч дуудаж үзүүлэхэд нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болох нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байтал манай бэр Амгалан, хүргэн Мандалбаяр нар манай дүү *******г нас барсан юм шиг байна гэхээр нь би Цэцэг сумын төвд байрлах уурын зууханд ирэхэд цагдаа нар хамгаалалтанд авсан байсан. Манай дүү *******г уурын зуухан дотор нас барсан байна. гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 24-28 дугаар тал 2 дугаар  хх-ийн 77 дугаар тал/

Гэрч Н.Энхболдын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...Тухайн үед   *******, ******* хоёр уурын зууханд согтуу орж ирсэн. Намайг “харьж амарцгаа, яагаад архи уугаад байдаг юм бэ” гэхэд өмнөөс юм хэлээгүй ******* Л.*******тэй заамдалцсан байдалтай гаднаас орж ирээд Л.******* хана руу түлхэх шиг болоход доошоо суучихсан. Тэгснээ гар тавиад доошоо уначихсан. Өөр зодоон цохион болоогүй.

Хэсэг хугацааны дараа би наад хүнээ босгооч гэхэд хоёр нь цаад өрөө рүү оруулсан. Тэгтэл Халзаа /Ганболд/ гэх залуу над руу ирээд “та нэг хараадахаач нэг сонин болчихлоо” гэсэн. Би ороод харахад амьсгаатай байсан, нүдний зовхийг нь татаад харахад хүүхэн хараа нь томорсон байсан. Тэгэхээр нь би эмч дуудаач гэж хэлчихээд утас дуугарахаар нь утсаар яриад гарсан.Талийгаачийг уначихсан байхад ухаан алдчихсан байх гээд ус цацсан байсан. Л.*******г хана руу түлхэхэд тийм их дуу чимээ гараагүй, харин доошоо унахдаа их чимээ гарсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас  хх-ийн  29-30 дугаар тал/

Гэрч *******ын / Халзаа/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******, ******* бид гурав Эрчим дөл ХХК-д галчаар ажилд орсон. Бид гурав 17 цагийн үед хоол идэхээр гараад би ахындаа хоол идчихээд ажил дээр ирэхэд тэр хоёр ирээгүй байсан.Тэгээд 30-аад минутын дараа халамцуу гал түлнэ гээд ирэхэд манай компаний Л.******* гэх хүн “согтуу хүнээр ажил хийлгэхгүй, та хоёр яв” гэж 2 удаа хэлсэн боловч тэр хоёр үгэнд нь орохгүй орж гараад яваад байсан. Тэгж байтал ******* гадаа гараад 2 ханцуйгаа шамлаад Л.******* хоёулаа үзье гэхэд Л.******* гадна гараад тэр хоёр заамдалцаад буцаад ороод ирсэн.Тэгээд нэг мэдсэн ******* хойшоо толгойгоороо хана мөргөөд урагшаа уначихсан. Л.******* усаар толгойг нь норгосон.Түүний дараа би тэнд байсан гагнуурчин Б.Батбаярын хамт *******г өргөж цаад өрөөний орон дээр хэвтүүлсэн.Тэгээд цаг бүртгэгч эгчийг дуудаад эмч, цагдаа дуудсан. Удалгүй эмч ирж үзээд *******г нас барсан байна.” гэсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-31-33 дугаар тал/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой би *******г хоёулаа сургуулийн дотуур байр луу ороод гаръя гэсэн. Дотуур байр луу ороход Рэндорж, Баяраа, Лхагвасайхан гурав паар янзлаад дуусч байсан. Лхагвасайхан ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөхөөр нь бид хоёр уусан. Удалгүй тэр архи нь дуусахаар Лхагвасайхан дахиж 1 шил архи авчраад хувааж уугаад дуусахад талийгаач ******* надад мөнгө байна гээд Лхагвасайхан тэр хоёр гараад дахин архи авчирч уусан. Тэгээд ******* бид хоёр ажил дээр ирэхэд Л.******* “ та хоёр согтуу байна, гэр лүүгээ явцгаа” гэж хэлсэн. Тэгснээ ******* тэр хоёр заамдалцаад түлхэлцэж байсан.Тэгтэл Л.******* *******г түлхэх шиг болоход ******* хойшоо хана мөргөөд урагшаа унасан.******* тэр даруйдаа ухаангүй болчих шиг болсон. Тэгээд цаад өрөө рүү өргөж оруулаад, удалгүй эмч ирж үзсэнээ нас барсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 37-39 дүгээр тал/

 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Цэцэгжаргал гэх хүн уурын зуухан дээр хүн нас барчихлаа гэх дуудлагыг намайг гэртээ байхад өгсөн. Уг дуудлагыг эмнэлгийн дуудлага хүлээн авах журнал дээр бүртгээгүй, тэр журнал дээр алсын дуудлагыг бүртгэдэг, тэгээд ч тэр журнал эмнэлэг дээр байсан. Би жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор уг дуудлагаар очсон. Намайг очиход ******* нас барсан байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 142 дугаар  тал/

Гэрч С.Цэцэгжаргалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай сумын нэгдсэн халаалтын галлагаа эхэлсэн. Орой 21 цагийн үед гэртээ байж байтал Л.******* ах над руу залгаад “ хоолондоо яваад ирсэн 3 галчийн 2 нь согтуу ирлээ. Харьж амар гээд байж байтал нэг нь унаад сонин болчихлоо, хурдан эмч цагдаа дууд” гэхээр нь би жижүүрийн эмч ид дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 42-43 дугаар тал/

Гэрч О.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед талийгаач нөхөр маань гэртээ ирж хоолоо идчихээд “үлдсэн хоолыг нь халуун саванд хийчих, 20 цагийн үед ирж идчихээд ажил руугаа явна” гэсэн. Тэгээд хүлээгээд байсан чинь 20 цагийн үед ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь холбогдохгүй байхаар уурын зуухан дээр очиход сумын цагдаа оччихсон, хамт ажилладаг хүмүүс нь тойроод зогсож байсан.”Миний нөхөр яасан юм бэ”гэхэд Л.******* гэдэг хүн “ ах нь буруутай, би хэргээ хүлээнэ “ гээд салганаад байсан.Тэгээд би нөхрийгөө нас барсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 46-47 дугаар тал/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрчим дөл ХХК-ний зуухны өрөөнд өдөржингөө гагнуур хийсэн. 3 галчийг хоолоо идчихээд ир гээд явуулсан.Удалгүй ******* ирсэн, араас нь *******, ******* хоёр согтуу ирсэн.Тэгэхэд Л.******* ах “ согтуу хүнээр ажил хийлгэхгүй, та хоёр харь” гэж олон удаа хэлэхэд тэр хоёр явахгүй байгаад байсан.Тэгээд байж байтал эмнэлгийн засварыг ахалж байсан нэг залуу ирсэн. Миний утас дуугараад би цаад өрөөнд орж ярьчихаад гараад иртэл ******* уначихсан байсан.Юу болсон талаар асуухад тэнд байсан хүмүүс “ Л.******* ахыг түлхээд унагачихлаа” гэж байсан. Тухайн үед Л.******* ах толгойг нь норгосон.Тэгээд ******* бид хоёр талийгаачийг өргөж орон дээр хэвтүүлсэн.Тухайн үед талийгаач хөдлөхгүй, гэхдээ амьсгалж байсан.Л.******* ах энэ хүн сонин болчихлоо гээд эмч, цагдаа дуудуулсан. Эмч ирж үзээд нас барчихсан байна.” гэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 48-50 дугаар тал/

Гэрч Н.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Лхагвасайхан, Х.Рэндорж бид гурав дотуур байрны паар янзалж байгаад 1 шил архи хувааж уугаад бараг дуусах гэж байтал гаднаас *******, ******* хоёр орж ирсэн. Тэр хоёрт үлдсэн архиа хувааж хийж өгөөд архи дууссан.Н.Лхагвасайхан гараад 1 шил архи авчраад уугаад дуустал ******* гарч бас нэг шил архи авчирч бид тав хувааж уучихаад гэр гэр лүүгээ явцгаасан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 57 дугаар тал/

  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “...*******гийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-ийн 64 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаартай шинжээчийн “...1.Ховд аймгийн Булган сум дахь ШША-ны №51, №02 дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2.Талийгаач *******гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед авагдсан эд эсийн материал задлан шинжилгээний тэмдэглэл болон шарилд дахин шинжилгээ хийхэд талийгаач нь зүрх доргилт гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдлоо. Уг гэмтэл нь цээж хэсэг буюу зүрхний орчимд хүчтэй цохих доргих үед үүсгэгдэнэ. 3.Талийгаач ******* нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд тусгагдсанаар / зүрх-13х10х6 см , тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, хэлбэр дусал, гадаргуудаа цэгчилсэн цус харвалттай баруун зүүн тосгуур ховдолд шингэн хүрэн улаан өнгийн цустай, хавхлаасын байдал нимгэн, хавхлаасын дэлгэсэн урт нь 2 хавтаст хавхлага 9см, 3 хавтаст хавхлага 10 см, гол судасны хавхлага 8 см, зүүн ховдлын зузаан 1.2 см, баруун ховдлын зузаан 0.2 см, зүрхний булчинг үечлэн зүсэж үзэхэд цусан хамгамж жигд/ эд эсийн шинжилгээгээр: /зүрх эпикард нимгэн, судсууд цус дүүрэлттэй,булчингийн ширхгүүд жигд бус томорсон, долгионтсон, хөндлөг тасархайтсан. Булчингийн ширхэг завсар голомтлог цус харвалттай, булчингийн эсийн бөөмүүд жигд бус томорсон, сийвэнд уургийн хувиралтай, судсууд жигд бус цус дүүрэлттэй,Эндокард нимгэн, цус эргэлтийн алдагдал,булчингийн ширхэгийн фибрилляци, фрагментаци/ шарилд дахин шинжилгээ хийхэд: / улбагар, гадаргуу гөлгөр, цэвэр, зүүн ховдлын ханын зузаан 1.5 см, баруун ховдлын ханын зузаан 0.4 см, ховдол хоорондын таславчийн зузаан 1.3 см, зүрхний булчинг үечлэн зүсэхэд цусан хангамж жигд бус, ар хана хэсэгт бүдэг хүрэн өнгийн цэгчилсэн цус харвалттай, зүсэхэд булчин завсар эдийн зааг ялгарсан нэвчсэн цус бүхий голомттой/ байсан зэргийг үндэслээд талийгаач ******* нь зүрх доргилт гэмтлийн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 5.Хүнд зэргийн согтолттой хүн оюун ухаан бие организмаа удирдан жолоодох чадвар муу, үйлдэл хөдөлгөөн удааширсан байдаг. 6.Хүнд зэргийн согтолт нь талийгаачийг үхэлд хүргээгүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас  хх-ийн 162-165 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 827 дугаартай дүгнэлтэнд: “Талийгаач ******* нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед авагдсан эд эсийн материал, задлан шинжилгээний тэмдэглэл болон шарил дахин шинжилгээ хийхэд талийгаач нь зүрх доргилт гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон ба зүрхний гадаргуу дахь цус харвалт гэмтэл нь цээж хэсэг буюу зүрхний орчимд хүчтэй цохих, доргих үед үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан зүрх доргилт гэмтэл нь хүчтэй түлхэлт, цохилт, доргилтын улмаас зүрх нь доргиж зүрх судасны цочмог дутагдалд орж түргэн хугацаанд гэнэт нас бардаг тул амь насыг аврах боломжгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-ийн 191-195 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар  нотлогдон  тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Булган сум дахь сум дындын прокурорын газраас шүүгдэгч Л.*******д  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1-д  зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Л.*******г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Л.*******г 03 /гурав/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял   оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ”...Шүүгдэгч Л.*******гийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

  Тухайн өдөр шүүгдэгч болон амь хохирогч нарын  хооронд үүссэн маргааныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэсэн байр сууринаас дүгнэж, хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэх нь учир дутагдалтай юм. Хүнийг алах  тодорхой сэдэлттэй, тодорхой маргааны улмаас үүссэн хэрэг, хүний амь насыг болгоомжгүйгээр  хохироох хэрэг хоёрыг ялгаатай авч үзэж, зүйлчлэх ёстой. Гэм буруугийн санаатай хэлбэр нь  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн,   хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Гэтэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хо уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч  хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчлан мэдэх ёстой,мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас  хор уршиг учирсан байдгаараа санаатай гэмт хэргээс ялгаатай юм.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Л.*******, амь хохирогч *******  нар нь тухайн цаг үед  ажилтан ******* ажлын байран дээр согтуу ирснээс  үүссэн тодорхой асуудлын улмаас буюу шалтгаантайгаар маргалдаж, улмаар *******гийн амь нас хохирсон, нөгөөтэйгүүр хэргийн үйл баримтаар амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогджээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.******* нь амь хохирогч галч *******, ******* нарыг ажлын байрандаа согтуу ирэхэд нь “согтуу хүн ажиллуулахгүй, гэртээ харь” гэх шаардлага тавьсан, галлаж буй уурын зуухны байранд согтуу хүн ажиллах боломжгүй, шүүгдэгч Л.*******гийн тавьсан шаардлага нь зүйд нийцэх бөгөөд амь хохирогч *******той хоорондоо маргалдсан, улмаар барьцалдаж, заамдалцаж хамтдаа уурын зуухнаас гараад дахин орж ирээд хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэнээс хохирогчийн амь нас нь хохирч болохыг мэдэх боломжгүй, харин ямар нэгэн хохирол буюу гэмтэл учрахыг мэдэх боломжтой /согтуу хүн унаж бэртэл, гэмтэл авах талаар/ байсан боловч хохирогчийн амь хохирно гэдгийг мэдэлгүй түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй байдлыг бий болгосон.” гэж шүүх дүгнэсэн  дүгнэлт нь  үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарындавж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 69 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАМБА

 

                                          ШҮҮГЧИД                             М.НЯМБАЯР

 

                                                                                        Н.ТУЯА