| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00488/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 531
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Бугант гол”ХХК-ний захирал Б.Аялагын нэхэмжлэлтэй А.Атарцэцэгт холбогдох “740.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бугант гол”ХХК-ний захирал Б.Аялага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Атарцэцэг нь “Бугантын булаг” ХХК-ийн “Гамма” кафены туслах тогоочоор2015 оны 3-р сараас эхлэн ажиллаж эхэлсэн ба ажиллах хугацаандаа цалингаасаа төлнө гэж байнга бэлнээр мөнгө зээлдэг байсан. А. Атарцэцэг нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж 2015 оны 08-р сард ажлаас халагдсан бөгөөд зээлсэн мөнгөнөөс 740.000 төгрөгний үлдэгдэл үлдсэн юм.
А. Атарцэцэг тааралдах болон утсаар ярих үед мөнгийг удахгүй төлнө, өгнө гэдэг. Мөн ах Баттулга нь дүүгийнхээ өрийг дарна гэдэг боловч өдийг хүртэл өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна. Тиймээс А. Атарцэцэгээс 740.000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант 2 дугаар байр 04 тоотод оршин суух Боржигон овогт Алтанцэцэгийн Атарцэцэг /РД:УЖ88040406/-нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие А.Атарцэцэг нь “Бугант гол” ХХК-ний захирал Б.Аялагын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 740.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Бугант гол”ХХК-ний захирал Б.Аялагын нэхэмжлэлтэй А.Атарцэцэгт холбогдох “740.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч А.Атарцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Бугант гол”ХХК-ний захирал Б.Аялагын нэхэмжлэлтэй А.Атарцэцэгт холбогдох “740.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН