Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0394

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр             Дугаар 128/ШШ2020/0394           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Мал эмнэлгийн ерөнхий газар, тус газрын Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “Ө” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагадаа: “П” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” МЭТШ/2020/01-003 дугаартай тендерт оролцсон. Манай компани тус тендерт холбогдох материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж, тендер шалгаруулалтын өгөгдлийг хүснэгт заасан материалыг бэлтгэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй ба техникийн тодорхойлолтын шаардлагад бүрэн нийцсэн тендерийн материал хүргүүлсэн. Үнэлгээний хороо нь уг тендер шалгаруулалтыг илт хууль бусаар үнэлж, манай компанийн тендерт шударгаар оролцож, шударга үнэлүүлэх эрхийг зөрчиж дараах шийдвэр болон үйлдлүүдийг хийсэн байдаг. Үүнд:

Үнэлгээний хорооны шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 21-ний оройн 19 цагийн орчим тус тендерийн хариу гарлаа гэж утсаар холбогдсон мэдэгдлээ цагаан сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аваарай гэв. /Ажлын цаг дууссаны дараа, амралтын өдрүүд тааруулсан нь/ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг 00 минутад мэдэгдлийг хүлээн авч Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдол хянасан тухай 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Сангийн яамны 6-1/1518 тоот мэдэгдэлд “Тус тендерт “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн хариу ирүүлсэн.

Мөн Мал эмнэлэгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 04/369 дугаартай дахин үнэлсэн тухай мэдэгдлийг гаргасан гэх боловч ажлын сүүлийн өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 04 минутанд утсаар мэдэгдсэн, ойрхон байдаг тул ороод мэдэгдлээ авъя гэхэд яаралтай ажилтай гарах гэж байна гээд 2020 оны  3 дугаар сарын 23-ны өдөр хариу өгсөн. /Мэдэгдэл гарсан өдрөөс хойш 4 хоног өнгөрч байхад хамгийн сүүлийн өдөр буюу баасан гарагт ажлын цаг дууссаны дараа мэдэгдсэн нь/ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт орж авах гэтэл тамгалаагүй, Тендерийн үнэлгээний хорооны дарга Т.Т байхгүй, гарын үсгээ зураагүй гэх шалтгаанаар хүлээлгэж байгаад 09 цаг 40 минутад өгсөн. /Үнэлгээний хорооны шийдвэр нь тамга тэмдэг дарагдсан, албан тушаалтны гарын үсэгтэй гардаг, гарын үсэг 2020 оны  3 дугаар сарын 23-ны өдөр зурагдсан байхад хугацааг хуурамчаар тавьсан нь/

Энэхүү 04/369 тоот мэдэгдэлдээ Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Ө” ХХК-тай гэрээ байгуулах болсныг мэдэгдсэн байв. Сангийн яамнаас “үндэслэлгүй шийдвэр гаргасан байна” гэх мэдэгдэл ирүүлсээр байхад “Ө” ХХК-ийг дахин шалгаруулсан.

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдэгдлийг хүлээн авч дахин Сангийн яаманд гомдол гаргасан. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2183 тоот гомдлыг хянасан тухай Монгол улсын Сангийн яамны мэдэгдэлд “Мал эмнэлгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Ө” ХХК-тай гэрээ байгуулсан гэх мэдэгдэл ирсэн тул шүүх болон хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргах нь зүйтэй байна. Мөн захиалагч тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй компанид гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

Сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлнэ гэж заасан боловч шалгарсан “Ө” ХХК нь туршлагагүй байсан гэж үзэж байна.

Дээрх байдлаас дүгнэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй, Мал эмнэлгийн ерөнхий газрын МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалт нь анхнаасаа “Ө” ХХК-ийг шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэх хардалт төрүүлж байна.

Иймд манай компаний тендерт шударгаар оролцох эрх, шалгарах эрх, тэгш боломжоор хангуулах зэрэг эрх ашгийг зөрчигдөж байх тул МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байх тул Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлэгийн ерөнхий газрын 2020 оны 3 сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн.

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхний удаагийн тендер шалгаруулалтын хариуг “шийд хүргүүлсэн” гэж манайх компани руу утасдсан. Манайх Сангийн яаманд гомдлоо гаргаад Сангийн яам дахин үнэлэх шийдвэр гаргасан, дахин үнэлгээ хийгээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 04/369 дугаартай мэдэгдэл гарсан гэх боловч 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 04 минутад буцаан хүргүүлсэн. Бид тэр орой мэдэгдлээ авах гэтэл “ажлын цаг дууссан тул маргааш ирж ав” гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг гээд ороход “тамга дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй байна” гэж 40 минут хүлээлгээд өгсөн. Аливаа нэг шийдвэр, мэдэгдэл, тус газраас гаргаж байгаа тамга, тэмдгээр баталгаажсаны дараа бидэнд ирэх ёстой. Иймд энэ шийдвэрийг хууль бус явагдсан гэж үзээд байна.

Манай компанийг шалгаруулаагүй татгалзсан үндэслэлийн тухайд маргах зүйл байхгүй буюу тендерт шалгаруулаагүй татгалзсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн шалгарсан тендерийн саналын тухайд ижил төрлийн мотоцикл нийлүүлсэн туршлагатай байх ёстой байтал өмнө нь мотоцикл нийлүүлж байгаагүй туршлагагүй компани шалгарсан. Өөрөөр хэлбэл мотоцикл нийлүүлж байсан туршлагагүй компанийг шалгаруулсан гэдгээс өөр маргаж байгаа үндэслэл байхгүй гэв. Өмөн нийлүүлсэн ижил төстэй гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн барааг хүлээлгэн өгсөн акт байхгүй, зөвхөн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байхад ТОӨЗ 18.1.г-д заасан шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Мотоциклийн дагалдах хэрэгслийг ямар бараа нийлүүлэхээ зургаар ирүүлээгүй, ямар бараа нийлүүлснээ мөн тодорхойгүй байна. Ямар брэндийн, ямар материалтай каск, бээлий нийлүүлсэн нь харагдахгүй байна.

Ижил төстэй бараа гэдгийг мотоцикл нийлүүлсэн байх туршлагатай байхыг шаардсан гэж ойлгож байгаа. Тендерийн баримт бичигт ижил төстэй бараа, ажил үйлчилгээ гэсэн байсан учраас мотоцикл гэж ойлгосон. Манайх дандаа мотоцикл нийлүүлсэн туршлагын материал өгсөн. “Ө” ХХК-ийн өмнө нь нийлүүлсэн барааны гэрээг дүгнэсэн акт ирүүлсэн ч бараа, ажил хүлээлцсэн акт ирүүлээгүй гэдэг үндэслэлээр “Ө” ХХК-г хасах байсан ч хасаагүй.

Тендерийн техникийн шаардлагыг хангаагүй компаниудыг хасаад “Ө” ХХК, манайх үлдсэн. Хэрэв “Ө” ХХК-ийг тендерийн бичиг баримтаа бүрэн ирүүлээгүй байна гэж үзвэл манайх шалгарах байсан.” гэв. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Манай байгууллага “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах тухай” МЭТШ/2020/01-003 дугаартай тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуулийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn сайтаар нийтэд зарлаж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагт хааж, 14 цаг 30 минутад тендерийг нээж нийтэд нэгэн зэрэг мэдээлсэн. Тендерт нийт 4 аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлсний нэг нь “П” ХХК байсан бөгөөд тендерийн хорооны гишүүдийн 87.5 хувийн саналаар “Ө” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг зохион байгуулж шалгаруулсан бөгөөд тендерийн оролцогчдод холбогдох мэдээллийг тухай бүр хүргүүлж ажилласан.

Нэхэмжлэгч “П” ХХК болон “Ө” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байсан тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасны дагуу оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг үндэслэн шийдвэрлэсэн. Тендерт оролцогч “П” ХХК болон “Ө” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал маш их зөрүүтэй байсан ба бага үнийг “Ө” ХХК ирүүлсэн тул “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн болно.

Гэтэл “П” ХХК Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж уг гомдлын дагуу тус байгууллагаас 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 6-1/1518 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гомдол хянасан тухай тоотын дагуу дахин хянан магадлах үнэлгээ хийх” тухай хэлэлцэж 100 хувийн саналаар “Ө” ХХК-ийн тендерт ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлсэн байна гэж үзэн “Ө” ХХК-ийн тендерийг дахин “хамгийн сайн” гэж үнэлж шалгаруулсан.

“Ө” ХХК нь тендерт ижил төстэй ажил, үйлчилгээ үзүүлсэн тухай туршлагын талаарх баримт материал болох гэрээ, гэрээ дүгнэсэн актыг тендерийн материалд ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 /г/-д “Сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгзн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлнэ.” гэж заасан шаардлагад нийцэж байна гэж тендерийн Үнэлгээний хороо дүгнэсэн.

Учир нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Сумдын мал эмнэлгийн тасгуудын шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тендерийн Үнэлгээний хорооны анхдугаар хурлаар “Шинээр байгуулагдсан сумдын мал эмнэлгийн тасгуудын шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай тендерийн баримт бичгийн төсөл боловсруулах асуудал, төсөлд оруулах саналыг хэлэлцсэн. Уг хурлаар тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “ижил төстэй бараа” гэдэгт зөвхөн мотоцикл гэж заах нь аж ахуйн нэгж байгууллагын тэгш өрсөлдөх боломжийг хаах, компаниуд шахаа хийх боломжийг олгосон нөхцөл үүсгэж болзошгүй бөгөөд техник, тоног төхөөрөмж, авто машин, сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсныг ижил төрлийн бараа нийлүүлсэн гэж тооцох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Сангийн яамнаас гаргасан жишиг бичиг баримтад заавал ижил бүтээгдэхүүн байх гэсэн шаардлага тавихгүй ижил төстэй бараа нийлүүлсэн байхыг л шаарддаг бөгөөд бид энэ тендерийг шалгаруулахдаа мотоцикп импортолж байсан туршлагатай гэсэн шаардлага тавиагүй бөгөөд “Ө” ХХК нь ихэвчлэн техник, тоног төхөөрөмжтэй холбоотой бүтээгдэхүүн импортолдог болох нь гэрээгээр нотлогдож байсан.

Мөн нэхэмжлэлд хугацаа алдаж мэдэгдэл гардуулсан, огноо хуурамчаар бичсэн тухай дурдсан байх бөгөөд хугацааны хувьд дараах тайлбарыг хийж байна.

1. Үнэлгээний хороо нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “сумдын малын эмнэлгийн тасгуудын шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” МЭТШ/2020/01-003 дугаартай тендерт оролцогчдын материалыг хянан үзэж, сонгон шалгаруулалт хийсэн. Энэ өдөр захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хургүүлсэн. Захиалагчийн “гэрээ байгуулах эрх олгох тухай” А/46 тоот тушаал 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш ажил тарахын өмнө баталгаажсан тул уг өдрөөр мэдэгдлийг бичгээр гаргаж, тендерт оролцогчдод мэдэгдлээ ирж авахыг утсаар мэдэгдсэн. “П” ХХК нь уг мэдэгдлээ дараагийн ажлын өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан бөгөөд 2 дугаар сарын 21-27 өдрийг хүртэл бүх нийтийн тэмдэглэлт (цагаан сар) амралтын өдөр таарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт оролцогч компаниудад нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу талуудад мэдэгдсэн.

2. “П” ХХК-ийн гомдлын дагуу Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/1234 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан тоот ирсний дагуу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд шаардлагатай баримт материалыг жагсаалтын дагуу хүргүүлсэн. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яамнаас 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/1518 дугаартай “Гомдол хянасан тухай” албан тоотыг ирүүлсэн бөгөөд уг албан тоотод тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байсан. Үүний дагуу тухайн өдөртөө Үнэлгээний хороо хуралдаж дахин үнэлгээ хийгээд Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар өмнөх үнэлгээг үнэн зөв явагдсан гзж үзсэн.

3. Үнэлгээний хорооны шийдвзр гарч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр компаниудад утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед “П” ХХК-ийн утас холбогдоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 20-ны Баасан гарагт дахин утсаар ярьж мэдэгдсэнээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны Даваа гарагт тус комлани мэдэгдлээ гардан авсан.

“П” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны Даваа гарагт мэдэгдлээ гардан аваад дахин Сангийн яаманд гомдол гаргасан байдаг бөгөөд Сангийн яамнаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/1819 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан тоот ирүүлсэн. Уг албан тоот нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчиж “П” ХХК-ийн гомдлыг дахин хүлээн авсан байх тул 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 01/409 тоот албан бичгээр Сангийн яаманд хариуг хүргүүлсэн.

МЭТШ\2020\01-003 дугаартай “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зуйлд зааснаар “хамгийн сайн” гэж үнэлж гэрээ байгуулсан.

Иймд “П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: “ “Ө” ХХК нь тендерт ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн тухай туршлагын талаарх баримт материал болох гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг тендерийн материалд ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1/г/-д “Сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт,  үүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлнэ.” гэж заасан шаардлагад нийцэж байна гэж тендерийн үнэлгээний хороо дүгнэсэн. Учир нь тендерийн баримт бичигт мотоцикл импортлож байсан тушрлагатай гэсэн шаардлага тавиагүй бөгөөд “Ө” ХХК нь ихэвчлэн техниктэй холбоотой бүтээгдэхүүн импортлодог болох нь харагдаж байгаа юм.

Иймд МЭТШ\2020\01-003 дугаартай “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар үнэлж “хамгийн сайн” гэж үнэлж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мал, эмнэлгийн ерөнхий газраас сумдын эмнэлгүүдэд мотоцикл худалдан авах тендер шалгаруулалтыг хууль дүрмийн дагуу зохион байгуулсан. Энэ ажиллагаа нь Тендерийн үнэлгээний хороо байгуулахаас эхлээд хуулийн дагуу явагдах ёстой байдаг. Тендерийн үнэлгээний хороог 2019 оны 12 дугаар сарын  16-ны өдөр  А/240 тоот тушаалаар байгуулсан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг “Ө” ХХК-ийг шалгаруулсан гэдэг. Мал эмнэлгийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороо нь 7 гишүүнээс бүрддэгээс 4 нь Мал эмнэлгийн ерөнхий газарт ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагч, А3-н мэргэшлийн сургалтад хамрагдсан үнэлгээний хорооны мэргэшсэн албан хаагч байдаг. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн н.Отгонжаргал өөрөө Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл харьяа дээд байгууллагаас оролцож байгаа гэсэн үг. Хөндлөнгийн 2 этгээд гишүүнээр мөн орж ажиллах ёстой. Үүнийг нэг нь н.Болортуяа гэдэг А3-р мэргэшсэн, н.Батболд Үнэлгээний хорооны хараат бус гишүүн бөгөөд А3-р мэргэшсэн хүмүүст сургалт явуулдаг багш. Тендерийн үнэлгээний хороо 87 хувиас дээш 100 хувийн ирцтэйгээр санал нэгдэж хурлаар явуулж байсан учраас хардах зүйл гараагүй. Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж дагуу Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасан.

Эдний компанийн Япон улсад үйлдвэрлэсэн Ямаха брэндийн мотоциклтой дүйцүүлсэн мотоцикл авахаар бид ярилцаж байсан. Тэр ч утгаараа техникийн тодорхойлолтод Ямаха брэндийн мотоциклтой дүйцүүлж боловсруулж өгсөн техникийн шаардлагад нийцсэн мотоциклийг аль аль компани нь нийлүүлэхээр тендерт материалаа ирүүлсэн учраас бид аль бага үнэтэйг нь авсан.

Тендерийн баримт бичигт ижил төстэй барааны гэрээ, гэрээг дүгнэсэн акт гэж заасан. Бид тавьсан шаардлагынхаа дагуу л баримтаа хүлээж авч үнэлсэн. Барааг хүлээж авч байж гэрээг дүгнэнэ. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1.г-д байгаа барааг хүлээлгэн өгсөн жагсаалт гэдэг нь гэрээ дүгнэсэн акттай уялдаатай” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас ижил төрлийн бараа буюу мотоцикл нийлүүлж байгаагүй нь шаардлагыг хангахгүй байна гэдэг. Гэтэл “Ө” ХХК нь туршлагын мэдээллийг явуулсан ба уг мэдээлэлд техник хэрэгсэл, сэлбэг оруулж ирж нийлүүлж байсан нь харагддаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэж заасан бөгөөд тухайн барааны нэгжийг тухайлан заах ёсгүй. Тендер зарлахдаа заавал мотоцикл нийлүүлсэн байхыг шаардахгүй зөвхөн ижил төстэй техник, сэлбэг зэргийг нийлүүлсэн байхыг шаарддаг. Тендерийн үнэлгээний хорооны анхдугаар хуралдаанаар ямар зүйлийг туршлага гэж үзэх, ямар зүйлийг ирүүлэх шаардлагатай буюу ямар шаардлага тавих талаар хуралдсан. Зөвхөн мотоцикл гэж бичих нь Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчинө гэж үзсэн. Тендерийн үнэлгээний хороо заавал мотоцикл нийлүүлсэн байхыг шаардаагүй учраас “Ө” ХХК-ийг шалгаруулсан. Сангийн яам гомдол хянасан тухай албан бичигтээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн дахин үнэлгээ хийх тухай хариуг Тендерийн үнэлгээний хороонд ирүүлсэн. Үүний дагуу Тендерийн үнэлгээний 3 дугаар хурал хуралдаж, манай тендер хууль ёсны дагуу явагдсан гэдгийг мэдээд Сангийн яамруу албан бичгийг хүргүүлсний дараа нэхэмжлэгч “П” ХХК нь дахин гомдол гаргасан байдаг. Энэ гомдлыг Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсанаар одоо шүүхэд хандаад явж байгаа. Тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

“П” ХХК болон “Ө” ХХК-иудын тендерт ирүүлсэн баримт бичгийн хувьд шаардлага хангасан баримт бичгүүдийг хүргүүлсэн. Нэгэнт тендерт ирүүлсэн баримт бичиг нь техникийн шаардлагуудыг хангаж байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг хангаж байгаа учраас 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар шаардлагад нийцүүлэн үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэсэн зохицуулалтын дагуу хамгийн бага үнийн саналтай “Ө” ХХК-г хамгийн сайн гэж үнэлж шалгаруулаад гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч тал тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1г-д заасан ижил төрлийн бараа, ажил үйлчилгээнд мотоцикл нийлүүлээгүй учраас “Ө” ХХК нь шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа. Гэтэл үнэлгээний хорооны тэмдэглэл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шударга өрсөлдөөний тухай хуульд зааснаар тухайн тендер зарлаж байгаа бараа, материалыг шууд нэрлэн заахыг хориглосон. Мотоцикл гэж заах нь дурдсан хуулиудыг бүхэлд нь зөрчинө. Тендер хуулийн дагуу явагдсан. Үнэлгээ хуулийн дагуу үнэлэгдсэн. Мотоцикл нийлүүлээгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай “Ө” ХХК нь Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр tender.gov.mn сайтаар нийтэд зарласан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай МЭТШ/2020/01-003 дугаартай тендерт оролцохоор материалаа хүргүүлсэн.

Манай талаас тендерт оролцохоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангуулан материалаа хүргүүлсэн бөгөөд уг материалыг Мал эмнэлгийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороо хүлээн авч хянаж үзээд манай компанид “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгч уг тендерт шалгарсан. Мөн шалгаруулсан хамгийн гол үзүүлэлт нь хамгийн бага үнэ буюу 793,009,800 төгрөгийн үнийн саналыг манай компани ирүүлснээрээ онцогтой байсан.

Улмаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/388 тоот албан бичигт "... тендерт танай ирүүлсэн тендер шалгаран гэрээ байгуулах эрх авсан ... танай компанитай гэрээ байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу мэдэгдэл ирсэн. Дээрх албан бичгийн дагуу манайх Мал эмнэлгийн ерөнхий газартай 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр МЭТШ/2020/АГ03-003 дугаартай “Сумдын мал эмнэлгийн тасгуудын шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл нийлүүлэх” тухай гэрээг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээж байгуулсан.

Улмаар тендерийн захиалагчийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажиллагаа буюу захиалгыг БНХАУ-ын Эрээн хот дахь ажил хэргийн түншийг орчуулагчийн хамт тус улсын Гуандун мужруу явуулж үйлдвэр дээр очин эхний ээлжийн захиалга хийж гэрээгээ байгуулсан. Манай компаний зүгээс дэлхий нийтэд цар тахал гарсан энэ онцгой нөхцөл байдалтай үед ажил авсан тул маш том эрсдэл үүрч гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлэхийн тулд нэг ч хоногийн хугацаа алдахгүйгээр түргэн шуурхай ажилласан. Гэрээний үүргээ бид гэрээний хугацаанд бүрэн амжилттай биелүүлж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын хилээр 331 мотоцикл болон дагалдах хэрэгслийн хамт холбогдох татвар болон төлбөрийг тушаан Монгол Улсад оруулж ирсэн.

Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 331 мотоцикл болон дагалдах хэрэгслийн хамт Мал эмнэлгийн ерөнхий газраас томлигдсон комисст мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч хүлээлцэх акт үйлдсэн ба уг актад "... “Ө” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн ...” гэж дүгнэсэн. Мөн гэрээнд заасан үүргийнх дагуу мотоциклыг Монгол Улсын нийт 21 аймгийн Мал эмнэлгийн газарт эвдрэл гэмтэлгүй, аюулгүй, хүргэж өгөх ажпаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүх аймгийн Мал эмнэлгийн газар хүлээн аваад байна.

2020 оны 5 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагт “Скай” худалдааны төвийн талбай дээр ХААЯ-ны сайд, түүний бүрэлдэхүүн болон Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний харьяа орон нутгийн Мал эмнэлгийн газрын бүх удирдлагуудад гэрээний бүтээгдэхүүн болох Тусгай захиалгат мотоцикл, түүний дагалдах хэрэгслүүдийн хамтаар гардуулж өгөх ажиллагааг төрийн байгууллагаас зохион байгуулж манай компани байлцан бүрэн бүтэн байдлыг хангаж оролцсон.

Дээрх бүгдээс үзэхэд манай “Ө” ХХК нь ямар нэгэн асуудалгүйгээр гэрээний үүргээ маш сайн биелүүлсэн гэж дүгнэгдэж байна. Гэтэл тендерт өрсөлдөгч “П” ХХК нь /энэ компанийн үнийн санал нь манай компаниас даруй 130 сая төгрөгийн илүү санал өгсөн/ шүүхэд нэхэмжлэл гарган манай компанийн үйл ажиллагаанд зориудаар саад бэрхшэзл учруулах гэсэн санаатай үйлдэл гаргаж байна.

Мотоциклийн дагалдах хэрэгсэлд захиалагчийн хүссэний дагуу нэхий бээлий, каск гэснийх нь дагуу бид нийлүүлсэн. Байгууллага байгууллагын онцлогоос шалтгаалдаг. Жишээ нь: УБЦТС ХК-ийн хувьд гэрээг дүгнэсэн акт, протокол үйлдсэн байгаа. Тэр байгууллагаас өгдөг загвараар явдаг.

Иймд нэхэмжлэгч “П” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай “Ө” ХХК нь тус шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбар өгсөн. Гэтэл нэхэмжлэгч “П” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах” тухай МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” тухай байсан нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилжээ. Улмаар үндэслэлийг судлан үзвэл өмнө нь нэхэмжлэлд дурдсан үндэслэл хэвээрээ, тендер шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай үндэслэлээ огт дурдаагүй, үндэслэлээ заагаагүй, тайлбар бичээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн болон цахим нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “П” ХХК-ийн гаргасан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах тухай” МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газар “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл худалдан авах тухай” МЭТШ/2020/01-003 дугаартай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зарлагдсан тендерт “Ө” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан, “П” ХХК-ийн гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтын материалыг хянаад 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/1518 тоот албан бичгээр дахин үнэлгээ хийхийг захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газарт мэдэгдсэн. Энэ дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны 04/369 тоот албан бичгээр “дахин үнэлгээ хийж, тендерийн шаардлага хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ө” ХХК нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлснийг үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны анхны шийдвэр үндэслэлтэй гэж үзээд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн”-ийг “П” ХХК-д мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрийнх нь тендерийг “хамгийн бага үнийн санал ирүүлээгүй” гэж шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэлтэй маргадаггүй, харин “ ... “Ө” ХХК-ийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ийн 18.1(г) “сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлнэ" гэснийг буюу мотоцикл нийлүүлсэн туршлагагүй, нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй, мөн “мэдэгдэл гарснаас ажлын 4 хоногийн дараа буюу 7 хоногийн ажлын хамгийн сүүлийн өдөр Баасан гаригт ажлын цаг дууссаны дараа мэдэгдсэн, мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дараа Даваа гаригт гардуулсан” зэргээр захиалагчийн болон Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гаргах ажиллагаа хууль бус болсон” гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1-д зааснаар захиалагч, түүний байгуулсан үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг тухайн бараа, ажил, үйлчилгээний гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлж бэлтгэдэг бөгөөд барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй, хэрэв нөхцлийг заах шаардлагатай бол дүйцэхүйц байхаар тодотгож болно.

Мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлах бөгөөд захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг дээрх үзүүлэлтүүдэд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тодорхой тусгана. 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3-т зааснаар тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бараа, үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт зэрэг үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно.

Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлгээний дүгнэлт /47.7-д зааснаар үнэлгээний дүгнэлт нь үнэлгээний хорооноос гаргасан хурлын тэмдэглэл хэлбэртэй шийдвэр/ гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй, захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.3-т зааснаар үнэлгээний хороог байгуулах, үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах чиг үүрэгтэй. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А240 дүгээр тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичгийн төслийг боловсруулах, төсөлд оруулах саналыг хэлэлцэн, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичгийн төслийг хэлэлцэн баталж, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тендерийг үнэлэн тендерт нийт 4 оролцогч материалаа ирүүлснээс техникийн шаардлагыг үнэлэх шатанд “П” ХХК, “Ө” шаардлагыг хангасан, улмаар үнийн саналыг үнэлж 793,009,800 төгрөгийн буюу техникийн шаардлага хангасан оролцогчдоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ө” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сангийн яамны “дахин үнэлгээ хийх” шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж, “Ө” ХХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлснээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулж захиалагч гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөл “П” ХХК нь хамгийн өндөр буюу 917,000,414 төгрөгийн үнийн санал ирүүлснээр “хамгийн бага үнийн санал ирүүлээгүй” үндэслэлээр тендерт шалгараагүй байдаг.

Маргасан үндэслэлд буюу “Ө” ХХК-ийг ТОӨЗ-ийн 18.1(г) “сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлэх" шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг дүгнэвэл,

Оролцогчдод хүргүүлсэн тендерийн баримт бичгийн оролцогчийн туршлагыг үнэлэх шалгуурыг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ийн 18.1(г) –д “сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичгийн төслийг боловсруулах, төсөлд оруулах саналыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзвэл “... “ижил төстэй бараа” гэдэгт мотоцикл гэж тодотгож зааж өгөх нь өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчинө, Сангийн яамнаас гаргасан тендерийн жишиг бичиг баримт дээр яг ижил бүтээгдэхүүн гэдэггүй, ижил төстэй гэж тодотгож өгсөн нь энэ зарчимд тулгуурласан, зөвхөн мотоцикл гэж зааж өгөх нь өрсөлдөөнийг хаан боогдуулахаас гадна хэмнэлттэй байх зарчимд харшлах талтай, цөөхөн, мотоцикл гэж зааж өгснөөрөө мотоцикл дагнан нийлүүлдэг компаниуд хоорондоо үгсэн нийлж, зах зээлийн үнээс өндөр үнээр шахаа хийх боломжийг бүрдүүлнэ, тиймээс “ижил төстэй” гэж оруулж, өрсөлдөөнийг нээлттэй үлдээх нь зүйтэй” хэмээн хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл оролцогчийн туршлагын шалгуурыг үнэлэхдээ өмнө нь 2 жил ижил төстэй бараа импортоор нийлүүлсэн байх, үүн дотор тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн байхыг шалгуур тавьжээ.  

Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлгээ хийсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “тендерийн баримт бичигт туршлагын мэдээлэл ирүүлэх хэсэг дээр зөвхөн мотоцикл гэж оруулж өгөөгүй, ижил төстэй ажил гэж оруулсан, энэ нь өрсөлдөөнийг дэмжих замаар шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар олж бэлтгэх, дан ганц бүтээгдэхүүний зах зээл дээрх монопол тоглогчид үгсэн хуйвалдаж, хэт өндөр үнээр шахаа хийх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлсэн заалт” гээд “ ... “Ө” ХХК-ийн тендерийн баримт бичигт туршлагын мэдээлэл хэсэгт 2018 оны 6, 2019 оны 5 ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт хавсаргасан, эдгээрийн ихэнх нь буюу 9 ажил нь трактор, бульдозер, трансформаторын сэлбэг хэрэгсэл, эд анги нийлүүлэх гэх мэт техникийн талын ажлууд байна, эдгээр ажлуудыг ижил төстэй ажилд тооцох эсэхийг хэлэлцээд, мотоцикл нь бараа бүтээгдэхүүний хувьд техникийн ангилалд багтах учир тухайн компанийн туршлага нь ижил төстэй гэсэн заалтыг хангаж байна” гэж дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл захиалагч өрсөлдөөнийг дэмжих замаар шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар олж бэлтгэх, дан ганц бүтээгдэхүүний зах зээл дээрх монопол тоглогчид үгсэн хуйвалдаж, хэт өндөр үнээр шахаа хийх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлж оролцогчийн туршлагыг үнэлэх шалгуурыг “сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлэх” хэмээн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн тендерт оролцогчдод өгөх зөвлөмж /ТОӨЗ/-ийн 18.1(г) –д зааж өгсөн, тендерийн баримт бичгийг боловсруулахдаа ч энэ зорилгыг тавьсан, мөн тендерийг үнэлэхдээ оролцогчийн “өмнө нь тендерээр трактор, бульдозер, трансформаторын сэлбэг хэрэгсэл, эд анги нийлүүлсэн” ажлыг техникийн ангилалд багтана гэж үзэж тендерийн баримт бичигт заасан “туршлагын шаардлагыг хангасан” гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ -ны 18.1(г)-д “тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах ТШӨХ-д заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээллийг ирүүлнэ” гэж, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-д /ТОӨЗ/-ийн 18.1(г) “сүүлийн 2 жилд импортоор нийлүүлсэн ижил төстэй барааны жагсаалт, түүнээс тендерээр нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлнэ" гэж заасан байх бөгөөд “ижил төстэй бараа” гэдэгт мотоцикл нийлүүлсэн туршлагатай байхыг шаардаагүйн дээр ийнхүү мотоцикл нийлүүлсэн байх шаардлага тавиагүй “ижил төстэй бараа” гэж тодорхойлсон үндэслэлээ Тендерийн үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулахдаа болон дахин үнэлгээ хийхдээ тодорхой тайлбарлажээ.

Хариуцагчаас цахимаар ирүүлсэн “Ө” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шүүх хуралдаан дээр судлахад ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээг дүгнэсэн актуудыг хавсаргасан, үүнд “Дулааны цахилгаан станц–4” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2018, 2019 онд байгуулсан бульдозерийн засварын ком багаж, оношлогооны программ хангамж, комьпютерийн хамт нийлүүлэх, тос тосолгооны материал багцаар нийлүүлэх, бульдозерийн сэлбэг нийлүүлэх, барилгын дээвэр хийх, тракторын сэлбэг худалдан авах, бульдозерын болон трансформаторын сэлбэг хэрэгсэл, эд анги нийлүүлэх, таслах залгах тоноглол нийлүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хавсаргажээ.

Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ -ны 18.1(г)-д заасан “гэрээний талаарх мэдээлэл”, “нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт, гэрээ болон гэрээг дүгнэсэн акт” гэх ойлголт нь тухайн барааг нийлүүлсэн эсэхийг, ажил үйлчилгээг үзүүлсэн эсэхийг нотлох зорилготой бөгөөд  “Ө” ХХК өмнө оролцсон тендерээр гэрээ байгуулсан, түүнийгээ нийлүүлсэн, гэрээгээ дүгнүүлсэн болохыг гэрээ, гэрээ дүгнэсэн актаар нотолсон, нийлүүлсэн барааг захиалагчид хүлээлгэн өгсөн акт үйлдэгдээгүй нь тухайн тендерт оролцсоныг, гэрээ байгуулсныг, гэрээний дагуу бараагаа нийлүүлснийг, гэрээгээ дүгнүүлснийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул  гэрээ, гэрээ дүгнэсэн актаар туршлагын шаардлагыг үнэлсэн нь үндэслэлтэй. 

Тендерийн баримт бичигт нийлүүлэх мотоциклийн техникийн үзүүлэлт, дагалдах хэрэгслийн иж бүрдлийг нарийвчлан заасан, үүний дагуу оролцогч “Ө” ХХК нийлүүлэх барааны техникийн үзүүлэлт, дагалдах хэрэгслийн иж бүрдлийн мэдээллийг ирүүлсэн, Тендерийн үнэлгээний хороо үзүүлэлт тус бүрээр үнэлж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 18-нд бараа хүлээлцсэн тэмдэглэлд мөн үзүүлэлт тус бүрээр хүлээж авсан байна.  

Тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогчийн туршлагыг үнэлэх шалгуур болгон ижил төстэй бараа нийлүүлсэн байх, түүнийгээ гэрээ, гэрээ дүгнэсэн актаар нотлохыг шаардсан, ингэхдээ техник сэлбэг хэрэгсэл импортоор нийлүүлснийг гэрээ, гэрээ дүгнэсэн актаар туршлагыг хангасан гэж үзэж үнэлсэн нь ийнхүү дуурх үндэслэлүүдээр хуульд нийцсэний дээр, эдгээр шийдвэрүүд нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.    

Тендерийн үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр гаргах ажиллагаа хууль бус болсон гэж “захиалагч мэдэгдлээ албажуулж хүргүүлэхдээ мэдэгдэл гарснаас ажлын 4 хоногийн дараа буюу 7 хоногийн ажлын хамгийн сүүлийн өдөр Баасан гаригт ажлын цаг дууссаны дараа мэдэгдсэн, мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дараа Даваа гаригт гардуулсан” зэргээр маргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар үнэлгээний дүгнэлт нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хэлбэртэй гардаг шийдвэр бөгөөд захиалагч тендерт оролцогчдод шалгарсан эсэх, шалгаруулсан, шалгаруулаагүй үндэслэлээ тодорхойлсон мэдэгдэл хүргүүлдэг бөгөөд энэ зохицуулалт нь уг шийдвэрийн агуулга, түүний үндэслэлтэй танилцах, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд зааснаар гомдол гаргах эрхийг хангах зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нь уг шийдвэрүүдэд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж хянуулсан.

Тухайлбал эхний шалгаруулалтын буюу Үнэлгээний хорооны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийн талаарх захиалагчийн мэдэгдэл 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан талаар мөн өдрийн оройн 19 цагийн орчим утсаар мэдэгдсэн гэх бөгөөд мэдэгдлийг /цагаан сарын амралтын өдрүүд таарч/ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө хүлээн авч Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг хянасан Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тендерийг 3 дугаар сарын 16-ны өдөр дахин үнэлсэн, энэ шийдвэрийн талаарх захиалагчийн 3 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийг тухайн 7 хоногийн ажлын сүүлийн өдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 04 минутанд утсаар мэдэгдэж, 3 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг 40 минутад гардуулсан, уг шийдвэрт дахин Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ханд гэсэн хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо эрх бүхий этгээд болох төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн тул энэ үндэслэл нь тендер шалгаруулалттай холбоотой Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэл болохгүй.

Иймд “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл нийлүүлэх” МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын шийдвэрүүд хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газар тендерт шалгарсан “Ө” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 20-нд “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл нийлүүлэх” МЭТШ/2020/АГ03-003 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд 5 дугаар сарын 20-ны дотор барааг нийлүүлэхээр тусгасны дагуу 5 дугаар сарын 18-ны өдөр барааг буюу 331 ширхэг мотоциклийг дагалдах хэрэгсэл /хамгаалалтын малгай, арьсан бээлий, нэхий бээлий, нүдний шил, хулгайн дохиолол/-ийн хамт захиалагч хүлээн авсан, 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээг дүгнэсэн акт үйлдэж, улмаар гэрээнд зааснаар аймгуудын Мал эмнэлгийн газруудад 5 дугаар сарын 19-24-ний хооронд хүргэж, баримт үйлдсэнийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2, 47.7, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай ажил үйлчилгээнд мотоцикл нийлүүлэх” МЭТШ/2020/01-003 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04/369 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА