Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 147

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням, 

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2015 2601 2658 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, 4-р анги төгссөн, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, эгчийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Улаанчулуут гэх газар бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мал бордох, Туулын 15-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Есөн овогт Лхагвадуламын Отгонбаяр РД:НА94081018 

 

Шүүгдэгч Л.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22-23 цагийн орчим О.Улам-Өрнөхийн эзэмшлийн Тоёото Раум маркийн 14-69 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мал Бордохын гэр хорооллын баруун талын шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Алтангэрэлийн жолоодон явсан Тоёото Приус-20 маркийн 35-25 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 55.000 төгрөгийн шууд, 215.000 төгрөгийн нийт хохирол, О.Улам-Өрнөхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 904.000 төгрөгийн шууд, 1.398.400 төгрөгийн нийт хохирол тус тус учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын газрыг санаатай орхиж зугатаасан,

эрүүгийн 2015 2601 2658 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад:   

Шүүгдэгч Л.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22-23 цагийн орчим О.Улам-Өрнөхийн эзэмшлийн Тоёото Раум маркийн 14-69 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мал Бордохын гэр хорооллын баруун талын шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Алтангэрэлийн жолоодон явсан Тоёото Приус-20 маркийн 35-25 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 55.000 төгрөгийн шууд, 215.000 төгрөгийн нийт хохирол, О.Улам-Өрнөхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 904.000 төгрөгийн шууд, 1.398.400 төгрөгийн нийт хохирол тус тус учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-130-133/,

- хохирогч О.Улам-Өрнөхийн:...2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын баруун тийш явах автобусны буудал дээр таксинд явж байгаад зогсоод, зорчигч хүлээж байгаад, машинаа унтраагаад, урд талд зогсож байсан залуугийн машинд орж суусан. Урд талд машин харагдаж байгаа болохоор түлхүүрийг нь зоолттой орхисон. Тэгж байгаад удалгүй гэнэт харахад машин асчихсан байхаар нь буугаад жолоочийн хаалгыг татахад дотроосоо цоожилсон нэг залуу суучихсан байсан. Намайг хаалгыг нь тогшиход ухрах араанд нь хийгээд арагшаа хөдөлсөн. Тэгэхээр нь би урд талыг копутан дээр нь хэвтээд “зогс” гэж хэлэхэд шууд урагшаа хөдлөөд замын хөдөлгөөнд оролцоод явчихсан. Би хөдлөөд явахад нь копутан дээрээс баруун тал руугаа үсэрч буусан. Тэгээд тэнд зогсож байсан приус-11 маркийн машинтай залуугийн машинд суугаад “миний машиныг хүн аваад явчихлаа” гээд араас нь хөөсөн. Моносын уулзвар хүртэл яваад олоогүй...миний утас руу Доржоо гэх залуу ярьсан шиг санаж байна, “Бордоо руу оруулаад алдчихлаа” гэсэн. Түүний хэлснээр Бордоо руу явсан. Тэр хавиар нилээд самнасан. Алтангэрэл, Дашка, Батаа, эхнэр Энхжаргалын хамт Сонгинохайрхан уулын зүүн тал хүртэл санаад явж байгаад таарсан байна лээ. Тэгэхэд тэр миний машинаар Алтангэрэлийн ард талын хэсэг рүү нь мөргөөд Энхжаргалыг шүргэж унагаад зугтсан байсан. Цагдаагийн машин болон тэр хавьд байсан машинууд хөөгөөд, тэр баахан жалга дайруулж яваад төв зам руу далантай хэсгээр дайрч гараад буцаж баруун гар тийшээ далан давж буугаад машин эвдрээд зогссон. Машинаас нөгөө залуу явганаар зугтаасан. Бид нар явганаар хөөж байж барьж авсан...гэх мэдүүлэг /хх-16-18/,

- гэрч Н.Алтангэрэлийн:...миний утас дуугараад нэг залуу Улам-Өрнөхийн машин Баруун түрүү рүү явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар явж очсон. Нэг цагдаагийн машин ч явж байсан..:бид нар гудамжаар үзэж, явж байгаад шинэ авто худалдааны захын орчим явж байхад Сонгинохайрхан уул орчим руу нэг машин их хурдтай явж байгаа харагдахаар нь араас нь дагаж яваад нэг байшинтай газар очоод юм харагдахгүй байхаар нь цуг явж байсан жолооч Батаа машинаасаа эхнэр Энхжаргалтай буугаад тэр байшин руу очиж харахаар явган явсан...би эргэж, буцаж явахад бэлдээд ухраад зам дээр ертөнцийн зүгээр баруун урагшаа хараад зогсож байхад гэнэт урд талаас нөгөө Улам-Өрнөх ахын машиныг авч явсан хүн маш хурдтай гарч ирээд миний машины баруун урд талаас зүүн урд тал руу мөргөөд урдуур гараад нэг далангийн хажуугаар гараад явчихсан...араас нь хөөцөлдөөд явахад Бордоо руу чиглэж яваад 2-3 жалга давж гараад засмал зам руу ороод хотын төв чиглэж явж байгаад баруун гар тийшээ уулзвар орох гээд замын хажуу талын жалга руу эргээд машин хөдлөхдөө зогссон байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,

- Ухаа шүр консалтинг компанийн автомашин, техникийн үнэлгээний тайлан №5796 /хх-93-95/,

- Ашид билгүүн ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан СХД №413 /хх-33-34/,

- техникийн шинжээчийн №199 дугаартай:...14-69 УНБ дугаартай Т.Раум маркийн автомашины жолооч Л.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-143/,

- шүүгдэгч Л.Отгонбаярын:...орой 22 цаг өнгөрч байхад би Сонгинохайран дүүргийн 5 шарын автобусны буудлын замын урд талд байрлах нэрийг нь санахгүй байна нэг паб-бааранд найзуудын хамтаар сууж байсан. Манай найзууд нилээн согтоод хоорондоо муудалцаад байсан тул би явахаар болсон. Найз Анхаа “найзынхаа машиныг аваад ир, хойд талын зогсоол дээр байгаа” гэсэн. Би чиний машиныг мэдэхгүй ш дээ” гэж хэлэхэд, Анхаа “автобусны буудал дээр асаалттай орхичихсон байгаа, очоод аваад ир” гэж хэлсэн. Би 5 шарын автобусны буудлын замын хойд талд очсон. Тэнд очиход баахан машинууд автобусны буудлын урд талын хэсэгт нь ар араасаа зогсчихсон байсан. Тэгэхлээр нь хамгийн урд талд нь цагаан өнгөтэй Т.Раум маркийн автомашин байхаар нь хартал түлхүүр нь зоолттой онгорхой байсан. Би машин дотор орж суугаад “энэ мөн юм байхдаа” гэж дотроо бодоод түлхүүрийг түлхүүрдэж машиныг асаасан. Машин асаагаад хөдлөх гэтэл хажуу талын 2-3 хүн гүйгээд ирсэн. Би бодохдоо зодолдоод байсан манай найзууд гүйгээд ирж байсан байх гэж бодсон...би машиныг тэр чигт нь асаасан чигээрээ хөдлөөд зугтаасан. Тэгж явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчооны цаад талд байрлах мал бордохыг адууны хашаанд байрлах гэртээ очих гээд явсан...22-ын товчоо өнгөрөөд засмал замаас шороон зам руу орж байтал араас 3 автомашин хөөгөөд байсан...би айгаад энэ машиныг засмал зам дээр аваачаад орхиё гэж бодоод буцаад засмал зам руу явсан...намайг дагаж байсан 3 машины нэг болох Т.Приус автомашин өөдөөс ирээд хажуугаар дарж орж ирэхэд хаазаа нэмээд хажуугаар нь гарах гэж байгаад урд талын куфер хэсгийг мөргөсөн...гэх мөрдөн байцаалт /хх-137-138/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

мөн шүүгдэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- Л.Отгонбаярт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай баримт /хх-39-40/,

- мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №25 дугаартай прокурорын тогтоол /хх-121-122/,

- Л.Отгонбаярыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №03 дугаартай прокурорын тогтоол /хх-123-124/,

 - хэрэг түдгэлзүүлснийг сэргээх тухай 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №25 дугаартай прокурорын тогтоол /хх-126-127/, 

- Л.Отгонбаярын таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол /хх-147/,  

- гэрч Т.Жанцангийн:...Отгонбаярыг гэрт ирэхэд нь чамайг цагдаагаас хайгаад байна гэж хэлсэн...гэвч Отгонбаяр юм хэлээгүй...Сэлэнгэ аймагт амьдардаг ах Сүхбаатарын гэрт байсан гэсэн. Сүхбаатартай утсаар ярихад тэдний гэрт Отгонбаяр байгаа гэсэн. Мөн Туяа эгчийндээ бас хэд хоног байсан юм...гэх мэдүүлэг /хх-134-135/, 

- шүүгдэгч Л.Отгонбаярын:...Цагаан сар хүртэл буюу 2 дугаар сарын 8, 9-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өөрийн биеэр очиж мөрдөн байцаагч Егортой очиж уулзсан. Тэрнээс хойш очиж уулзаагүй. 2 дугаар сард Сэлэнгэ аймагт ах Сүхбаатарын гэрт байсан. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн...ирээд ах Хуягбаатарын гэрт байсан...ингээд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны орой 17.00 цагийн үед эргүүлийн цагдаа нарт баригдсан...гэх мэдүүлэг /хх-139/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.       

Иймд шүүгдэгч Л.Отгонбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.       

Үнэлгээгээр иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэлд 250.000 /хх-33-38/ төгрөгийн хохирол, хохирогч О.Улам-Өрнөхөд 1.398.400 /хх-91-94/ төгрөгийн хохирол тус тус учирсан, шүүгдэгч бусдад учирсан нийт хохирлыг төлж барагдуулсан /хх-161-164, 166/ байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Шүүгдэгч Л.Отгонбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс /хх-149/ эхлэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг /хх-156/ хүртэл 14 хоног цагдан хоригдсон байна.  

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг энэ удаад биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Отгонбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

2. Шүүгдэгч Л.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар,    

мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан  2 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтаан шүүгдэгч Л.Отгонбаярын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Отгонбаярын биечлэн эдлэх 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Отгонбаярт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчид хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.         

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Отгонбаяр урьд 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Отгонбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР