| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0151/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогтой Б-ийн Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогтой Б-ийн Ч /РД: .... /, .... оны ... дугаар сарын .. -ны өдөр .......... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. , .........-ийн хамт .............. аймгийн ...... сумын ....... дугаар багийн ...... дүгээр байр ... дүгээр орцны ........ тоотод оршин суух хаягтай, урьд
.... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө ...... аймгийн .... сумын .. дугаар багт байрлах .... караокены урд зам дээр иргэн А.Д, Ж.С нартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж иргэн А.Дийн эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, иргэн Ж.Сгийн эрүүл мэндэд дээд уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө ........ аймгийн ........ сумын... дугаар ...... багт байрлах ...... караокены урд зам дээр иргэн А.Д, Ж.С нартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж иргэн А.Д-ийн эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, иргэн Ж.Сгийн эрүүл мэндэд дээд уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-ийн мэдүүлсэн: “....Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000176 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[1],
Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн найз С-тэй 2021оны 06 дугаар сарын 02-ны өдөр 18-н автобусны буудал дээр 17 цагийн үед уулзаад ....... -ын ........ дугаар байрны урд байрлах “...... ” нэртэй дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 литрийн архи 1 ширхэг, Боргио нэртэй 2 литрийн том пиво нэгийг аваад Төмөр замын 10 дугаар байрны ард байрлах сааданд юм ярьж суугаад пиво уусан. Тэгээд бид хоёр тэнд нэлээн удаан сууж байгаад найзыгаа гэр лүү нь дөхүүлж өгөх гээд 15 дугаар сургуулиас Арбатын гудамжаар дээш өгсөөд явж байсан юм. Гэтэл ..........-ын гудамжинд байрлах ............. нэртэй баарнаас хэсэг залуучууд гарч ирээд нэг залуу манай найзаас “Гал байна уу” гэж асуухад манай найз “Байхгүй” гэж хэлэхэд нөгөө залуу манай найзын нүүр лүү цохихоор нь “Яаж байна аа” гээд салгах санаатай очоод эргээд харахад өндөр туранхай залуу миний уруул руу гараараа цохиод уруул сэтэрч цус гарсан. Тэгсэн тэр залуучууд зам гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Ж.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би найз Д-тэй 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед уулзаад 0,5 литрийн Хараа нэртэй архи нэг ширхэг, 2 литрийн Боргио нэртэй пиво нэгийг аваад төмөр замын 10 дугаар байрны хажуу талд байрлах сааданд юм яриад хувааж уусан. Бид хоёр шөнийн 23 цагийн үед архи пивоо ууж дуусгаад манай найз намайг хүргэж өгөх гээд бид хоёр Арбатын гудамжаар дээшээ өгсөөд ....... баарны харалдаа очиход хэдэн залуучууд гадаа нь зогсож байсан. Нэг залуу нь өөдөөс ирээд надаас “Гал байна уу” гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд тэр залуу миний уруул руу гараараа цохиход цус гарсан. Тэгэхээр нь цагдаа дуудна гэж хэлээд Арбатын дээшээ өгсөөд явсан цагдаа харагдахгүй байхаар нь найз Д рүү очиход уруул нь сэтэрсэн цус гарсан байсан. Миний уруул руу цохисон залуу туранхай, дундаж өндөртэй, шөвгөр нүүртэй, бор царайтай залуу байсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ”...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүрэг гүйцэтгэж байгаад 23 цагийн үед Арбатын гудамж ........... буудлын урд талд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 3 залуу согтууруулах ундааны зүй хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдсан зогсож байсан. С, Д гэх хоёр залуу хамт явж байгаа гэж надад хэлсэн. Бор царайтай С гэх залуу нь энэ туранхай өндөр залуу миний уруул руу цохичихлоо. Би гомдолтой байна гэж хэлээд уруулаа дээш сөхөхөд уруул нь язарсан хавдсан байдалтай байсан. Харин Д гэх залуугийн уруулаас цус нэлээн гарчихсан. Гараараа амаа дараад надад бол гомдол санал байхгүй зүгээр гэж хэлж байсан. Харин тэр хоёртой маргалдсан гэх туранхай бор залуу цагдаагийн газар очмооргүй байна. Маргалдаад байхаар нь би цохичихсон юм. Миний буруу учраас эндээ учраа олъё гэж хэлэхэд С гэх залуу үгүй гээд байхаар нь би тэр хоёрыг цохисон өндөр туранхай бор царайтай залууг эрүүлжүүлсэн. С, Д хоёрын уруулаас цус гарсан байсан. Харин Ч-ийн биед харагдах гэмтэл мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг[4],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 340 дугаартай “...А.Д-ийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[5],
Яаралтай тусламжийн “...урьдчилсан онош: А.Д-ийн дээд уруул сэтэрсэн шархтай.” гэх хуудас[6],
Яаралтай тусламжийн “...урьдчилсан онош: Ж.С-ийн дээд уруулын салст язарсан шархтай” гэх хуудас[7],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай “...Ж.С-ийн биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[8],
Б.Ч-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуучны таньдаг хоёр хүн таараад нэг ил 0,75 литрийн Хараа архи хувааж уугаад ярьж сууж байгаад орой 22 цаг өнгөрч байхад би микр явах гээд Арбатын гудамжинд явж байтал 2 залуу ....... караокены гадаа тамхи татаад зогсож байхаар нь тамхи гуйхад нэг бор царайтай залуу “Тамхи гуйдаг хэн бэ” гээд надтай маргалдсан. Хамт явж байсан шар царайтай залуу нь намайг цохихоор нь зөрүүлээд тэр залуугийн уруул руу хоёр удаа цохиод унагаасан. Эргэж хараад бор царайтай залууг нэг удаа нүүр лүү нь цохисон. Би тухайн үед нэлээн согтсон байсан.” гэх мэдүүлэг[9] зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Б.Ч нь согтуурсан үедээ хувийн маргааны улмаас иргэн Ж.С, А.Д нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ж.С-ийн эрүүл мэндэд учирсан дээд уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, А.Д-ийн эрүүл мэндэд учирсан дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ч-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Чт прокурорын сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогтой Б-ийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 7 тал
[2] Хавтаст хэргийн 11 тал
[3] Хавтаст хэргийн 14 тал
[4] Хавтаст хэргийн 18 тал
[5] Хавтаст хэргийн 24-25 тал
[6] Хавтаст хэргийн 26-27 тал
[7] Хавтаст хэргийн 33-34 тал
[8] Хавтаст хэргийн 35-36 тал
[9] Хавтаст хэргийн 49 тал