Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 54

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Амаржаргалд холбогдох “Зээл 3.836.262 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4-р багийн 2-р хэсгийн 020 тоотод оршин суугч Нямдагва овогтой Амаржаргал нь 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Номын дэлгүүр” төсөл хэрэгжүүлэхээр 4.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Н.Амаржаргал зээлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн Н.Амаржаргал үндсэн зээл болох 3.739.280 төгрөг, алданги 93.482 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 3.836.262 төгрөгийг Н.Амаржаргалаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 020 тоотод оршин суух Хөхнүүд овогтой Нямдагвын Амаржаргал /РЮ63062502/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 баг 2 дугаар хэсгийн 020 тоотод оршин суух  Нямдагва овогтой Амаржаргал миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 онд багтааж нэхэмжлэлд заагдсан мөнгийг төлж барагдуулна. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 3.836.262 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Амаржаргалд холбогдох “Зээл 3.836.262 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 3.836.262 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж  76330 төгрөгний тал хувь болох 38165 төгрөгийг хариуцагч Н.Амаржаргалаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Амаржаргалд холбогдох “Зээл 3.836.262 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 3.836.262 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж  76330 төгрөгний тал хувь болох 38165 төгрөгийг хариуцагч Н.Амаржаргалаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН