| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2018/0150/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 06
******* нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Очирбат, шүүгдэгч нарын өмгөөллөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолтой *******, ******* нарт холбогдох эрүүгийн 18360000000129 дугаартай хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй ******* овогт ******* Бүркитбай
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 02-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт ******* Бүркитбай нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн ******* аймгийн ******* сумын Баянбулаг багийн Нарийн давааны ам гэх газар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* овогт ******* Бүркитбай, ******* овогт ******* Сулубай нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Шүүгдэгч ******* овогт ******* Бүркитбай, ******* овогт ******* Сулубай нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тус тус мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч нараас 582900 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч *******д олгож шийдвэрлэжээ.
Хохирогч ******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтлийг үнэлэж тодорхойлсон ойлгомжгүй байгаа нь хохирогч миний эрх, эрх ашигт ноцтой нөлөөлж, хохирогч намайг хохироосон шийдвэр гэж үзэж байна.
Гэмтлийн зэргийн шалгуур шинжээр миний биед учирсан гэмтэл хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа тул хэргийн зүйлчлэл, яллагдагч нарт оногдуулж байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогч надад учирсан хохирол хор уршигийн хэмжээг зөв тодорхойлоогүй, яллагдагч нарын үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Дээрх хуулийн заалтаар гэм буруутайд тооцсоны дараа хариуцлагын шүүх хуралдааныг явуулах байсан боловч нэг үе шаттайгаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид 582900 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас ямар баримтуудыг үнэлж, ямар баримтуудыг үнэлэлгүйгээр хохирлыг тооцож гаргасныг дурдаагүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 4600000 төгрөгийн хохирлын баримтуудыг гаргаж өгсөн юм. Мөн гэмтлийн зэрэг дээр хохирогч маргаж байгаа. Учир нь хохирогч тухайн үед шүүхийн шинжээч эмчид үзүүлэхэд хамар хугарсан, 2 чих нь улайлттай гэх дүгнэлт гарсан ба тухайн үед хохирогчид мэдрэгдэх өвчин нь бага байсан бөгөөд Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсний дараа хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, 4600000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хохирогч нь хавтаст хэрэгт хуурамч баримт үйлдэж оруулж ирсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвэээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэг байх тул талуудын хүсэлтийг заавал авч хэрэгт хавсаргах шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хохирогч *******ы гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн ******* аймгийн ******* сумын Баянбулаг багийн “Нарийн давааны ам” гэх газар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******,******* нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, хохиролыг хэрхэн тодорхойлсон талаар маргаж байгаа мөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх хуулийн заалтыг баримталж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хууль зүйн нөхцөл байдал хангагдсан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.” 17.1 дүгээр зүйлийн 3-т “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана.” гэж хуульчилсан байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлахад 5/131 дүгээр яллах дүгнэлтийн хавсралтын 6-д “яллагдагч *******, ******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 торгох ял оногдуулах саналтай байна.” гэж уг санал дээр *******, ******* нар гарын үсгээ зуржээ.
Прокурорын дээрх саналыг прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийн зүйлчлэл, яллагдагч *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи саналыг яллагдагч нарт танилцуулж, тэд уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа гаргаж баталгаажуулсан эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх *******, ******* нар холбогдох хэрэгт дээрх нөхцөл байдал хангагдсан эсэхийг шалгаж тогтоогдоогүй байхад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын яллах дүгнэлтын хавсралтад ирүүлэн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Шүүх хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээгүй байна.Энэ хуульд заасан нөхцөл байдлыг шүүх хянаж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгч *******, ******* нар эрүүгийн хариуцлага оногдуулах шийдвэр гаргах байжээ. Хавтаст хэргийн 146-150 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлийг судлахад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1. дүгээр зүйлийн 6-д заасан “Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журмыг ноцтой зөрчжээ.
Иймд дээрх үндэслэлээр хохирогч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, ******* нар холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол *******, ******* нар холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.ТУЯА