Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 2219000000112 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Менерал” баарны хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байсан Б.Оргилболдтой  маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 17-нд манай байгууллагын ажилчид эрчүүдээ хүлээн авч баяр тэмдэглэж бааранд орсон. Архи ууж тасарсан байсан. Болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Хохирлоо төлсөн. Хохирогчид 1.800.000 төгрөг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн оройны 22 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Минерал” бааранд буюу ажил дээрээ хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад “Минерал” баарны гадна талд 3-4 эрэгтэй хүн зодолдохоор нь би гарч салгахад, нэг эрэгтэйн нүд хөхөрсөн, нөгөө эрэгтэйн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Зодоон анх үүсгэсэн буюу согтолт ихтэй хүмүүсийг “Минерал” бааранд оруулахгүй гэхэд орно гээд тэр хүмүүс зүтгээд байхаар нь би, ажил руу ороод дээгүүрх хувцсаа өмсөөд гараад ирье гээд, цуг ажилладаг Төгөлдөрт хэлэн ажил руу ороод куртикээ өмсөх үедээ ажлын бүжгийн талбайг 1 хянаад гарах гэхэд өөдөөс духнаас нь цус гарсан байдалтай байсан залуу гүйгээд ороод ирж ирээд, түрүүнд надтай зодоон хийж байсан залуу хаана байна гэж надаас асуухаар нь би энд байхгүй ээ гаръя гэж хэлээд тэврэхэд, өндөр бүдүүн залуу нь гаднаас баруун гарандаа алчуур ороон орж ирэхээр би тэр залууг баруун гарнаас нь татан алив гаръя согтуу хүн оруулахгүй гэхэд тэр залуу манай найзтай сая зодолддог залуу байна гэж хэлээд баруун гараараа 1 удаа дээд талын шүд хэсэг рүү хүчтэй цохин, зүүн гараараа толгой хэсэг рүү цохиход хальт шүргээд өнгөрсөн. Энэ үед манай ажлын Төгөлдөр гаднаас гуйн орж ирээд тэр бүдүүн залууг тэвэрч авахаар нь би, тэр духнаас нь цус гарсан байдалтай байсан туранхай  залууг баарнаас гаргасан. Төгөлдөр нөгөө бүдүүн залууг дотроос гаргасан. Удалгүй цагдаагийн ажилтан ирээд тэр бүдүүн залууг авч явсан. Би хэн гэдэг хүнд цохиулсан талаараа тухайн үедээ мэдээгүй. Харин Дорноговь аймгийн цагдаагийн газарт ирээд Б гэх хүнд цохиулснаа сүүлд мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

       -Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд байх “Минерал” бааранд хамгаалалтын ажил хийж байхад ...Оргилболд хамгаалагч Б гэх хүн болон нэг туранхай залуутай зууралдаад байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

        -Гэрч Э.Сэндэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Минерал баарны хамгаалагч нэг залуу нь цагдаагийн байгууллагын хүн ирсэн чинь энэ намайг цохисон залуу байна гэж Быг зааж байсан гэсэн мэдүүлэг /хх 38 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/0162 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Оргилболдын биед нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

5.Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” дүгнэлт /хх 13 ху/

-Яаралтай тусламжийн хуудас /хх 14-15 ху/,

-Б.Быг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-36 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/

-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 54 ху/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 56 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Менерал” баарны хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байсан Б.Оргилболдтой  маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Хохирлоо төлсөн. Хохирогчид 1.800.000 төгрөг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Оргилболдын “...ажил руу ороод куртикээ өмсөх үедээ ажлын бүжгийн талбайг 1 хянаад гарах гэхэд өөдөөс духнаас нь цус гарсан байдалтай байсан залуу гүйгээд ороод ирж ирээд, түрүүнд надтай зодоон хийж байсан залуу хаана байна гэж надаас асуухаар нь би энд байхгүй ээ гаръя гэж хэлээд тэврэхэд, өндөр бүдүүн залуу нь гаднаас баруун гарандаа алчуур ороон орж ирэхээр би тэр залууг баруун гарнаас нь татан алив гаръя согтуу хүн оруулахгүй гэхэд тэр залуу манай найзтай сая зодолддог залуу байна гэж хэлээд баруун гараараа 1 удаа дээд талын шүд хэсэг рүү хүчтэй цохин, зүүн гараараа толгой хэсэг рүү цохиход хальт шүргээд өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, гэрч Б.Төгөлдөр, С.Сэндэр нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед нэг шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0162 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

Энэ хэргийн улмаас хохирогчид нэг шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 1.800.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА