Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2014/0314

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани тухайн эзэмшил газар дээрээ жижиг дунд үйлдвэрийн төсөл боловсруулан холбогдох газруудад хандсан ба одоогоор төсөв, хөрөнгөний бололцоогүйгээс ажлаа эхлүүлж чадаагүй байна. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар манайд эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг цуцалж, энэ тухай 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 тоот мэдэгдлийг ирүүлсэн. Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор манай компанийн эзэмшил газрын гэрчилгээг нэр цохон зааж, хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд дээрх захирамж, тогтоолын “Х" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар “Х” ХХК-д 30.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин ...газар олгосон. Мөн газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тул Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас тус дүүргийн Засаг даргын 2011 оны 410 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын “Х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах гомдолдоо: ...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2008 оны 06

 

дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр захирамжаар иргэн Д.Б-д 30.000 м.кв газрыг олгохдоо тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг зөрчин газрыг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан 264 дүгээр захирамжийг уг шүүхийн шийдвэрээр сэргээж байгаа нь хууль бус.

Уг маргаан бүхий газрыг иргэн А.Д Баянгол дүүргийн Засаг даргын

5

2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 217 дугаар захирамжаар эзэмшиж авсан, тухайн газрыг 2014 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байхад шүүхийн шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг илтэд зөрчсөн.

Мөн иргэн А.Д нь маргаан бүхий газрыг өөрийн буюу “Х” ХХК-ийн /нэг гишүүнтэй/ нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар шилжүүлсэн нь тухайн газар эзэмшигчийн нэрийг өөрчилсөн мэт харагдах боловч уг газар нь иргэн А.Д-н эзэмшилд байсаар байгаа. “Х” ХХК нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш 10 сарын дараа буюу 2014 оны 03 дугаар сард, шүүгч газрын үзлэг хийхийн өмнө тухайн газарт хашаа барьсан нь Монгол Улсын шүүхийг хуурах үйлдэл болсон. Дээрх зүйлээс үндэслэн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзвэл:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв

 

/о€

байна.

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн тухайд:

Маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд аж ахуйн зориулалтаар 30.000 м.кв газрыг анх иргэн Д.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байгаад, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар захирамжаар А.Д-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар иргэн А.Д-с Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авчээ.

Ийнхүү “Х” ХХК нь газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авсан байхад хариуцагчаас “нэхэмжлэгч хуулийн этгээдэд дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг анхаараагүй, тус газрын төлөв байдлыг судалж дүгнэлт хийгээгүй, гэрээг цуцлах тухай газар эзэмшигчид мэдэгдээгүй атлаа хууль зөрчиж гарсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу дээрх А/287 дугаар захирамжийг гаргажээ.

Түүнчлэн “Х” ХХК нь дүүргийн Газрын албатай 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байх бөгөөд дээрх хугацаанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон /дүүргийн Засаг даргын А/287 дугаар захирамж гарсан/ 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд 1 жил 8 сар 21 хоног болж байхад хариуцагч хэрхэн тооцож 2 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

  1. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын тухайд:

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар тогтоол гарган иргэд, хуулийн этгээдүүдийн нэрийг зааж, тэдгээрт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал,

 

/о(

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 дугаар тогтоолд баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар ...батална”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж заасан нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхийг хуулиар олгосон зохицуулалт биш байна.

Иймд, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоол гарган иргэд, хуулийн этгээдүүдийн нэрийг зааж, тэдгээрт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгах эрх хэмжээ хуулиар олгоогүй байна.

  1. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын өмгөөлөгч Т.Н-с “Итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, тодруулах эрх олгогдоогүй, нэхэмжлэл болон итгэмжлэл олгосон этгээдийн гарын үсэг илт өөр, хэн зурсан нь тодорхойгүй байна, ...оруулсан хөрөнгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал А.Д нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуулийн зөвлөх Т.Б-д тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах... эрхийг, түүнчлэн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт тусгайлан заасан бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгожээ. /хх-ийн 15, 225/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн /хх-ийн 49/ нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

Үүнээс гадна шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31

 

дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,- өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: