Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч Б.Догмиддорж,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бөд холбогдох эрүүгийн 2219000000120 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Э.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 04 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дан байрны коридорт иргэн Т.Бор-Өвгөнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид 5.026.000 төгрөг өгсөн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Т.Бор-Өвгөний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найзынхаа машинд нэг шил архи хувааж уучихаад Б гэх залуугийн гэрт нь тал шил архиа аваад орсон чинь Б та согтуу байна гэж хэлсэн. Нэг цаг орчмын дараа Б манай амрах байранд орж ирээд ...амрах байрны коридор хэсэгт байсан ба тэр үед Б намайг зодож эхэлсэн. ...эмч толгой чинь хагарсан байна оёлоо шүү гэж хэлж байсан. 4 оёдол тавиулсан, хамрын зүүн хэсэгт сэтэрч 4 оёдол тавиулсан, зүүн чихний урд хэсэгт урагдаж 4 оёдол тавиулсан, зүүн талын 5 дахь хавирга хугарсан. ...Б эмчилгээний зардал болох 4.800.000 төгрөгийг өгсөн одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 15-16, 54 ху/,

       -Гэрч Г.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хүмүүс зодолдох чимээ гарсан, тэгээд эргээд хартал Б Бор-Өвгөнийг зодож байсан. ...гэр дотор биш коридорт байсан. Бор-Өвгөн хэвтээд Б дээр нь гарчихсан зодож байсан гэсэн мэдүүлэг /хх 09-10 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/0221 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Т.Бор-Өвгөний биед 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23-24 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-21 ху/,

-Яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /хх 25-42 ху/,

-Э.Бийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-51 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/

-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 54 ху/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 59 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дан байрны коридорт иргэн Т.Бор-Өвгөнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирлоо бүрэн барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Бор-Өвгөний “...найзынхаа машинд нэг шил архи хувааж уучихаад Б гэх залуугийн гэрт нь тал шил архиа аваад орсон чинь Б та согтуу байна гэж хэлсэн. Нэг цаг орчмын дараа Б манай амрах байранд орж ирээд ...амрах байрны коридор хэсэгт байсан ба тэр үед Б намайг зодож эхэлсэн. ...эмч толгой чинь хагарсан байна оёлоо шүү гэж хэлж байсан. 4 оёдол тавиулсан, хамрын зүүн хэсэгт сэтэрч 4 оёдол тавиулсан, зүүн чихний урд хэсэгт урагдаж 4 оёдол тавиулсан, зүүн талын 5 дахь хавирга хугарсан” гэсэн /хх 15-16, 54 ху/ мэдүүлэг, гэрч Г.Баярбатын мэдүүлэг, хохирогчийн биед 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0221 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

Энэ хэргийн улмаас хохирогчид 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 4.800.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА